| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, *******,*******,******* хамт ******* гэх газар нутаглах, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, /
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн оройн 21 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс 38 км зайтай “Хөөврийн бууц” гэх газар оршин суух гэрт Б.Батсайхантай үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газар стаканаар цохьсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч яллагдагчаар өгсөн “Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос дүгээр баг “Хөөврийн бууц” гэх газар байх гэртээ ирсэн. Тэгээд орой нь*******ийн ах дүү нарт хотоос авчирсан ганц шил архиа задлах гээд*******ийн ах ийг дуудсан юм. *******ийн хамт ирээд нэг шил архи уугаад, дахин нэг шил архийг дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй тасарсан байсан. Нэг мэдсэн чинь сумын эмнэлэг рүү аваад явж байсан. Манай******* Хишигсүрэн “чи шилэн стаканаар цохьсон” гэж хэлсэн. Бид хоёр зүгээр харилцаатай байдаг, тухайн үед яагаад цохьсон гэдгээ мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51/
Хохирогч “2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дүгээр баг “Хөөврийн бууц” гэх газар байх гэртээ түүний******* Хишигсүрэн, нарын хамт архи ууж байсан. Гадаа харанхуй болсон хойно,, нар манай гэрт ирсэн. Ингээд би гэрийн зүүн хойд хэсэгт хажуудаа сууж байгаа шилэн стаканд пиво аягалаад өгсөн чинь миний аягалж өгсөн пивийг ууж байснаа гэнэт миний өөдөөс цацангуутаа тэр стаканаараа миний баруун хөмсөгний дээд талд цохьсон. Тэгээд би цусаа дараад гэрийн үүдэнд зогсож байхад ах намайг “ална шүү” гээд өөдөөс давшлаад байсан. Тэр үед манай гэрт хүү орж ирээд Бат-Эрдэнийг манай гэрээс аваад гарсан. Тэгээд бөөнөөрөө сум явж эмнэлэгт очоод баруун хөмсөгөндөө оёдол тавиулсан. Би тэй хэрэлдэж муудалцаагүй, өөдөөс нь хараад сууж байхад стаканаар миний баруун хөмсөгний дээд талд цохьсон. Урьд нь бид хоёр муудалцаж байсан зүйл байхгүй. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 14/
Гэрч “Би 2023 оны 11 сарын 06-ны өдөр гэрт байхад ******* хотоос ирээд, Хишигсүрэн, манай нөхөр нар архи уусан. Би тэр задалсан архи, пивоноос нь нэг их уугаагүй. Би гэртээ оччихоод буцаад ирэхэд зүүн талын Батсайханы гэрт архи ууж байсан хүмүүс орчихсон, пиво уугаад сууж байсан. Гэрийн зүүн хойд талд Батсайхан, түүний урд талд газар завилаад сууж байсан. Батсайхан шилэн стаканд пиво аягалж өгтөл Батсайханы өөдөөс өгсөн стакантай пивийг нь цацаад, тэр стаканыхаа ёроолоор Батсайханы толгойд цохьсон. Батсайханы баруун хөмсөгний дээрээс цус гарахаар нь би очоод өмсөж явсан малгайгаараа цусыг нь арчсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч “2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн үдээс хойш Эрдэнэдалай сумын “Хөөврийн бууц” гэх газар хамт Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд гэрт хүргэн ах , найз Батсайхан, , эгч нар архи, пиво задлаад ууж байсан. Би өөрийнхөө гэрт оччихоод харанхуй болсон хойно буцаж ирэхэд тэнд байсан хүмүүс зүүн талын Батсайханы гэрт орчихсон даалуу тоглоод, архи уугаад байж байсан. Би тэд нарыг харчихаад баруун талын гэрт байж байсан чинь хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь ортол даалуугаа хурааж байсан. Би Батсайханы гэрийн баруун хойд хэсэгт сууж байхад гэрийн зүүн хойд талд сууж байсан пиво ууж байсан стаканаараа толгойд нь цохьсон. Тэгээд Батсайханы баруун талын хөмсөгнөөс цус гараад Батсайхан, хоёр хоорондоо барилцаж авсан. Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг салгаад удалгүй бөөнөөрөө сум явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 267 дугаартай “ биед баруун хөмсөгт шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Б.Батсайхан нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд дүгээр багийн нутаг дэвсгэр, сумын төвөөс 38 км зайтай “Хөөврийн бууц” гэх газарт байх өөрийн гэртээ бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Батсайхан нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун хөмсөгт шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 267 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан “баруун хөмсөгт шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шилэн стаканаар цохих байдлаар учруулсан болох нь хохирогч Б.Батсайхан, гэрч Б.Долгорсүрэн, Б.Ганчулуун нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч стаканаар цохьсон байх тул түүний үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч хохирогч нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч И.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний төлбөр 150.000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ.
Шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурорын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Шүүхээс шүүгдэгч И.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргий үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учраас прокурорын саналын дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй хэдий боловч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Шүүгдэгч *******д энэхүү шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчин овогт Игиймаагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овогт Игиймаагийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ