Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч О.Эрхэмбаяр Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2309000001241 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын Иргэн,******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,*******,*******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *******/

Шүүгдэгч М..Эрхэмбаатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Монгол Улсын Боловсролын Их сургуульд “Нийгэм судлал, эрх зүйн багш” мэргэжлээр суралцаж төгсөөгүй байж 2005 онд төгссөн гэх D200507201 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн дипломыг бусдаас худалдан авч, хуурамч болохыг мэдсээр байж 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8-н жилийн сургуулийн түүх, нийгмийн ухааны багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Дипломыг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн архивд ажилладаг хүнээс авч байсан. Чи 4 жил сурсан юм чинь төгсгөөд өгье, асуудал байхгүй гээд надаас тодорхой хэмжээний мөнгө авсан. Манай дүү бид 2 оюутан болсон. Ээж ганцаараа ажил хийдэг учраас би дүүгээ сургууль завсардуулахгүйн тулд сурахын хажуугаар ажилладаг байсан. Би энэ дипломын хуурамч гэдгийг мэдээгүй. Өмнө нь аймгаас шалгалт очоод шалгаж байсан. Ажиллаж байсан хугацаандаа авч байсан цалингаа төлөх боломжгүй” гэв. Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилд орох өргөдөл өгч, 2005 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг төгссөн диплом зэрэг баримтыг бүрдүүлэн түүх нийгмийн ухааны багшаар ажилд орсон. 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байна. 2006 оны 09 сарын 01-ний өдрөөс 2009 он хүртэл Түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан. 2009 оноос 2019 он хүртэл тухайн сургуульд Насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгаад эргээд 2019 оноос одоог хүртэл Түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Би Эрдмийн далай Цогцолбор сургуульд сурч 10-р ангиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтыг Дундговь аймагт 2001 оны хавар өгч байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаа Монголын түүхийн хичээлээр өгч, Дундговь аймагтаа 1 дүгээр байр эзлээд Монгол Улсын Боловсролын Их сургуулийн түүх нийгэм судлалын багшийн ангийн хуваарь аваад тус сургуульд орж байсан. Тэгээд би Боловсролын Их сургуульд 4 жил сурсан. Би Монгол Улсын Боловсролын Их сургуульд суралцаж байх хугацаанд, 2005 оны 03 сараас эхлээд манай төрсөн дүү Ганчимэг их сургуульд 1 дүгээр курсэд сурч байхад нь төлбөрийн асуудал үүсэхээр нь дүүгийнхээ их сургуулийн төлбөрийг төлөхөөр цагийн ажил хийж эхэлсэн. Тэгээд ажил хийх үедээ хичээлдээ явж байсан. Тэгээд тухайн үед ажлын хажуугаар нэг өдөр хичээл дээрээ ирээд байж байтал Билэгээ гэдэг настайвтар эрэгтэй над дээр ирээд “чи дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөөр ажил хийж байгаа юм байна, ах нь Монгол Улсын боловсролын их сургуулийн архив бичиг хэрэгт олон жил ажилласан, 4 жил сурсан юм чинь дүнгүүд чинь байгаа, багш нараар чинь дүнгүүдийг нь гаргуулж өгнө, ах нь дүнгүүдийг чинь янзлаад өгнө, улсын шалгалтыг аргална, чи ахдаа 400.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би 200.000-аар 2 удаа бэлнээр мөнгөө өгсөн. Тэгээд 2005 оны 05 сарын 20-ын үеэр их сургууль төгсөх төгсөлтийн шалгалтаа ажил хийж байгаад өгч чадаагүй. Бусад хичээлийн дүн болчихсон байх шиг байсан, би сайн мэдэхгүй байна. Тэгээд 2005 оны зун 7 сард Монгол Улсын Боловсролын их сургуулийн дипломоо Билэгээ гэдэг мөнгө өгсөн хүнээсээ авч байсан юм. Би тухайн дипломыг хуурамч гэж мэдээгүй, Билэгээ гэдэг хүн надад хэлэхдээ “найдвартай, сургуулийн бүртгэлтэй диплом байгаа юм, асуудалгүй” гэж хэлж байсан. Би 2023 оны хавар цагдаад дуудагдаад дипломоо хуурамч гэж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127, 232/ Хохирогч Г.Олонбаярын “ Би 2022 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газрын хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. Би энэ талаарх асуудлыг сайдын мэдээллээс танилцаж байсан. Миний бие ажлын хэсэгт нь орж ажилласан асуудал байхгүй. Манай байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого, чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага гэж ойлгож болно. Миний бие яамыг төлөөлж гомдол, нэхэмжлэх зүйлийн талаар хэлэх боломжгүй байна. Энэ талаар холбогдох дарга, удирдлага болон боловсролын яамны удирдах албан тушаалтнуудад танилцуулж байж санал гомдлоо хэлэх нь зүйтэй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

Хохирогч ******* дахин авсан “Боловсролын яамны зүгээс гол баримталж байгаа зүйл нь хэрэг тус бүрт зохих шатны ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Нэгдсэн байр сууриа илэрхийлж, 3 сайдын нэгдсэн албан даалгавар гарсан тул хэрэг тус бүртэй танилцаж, тухайн хэргүүдийн шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/ Хохирогчийн төлөөлөгч Б.Арсланбаатарын “******* нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын сургуульд 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс одоог хүртэл тасралтгүй 17 жил түүх, газар зүй болон албан бусын багшаар ажиллаж байна. ******* нь 2006 оны 09 сараас эхэлж манай сургуулиас цалинжих болсон, ажиллаж байх хугацаандаа дунд нь ямар нэгэн байдлаар ажлаас гарч, орсон зүйлгүй. ******* нь 2006 оны 09 сараас эхлээд 2023 оны 07 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл оруулалгүйгээр үндсэн цалинг бодох юм бол 132.956.215 төгрөгийн цалин авсан байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* нь тодорхой хэмжээнд ажил эрхэлж, хөдөлмөрлөн байгууллагадаа хувь нэмрээ оруулж, цалин хөлс авсан. Тэрнийхээ хөлсийг авах ёстой гэж бодож байна. Ямар нэгэн зүйл нэхэмжлэх шаардлагагүй гэж бодож байна. ******* нь мэргэжлийн хувьд туршлагатай, олон жил ажилласан сайн багш гэж Дундговь аймагт үнэлэгдэж явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/

Гэрч “Би БШУЯ-ны сайд Л Энх-Амгалангийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдахад ажлын хэсэгт орж ажилласан. Шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, багш нарын дипломыг PDF файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулсан. Шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлөөр хангаж, мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан. Шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш оюутан сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй, дипломын тамга, тэмдэг гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/ өөр хүний овог нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Шалгалттай холбогдуулан улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээлэлтэй тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа. Тухайн шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь шалгалтыг дан хуулбар материал дээр үндэслэн хийсэн бөгөөд шалгалтын явцад зөрчилтэй гэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн иргэдийн дипломтой холбоотой цугларсан баримтуудыг одоо миний бие хадгалж байгаа. Түүнийг байгууллага хоорондын бичгээр болон тухайн улсын байцаагчаар дамжуулж хүлээлгэн өгч болно. Тухайн материалуудтай холбоотой тайлбарыг ажлын хэсэгт орсон мэргэжлийн хяналтын байцаагч нараас нарийн тодруулсан дээр байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 63-66/ Гэрч Я.Номинцэцэгийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол, соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос хойш одоог хүртэл хийж байна. Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны баримт бичигт хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, буртгэлжүүлж, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж, боловсролын баримт бичгийн бүртгэлтэй тулгалт хийж ажилласан. Манай ажлын хэсгийн шалгалтаар 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичиг /диплом/ мэдээллийн сангийн бүртгэл ESIS, программ/ бүртгэл pdf файлаар ирүүлсэн материалд тулгалт хийж үзэхэд боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилчдын дипломын дугаар давхардсан /овог нэр, регистрийн дугаар, гарын үсэг, тамга тэмдгийг скайнердсан/ зөрчил нь 458 илэрсэн. Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан зөрчил 145 боловсролын баримт бичиг /диплом/ илэрсэн. Их дээд сургуультай холбоотой /алдаатай бичилт хийгдсэн, төгсөгчдийн дугаарыг давхардуулсан, дээд боловсролын мэдээнд байхгүй төгсөлт хийсэн, архивын бүрдлийг өгөөгүй/ 13 зөрчил илэрсэн. Боловсролын салбарт удирдах дээд байгууллагатай холбоотой /дугаар давхардуулж олгосон архивын бүрдэл бүрэн хангаагүй, боловсролын мэдээллийн системд алдаатай оруулсан/ 1 зөрчил илэрсэн. Нийт 725 зөрчил илрээд байна. Үүнээс эхний хоёр ангилалд хамрагдаж байгаа дипломын дугаар давхардсан 458, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 боловсролын баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэж үзэж байна. Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд ESIS программд боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 67-69/ Гэрч А.Танан-Эрдэнийн “Миний бие 2017 оноос Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байна. Тухайн үед БСШУЯ-ны сайд Л Энх-Амгалангийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Номинцэцэг, Доржхуяг, Батхангай, Солонгоо нарын хамт ажилласан. Тухайн шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06 -ны өдрийн хооронд явуулсан. Нарийн тоон мэдээлэл бол бид нарын гаргасан дүгнэлтээс дэлгэрэнгүй харагдах байх, мөн тэр болгоныг нарийн сайн санахгүй байна, маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан. Миний хувьд өөрийн ажил, үүргийн дагуу дипломыг хуурамч эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж баталгаажуулсан зөрчил илэрсэн. ESIS систем бол багш нарын боловсролын баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн рdf өргөтгөлтэй файл юм. Зөрчлүүдийг ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74/

“Миний бие 2016 оноос БШУЯ-нд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед БШУЯ-ны сайд Л Энх-Амгалангийн тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Холбогдох мэдээллүүдийг хариуцаж ажилласан хүмүүсээс авах боломжтой. Шалгалтын явцад анх системийн мэдээллийн дата баазыг бий болгохын тулд яамнаас гэрээт ажилчдыг хөлсөөр ажиллуулсан ба тэдгээр ажилтнууд дундаас системд дур мэдэн баталгаажуулалт хийсэн тохиолдол гарсан. Цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө маш олон тооны хүнийг шалгасан учраас эргэлзээтэй заавал үзэх шаардлагатай гэсэн цөөн тооны хүмүүсийн дипломыг эх хувиар нь үзсэн ба диплом олгосон гэх сургуулиас лавлагаа авсан байгаа. Манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн. Шалгалтын явцад илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79/ - Боловсрол, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 онд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга /хх-ийн 11-59/ - *******т 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр олгосон Монгол улсын Боловсролын их сургуулийн №D200507201 дугаартай бакалаврын дипломын хуулбар, дипломын хавсралтын хуулбар /хх-ийн 107-108/ - Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай “Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй Мөнхнасан овогтой Эрхэмбаатарыг 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагийн багшаар гэрээ байгуулан түр ажиллуулахаар томилсон” тушаал /хх-ийн 109/ - Шүүгдэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 157-160/ - Шүүгдэгч *******т 2006 оны 09 дүгээр сараас 2023 он 07 дугаар сар хүртэл олгосон цалингийн жагсаалт /хх-ийн 162/ - Урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163/ - *******ын ажилласан үеийн цалингийн картын хуулбар /хх-ийн 169-223/ - Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1838 дугаартай “Мөнхнасан овогтой Эрхэмбаатар /ЗЛ83101213/ нь МУБИС-д 2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 310 дугаартай тушаалаар Түүх-нийгэм судлалын багш мэргэжлээр элссэн нь үнэн бөгөөд 2005 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй” гэсэн албан бичиг /хх-ийн 237/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан, хэрэгт авагдсан дээрх баримтуудаар ******* нь Монгол улсын Боловсролын их сургуулийн №D200507201 дугаартай бакалаврын дипломыг ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8-н жилийн дунд сургуульд багшаар 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд орсон үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2001 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд элсэн орсон нь үнэн боловч 2005 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болох нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1838 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь 2005 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгссөн гэх мэдээлэл тус сургуульд байхгүй байгаа нь түүнд Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрээр олгосон №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэж үзэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “боловсролын үнэмлэх, дипломыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан заажээ. Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй боловч уг дипломыг хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуульд 2001 онд элсэн орж 2005 оны 3 сар хүртэл суралцсан гэх боловч төгсөлтийн улсын шалгалтад ороогүй, төгсөөгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, мөн уг дипломыг бусдад мөнгө төлж худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа нь уг дипломыг хуурамч гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг диплом хуурамч гэдгийг мэдээгүй гэх шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь бусдаас худалдан авсан №D200507201 дугаартай бакалаврын дипломыг ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн багшаар ажилд орж, улмаар өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн гэх №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэж үзэх үндэслэл болно. Шүүгдэгч ******* нь өөрт олгогдсон гэх №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан багшийн ажилд орж, улмаар өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ. Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд гаргаж байгаа улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо. Хохирол нэхэмжлэл, бусад асуудлын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Боловсролын Ерөнхий газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Олонбаяр, хохирогчийн төлөөлөгчөөр тогтоогдсон Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Арсланбаатар нар нь тодорхой дүнгээр хохирол нэхэмжлээгүй боловч шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч *******аас багшаар ажилласан хугацаандаа авсан цалин 132.956.215 төгрөгийг гаргуулан улсын төсөвт олгох нэхэмжлэлийг гаргаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасанд нийцэж байна.

Шүүгдэгч С.Эрхэмбаатар нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн гэх №D200507201 дугаартай бакалаврын дипломыг бусдаас худалдан авч ашиглан Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар томилогдон ажилласнаас хойш 2023 оны 07 дугаар сарыг хүртэл тасралтгүй ажиллан 132.956.215 төгрөгийн цалин авсан болох нь хэргийн 162-рт авагдсан цалингийн жагсаалт, 169-223 дугаар талд авагдсан цалингийн картын хуулбар зэргээр нотлогдож байна. Гэвч шүүгдэгч *******ын багшаар ажиллах хугацаандаа авсан цалин болох 132.956.215 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэж, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн гэх №D200507201 дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ерөнхий боловсролын сургуульд багшаар томилогдсон нь нотлогдож байгаа боловч 2006 оны 09 сараас 2023 оны 07 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан, ажиллах хугацаандаа хуулиар хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалттай хэмжээнд гүйцэтгэж ирсэн болох нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна. Мөн хөдөлмөрлөх, хөдөлмөрлөснийхээ хэмжээнд тохирсон цалин хөлс, урамшуулал авах нь иргэн хүний үндсэн эрх юм. Иймд шүүгдэгчийн авсан цалин 132.956.215 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэн түүнээс гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг заах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй. Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Шилдээд овогт Мөнхнасангийн Эрхэмбаатарыг Боловсролын бакалавр зэргийн D200507201 дугаартай дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шилдээд овогт Мөнхнасангийн Эрхэмбаатарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй. 5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрд учирсан хохирол 132.956.215 төгрөгийг гаргуулах тухай прокурорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ