Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/00488

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 26 өдөр                       Дугаар 102/ШШ2021/00488                          Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч:  Н.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.А

 

Хариуцагч:  “АДМ” ХХК-иудад холбогдох,

 

500,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

202,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч “АДМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч Б.А-аас хамгийн анх 500,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэвч хариуцагч Б.А нэхэмжлэгчээс дансаар хүлээн авсан мөнгийг өөр этгээд буюу “АДМ” ХХК руу шилжүүлсэн гэсэн тайлбар, нотлох баримтыг өгсөн учир  бид “АДМ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Ингээд бид хариуцагч Б.А-аас 200,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулахаар өөрийн шаардлага, үндэслэлээ тодруулсан байгаа. Хариуцагч Б.А-аас анх 500,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг гэж үзээд шаардсан. Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх баримт хангалттай байхгүй гэж үзсэн учир бид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгосон байгаа. Хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд  хариуцагч Б.Алтантуяа нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг бусдад буюу “АДМ” ХХК-д шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон учир бид Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа.  Учир нь хариуцагч Б.А 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд “...Хас банкны дансанд 2017 оны 5 дугаар сарын 02-нд 240,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 03-нд 60,000,000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд тухайн өдөр Голомт банкны өрийн дансанд ‘АДМ Корпорэйт конвейшн центрээс өр төлөв’ гэсэн гүйлгээний утга бүхий нийт 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн тайлбарыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “...Хэргийн нотлох баримт  нь зохигчийн тайлбар ...зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно...” гэж заасан. Хэдийгээр хамтран хариуцагч “АДМ” ХХК нь иргэн Н.Ц-д ямар нэгэн өр, төлбөр зээлийн үүрэг үүсгээгүй гэж маргаж байх боловч Б.А-ийн хас банкин дахь 5002072733 тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс шилжүүлсэн 300,000,000 төгрөгийг тус компанийн өрөнд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Ийм учраас “АДМ” ХХК нь 300,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой. Б.А нь шүүхэд гаргасан тайлбартаа 300,000,000 төгрөгийг “АДМ” ХХК-ийн өрөнд шилжүүлсэн талаараа дурдсанаас бус үлдэх 200,000,000 төгрөгийн талаар дурдаагүй байгаагаас дүгнэхэд уг мөнгийг өөрөө авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлтэй байна. Ийм учраас Б.А Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой. Ийм учраас дээрх үндэслэлүүдээр Б.А-аас 200,000,000 төгрөгийг, “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Б.А нь сөрөг нэхэмжлэлдээ Н.Ц 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буцаасан гэж дурджээ. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 202,250,000 төгрөг нь Н.Ц-ийн Б.А-д зээлээр шилжүүлсэн 500,000,000 төгрөгтэй огт хамааралгүй өөр төлбөр тооцооны мөнгөнүүд бөгөөд төлбөрийн баримтууд дээрх гүйлгээний утгаас ч энэ нь тодорхой харагдаж байгаа. Тухайлбал:

Нэг. Н.Ц-д 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн гэх 100,000,000 төгрөг нь “АДМ” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Г нь 2016 онд “ХҮН”-д элссэн орж тус намын Удирдах зөвлөлийн гишүүн болж намын үйл ажиллагааг энэхүү 100,000,000 төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэхүү санхүүжилтийн мөнгийг өгөхдөө тухайн үед “АДМ” ХХК-ийн тэргүүн дэд захирал байсан Н.Ц-ийг зарцуулалтад нь хяналт тавиулах үүднээс түүний нэр дээр шинээр Хаан банканд ... тоот данс нээлгүүлэн дамжуулан зарцуулсан. Н.Ц-ийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн 100,000,000 төгрөг тэр өдөртөө ХҮН-ын санхүүжилтэд зориулсан данс руу шилжсэн. Энэхүү мөнгө нь Т.Г-ын зааврын дагуу тус намын санхүүг хариуцаж байсан Г.М-ы данс руу шилжиж намын үйл ажиллагааны санхүүжилтэд зарцуулагдсан байна. Өөрөөр хэлбэл энэхүү 100,000,000 төгрөг нь Н.Ц-д огт хамааралгүй зөвхөн дансаар нь дамжин өнгөрсөн, Т.Г-ын ХҮН намд өгсөн санхүүжилтийн мөнгө байсан нь банкны хуулгаар зарцуулалтаас тодорхой харагдах бөгөөд үүнийг тус намын санхүү, ня-бо байсан Г М-ийн дансны хуулга давхар нотлох болно.  

Хоёр. И.Ц-д 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн гэх 50,000,000 төгрөг нь “ММЭЭ” ХХК-ийн “АДМ"  ХХК-иас авах 243,580,964 төгрөгөө “ХЕ” ХХК-д шилжүүлсэн тооцооны мөнгө болно. “ММЭЭ” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч н.О нь “ХЕ” ХХК-ийн Нүхтэд барьсан 4 өрөө орон сууцны барилгыг худалдан авсан бөгөөд байрны төлбөрийнхөө тодорхой хэсгийг “АДМ” ХХК-иас авах авлагаараа төлсөн болно. Б.А нь тухайн үедээ “АДМ” ХХК-ийн алтны болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдсан борлуулалтын орлого мөнгийг өөрийн дансаараа дамжуулан өөрийн үеэл ах Т.Г-ын  өгсөн үүрэг зааврын дагуу шилжүүлэг болон зарцуулалтыг хийдэг байсан. Тухайн үед Н.Ц нь тус компанийн байрны тооцоог хоорондын тооцоогоор өөрийн дансанд шилжүүлэн авсан болно. Иймд энэхүү мөнгө нь худалдсан эд хөрөнгийн төлбөр тооцооны мөнгө бөгөөд Б.А нь Н.Ц-д зээлдүүлсэн мөнгө гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй юм.

Гурав. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж заасан ба хариуцагч Б.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 онд дууссан байна.  Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч “АДМ” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг, Хас банкны ... тоот дансанд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 240,000,000 төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөгийг “...дараа тооцоогоор зээл олгов...” гэж шилжүүлсэн бөгөөд тэрээр энэ талаар маргаагүй. Иргэн Б.А 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд  Хас банкны 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 240,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 60,000,000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд тухайн өдөр Голомт банкны өрийн дансанд “...АДМ, КК центрээс өр төлөв гэсэн гүйлгээний утга бүхий нийт 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн” гэж бичсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-ийн хүсэл зоригийн дагуу 500,000,000 төгрөгийг түүний Хаан болон Хас банкны дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.А-аас шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2 дахь хэсэгт заасан бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй тохиолдлууд тогтоогдоогүй тул мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч Б.А-аас 500,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.А шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд иргэн Н.Ц нь иргэн Б.А надад 500,000,000 төгрөг гэрээний дагуу өгсөн гэж 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Миний бие Н.Ц-ийг манай ахын компанийг Т.Г-ын хамаарал бүхий компани болох “АДМ” ХХК-ийн дэд захирлын албан тушаал хашиж байсан гэдгээр мэднэ. Бидний дунд 500,000,000 төгрөгийг ямар ч гэрээ, барьцаагүйгээр дансаар биеэсээ зээлээд байх тийм хэмжээний ойр дотно харилцаа байгаагүй. Миний бие нэг байдлаар хувьдаа бизнес эрхэлдэггүй. Тухайн үед “АДМ” ХХК-ийн өрийг төлөх зорилгоор миний дансыг ашиглан шилжүүлсэн үйлдэл байсан. “Хаан” банкны ... тоот данс нь Б.Б бид 2 дундын эзэмшлийн данс, “Хас” банкны данс бол миний нэр дээр байдаг болно. “Хас” банкны дансанд 2017 оны 5 дугаар сарын 02-нд 240,000,000 төгрөг , 2017 оны 5 дугаар сарын 03-нд 60,000,000 төгрөг шилжиж ирсэн бөгөөд тухайн өдөр “Голомт” банкны өрийн дансанд “АДМ”, “КК центрээс өр төлөв гэсэн гүйлгээний утга бүхий нийт 20 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ нь бид хоёрын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг банкны хуулга болон иргэн Н.Ц-ээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Иргэн Б.А, Б.Б, Т.Г нарт” гэсэн төлбөр нэхэмжлэх мэдэгдлээр нотлогдоно. Иймд энэхүү нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд “АДМ” ХХК-ийн захирал Т.Г, дэд захирал байсан Н.Ц-ийн хооронд үүссэн энэ асуудлыг надад хамаагүй болно гэжээ.

 

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Ц нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцаан өгсөн. Гэтэл түүнийгээ надад зээлсэн мэтээр баримтынхаа гүйлгээний утгад бичиж шилжүүлсэн байна. Миний хувьд баримтад ямар утга бичигдсэнийг тухайн үед анзаараагүй бөгөөд зээл хаагдсан гэж ойлгож байтал 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд уг мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг 202,250,000 төгрөгийг Н.Ц-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

   

Хариуцагч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Хангалаас хуульд заасан үндэслэлээр татгалзсан. Гэвч татгалзлыг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Нэгэнт хэргийг шийдвэрлэж буй шүүгч өөрөө хууль бус учир энэ хурал дээр ямар нэг тайлбар гаргах шаардлагагүй гэжээ.  

 

Хариуцагч “АДМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Хангалаас хуульд заасан үндэслэлээр татгалзсан. Гэвч татгалзлыг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Нэгэнт хэргийг шийдвэрлэж буй шүүгч өөрөө хууль бус учир энэ хурал дээр ямар нэг тайлбар гаргах шаардлагагүй гэжээ.

    

Хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Н.Цогтгэрэл нь хариуцагчаар Б.А-г тодорхойлж, түүнээс зээлийн гэрээний үүрэгт 500,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж “АДМ” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Улмаар нэхэмжлэгч 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1/ Хариуцагч Б.А-аас 200,000,000 төгрөг гаргуулах;

2/ Хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах;

 

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.А 202,250,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ц-ээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэл:

 

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.А-аас 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...анх шүүхэд хандахдаа бид зээлийн гэрээний үүргийг шаардсан. Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх баримт хангалттай байхгүй гэж үзсэн учир бид Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгосон” гэсэн.

 

Харин хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Б.А нь нэхэмжлэгчээс авсан мөнгийг бусдад буюу ‘АДМ’ ХХК-д шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон учир бид Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа” гэж тайлбарласан.

 

а/ 200,000,000 төгрөгийн шаардлага:

 

Хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансанд 200,000,000 төгрөгийг, “Н.Ц-ээс дараа тооцоогоор зээл олгов” гэсэн утгатайгаар, 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Б.А-ийн Хас банкны ... дансанд 240,000,000 төгрөгийг “н.Ц-ээс дараа тооцоогоор зээл олгов” гэсэн утгатайгаар, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.А-ийн Хас банкны 5002072733 дансанд 60,000,000 төгрөгийг “Н.Ц-ээс дараа тооцоогоор зээл олгов” гэсэн утгатайгаар хийгдсэн мөнгөн шилжүүлэг, орлогын баримтууд авагджээ.

Аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно.

 

Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заажээ.

 

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Б.А-ийн Хаан банкны ... тоот дансанд 200,000,000 төгрөг нэхэмжлэгч Н.Ц-ээс шилжсэн үйл баримтыг зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд тусгасан нөхцөл байдал бий болоогүй байна. Харин нэхэмжлэгч болон хариуцагч Б.А нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Түүнчлэн зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлэх учиртайг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т заасан.

 

Хариуцагч Б.А-аас хүлээн авсан мөнгийг буцаан төлсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнээс 200,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

б/ 300,000,000 төгрөгийн шаардлага:

 

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...анх шүүхэд хандахдаа бид зээлийн гэрээний үүргийг шаардсан. Гэвч гэрээний харилцаа үүссэн гэх баримт хангалттай байхгүй гэж үзсэн учир бид Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсгийг хууль зүйн үндэслэлээ болгосон” гэж тайлбарласан.

 

Аливаа хөрөнгийн жинхэнэ эзэмшигч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс тухайн хөрөнгөө биет байдлаар, биет байдлаар байхгүй бол үнийг нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2.-т зааснаар шаардах эрхтэйгээс гадна ийнхүү тухайн хөрөнгө үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн эзэмшлээс гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн бол гуравдагч этгээдээс шаардах эрхтэй болно. Гуравдагч этгээдээс шаардах уг эрх нь эзэн этгээдийн сонголтоос шалтгаалахын зэрэгцээ хөрөнгө олж авсан этгээд хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр шилжүүлсэн байдлаас хамаарах учиртайг Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1, 494.2 дахь хэсгүүдэд тусгагджээ. 

  

Гэвч өмнө дүгнэсэнчлэн нэхэмжлэгч Н.Ц болон Б.А нарын хооронд  үүрэг огт үүсээгүй, эсхүл үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Ийм байдлаар Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй учир хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Ц-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх ба бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1. 73.2 дахь хэсгүүдэд заасан байдаг. 

 

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Н.Ц-ээс 202,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тэрээр уг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Н.Ц нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 100,000,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 102,250,000 төгрөгийг тус тус зээлж авсан бөгөөд уг мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр буцаан өгсөн. Гэтэл түүнийгээ надад зээлсэн мэтээр баримтынхаа гүйлгээний утгад бичиж шилжүүлсэн байна. Миний хувьд баримтад ямар утга бичигдсэнийг тухайн үед анзаараагүй бөгөөд зээл хаагдсан гэж ойлгож байтал 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд уг мөнгийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан байна. Иймд уг 202,250,000 төгрөгийг Н.Ц-ээс гаргуулж өгнө үү” гэж буюу үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжтой агуулгаар тайлбарласан учир шүүхээс хамтад нь шийдвэрлэх боломжтой гэж үзэн хүлээж авсан.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн судлахад сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй харилцан тооцогдох боломжгүй, тусдаа шийдвэрлэгдэх маргаан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу Н.Ц-ээс 202,250,000 төгрөг гаргуулах тухай Б.А-ийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтад нь шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд бий болсон учир мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 200,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “АДМ” ХХК-иас 300,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ээс 202,250,000 төгрөг гаргуулах тухай Б.А-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 1,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц-д олгож, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,169,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Б.А-д олгосугай.   

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                             Н.ХАНГАЛ