| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, автын засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, *******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь -ний өдөр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “явах болоогүй юм уу” гэж асуусан гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн толгой хэсэгт гараараа удаа дараа цохих, цээжин тус газарт хутгаар 1 удаа хатгаж, цээжинд шарх, зүүн чамархай зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг Говьсүмбэр аймагт байхад Даваажаргал гэх найз утсаар яриад “дэлгүүрээс 2 шил архи аваад манай гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд би руу эхнэрийн дүү аваад орой 22 цагийн үед Чойроос ******* сум руу гараад 23 цагийн үед очсон. Тэгэхэд Даваажаргал гэртээ согтуу унтаж байсан. Тэгээд Даваажаргал удалгүй сэрээд миний авч очсон 2 шил архийг Даваажаргал бид хоёр хувааж уусан. Маргааш өглөө нь Даваажаргал “гурвуулаа Говь-Угтаал сум орж мал зарчихаад ирье” гээд хонь ямаа хоёр бариад Говь-Угтаал сум орсон. Тэгээд хонийг нь зарчихаад ямааг нь буцаагаад аваад явахаар болоод дэлгүүр ороод 2 шил 0.75 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн “Сэрүүн" пиво аваад эргээд Даваажаргалын гэр рүү гарсан. Сумаас гараад нэг шил архиа задлаад тэрнээс нь ганц хоёр татчихаад цааш хөдөлсөн. Тэгээд явж байгаад ирэхэд задалсан архиа бараг дууссан байсан. Бид хэдийг ирэхэд Даваажаргалын ах Даваа ирсэн байсан. Тэгсэн чинь Даваажаргал унтаад өгсөн. Тэгээд би Даваа гэх ахтай нь ганц пиво хувааж уучихаад Даваа ах нь яваад өгсөн. Би Даваажаргалыг сэрээгээд цай унд уулгачихаад “би явлаа” гэж хэлсэн чинь Даваажаргал “янхан минь” гэх зэргээр хараагаад байхаар нь би өмөөрөөд “чи яах гэж тэгж байдаг юм” гээд хэлсэн чинь миний өөдөөс Даваажаргал “чи наадхаа өмөөрөөд үхлээ юу” гээд босоод ирэхээр нь би түлхсэн. Тэгтэл Даваажаргал цаашаа орон дээр суусан. Тэгээд би газар суутал Даваажаргал махтай саванд байсан хутгыг аваад “ална шүү” гээд байхаар нь би босоод гараад явсан. Би гараад машиндаа сууж байтал Даваажаргал хутгаа бариад гараад ирсэн. Тэгээд ойртоод ирэхээр нь би машинаас буугаад тойртол Даваажаргал газар уначихсан. Би гүйгээд хорооны тэнд очоод зогссон. Тэгсэн чинь Даваажаргалыг Ууганцэцэг гарч ирээд босгох гэж байгаа харагдсан. Хоёулаа давхаралдаж унаад л байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр гэр рүү орчихоор нь би араас нь гэр рүү нь ортол Даваажаргал орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Даваажаргалд “би явлаа” гэсэн чинь Ууганцэцэг тэр үед гадагшаа гараад бөөлжөөд байгаа юм уу гэмээр дуугараад байхаар нь араас нь гартал гадаа сууж байсан. Тэгээд “яасан юм” гэсэн чинь “миний энэ талд өвдөөд байна” гэхээр нь “яасан юм” гээд очоод хартал зүүн талын суга хэсэг нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би эргэж ороод Даваажаргалд “чи хүн хутгалсан байна шүү дээ” гэж хэлтэл “би юу гэж хутгалж байдаг юм” гэж байсан. Тэгээд би Говьсүмбэр аймаг руу авч яваад замаараа нэг айлаар орж утсаар нь Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү дуудлага өгөөд эмнэлэг өөдөөс тосоод аваад явсан. Ууганцэцэгийн биед Даваажаргал л гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Ууганцэцэгийн эмчилгээний зардалд хэрэглээрэй гээд хонь, ямаа 2 өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эгчийнхээ нөхөр ******* гэх хүнтэй хамт хөдөө явсан. Манай хүргэн ах намайг цуг явъя гэхээр нь хамт явсан.Тэгээд Ө.Даваажаргал гэх айлд 10 дугаар сарын 28-ны орой очсон. Очиход Ө.Даваажаргал гэх хүн гэртээ унтаж байсан. Ө.Даваажаргал гэх айлд очоод “Хараа” нэртэй 2 шил архи уусан. Тэгээд Ө.Даваажаргал гэх айлд хоносон. Маргааш өглөө нь буюу -ний өглөө Ө.Даваажаргал, ******* бид 3 ачааны машинтай хонь, ямаа 2 ачаад Говь-Угтаал сум орсон. Тэгээд тэнд хонь, ямаа хоёроо зараад 2 шил архи, нэг пиво авсан. Авсан архи, пивоо Ө.Даваажаргал гэх айлд ирж уусан. Тэгээд архи ууж байсан Ө.Даваажаргал нь унтаад өгсөн. Тэгтэл манай хүргэн ах ******* намайг нүд рүү гараараа цохиод зүүн чих рүү цохисон. Хутга аваад намайг дүрчихсэн. Тэгээд ******* ах намайг машиндаа суулгаад айлд очиж түргэн дуудсан. Замдаа явж байхдаа ******* ах надад хандаж Ө.Даваажаргалыг хутгалсан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд замд явж байхад Говьсүмбэр аймгаас эмч тосч ирээд би эмнэлэгт хүргэгдсэн. Одоо миний биеийн байдал гайгүй, эмнэлгээсээ гарсан. Гадуур тариа хийлгэж байгаа. Би гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2023 оны 10 дугаар сарын 28-ны орой намайг унтаж байхад ******* нь хамт манайд ирсэн. Манайд ирээд ******* бид 2 тал шил архи уугаад унтсан. Өглөө босоод би *******д нэг шил “Агар” нэртэй 0.75 литрийн архи задлаад тэрийгээ уучихаад Говь-Угтаал сум руу *******, Э.Ууганцэцэг нарын хамт явж хонь зараад дэлгүүрээс 2 шил архи, 1 том пиво аваад Говь-Угтаал сумаас хөдөө гэр рүүгээ хөдөлсөн. Тэгээд замд явж байхдаа нэг шил архийг нь задлаад О.Нарангэрл бид 2 уугаад талдаа орж байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд цаг 12 өнгөрч байсан. Биднийг ирэхэд манай ах Ө.Даваажав гэрт ирчихсэн байсан. Гэрт өглөө чанасан мах үлдсэн байсныг *******, манай ах Ө.Даваажав 2 идсэн. Тэгээд манай ах яваад өгсөн. Говь-Угтаал сумаас ирэхдээ замдаа ууж байсан тал шил архийг ******* бид 2 уугаад би согтсон. Говь-Угтаал сумаас ирэх замдаа ******* эхнэрийнх нь дүү болох Э. хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Нэг сэрээд хартал гэрт хүн байхгүй, гараад харсан миний машин байхгүй байсан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь би Нарангэрэл рүү утсаар яриад машин яачихав авч ирж өг гэсэн чинь 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Нарангэрэл манайд ирсэн. Надтай уулзаад өчигдөр чи хутгаар дүрчихсэн ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм би тасраад унтсан байна лээ гэсэн чинь Нарангэрэл би чамд юу гэж худлаа хэлдэг юм гэсэн. Тэгээд Говьсүмбэр аймаг орсон. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Э.Ууганцэцэгт манай эхнэр хоол оруулж өгөөд юу болсон талаар асуухад намайг манай хүргэн ******* зодсон, хутгалсан гэж хэлсэн. ******* хутгалсныхаа дараа Ө.Даваажаргал хутгалсан гэж хэлээрэй гэж хэлсэн байсан. дүрсэн гэх хутга нь манайд байсан улаан өнгийн иштэй хутга байсан. Би хутгаа эрээд олоогүй, Нарангэрэлээс асуусан чинь эмнэлгийн гадаа хаячихсан гээд байсан. 2023 оны 11 сарын 09-ний өдөр Нарангэрэл рүү залгаад байцаагч хутгаа олж ир гээд над руу залгаад байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эмнэлгийн хавиар эрээд олоогүй. Тэгсэн удалгүй Нарангэрэл нөгөө хутгыг оллоо гэсэн. Би хутгыг Нарангэрэл гэх айлаас очиж авахад эхнэр 2 хүүхэд нь байсан. Эхнэр нь цаасанд боосон хутга өгсөн. Манайд Нарангэрэл, Ууганцэцэг бид 3 байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 274 дугаартай: “ биед цээжинд шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн зулгаралт мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Цээжний шарх болон зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Хутга хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07/
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /8-9/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/
Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 05 сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-70/
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-74/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 09 сарын 03-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-84/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Э.Ууганцэцэг нь -ний өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “цээжинд шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт” гэмтэл учирсан үйл явдал болсон байна.
Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч эрүүл мэндэд учирсан “цээжинд шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт” гэмтлийг шүүгдэгч ******* -ний өдөр багийн нутаг дэвсгэрт гэрт хохирогчийн толгой хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хутгаар хутгалах байдлаар учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч : “...манай хүргэн ******* ах намайг нүд рүү гараараа цохиод зүүн чих рүү цохисон. Тэгээд хутга аваад намайг дүрчихсэн..” гэх мэдүүлэг, хохирогч биед хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч толгой хэсэгт гараараа цохих, цээж хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “цээжинд шарх, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирчээ. Хохирогч Э.Ууганцэцэг нь хэрэгт хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Нарангэрлийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 53 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /улаан өнгийн хуванцар иштэй, ишнийхээ хоёр талд “Moraknil” гэсэн бичигтэй нийт урт 20 см, бариул хэсэг 11 см, ажлын хэсэг нь 9 см урттай эвхэгддэггүй/ хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Ууганцэцэг хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид торгох ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, *******.6, *******.7, *******.8, *******.10, *******.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Оюунжаргалын Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Оюунжаргалын Нарангэрэлд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Э.Ууганцэцэг хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /улаан өнгийн хуванцар иштэй, ишнийхээ хоёр талд “Moraknil” гэсэн бичигтэй нийт урт 20 см, бариул хэсэг 11 см, ажлын хэсэг нь 9 см урттай эвхэгддэггүй/ хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР