| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 183/2020/04565/И |
| Дугаар | 102/ШШ2021/00919 |
| Огноо | 2021-04-01 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00919
| 2021 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/00919 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Наранбулаг төвийн 6 давхарт 602 тоотод байрлах, регистр КЕ 2674807, Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 7/1 тоотод байрлах, регистр 2708892, Номин Холдинг ХХК,
Хариуцагч:Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 7/1 тоотод байрлах, регистр 2566346, Улаанбаатар Импекс ХХК-д холбогдох
2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, гэрээний үүрэгт 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг Номин Холдинг ХХК, Улаанбаатар Импекс ХХК-д даалгах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч байгууллагуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, өмгөөлөгч Г.Болдбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, Ариг банк ХХК болон Улаанбаатар Импекс ХХК нь харилцан тохиролцож, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээ байгуулсан.Дээрх гэрээний дагуу Ариг банк ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 654 ширхэг хувьцаа, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 307 ширхэг хувьцаа нийт 961 ширхэг хувьцаа нэмж гарган хөрөнгө оруулагч Улаанбаатар Импекс ХХК нь шинээр гаргах дээрх 961 ширхэг хувьцааны захиалгыг санхүүжүүлж, хувьцааны хөрөнгөд оруулах замаар нийт 27.506.703.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж нийт энгийн хувьцааны 49,01 хувийн эзэмшигч болох ба хөрөнгө оруулалт нь 2 үе шаттай байхаар, харин Номин Холдинг ХХК болон Эрэл ХХК нь дээрх хамтран ажиллах гэрээний дагуу Номин Холдинг ХХК нь Ариг банканд 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж банкны 49 хувийг эзэмшихээр, хөрөнгө оруулалтыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 тэрбум төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээний нэгдүгээр үе шатанд хөрөнгө оруулагч Номин Холдинг ХХК болон Улаанбаатар Импекс ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан банкны шинээр гаргасан 654 ширхэг нэг бүр нь 16.290.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28.623.000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 18.719.500.000 төгрөгөөр худалдан авснаар нийт хувь нийлүүлсэн хөрөнгө нь 35.009.500.000 төгрөг байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь нийт 1000 ширхэг хувьцаа буюу 60.46 хувь, Улаанбаатар Импекс ХХК нь 654 ширхэг хувьцаа буюу 39.54 хувийн хувьцааг тус тус эзэмших ба улмаар Улаанбаатар Импекс ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар үе шат болох гэрээний 3.6.1-т зааснаар Улаанбаатар Импекс ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөрт багтаан Компанийн шинээр гаргасан 307 ширхэг нэг бүр нь 16.290.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28.623.000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 8.787.203.000 төгрөгөөр худалдан авснаар хувь нийлүүлсэн нийт хөрөнгө 43.796.703.000 төгрөг байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь нийт 1000 ширхэг хувьцаа буюу 50.99 хувь, Улаанбаатар Импекс ХХК, Номин Холдинг ХХК-иуд нь 961 ширхэг хувьцаа буюу 49.01 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон.Улмаар 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал болж, уг хурлаас ХЭ/05 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарч Улаанбаатар Импекс ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр банкны шинээр гаргасан 307 ширхэг хувьцааг 8.787.203.000 төгрөгөөр худалдан авах үүрэг хүлээсэн тул Ариг банк ХХК-ийн дүрмийн санг 8.787.203.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр, хуульд үндэслэсэн тогтоол гэж үзэж байгаа.Ингээд нэхэмжлэгч Б.Эрдэнэбат болон Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-аас гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хөрөнгө оруулагч Номин Холдинг ХХК болон Улаанбаатар Импекс ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 16/24 тоот гэрээний 3.6.1, 4.2 дахь заалт болон Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын ХЭ/05 дугаар Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол-д заасан үүргээ буюу 8.787.203.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор Монгол банкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн байхаар заасан боловч өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг төвлөрүүлэлгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6.1, 4.2-т заасан үүргээ зөрчиж байна.Өөрөөр хэлбэл Ариг банк ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын он2016ы 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2-т ...хувьцаа нэмж өсгөх замаар... гэж заасныг үндэслэж хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу нэмж нийт 961 ширхэг хувьцааг гаргаж үүнээс 654 ширхэг хувьцааг Улаанбаатар Импекс ХХК нь худалдан авч эргэлтэд оруулсан бөгөөд үлдэх 307 ширхэг хувьцааг Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, Улаанбаатар Импекс ХХК, Ариг банк ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ-ээр хүлээсэн үүргийнхээ дагуу өнөөдрийг хүртэл худалдан авч эргэлтэд оруулаагүй байна.Дээрх 307 ширхэг хувьцааг Улаанбаатар Импекс ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг.Үүнийг үндэслэн Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, Улаанбаатар Импекс ХХК, Ариг банк ХХК нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ байгуулагдан ажиллаж, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг Монгол банканд хүргүүлж 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай журам-д заасны дагуу Монгол банк нь хянан баталгаажуулж бүртгэж бидэнд зөвшөөрөл бүхий албан бичиг ирүүлж Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан боловч Улаанбаатар Импекс ХХК дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй хууль зөрчсөнөөс болж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ зогсонги байдалд орсон.Ийнхүү хөрөнгө оруулагч Улаанбаатар Импекс ХХК болон Номин Холдинг ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Ариг банк ХХК нь Монгол банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрч бодит эрсдэл бий болоод байна.Нэхэмжлэгчийн зүгээс өмнө нь гэрээнд заасан хөрөнгө оруулалт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч талуудын хооронд байгуулагдсан 16/24, 01/01 тоот гэрээнүүдэд үндэслэн бусдыг залилсан гэх эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1902005640238 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн Цагдаагийн албаны 2020 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн 11-А-3/1099 тоот албан бичгээр тогтоогдож байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад тогтоогдсон гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Гэвч дээрх эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд талуудын хооронд байгуулагдсан 16/24 тоот гэрээтэй холбоотой эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй болох нь харагддаг.Дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/Ш32020/04075 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид заасан шалтгаан нөхцөл байдал арилсан гэж үзэж нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно.Иймд талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж 8.787.203.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч Номин Холдинг ХХК болон Улаанбаатар Импекс ХХК-дад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч Номин Холдинг ХХК-аас татгалзаж байна.Нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, Ариг банк ХХК болон Улаанбаатар Импекс ХХК-иуд нь харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээг анх байгуулсан.Дээрх гэрээний дагуу Ариг банк ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 654 ширхэг хувьцаа, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор 307 ширхэг хувьцаа буюу нийт 961 ширхэг хувьцаа нэмж гарган хөрөнгө оруулагч Улаанбаатар Импекс ХХК нь шинээр гаргах нийт 961 ширхэг хувьцааны захиалгыг санхүүжүүлж хувьцааны хөрөнгөд оруулах замаар нийт 27,506,703,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Ариг банк ХХК нь нийт энгийн хувьцааны 49,01 хувийн хувьцаа эзэмшигч болох ба хөрөнгө оруулалт 2 үе шаттай байхаар харилцан тохирсон байдаг.Дээрх хөрөнгө оруулалтын гэрээний 1 дүгээр үе шат буу хөрөнгө оруулагч хариуцагч Улаанбаатар Импекс ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан Ариг банкны шинээр гаргасан нийт 654 ширхэг энгийн хувьцаа буюу нэг бүр нь 16,290,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28,623,000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 18,719,500,000 төгрөгөөр худалдан авснаар Ариг банк ХХК-ийн нийт хувь нийлүүлсэн хөрөнгө нь 35,009,500,000 төгрөг болохоор байсан.Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Дэм санхүүгийн нэгдэл ХХК нь нийт хувьцааны 1000 ширхэг буюу 60,46 хувь, хариуцагч Улаанбаатар Импекс ХХК нь 654 ширхэг хувьцаа буюу 39,54 хувийн хувьцааг тус тус эзэмших ба улмаар Улаанбаатар Импекс ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар үе шат болох Хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.1-т зааснаар Улаанбаатар Импекс ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөрт багтаан компанийн шинээр гаргасан 307 ширхэг нэг бүр нь 16,290,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28,623,000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 8,787,203,000 төгрөгөөр худалдан авснаар нийт Ариг банк ХХК-ийн дүрмийн сан нь 43,796,703,000 төгрөг байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь 1000 ширхэг хувьцаа буюу Ариг банк ХХК-ийн 50,99 хувь, Улаанбаатар импекс ХХК нь нийт 961 ширхэг хувьцаа буюу 49,01 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр харилцан тохиролцсон.Улмаар үүнийг баталгаажуулан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурал болж, уг хурлаас ХЭ/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гарч Улаанбаатар Импекс ХХК нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр банкны шинээр гаргасан 307 ширхэг хувьцааг 8,787,203,000 төгрөгөөр худалдан авах үүрэг хүлээсэн бөгөөд Ариг банк ХХК-ийн дүрмийн санг 8,787,203,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж тогтоол гарсан. Ингээд нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-аас гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч Улаанбаатар Импекс ХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх хөрөнгө оруулалтын 16/24 тоот гэрээний 3.6.1, 4.2 болон Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хурлын ХЭ/05 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолд заасан үүргээ буюу 8,787,203,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан Монгол банкин дахь тусгай дансанд төвлөрүүлсэн байхаар заасан боловч өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг төвлөрүүлэлгүй талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6.1, 4.2 дахь хэсгүүдэд заасан үүргээ зөрчиж байна.Өөрөөр хэлбэл Ариг банк ХХК-ийн тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Дэм санхүүгийн нэгдэл ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2, 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу нийт нэмж 961 ширхэг хувьцааг тухайн үед гаргасан бөгөөд үүнээс 654 ширхэг хувьцааг Улаанбаатар Импекс ХХК нь худалдан авч эргэлтэд оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Ариг банк ХХК-ийн 39,54 хувийг эзэмшиж байгаа.Гэвч 961 ширхэг хувьцаанаас үлдэх 307 ширхэг хувьцааг Дэм санхүүгийн нэгдэл ХХК, Улаанбаатар Импекс ХХК, Ариг банк ХХК-ийн хооронд байгуулсан 16/24 тоот хөрөнгө оруулалтын гэрээний дагуу өнөөдрийг хүртэл худалдан авч эргэлтэд оруулаагүй байна.Дээрх 307 ширхэг хувьцааг Улаанбаатар Импекс ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу, мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авахаар шийдвэрлэсэн байдаг.Энэ талаар хэрэгт авагдсан Улаанбаатар Импекс ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хэрэгт авагдсан.Үүнийг үндэслэн Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, Улаанбаатар Импекс ХХК, Ариг банк ХХК нарын хооронд байгуулагдсан дээрх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүчин төгөлдөр шийдвэрүүдийг Монгол банканд хүргүүлж, 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай журам-д заасны дагуу Монгол банк нь хянан баталгаажуулж, бидэнд зөвшөөрөл бүхий албан бичиг ирүүлж Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан боловч хариуцагч Улаанбаатар Импекс ХХК нь дүрмийн санг нэмэгдүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй хууль зөрчсөнөөс болж банкны дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ зогсонги байдалд ороод байна.Иймд талуудын хооронд байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж 8,787,203,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх Номин холдинг ХХК-д холбогдуулж гаргасан шаардлагаасаа татгалзаж байгаа.Талуудын хооронд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцож, иргэний эрх зүйн харилцаа үүссэн.Энэ эрх зүйн харилцаанд гэрээний үүргийн зөрчил гарсан, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.Энэ бол үүргийн эрх зүйн үндсэн зарчим.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6.1-д заасны дагуу 8,787,203,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд багтааж шилжүүлэх үүрэгтэй байсан.Хөрөнгө оруулалтын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-д хувьцаа эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь төлөх, өөрөөр хэлбэл 7.2.1-д зааснаар гэрээний төлбөрийг 4.1, 4.2-т заасан хугацаанд шилжүүлэх үүрэг хүлээсэн.Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т худалдан авагч нь хоёрдугаар шатны шинээр гаргасан хувьцааны үнэ болох 8,787,203,000 төгрөгийг банкны нэр дээрх Монгол банкны тусгай дансанд 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор төвлөрүүлсэн байх үүргийг хүлээсэн.Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.Хоёрдугаарт хариуцагч талын тайлбарлаж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал үүссэн, тийм учраас 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна.Хэрэгт авагдсан баримтыг харвал нэхэмжлэгч нь Дэм санхүүгийн нэгдэл ХХК, хариуцагч нь Улаанбаатар импекс ХХК-ийн хооронд байгуулагдсан иргэний эрх зүйн харилцаа.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан зохицуулалт нь ямар тохиолдолд үйлчлэх вэ гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарласан.Энэ тайлбар дээр маргааны зүйл нэг боловч тухайн харилцаанд оролцож байгаа этгээдүүд буюу талууд өөр байвал 65.1.8-ыг хэрэглэх үндэслэл байхгүй гэж байна.Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэбатад холбогдох Ш.Баярсайханы гомдолтой эрүүгийн хэрэг эрүүгийн журмаар шалгагдсан, энэ хэрэг оролцогчийн хувьд өөр юм.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Компани хувьцаа эзэмшигчийн үүргийг хариуцахгүй гэж заасан.Тэгэхээр Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат бөгөөд Б.Эрдэнэбатын хариуцах үүргийг Дэм санхүүгийн нэгдэл ХХК хариуцахгүй гэдэг хуулийн агуулга байдаг учраас энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл холбогдохгүй.Хэрэгт авагдсан үйл баримтыг үндэслэж шүүх хэргийг шийдэх ёстой.Ариг банк ХХК-ийн хувьцааны 39,54 хувийг Улаанбаатар импекс ХХК, 60,46 хувийг Дэм санхүүгийн нэгдэл ХХК эзэмшдэг, хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн талаар лавлагаа өнөөдрийн байдлаар тодорхой байгаа.Гуравдугаарт 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн 11а-3/1099 тоот албан бичиг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг хэрэгт өгч хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой, эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр тайлбарлаж байна.Шүүх яллагдагчаар татсан 4 дүгээр сарын 14-ний өдрийн яллах дүгнэлтийг үндэслэж, анхан шатны шүүх рүү хэрэг шилжсэн байдаг.Энэ хэрэг шилжсэн нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг зөвхөн яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хянадаг.Бид анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгт өгсөн.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яллах дүгнэлтэд зөвхөн нэг л зүйлийг үндэслэсэн.Тэр нь 16/24 тоот хөрөнгө оруулалтын гэрээг үндэслээгүй, үүний талаар дүгнэлт хийгээгүй.Б.Эрдэнэбатад холбогдуулж гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгтэй холбоотой нэг ч үг, үсэг хэрэгт байдаггүй.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл арилсан гээд байгаа шалтгаан нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ цагдаагийн газраас үндэслэлгүй, худал гаргаж өгсөн баримтыг үндэслээд урьд нь хэргийг шүүх хурлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-д зааснаар хэрэгсэхгүй болгосон.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй, хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэгт хамааралгүй үйл баримтыг үндэслэж хэргийг буцаасан гэдэг байдлаар Баярсайхан гэж хүн Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. Мөн яллах дүгнэлтийг яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан үйл баримтууд маань 20 тэрбум төгрөгийг Байшин Үйлдвэрлэх Комбинатад оруулаад, тэр компанийн үйлдвэрийг нь бие даасан үйлдвэр байна гэж ойлгоод залилан мэхлүүлчихлээ гэдэг байдлаар шүүх эрүүгийн журмаар шийдэгдэж байгаа хэрэг дээр дүгнэлт өгсөн.Тиймээс Ариг банк ХХК-д хөрөнгө оруулсан юм уу, үгүй юм уу, энэ гэрээний үүрэг биелсэн юм уу, биелээгүй юм уу гэдэг нь эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа хэрэгт огт хамааралгүй учраас өнөөдөр бид иргэний журмаар хөрөнгө оруулалтын гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байна.Өнөөдрийн байдлаар 35 тэрбум төгрөгийн дүрмийн сантай.Хөрөнгө оруулагч гэрээнийхээ дагуу 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бол өнөөдөр 44 тэрбум болно, 44 тэрбум болбол үлдэх 6 тэрбум төгрөгийг хувь нийлүүлсэн хөрөнгө хувь тэнцүү хийх ийм иргэний эрх зүйн гэрээний харилцаа юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар 65 дугаар зүйлийн 65.1.8-ыг хэрэглэх үндэслэл байхгүй байна.Улсын дээд шүүхээс үүнийг тайлбарласан албан ёсны тайлбар гаргасан.Нэгт хэргийн оролцогч нь нэг биш, хоёрдугаарт маргааны зүйл нь өөр.Өөрөөр хэлбэл нэг зүйл маргаж байгаа биш, хоёр өөр зүйл дээр маргаж байгаа.Нэг нь 20 тэрбум, нөгөөх нь 8,7 тэрбум, тэгэхээр энэ хоёр маргаан нь үнийн дүнгээрээ ч зөрүүтэй, хийж байгаа хөрөнгө оруулалтын агуулгаараа ч зөрүүтэй, хавтаст хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд ч хоёр өөр журмаар явж байгаа гэсэн үг.Тэгэхээр нэг нэхэмжлэлийн шаардлага, нэг агуулгаар өөрөөр хэлбэл эрүүгийн журмаар гомдол гаргаад шалгагдаад, шийтгэх тогтоол гарсан үйл баримт биш юм.Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
Хариуцагч Улаанбаатар Импекс ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Б.Энхбат, А.Пүрэвжаргал нарт итгэмжлэл олгосон байдаг.Уг итгэмжлэлийг олгохдоо Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-аас зөвхөн Улаанбаатар Импекс ХХК-д холбогдуулан Ариг банк ХХК-ийн хувьцаатай холбоотойгоор ажиллагаа хийх, нэхэмжлэл гаргах эрхийг олгосон байдаг.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дүгээр зүйлийн 36.2-т Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасан байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 тоот гэрээг үндэслэл болгосон байдаг.Гэтэл уг гэрээний оролцогч нарыг харвал 16/24 гэрээний оролцогч нь нэгдүгээрт Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК, хоёрдугаарт Ариг банк ХХК, гуравдугаарт Улаанбаатар Импекс ХХК гэсэн оролцогчид байдаг.Энэ гэрээнд Номин холдинг ХХК нь ямар нэгэн байдлаар оролцсон асуудал байдаггүй.Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл агуулгаас харвал Улаанбаатар Импекс ХХК-д холбогдуулсан нь 16/24 тоот гэрээ, Номин холдинг ХХК-д холбогдуулсан нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээ байна.Уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон харагддаг.Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон уг гэрээнүүдийг үндэслэн бусдыг хуурч, мэхлэн бусдад онц хэмжээний их хохирол учруулсан гээд гомдол гарган цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 11а-3/1099 тоот албан бичиг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор нотлогддог. Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал өмнө нь энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан бөгөөд тус дүүргийн шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2020/04075 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн.Өнөөдөр уг нөхцөл байдал арилаагүй байгаа.Өөрөөр хэлбэл өмнө нь тухайн гомдлоор үүссэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Эрдэнэбатын эрүүгийн хэргийн хохирогч нарыг залилсан гэмт хэрэгт буруутай хэмээн тогтоож, хуульд заасан ял шийтгэл ногдуулсан байдаг.Уг шийтгэх тогтоолд эдгээр хүмүүс Давж заалдах гомдол гаргасны улмаас Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1489 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг.Анхан шатны шүүх тухайн хэргийг шийдэхдээ одоо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаар гэрээний талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй, шалгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь үнэлж тогтоогоогүй, дутуу шалгасан байна гэсэн үндэслэлүүдийг зааж өгч, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж, прокурорын газарт буцаасан байдаг.Энэ үндэслэлүүдээр тухайн нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16/24 дугаар гэрээ, түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/01 тоот гэрээнүүдтэй холбоотой эрүүгийн хэрэг өнөөдөр шалгагдаж дуусаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Номин холдинг ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байгаа учраас үүн дээр хэлэх тайлбар байхгүй байна.Эрүүгийн хэрэг нь Б.Эрдэнэбатад холбогдох хэрэг, энэ хэрэг нь Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт холбогдолгүй гэж байна.Гэтэл 16/24 тоот гэрээг харвал Ш.Эрдэнэбат Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч.Гэрээг харах юм бол Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцаа эзэмшигч Бадарчийн Эрдэнэбат өөрөө гэрээ байгуулсан байдаг.Хоёрдугаарт Дэм санхүүгийн нэгдэл ХХК нь 2016 оны 16/24 тоот гэрээгээр халхавчилж талууд гэрээ байгуулсан, иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж нэхэмжлэл гарган энэ үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн. Гуравдугаарт анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор хэргийг шийдэхдээ 16/24 тоот гэрээг үндэслэл болгоогүй гэж байна.Гэтэл Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хуулиараа хянах эрхтэй байдаг.Үүний дагуу сая нотлох баримтаар өгсөн магадлал дээр тодорхой туссан байдаг.Прокурорын тогтоол, прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь өөрөө хуульд заасан нотолгоогоор шалгах юмнуудаа шалгаагүй байна, хэргийн оролцогчийн хүсэл зоригийг хараагүй байна, хохирол, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаагаагүй.Энэ нь өөрөө дахин нэмэлт мөрдөн байцаалт явуул гээд хэргийг прокурорт буцаасан байдаг.Ийм үндэслэлээр энэ хэргийг бүхэлд нь дээр хэлсэнчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат нь хариуцагч Номин Холдинг ХХК болон Улаанбаатар Импекс ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч Номин Холдинг ХХК болон Улаанбаатар Импекс ХХК-д даалгах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч Номин Холдинг ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, зөвхөн Улаанбаатар Импекс ХХК-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч Улаанбаатар Импекс ХХК-д даалгах тухай шаардлагаа дэмжиж байна.
Нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Даваахүүгийн Төмөрхүүг томилж, улсын бүртгэлд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр бүртгүүлсэн болох нь Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн улсын бүртгэлийн 0000083605 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна./хх-7/
Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-аас Улаанбаатар Импекс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг Б.Энхбатад 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байна./хх-49/
Нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК /хувьцаа эзэмшигч/, Ариг банк /банк/, Улаанбаатар Импекс /хөрөнгө оруулагч/ ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах 16/24 дугаартай гэрээг байгуулсан байна./хх-45, 46,47/
Энэ гэрээний 1.1-т Энэхүү гэрээгээр хөрөнгө оруулагч нь банканд түүнээс шинээр гаргасан энгийн хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулахтай холбогдсон харилцааг зохицуулна 3.1-т Энэхүү гэрээнд заагдсан хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулан худалдан авч буй хувьцаа нь Ариг банк ХХК-ийн шинээр гаргасан энгийн хувьцаа байна 3.3-т Банк нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 654 ширхэг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор 307 ширхэг нийт 961 ширхэг хувьцаа нэмж гаргах бөгөөд байгаа хувьцаа болон шинэ хувьцааны нийлбэр нь банкны нийт энгийн хувьцаа болно гэж заасан байна.
Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.3-т Хөрөнгө оруулагч нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөрт багтаан банкны шинээр гаргасан 654 ширхэг, нэг бүр нь 16 290 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28 623 000 төгрөгийн нэгж үнээр буюу 18 719 500 000 төгрөгөөр худалдан авна гэж заасан байна.
Улмаар дээрх гэрээний 5 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг, 6 дугаар зүйлд банкны эрх үүрэг, 7 дугаар зүйлд хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлж тусгасан байна.
Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т худалдан авагч нь хоёрдугаар шатны шинээр гаргасан хувьцааны үнэ болох 8 787 203 000 төгрөгийг банкны нэр дээрх Монгол банкин дахь тусгай дансанд 2017 оны 3 дугаар сарын 31-ний дотор төвлөрүүлсэн байна гэжээ.
Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа нэмж гаргах тухай шийдвэрт Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг...хувьцаа нэмж гаргах замаар өсгөж, компанийн дүрэмд тусгагдсан энгийн хувьцааны тоо 1000 байсныг 961-ээр нэмэгдүүлж нийт 1961 болгон, ширхэг бүр нь 16 290 000 төгрөгийн нэрлэсэн үнэ 961 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 28 623 000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 27 506 703 000 төгрөгөөр худалдсугай гэснийг энэхүү 961 ширхэг энгийн хувьцааг дээрх 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот гэрээнд зааснаар Ариг банк ХХК биш Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК гаргасан байна./хх-114/
Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлын Зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах тухай 2 дугаар тогтоолоор Ариг банк ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцааг гаргаж, нэхэмжлэгч Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-д 429 ширхэг, хариуцагч Улаанбаатар Импекс ХХК-д 280 ширхэг хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгосон байгаа нь дээрх 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан хугацаанд хамаарахгүй байна./хх-113/
Ариг банк ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаанд хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэлд-Улаанбаатар Импекс, Дэм Санхүүгийн Нэгдэл идэвхтэй төлөвөөр, гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд-Д.Төмөрхүү, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд-Б.Эрдэнэбат, эцсийн өмчлөгчийн мэдээлэлд-Б.Эрдэнэбат, Ш.Баярсайхан гэж бүртгэгдсэн байна./хх-216, 217/
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаас үзэхэд Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь Ариг банк ХХК-тай хамаарал бүхий байх боловч дээрх 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот гэрээний үүргийн биелэлтийг шаардах, гэрээний үүргийг дүгнэхэд уг гэрээний нэг тал болох Ариг банк ХХК-ийг оролцуулахгүй байх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот гэрээний үүргийн биелэлтийг Улаанбаатар Импекс ХХК-аас шаардахад уг гэрээний нэг тал болох Ариг банк ХХК нь тухайн гэрээний 6 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нөгөө талаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох 1902005640238 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ДШМ/1489 дугаар магадлалд хохирогч Ш.Баярсайхан нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах тухай гэрээгээр 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 49 хувийг өмчлөх гэрээний заалтыг биелүүлээгүй зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэснийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах гэрээнд заасан үүргээ биелүүлж, 8 787 203 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг хариуцагч Улаанбаатар Импекс ХХК-д даалгах тухай Дэм Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 093 965 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН