Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/85

 

 

 

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч хяналтын прокурор Б.Хосбаяр,хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2336003270354 дугаартай,178/2024/0005/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн   хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 7-15 тоотод оршин суух,урьд Сум дундын ******* дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харглзаж байсан, ******* ургийн овогт *******ын *******.

 

                                                Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ын ” гэх газарт  Г.*******г “******* суманд 3 хөлтэй морь уралдуулсан ч айрагдуулна” гэж хэллээ гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

            1.1.Зөрчлийн хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)

            1.2.Хохирогч Г.*******гийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр******* аймгийн ******* сумын ******* баг “ын ” гэх газар казак айлын хүүхдийн үсний баярт морь уралдуулчихаад зүс таних Х.******* гэх залуутай архи ууж байгаад тэр миний баруун нүд рүү гараараа цохичихоод яваад өгсөн. Одоо миний баруун нүд юу ч харахгүй байгаа.4-5 хүмүүстэй морь яриад сууж байсан. Бүгд л уусан байсан.8 сая төгрөгийн эмчилгээ хийлгэсэн..” гэх мэдүүлэг/хх-24,26х/

1.3.Гэрч Д.ын өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* баг “ын ” гэх гадар казак айлын хүүхдийн үсний баярт морь уралдуулчихаад Г.*******гийн найз Х.******* гэх айлд очиж цай уучихаад гадаа нь архи ууж сууж байтал Рагчаабазар гэх залуу Х.*******т чи морь худалдаж авахгүй юм уу аль ч суманд 3 хөлтэй байсан ч айрагдна гэх хэлсэн.Тэгээд дуулаад сууж байхад казак залуучууд над руу дайраад байсан. Тэгтэл Г.*******гийн баруун нүд хавдчихсан байхаар нь хэн цохисон юм гэсэн чинь Х.******* цохилоо гэсэн.” гэх мэдүүлэг/хх-43х/

            1.4.Гэрч Л.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр казак айлд цай уучихаад гэрийн ойролцоо зүлгэн дээр архи ууж сууж байгаад Х.******* Г.*******гийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэгээд бид хэсэг маргалдаж байгаад салаад явсан.” гэх мэдүүлэг/хх-45х/

            1.5. Гэрч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр зүлгэн дээр Х.*******ийн найз Г.******* гээд 4 залуучуудтай архи ууж сууж морь ярьж байгаад маргалдаад Х.******* Г.*******г босож ирээд нүүрэн хэсэг рүү нь нэг цохиод автал Г.*******гийн баруун нүд хавдаад босоод ирсэн. Д. нь манай 3 хөлтэй морь байсан ч түрүүлнэ гэж хэлснээс болсон” гэх мэдүүлэг /хх-47х/

            1.6.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр өдөр зүлгэн дээр мянгадын залуучууд ******* суманд 3 хөлтэй морь уралдуулсан ч айрагдана гэж үгээр идээд бид нар хоорондоо хэрэлдсэн юм. Тэгтэл Х.******* Г.*******г барьж аваад нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон.Өөр ямар нэгэн зодоон болоогүй” гэх мэдүүлэг/хх-49х/

            1.7. ******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн 35 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн “ Г.*******гийн биед баруун нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн дараах хараа алдалт, ухархайн дотор ханын хугарал гэмтэл  тогтоогдлоо. Г.*******гийн баруун нүд хараагүй болсон байна. .”Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 7.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-77х/

1.8.Шүүгдэгч Х.*******ын хувийн байдлыг тогтоосон тухай Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас,шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа (хх-ийн 77х), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-ийн 78х), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн  болон авто тээвэр эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд,мал тэжээвэр амьтадын тооллогын бүртгэл /хх-100-105х/ зэрэг баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид 8.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “ын ” гэх газар  Г.*******г “******* суманд 3 хөлтэй морь уралдуулсан ч айрагдуулна” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь санаатай хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

          2.1.******* аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн 35 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол буюу баруун нүд хараагүй болсныг  тогтоосон.

 

          Шүүгдэгч Х.*******ийн хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх шинжийг хангаж байна.

2.2. Шүүгдэгч Х.******* нь хохирогчийг нэг удаа нүүрний хэсэг буюу нүдэнд нь цохисон үйлдэл нь түүнд гэмтэл учрах боломжтойг мэдсээр байж үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн...” гэх гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

2.3. Шүүгдэгч хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харилцсанаас үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

2.4.Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч Г.******* нь шүүгдэгчээс 70 адууг хөлсөөр маллуулсаны хөлс 5,600,000 төгрөг, эмчилгээний зардал 1,495,182 төгрөг нийт 7,095,182 төгрөгийг нэхэмжилсэн мөн 2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн *******6 дугаартай шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн “Г.******* гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэх дүгнэлт гарсан тул Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлээр хохирогч Г.*******д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”  гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн буюу 2023 оны 09 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 7,144,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах үндэслэлтэй болно.,

Шүүгдэгч Х.******* хохирогчид 8.000.000 төгрөг төлснийг хохирогч Г.******* хүлээн зөвшөөрсөн байна.

Харин адуу хөлсөөр ажиллах ажиллуулах тухай бичгээр “мал маллуулахаар харилцан тохиролсон гэрээ” гэх тухай  баримтыг шүүхэд ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогчид 70 толгой адуу байдаг баримт цуглараагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийг цаашид гарах эмчилгээний болон бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Х.*******ээс хохирогч Г.*******д төлсөн 8,000,000 төгрөгөөс сэтгэцэд учирсан 7,144,500 төгрөг, эмчилгээнд зориулсан 1,495,182 төгрөгийг хасаж зөрүү 639,682 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

1. Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 91-96 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 78-р хуудас), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн  болон авто тээвэр эзэмших, өмчлөх эрхийн лавлагаанууд,мал тэжээвэр амьтадын тооллогын бүртгэл /хх-100-105х/  гэрч Х.Гуаусар, А.Биеэбат нарын мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, мал малладаг, урьд  2015 онд шийтгүүлж тэнсэн харгалзаж байсан,500 гаруй мал маллаж амьдардаг, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохиролоо зохих хэмжээнд төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хөрөнгийн эх үүсвэртэй  гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 10,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогч хохирлыг жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаангүй хохиролд 8 сая төгрөг төлсөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа байдал, хувийн байдлыг харгалзан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхээс: шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга таван зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 01 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ургийн овогт *******ын *******ийг арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.

5.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар шүүгдэгч Х.*******ээс 639,682 (зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун наян хоёр) төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл ирүүлээгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС