| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-04-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Ч.*******, П.******* тэдний өмгөөлөгч Х.Алтангүл, Л.цэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ын *******, *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000043 дугаартай, 178/2024/0087/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн Мөст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт амьдрах, ******* аймгийн Мөст сумын Баянхайрхан багт оршин суух хаягтай, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” захад галчийн ажилтай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******,
2. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн - суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, 2 хүүхдийн хамт амьдрах, аймгийн - сумын Шувуут багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******ын *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.*******, П.******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” захын В1 давхрын цонхыг хөлөөрөө өшиглөж онгойлгон цонхоор дотогшоо хууль бусаар нэвтэрч цагаан идээний худалдааны лангуунаас эд зүйл хууль бусаар, нууцаар авч хохирогч Н.Ц, М., Ж., Л. Л., Х., С. нарт 530,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ганцаараа “-” захын В1 давхарт хууль бусаар нэвтэрч цагаан идээ авч, М.т 171,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2-р хуудас)
-гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 6-7,11-р хуудас)
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 12-19-р хуудас)
-Гэрч А.гийн өгсөн...би 2023 оны 11 дүгээр сарын эхээр - захын сахиулаар ажилд орсон. Намагй ажилд ороход тэр цонхны 2 давхар шилний гадна талынх нь хагархай байсан. Одоо хүртэл хэвээрээ байгаа.Тухайн орчныг харуулсан камер,гэрэлтүүлэг байхгүй... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24-р хуудас)
-Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө ажилдаа ирээд барааныхаа бүтээлгийг авсан чинь миний бараанаас 1.25 л хэмжээний 60.000 төгрөгний үнэлгээтэй цэвэршүүлсэн шар тосноос 1 ширхэг, 1 литрээр савласан монгол архинаас 2 ширхэг алга байсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 28-р хуудас)
-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 29-р хуудас)
-Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...дүүгийндээ байж байтал манай ажлын Ичинхорлоо над руу утасдаад манай зах руу хулгай орсон талаар хэлэхээр нь би ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирээд үзэхэд хойт лангуун дээр байсан барагшуунаас 3-4 ширхэг газарт унаад зарим нь асгарсан байсан. Бүтээлгээ сөхөөд хартал 100мл-н барагшуунаас 1 ширхэг, 30 мл-тай барагшуунаас 1 ширхэг байхгүй, 10 мл-тай нэг барагшуун газарт унаад хагарсан байсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 33-р хуудас)
-Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 09 42 цагийн үед ажилд дээрээ Ичинхорлоо эгч бид хоёр хамт ирээд хувцсаа тайлаад байж байтал лангууны доод талаас нэг тос цухуйж байсан. Тэгээд миний тос гэж бодоод аваад үзсэн чинь шошго нь өөр байсан. Тэгээд Ичинхорлоо эгчид хэлээд хулгай орсон талаар мэдээд манай өрөөний хяналтын камер утсанд нь холбогдсон. Ундрам эгч рүү залгаад хулгай орсон юм шиг байна. Та камераа хараарай бас хурдан ирээрэй гэж хэлсэн. Тэгээд - захын харуулдаа хэлээд бид нар цагдаа руу дуудлага өгсөн. Би алга болсон бараагаа бүртгэж үзсэн чинь 2 литрийн хэмжээтэй, 100,000 төгрөгийн үнэлгээтэй 1 ширхэг цэвэршүүлсэн шар тос байхгүй байсан. Цагдаагийн байгууллагад хураагдсан зд зүйлсийг үзэхэд 2 литр хэмжээтэй цэвэршүүлсэн шар тос байсан боловч гадна тал нь халтар болсон бас шошго нь урагдсан учир миний тос мөн эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-р хуудас),
-Хохирогч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... өглөө 10 цагт манай ээж над руу залгаад бид хоёр хамт цагаан идээ зардаг зах дээр хулгай орсон юм шиг байна. Чиний бараа бас алга болсон юм шиг байна гэхээр нь зах дээр очоод лангуугаа шалгасан чинь 1.25 литр хэмжээтэй, 60,000 төгрөгийн үнэлгээтэй цэвэршүүлсэн шар тосноос 2 ширхэг байхгүй байсан. Тэгж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Цагдаагийн байгууллагад хураагдсан гэх эд зүйлийг үзэхэд миний 2 ширхэг шар тос байсан учир надад хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 41-р хуудас),
-Хохирогч Л.ид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 42-р хуудас),
-Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө /цагийг нь сайн санахгүй байна/ надтай хамт ажилладаг Х. над руу залгаад манай ажил руу хулгай орсон байна. Та утсаараа камер шүүгээч гэхээр нь утсаараа камер шүүх гэж оролдсон чинь уншаад гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би буцааж залгаад мемори картыг нь аваад компьютерт уншуулаад үз гэж хэлээд хүүхдээ дүүгийнхээ гэрт хүргэж өгчихөөд шууд ажил дээрээ яваад очсон чинь манай ажлын хүмүүс хулгай орсон байна гээд бужигнаад зогсож байхад цагдаа ирсэн. Хулгай орсон байна гэхээр нь би бараагаа бүртгэж үзсэн чинь 5 литр хэмжээтэй 40,000 төгрөгийн үнэтэй монгол архи байхгүй байсан. Тэгээд сая цагдаагийн байгууллагад ирээд хураагдсан эд зүйлийг үзсэн чинь миний 5 литр дүүрэн байсан архины тал нь байхгүй дундуур болчихсон байсан. Бас таг нь байхгүй байна. үлдсэн архийг хэмжиж үзэхэд 1.5 литр болж байна. Тэгэхээр 3.5 литр архи дутаж байна. Тооцоолоод үзвэл 1 литр монгол архи 8,000 төгрөг болно гэхээр 3.5 литр архи 28,000 төгрөг болж байна... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 46-р хуудас),
-Хохирогч Д.Удрахад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 47-р хуудас),
-Хохирогч Ж. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... өглөө ажилдаа ирсэн чинь манай ажлынхан "хулгай орсон байна" гээд бужигналдаад байж байсан. Тэгэхээр нь бараагаа бүртгээд үзсэн чинь цэнхэр өнгийн таглаатай 1.25 литр хэмжээтэй 60,000 төгрөгийн үнэтэй цэвэршүүлсэн шар тос байхгүй байсан. Тэгээд манай ажлын хүмүүс цагдаа дуудсан гэж хэлээд байж байтал цагдаа нар ирсэн. Дараа нь цагдаагийн байгууллагаас дуудаад миний тос байхаар нь таньсан чинь надад хүлээлгэж өгсөн... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 51-р хуудас),
-Хохирогч Ж.д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 52-р хуудас),
-Хохирогч Н. Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Өчигдөр өглөө 11 цагийн үед Баруун бүсийн захын дээд талын орчимд цагаан идээ үзээд явж байсан чинь надтай хамт ажилладаг Х. над руу залгаад Цоожоо эгчээ та хаана байна. Манай лангуунд хулгай орсон байна. Та ирж юмаа бүртгээч гэхээр нь - зах дээр очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд өөрийн ажиллуулдаг лангууныхаа бүтээлгийг сөхөөд үзсэн чинь миний зарж байсан бараанаас 2 литрийн хэмжээтэй 100,000 төгрөгийн үнэтэй цэвэршүүлсэн шар тосноос 2 ширхэг, 1,5 литр хэмжээтэй 75,000 төгрөгийн үнэтэй цэвэршүүлсэн шар тосноос 1 ширхэг, 1 кг хэмжээтэй 40.000 төгрөгийн үнэтэй чихэртэй ааруулаас 1 ширхэг тус тус байхгүй байсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 56-р хуудас),
-Хохирогч Н.Цид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 57-р хуудас),
-Хохирогч М.ын өгсөн... Би өчигдөр үзэхэд миний шар тос байхгүй байх шиг байсан. Тэгээд одоо үзсэн чинь 1.25 литр хэмжээтэй 1 ширхэг шар тос миний тос болж таараад байна... гэх дахин өгсөн мэдүүлэг (1-рхавтаст хэргийн 61-р хуудас),
-Хохирогч М.т эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хавтаст 62-р хуудас),
-Б.Булганцэцэгээс гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн... Тухайн бичлэгүүд нь ******* аймгийн ******* сумын багийн нутагт байх - захын В1 давхарт байрлах цагаан идээ зардаг лангуунууд руу орох хэсгийн хаалган дээр байрлуулсан дүрсийг харуулсан байх бөгөөд бичлэгт авагдсанаар баруун, зүүн хоёр талаар цагаан идээ өрж эгнүүлэн цуваа байдлаар тавьсан 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг заасан хугацаатай байв. Тухайн бичлэгүүд нь богино хэмжээгээр хадгалагдсан байх бөгөөд хэрэгт ач холбогдолтой байдлаар нь түүвэрлэн дарааллаар нь нэг бүрчлэн үзэхэд 0242 гэх нэртэй бичлэгийн 22:19:51 цагт бичлэгийн баруун дээд талын буланд байх хаалганаас цагаан идээ зарах хэсгийн арын тасалгааны хэсэгт нэг эрэгтэй хүн орж ирж баруун тийш эргэж чигээрээ явж 22:20:00 цагт доош тонгойж байгаагаар бичлэг 22:20:01 цагт дууссан байна. Цааш 0258 гэх нэртэй бичлэгт орж үзэхэд 22:20:06 цагт дээрх эрэгтэй хүн /хувцас сайн харагдахгүй/ тонгойсон газраас өндийж бичлэгийн зүүн хэсгийн хамгийн цаад талд байх босоо лангууны эд зүйл авч доош тонгойж буйгаар 22:20:17 цагт дууссан байна. Цааш 0274 гэх нэртэй бичлэгт орж үзэхэд дээрх эрэгтэй хүн тонгойсон газраа байх бөгөөд бичлэгт харанхуй болж 22:20:27 цагт дууссан байна. Дараагийн 0285 гэх нэртэй бичлэгт орж үзэхэд дээрх эрэгтэй хүн 22:20:34 цагт дээрх босоо лангууны урд талын хэсгээс байх эд эд зүйл харагдах бөгөөд 22:20:48 цагт тухайн газраас босож байгаагаар бичлэг дууссан байна. Дараагийн 0305 гэх нэртэй бичлэгт тухайн эрэгтэй хүн дээрх лангуунаас босож шууд чигээрээ явсаар эсрэг талын лангуун дээр очиж бүтээлгийг авч байгаагаар бичлэг 22:21:03 цагт дууссан байна. Дараагийн 0321 гэх нэртэй бичлэгт үзэхэд баруун талын хамгийн цаад талын лангууны бүтээлгийн доор нь орж бүтээлгийг дээш нь дахин дахин сөхөж байгаагаар бичлэг 22:21:19 цагт дууссан байна. Дараагийн 0337,0352 гэх нэртэй бичлэгүүдэд үзлэг хийхэд 0321 гэх нэртэй бичлэгт авагдсан дүрстэй төстэй байв. Дараагийн 0366 гэх нэртэй бичлэг орж үзэхэд дээрх лангууны бүтээлгийн доод талын хэсгээс босож байгаагаар 22:22:01 цагт дууссан байна. Дараагийн 0379 гэх нэртэй бичлэгт үзлэг хийхэд тухайн лангуунуудаас авсан эд зүйлсийг гартаа /гартаа барьсан зүйл нь сайн харагдахгүй/ барьж орж ирсэн хаалгаар гарч явж буй дүрс бичигдсэн байх бөгөөд бичлэг 22:22:23 цагт дууссан байна. Дараагийн 0400 гэх нэртэй бичлэгт тухайн эрэгтэй хүн мөн дээрх хаалгаар орж ирж баруун тийш эргэж бичлэг 22:22:39 цагт дуусав. Дараагийн 0416 гэх нэртэй бичлэгт зүүн талын хамгийн цаад талын лангууны урд талд очиж газраас эд зүйл авч цааш явж буйгаар бичлэг 22:22:55 цагт дууссан байв. Дараагийн 0432 дугаартай бичлэгт орж үзэхэд дээрх лангууны урд талаас эд зүйл авч орж ирсэн хаалга руу явж буйгаар бичлэг 22:23:11 цагт дууссан байв. Дараагийн 0448 гэх нэртэй бичлэгт дээрх хаалгаар тухайн эрэгтэй хүн орж ирж чигээрээ урагш явж буйгаар 22:23:24 цагт бичлэг дууссан байна. Дараагийн 0461 гэх нэртэй бичлэгт орж үзэхэд дээрх эрэгтэй хүн чигээрээ явсаар баруун талын хамгийн наад талын лангууны ард талд очиж явган суух бөгөөд тухайн үед дээрх эрэгтэй хүн нүүрэндээ баг мэт зүйл өмссөн нь бичлэгт харагдаж байгаагаар бичлэг 22:23:37 цагт дууссан байв. Дараагийн 0475 гэх нэртэй бичлэгт харанхуй болж 22:23:51 цагт дуусан байв. Дараагийн 0488, 0501,0515,0555,0568,0581,0595 1704,810,345,0602 гэх нэртэй фолдерийн 0000, 0013, 0026, 0040, 0053, 0074, 0090, 0105, 0121, 0137, гэх нэртэй бичлэгүүдэд дээрх эрэгтэй хүн баруун талын эхний 1,2 дугаар лангууны орчмоос эд зүйл авч буй мэт дүрс бичигдсэн байх бөгөөд 0153 гэх нэртэй бичлэгт дээрх эрэгтэй хүн хяналтын камерыг гараараа оролдож байгаагаар бичлэг 22:28:30 цагт дууссан байна. Дараагийн 0166 гэх нэртэй бичлэгт хүний гар хяналтын камерын бичлэгийг оролдож байгаагаар бичлэг 22:28:46 цагт дууссан байна. Дараагийн 0181 гэх нэртэй бичлэгт мөн хяналтын камерын бичлэг оролдож буйгаар дууссан байна. Дараагийн 0192 гэх нэртэй бичлэгийг үзэхэд камерыг хажуу тийш нь болгосон байна. Дараагийн бичлэгүүдэд хяналтын камер хажуу тийш болсон учир дүрс ямар нэгэн дүрс бичигдээгүй байна...” гэх тэмдэглэл, тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 65-р хуудас),
-Дамно Хөрөнгө үнэлгээний компанийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХВЦ-24-28, ХВЦ-24-29 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөн компанийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ХВЦ-24-33, ХВЦ-24-31, ХВЦ-24-32, ХВЦ- 24-30 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ХВЦ-24-34 дугаартай шинжээчийн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 88-91, 97-99, 105-108, 114-118, 124-128, 203-206-р хуудас),
-Гэрч Н.ын өгсөн ... Би 2023 оны 12 дугаар сарын сүүлээр болон 2024 оны 01 дүгээр сарын эхээр зүс таних залуугаас 2 ширхэг ундааны савтай шар тос худалдан авсан. Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байгаа юм аа. Миний худалдан авсан шар тос болохоор нэг нь кола ундааны савтай 1,2 литрийн хэмжээтэй шар тос байсан. Нөгөө нь жүржийн талст нэртэй ундааны савтай 1,2 литрийн хэмжээтэй шар тос байсан. Би тухайн хүнээс 2 удаа тос худалдан авсан. Тэгээд бэлэн мөнгө хүрэхгүй байна гээд би тэр залуугийн Хаан банкны 5862397714 тоот данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр шар тосыг худалдан авахдаа 2023 оны 12 дугаар сарны 27-ны өдөр өөрийнхөө Голомт банкны 5615112049 тоот данснаас шилжүүлсэн. ...Би тэр залууд данс руу нь 100,000 төгрөг шилжүүлж өгсөн. Бэлнээр яг хэдэн төгрөг өгснөө мэдэхгүй байна. ...Би тэр хүнийг харвал танина. Намхан нуруутай жижиг шар царайтай залуу байсан. Би тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй байна. Надаас хаан банкны 2397714 тоот ******* гэсэн нэртэй данс руу 100,000 төгрөг хийлгэж авсан... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 134-р хуудас)
Шүүгдэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...орой гэртээ очоод хүүхдэдээ хоолыг нь хийж өгөөд байж байтал П.******* над руу залгаад “ хурдан хүрээд ир” гэсэн. Тэгээд би ажил дээрээ ирээд галаа түлээд байж байтал П.******* дахин залгаад ”захын дээд талын хаалган дээр хүрээд ир” гэхээр нь хүүхдээ дагуулаад яваад очсон.Тэгтэл П.******* “би нөгөө ажлаа хиймээр байна,орж юм авна, чи хүн хараад байж бай,хүн ирвэл надад хэлнэ шүү” гэхээр нь “ яаж орох гэж байгаа юм” гэж асуухад “хойт талын цонхны түгжээг нь тааруулаад өшиглөх юм бол өөрөө онгойчихно” гэж хэлсэн. Би хүн хараад зогсож байтал П.******* ороод нэлээн удаж байснаа савтай шар тас, шимийн архи авч гарч ирсэн.Шар тоснуудаа цаасан хайрцагт хийгээд хашааны ёроолд тавиад өөрөө ирж авна гэсэн.П.******* Сонголт төвд галч хийдэг, бид хоёр *******ийн ажил дээр ирж монгол архиа уусан.Тэгээд би ажилтай одоо явлаа гэхэд” чамайг явах юм бол ална” гээд айлгаад байхаар нь бид хоёр муудалцаад зодолдоод хар зам дээр гарсан. Манай хүүхэд айгаад уйлаад байж байтал цагдаагийн эргүүлийн машин ирсэн. Цагдаа нар машинаасаа бууж ирэхэд ******* авсан юмаа галын өрөөнөөс өөр газар нуусан,хаана нуусныг мэдэхгүй... гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 154-155-р хуудас)
-Шүүгдэгч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би - захын ард талын хашааг даваад жижиг цонхыг өшиглөсөн чинь онгойчихсон. Тэгээд ороод цагаан идээнээс хэсэг хэсгээр авч байгаад нэг харсан чинь камер байхаар нь камерийг нь хажуу тийш нь эргүүлчихсэн.Тэгээд нэлээн хэдэн шар тос, шимийн архи, ааруул аваад цонхоор нь гарсан.Намайг гарч ирэх хүртэл ******* гадна хүн хараад зогсож байсан...гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 165-166-р хуудас) зэрэг баримтууд хэрэгт цугларсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
1.2. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтэн дүгнэвэл: шүүгдэгч П.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “-” худалдааны төвийн В1 давхрын цонхыг өшиглөж онгойлгоод түүн дотор байрлах цагаан идээний лангуунаас цагаан идээний зүйл хулгайлсан, мөн шүүгдэгч П.******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-27 нд шилжих шөнө ганцаараа “-” захын В1 давхарт хууль бусаар нэвтэрч иргэн М.ын лангуун дээрээс цагаан идээний зүйл авсан хэргийн үйл баримт тус тус тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.*******, П.******* нарын бусдын эд зүйлийг нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын үндсэн шинжийг хангасан байна.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгийн эрх зөрчигдөөд зогсохгүй орон байрны халдашгүй байдал давхар зөрчигддөг тул хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хүний өмчлөх эрх болон орон байрны халдашгүй байдалд халдсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчилнэ.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байдаг бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Шүүгдэгч Ч.*******, П.******* нар нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө уг гэмт хэргийг үйлдэх талаар харилцан тохиролцож гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж заасныг баримтлан зүйлчлэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч П.*******ийн 2023 оны 12 сард - худалдааны төвд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан, үйл ажиллагаа явуулдаг байранд нэвтэрч хулгайлах” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Мөн шүүгдэгч П.*******, Ч.******* нарын бүлэглэн 2024 оны 01 дгээр сарын 9-10-нд шилжих шөнө тусгайлан хамгаалсан, үйл ажиллагаа явуулдаг байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч П.*******ийн 2 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж тооцох үндэслэл тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.*******, П.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
2.3.Шүүгдэгч нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд буюу худалдааны төвд нэвтэрч эд зүйл хулгайлсан нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
2.4. Шүүгдэгч нарын амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн сэтгэл зүй нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
2.5. Шүүгдэгч Ч.*******, П.******* нар шүүхийн хэлэлцүүлэгт “ Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг тус тус өгсөн болно.
3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
3.1.Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц, М., Ж., Л. Л., Х., С. нарт нийт 530,000 төгрөгний хохирол учирчээ.
Хохирогч Н.Ц, М., Ж., Л. Л., Х., С. нараас “хохирлоо барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэх тайлбарууд ( 2-р хавтаст хэргийн 15-19-р хуудас) өгсөн.Мөн шүүгдэгч П.*******өөс хохирогч нарт хохирол төлсөн баримт (1-р хавтаст хэргийн 186-188 дугаар хуудас) авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ч.*******,П.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Ч.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа (1-р хавтаст хэргийн 133 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 134 дүгээр хуудас), шүүгдэгч П.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа (1-р хавтаст хэргийн 135 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 136 дугаар хуудас) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 137 дугаар хуудас)эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 227,236 дугаар хуудас), ******* аймгийн Мөст сумын Баянхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 233 дугаар хуудас), аймгийн - сумын Шувуут багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 240 дүгээр хуудас), *******ийн ансондорын төрсний гэрчилгээний хуулбар (1-р хавтаст хэргийн 242 дугаар хуудас), ******* аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний тасгийн эмчийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 234 дүгээр хуудас), гэрч Ч.Энхболдын мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 231 дүгээр хуудас),гэрч Ц.Баасангийн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 238 дугаар хуудас)зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь урьд ял шийтгэлгүй, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* суманд амьдарч байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн - сумын харьяат, шүүгдэгч Ч.******* урьд ял шийтгэлгүй, хүүгийн хамт амьдрах, Тамир захад галчийн ажил эрхэлдэг, ******* аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд ходоод тайрах мэс засалд орсон, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй гэх хувийн байдлууд тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.*******т 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.*******од 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалах, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна ” гэх санал, дүгнэлт;
Шүүгдэгч Ч.*******ын өмгөөлөгч Л.цэцэг “шүүгдэгч Ч.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, ам бүл 2 хүүгийн хамт амьдардаг, хүү нь 1 дүгээр ангид сурдаг, эрүүл мэндийн хувьд ходоод тайруулах хагалгаанд орсон, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан шалтгаанаар группэд орсон. Иймд түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлд зааснаар шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх,
Шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч Х.Алтангүл “шүүгдэгч П.*******ийн хувьд гэм буруугийн талаар маргаангүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж “болохоор хуульчилжээ. Гэвч тус зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хэм хэмжээг хэрэглэх нэг гол урьдач нөхцөл нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөх юм.
Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.*******, П.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүрийг 01(нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******, ******* ургийн овогт *******ын ******* нарыг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, П.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2436000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******, П.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС