| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/08 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч О.Эрхэмбаяр Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр *******,*******настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, малчин, *******,*******,******* хамт Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар баг “Зүлэгтий” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, /
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зараагийн зүлэгтий” гэх газарт зүс таних үл ялих зүйлээс маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохисны улмаас эрүүл мэндэд нь “11, 21 дүгээр шүдний уналт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “ өдөр 16 цагийн үед нутгийн дүү унага татаад байж байтал адуу сураад ирсэн. гэрт ортол гэрийн найранд ирээгүй гээд Болор нэртэй 0.75 литрийн савлагаатай архи гаргаж задалж уусан. Архи ууж дуусгаад бид 3 гүү тавихаар айрагны гэрт очиж, гүүгээ сааж тавьчхаад, тэр гэрт айраг ууж дэмбээдэж суусан. Тэгж байтал 18 цагийн үед Энхбаатар ирсэн. Бид 4 хэсэг сууж байгаад их гэрт очтол дахин нэг шил Болор нэртэй 0.75 литрийн савлагаатай архи гаргаж ирээд задлах гэж байтал миний хэлсэн үгэнд уурлаж, намайг сандал дээр сууж байтал миний гуя хэсэг рүү өшиглөж унагаасан. Тэгээд би босч барьж автал “гэрт зодолдохгүй шүү” гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс гарсан. Гэрээс гартал миний зүүн нүд хэсэгт 1 удаа цохихоор нь би ийн нүүр хэсэгт цохисон. Тэгээд бид 2 зууралдаж газарт унаад дээр, доороо ороод ноцолдоод байж байтал араас , Энхбаатар 2 гарч ирээд “боль” гэж хэлсэн. Тэгээд бид 2 зодолдохоо болиод буцаад гэрт ортол “шүд хөдөлсөн байна” гээд шүдээ хөдөлгөж харуулсан. Тухайн үед миний зүүн нүдний доод хэсэгт урагдаж цус гарсан байсан. Би д учирсан хохирлыг бүрэн барагдуулна. Шүдээ эмнэлэгт үзүүлээд хэлээрэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/
Хохирогч гийн “ очтол Баасанжав унага татаж өгч байгаа гээд ирчихсэн байсан. Бид хэд юм ярьж сууж байтал гэрийн найрнаар ирээгүй гээд 0.75 литрийн “Болор” нэртэй архи гаргаж ирээд, тэр архийг бид гурав хувааж уусан. Гүүгээ сааж унагаа тавьчихаад бид нар гүүн зэлэн дээр байдаг илүү гэрт орж айраг ууж, хураадаж, дэмбээдэж байгаад гэр рүү явсан. Гэрт нь ирээд байж байтал “Болор” нэртэй тал архи байсныг гаргаж ирээд аягалсан. Тэр архинаас ганц нэг татаад, Баасанжав бид 2 морь яриад гэрийн хойд талд сууж байтал Баасанжав надад хандаж “чи залуу авгайтай хүн, би хөгшин авгайтай хүн” гээд л тоглоом шоглоом хийгээд байсан. “Чиний авгай залуу хүүхэн, олон хүн амьтантай унтаж хэвтдэг” гэхээр нь би “чи муу одоо юу гээд байгаа юм” гээд босч очоод хөл хэсэгт нь хальт өшиглөөд авсан. Тэгээд бид 2 барилцаад автал “та хоёр гэрт муудахгүй шүү” гэхээр нь бид 2 гадаа гарсан. Гадаа гараад барилцаад автал Баасанжав намайг хажуу тийш мушгиж унагаад нүүр, ам хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд дээр доороо ороод зууралдаж байтал Энхбаатар, 2 гарч ирээд бид хоёрыг салгасан. Баасанжавт хандаж “чи миний шүдийг хөдөлгөчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед Баасанжавын зүүн нүд жаахан хөхөрчихсөн байсан. Тэгээд би Энхбаатартай сундлаад гэр рүүгээ хүргүүлэхээр явсан. Гэртээ ирчихээд оройдоо сумын төвийн эмнэлэгт очиж үзүүлэн цагдаад мэдэгдсэн. Миний нэг шүд маргааш нь унаад 2 хоногийн дараа нөгөө шүд нь ойчоод өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүд хийлгэх үед мөнгө өгнө гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Гэрч “Тухайн өдөр орой 18 цагийн үед би адуунд явж байгаад очтол , , Баасанжав гурав гүүн зэлэн дээрээ байцгаасан. Гүүг нь тавьчихаад илүү гэрт нь жаал сууж байгаад бид 4 гэр рүү очсон. гэртээ ирээд “Болор” нэртэй тал архи байсныг гаргаад аягалсан. , Баасанжав 2 морь мал яриад сууж байснаа хоорондоо маргалдаад “чи муу юу гээд байгаа юм” гээд босч ирээд Баасанжавын зүүн хөл рүү хальт өшиглөөд авсан. Тэгээд тэр хоёр барилцаад авсан. Тэгтэл “та хоёр гэрт муудалцаж зодолдохгүй шүү” гэж хэлтэл тэр хоёр “гаръя” гээд гарсан. Тэгээд удалгүй бид хоёр араас нь гараад очтол нөгөө хоёр дээр доороо ороод зууралдаж байхаар нь бид хоёрыг салгасан. Тэгээд , Баасанжав хоёр хоорондоо жаахан маргалдаж байгаад би сундлаад гэр рүү нь хүргэж өгсөн. Баасанжав үлдсэн. Салгасны дараа ийн үүдний 2 шүд нь хөдөлчихсөн, Баасанжавын зүүн нүдний доор халцраад цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч Б. “Би гэртээ ганцаараа байдаг болохоор манай найз Баасанжав ирж унага татаж өгдөг юм. Тухайн өдрийн 15 цагийн үед адуу сураад ирсэн. Тэгээд найрнаар ирээгүй болохоор би 0,75 литрийн “Болор” нэртэй архи гаргаж ирээд, нөгөө архиа Баасанжав, бид 3 хувааж уусан. Нөгөө архиа хувааж уучихаад байж байтал Энхбаатар гэх манай найз хүрээд ирсэн. Манай гүүн зэл рүү очиж гүүгээ сааж унагаа тавьчхаад, бид 4 манай гүүн зэлэн дээр байдаг илүү гэрт орж, айраг ууж, хуруудаж дэмбээдэж байгаад манай гэр рүү явсан. Гэртээ ирээд би “Болор” нэртэй тал архи байсныг гаргаж ирээд аягалаад сууж байтал гадаа бороо орохоор нь өрх татаж байх хооронд , Баасанжав хоёр хоорондоо маргалдаад барилцаад авсан байсан. Би “гэрт муудалцахгүй шүү” гэтэл “гаръя” гээд гарсан. Удалгүй араас нь гараад очтол дээр доороо орчихсон зууралдаад өнхөрч байсан. Тэгээд Энхбаатар бид 2 салгаад гэр рүү оруулсан. Гэрт орж ирээд гэрэлд хартал ийн үүдний 2 шүд нь хөдөлчихсөн “шүд хөдөлчихлөө” гээд хэлээрээ хөдөлгөөд байсан. Баасанжавын нүүр зүүн нүднийхээ доод хэсэгт халцраад нүдний доод хэсэг нь жаахан хөхөрчихсөн байсан. Тэгээд жаахан маргаж байгаад , Энхбаатартай сундлаад гэр рүүгээ хүргүүлэхээр явсан. Баасанжав манайд надтай үлдсэн. Бид хэд хар багаасаа нэг хонхорт тоглож өссөн найзууд. Манай хоёр найз төлөв зантай, тохитой залуучууд, бид нар ер нь хоорондоо муудалцаж үзээгүй. Тэр 2 морь мал уяад нийлдэг, дотно хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 209 дугаартай “гийн биед 11, 21 дүгээр шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн тогтонги тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар 10 хувиар тогтонги алдагдуулна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаартай “*******ын биед зүүн нүдний доод зовхи, баруун гарын сарвуунд арьс зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тус бүрдээ хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Зараагийн зүлэгтий” гэх газарт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь дээрх цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас түүний биед “11, 21 дүгээр шүдний уналт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар 04-ний өдрийн 209 дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан “11, 21 дүгээр шүдний уналт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* өдөр нүүр хэсэгт гараараа цохих байдлаар зодож учруулсан болох нь хохирогч , гэрч Д.Энхбаатар, Б. нар болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Басаанжавын хохирогч г цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь бусдын нүүр хэсэгт цохих, зодоход эрүүл мэндэд нь гэмтэл учруулж болзошгүй гэдгийг мэдэх боломжтой байсан боловч бусдыг цохиж зодож байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар: Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч д учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч д хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан, цаашид гаргах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Дуутан овогт Цэрэнчоймболын Баасанжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ