| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2020/03674/И |
| Дугаар | 102/ШШ2021/00387 |
| Огноо | 2021-02-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2021/00387
2021 оны 02 сарын 09 өдөр Дугаар 102/ШШ2021/00387 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 77 тоот хаягт оршин суух, Урианхан овогт Бордухын Энхцэцэг /РД:ух70100501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин, Г.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхцэцэг миний бие Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 77 тоот хаягт 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа болно. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр Б.Энхцэцэг намайг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 77 тоот орон сууцнаас албадан гаргах мэдэгдэл ирүүлжээ. Анх Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот хаягт байрлах 40 м2 3 өрөө орон сууцыг Б.Энхцэцэг миний бие гэр бүлийн бусад гишүүдтэйгээ дундаа хамтран өмчилдөг байсан. Бэлэглэгч нь С.Содбаярт итгэмжлэл олгон 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Г.Мөнхбаярт тус 3 өрөө орон сууцыг бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан орон сууцыг нэхэмжлэгч миний бие Б.Энхцэцэгийн эгч Б.Бадамцэцэгийн хүү С.Содбаяр нь найз Г.Мөнхбаяртай хамтран зээл авч бизнес хийж, ашиг олж, барьцаанаас чөлөөлж, хөрөнгийг буцаан өгнө гэж авсан. Гэтэл миний бие Б.Энхцэцэг уг байрыг бусдад алдсаныг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Б.Бадамцэцэгээс мэдсэн болно. Г.Содбаяр, Г.Мөнхбаяр нар орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө гэж хүлээж байтал “Хас банк” ХХК-д алдсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоож байгаа болно. Бэлэглэгч Б.Энхцэцэг нь Г.Мөнхбаярт итгэн орон сууцаа бэлэглэсэн байтал ийнхүү зээлийн барьцаанд тавин бэлэглэгчийн гал голомт болж олон жил амьдарч байсан орон сууцыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Иймээс Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн хэмээн үзэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно. Гэтэл шүүхийн шийдвэр дээр намайг албадан гаргах шийдвэр байхгүй байхад мэдэгдэл өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол миний хөрөнгө, дотор нь манай аав, ах дүү нар миний гэрт амьдардаг болно. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас надтай уулзаагүй байж хууль бус ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3-т “...энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу тус хөрөнгийн өмчлөгч, гуравдагч этгээдийн зүгээс гомдол гаргаж байгаа бөгөөд миний бие өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын өр төлбөрт өгөх үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудаст Б.Энхцэцэг намайг албадан гаргахаар заагаагүй байхад хууль бусаар албадан гаргах ажиллагаа хийж байгаа тул уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан, уг шаардлагаа бүрэн дэмжиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр, уг шийдвэрийн дагуу гарсан захирамж, гүйцэтгэх хуудаснууд дээр нэхэмжлэгч Б.Энхцэцэг гэж хүн байхгүй байхад хариуцагч байгууллага Б.Энхцэцэгийг байрнаас албадан гаргах ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн. Ийм учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрөө бүхэлдээ хууль зөрчсөн учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.3 дахь хэсгүүдэд зааснаар уг ажиллагаа бүхэлдээ хүчингүй болох ёстой. Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь иргэн Г.Мөнхбаярт итгэн орон сууцаа бэлэглэсэн. Гэтэл Г.Мөнхбаяр нь Б.Энхцэцэгийн итгэлийг эвдэж бусдад орон сууцыг бусдад шилжүүлснээс үүдэн энэ асуудал гарсан. Б.Энхцэцэг уг асуудлын талаар буюу бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, өмчлөлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Гэхдээ уг нэхэмжлэлээ татан авсан бөгөөд ийм маргаан одоо шүүхэд байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2019/01326 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай орон сууцыг хариуцагч Д.Бордух, Д.Байгальмаа, Б.Бадамцэцэг, Б.Соронзонболд нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн хариуцагч Д.Бордух, Д.Байгальмаа, Б.Бадамцээг, Б.Соронзонболд нарт дээрх орон сууцыг сайн дураар чөлөөлөх тухай 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 4-147/31871 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хас банк” ХХК-ийн зүгээс хариуцагч талын гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр эрхийн улсын Ү-2205003253 дугаарт бүртгэлтэй, 40 м2 талбайтай, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Бордух, Д.Байгальмаа, Б.Соронзонболд, Б.Бадамцэцэг нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрт хариуцагч талаас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалаар шийдвэрийг, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01326 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр тус тус үлдээснээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч нар хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2019/06691 дүгээр захирамжийн дагуу №509 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20250536 тоот тогтоол гарч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.
2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан. Тэрээр өөрийн дээрх шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэр, албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудаснуудад намайг орон сууцнаас албадан гаргахаар тухайлан заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль бусаар албадан гаргах ажиллагааг хийж байна” гэсэн агуулгаар тайлбарлав.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага холбогдох хуульд заасан ажиллагааг хийсэн байна.
Тодруулбал, хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4-147/31871 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл авагджээ. Уг мэдэгдэлд шүүхийн шийдвэр гарсан учир Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15-77 тоот орон сууцыг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор чөлөөлөх үүрэгтэйг хариуцагч Д.Бордух, Д.Байгалмаа, Б.Соронзонболд, Б.Бадамцэцэг нарт танилцуулж, тогтоосон хугацаанд чөлөөлөөгүй нөхцөлд хуульд заасан тохиолдолд тодорхой арга хэмжээ авахыг сануулсан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5 болон 100 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын нэг үндэслэлээ “...шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т ‘Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно’ заасныг зөрчсөн буюу шийдвэр, гүйцэтгэх хуудсанд дурдаагүй хүнийг албадан гаргах ажиллагаа хийсэн” гэж тайлбарласан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, шүүхийн журмаар үзлэг, туршилт хийлгэх, нотлох баримт гаргуулах зэрэг өргөн хүрээний эрхийг эдэлдэг. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхийн шийдвэрт дурдаагүй этгээдийг байрнаас албадан гаргах ажиллагаа явуулаад байгаа үйл баримт тогтоогдсонгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийн талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2018/01326 дугаар тогтоолд “...Тус орон сууц нь анх 1997 онд иргэн Б.Бадамцэцэг, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын өмчлөлд бүртгэлтэй байсан боловч өмчлөгч нар өөрсдийн эрхийг С.Содбаярт шилжүүлснийг үндэслэн С.Содбаяр нь 2012 онд Г.Мөнхбаярын өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр, Г.Мөнхбаяр нь 2014 онд Б.Дашдаваагийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, улмаар Б.Дашдаваа 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр ‘Хасбанк’ ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр тус орон сууцны өмчлөгч нь ‘Хасбанк’ ХХК болсон үйл баримт тогтоогджээ” гэж дурдсан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын нэг үндэслэлээ “...Б.Энхцэцэг нь Г.Мөнхбаярт итгэн орон сууцаа бэлэглэсэн. Гэтэл орон сууцыг бусдад шилжүүлсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагчийг ноцтой гомдоосон буюу орон сууцны өмчлөлийн асуудлаар шүүхэд хандсаныг шүүхээс хянан шийдвэрлэж байгаа” гэж тайлбарласан.
Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...уг нэхэмжлэлээ татан авсан. Ийм маргаан одоо шүүхэд байхгүй” гэсэн тайлбарыг өгснөөс үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэл муутай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Б.Энхцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ