Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/09

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн  бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                              Улсын яллагч О.Эрхэмбаяр                                                                                

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дугаар баг “Цагаан-Овоо” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *******/

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 11 дүгээр сарын 13-ны согтуурсан үедээ Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн  нутаг дэвсгэрт буюу Соёлын төвд зүс таних *******тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж түүний нүүрэн тус газар нь мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                  

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцоно. Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэгтээ “2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед сумын соёлын төвд болж байсан хэлэлцүүлэгт суухаар очсон. Тэгтэл зүс харж байсан гэх залуу баруун тийшээ миний баруун гар талаар гарсан. Тэгэхээр нь би ыг “сайн уу” гээд тоглоомоор элэг рүү нь гараараа зөөлөн цохисон. Тэгтэл надад хандан “чи одоо хэн бэ, чамайг бол танихгүй юм байна шүү, хүлээж байгаарай би хуралд орчихоод гараад ирье” гээд хойд талын заал руу орж юм өгчихөөд гараад ирсэн. Тэгээд Мандал надад хандан “шээс минь чи одоо хэн бэ, чамайг бол танихгүй юм байна шүү” гэхээр нь би ад хандан “элэгдсэнд уучлаарай” гэж хэлтэл надад хандан “чамайг уучлахгүй, явдаг газраар чинь явж ясыг чинь цайлгана” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд би духаараа хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөчихсөн. Тэгтэл гар утас барьсан баруун гараараа миний баруун нүдний хажуу хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед нүд хавдсан байсан. Тэгээд утсаа аваад цагдаа дуудна гээд дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Шүүгдэгч нь мөргөж хамарт гэмтэл учруулсан үйлдэл дээр нэмж ярих зүйл байхгүй. Хамрын таславчны мурийлттай болоод нэг талын хамар бөглөрөлтэй байгаа. Гаднын нөлөөлөлтэй учир эрүүл мэндийн даатгалаас эмчилгээний төлбөр төлөгдөх боломжгүй юм билээ. Энэ хохирлыг барагдуулбал асуудал байхгүй. Хохирлын баримт бүрдүүлж өгсөн. MGG эмнэлэг дээр хагалгаанд орох зардал 3.954.000 төгрөг болдог. Мөн биеийн хэвийн байдлаа үзүүлж оношлуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Тиймээс нийт 4.400.000 төгрөг нэхэмжилж байна. Сая очиж үзүүлээд ирэхэд 180.000 төгрөг болсон. Дахин очиж үзүүлэхэд 180.000 төгрөг орно байх. Мөн бензиний төлбөр орно” гэв.

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаартай “*******ын биед хамар ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн  авсан тэмдэглэл /хх-ийн 1
  • Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 4-5, 22-23/
  • Чих, хамар хоолойн ЭМЖЖ эмнэлгийн хамар дайвар хөндийн КТГ /хх-ийн 36-37/
  • Хохирлын баримтууд /хх-ийн 38-40/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

         Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч нь дээрх цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас түүний биед хамар ясны хугарал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 272 дугаартай  дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр духаараа нүүр хэсэгт нь мөргөх байдлаар учруулсан болох нь хохирогч ******* болон шүүгдэгчийн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ын хохирогч *******ыг нүүрэн тус газарт нь духаараа мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь бусдын нүүр хэсэгт духаараа мөргөхөд эрүүл мэндэд нь гэмтэл учруулж болзошгүй гэдгийг мэдэх боломжтой байсан боловч бусдыг зодож байгаа нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

            Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:   

            Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч *******ад учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмнэлэгт үзүүлсэн, хагалгаанд орох, замын зардал нийт 4.400.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч энэ талаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал: Хохирогч *******аас ирүүлсэн зардлын баримтууд нь баталгаажуулаагүй хуулбар хувь, хагалгааны зардал 3.954.000 төгрөгийг нотолсон албан ёсны баримт ирүүлээгүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 4.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогчийн нэхэмжилсэн баримт нь нотлох баримтыг шаардлага хангаагүй үндэслэлээр шүүхээс хэлэлцээгүй орхисон тул хохирогч нь өөрт учирсан, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шувуутай овогт Ганбатын Бямбажаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлээс 4.400.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан болон шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.МӨНХБАТ