Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

 

 2020          06            09                                           2020/ДШМ/754                           

 

 

М.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхболд,

            шүүгдэгч М.Т-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1905037520212 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овгийн М-гийн Т, Улаанбаатар хотод 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, “Хаан бууз” ХХК-д борлуулагч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0-0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн. 

М.Т- нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 47б байрны гадна талбайд Э.Дөлгөөний 500,000 төгрөгийн үнэ бүхий “Huawei Y-6” загварын гар утсыг “Хүнтэй утсаар яриад өгье” гэж хуурч шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Т-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М.Т-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэр болон тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч М.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр жирэмсэн бөгөөд 1 нас 7 сартай хүүхдээ харж, ажил хийх боломжгүй байгаа. Би “Хаан бууз” ХХК-д түгээгчээр ажиллаж гэр бүлээ тэжээн тэтгэж, санхүүгийн асуудлаа шийддэг. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, нийгэмд сөрөг зүйл хийхгүй. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр залилангийн гэмт хэрэгт холбогдож 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр шүүхээс хорих ял оногдуулахгүй тэнссэн байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг үндэслэн тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, тус тусад нь ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ гэмт хэргийн улмаас 500,000 төгрөгийн хохирол учирч, тухайн утсыг тэр даруй хүлээлгэж өгсөн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч М.Т- нь 1 нас 7 сартай хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг ганц хүн юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой” гэв.

            Прокурор Н.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй. Шүүгдэгч М.Т- нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд дуудахад ирдэггүй. Эрэн сурвалжлах ажиллагаагаар олж авчирч байсан. Мөн эхнэр нь жирэмсэн болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хүүхэд нь шүүгдэгч М.Т-ы эцэг, эх дээр байдаг. Иймд шүүхээс түүнд 1 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч М.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний учир Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 59-61/

Тэрээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр залилах гэмт хэрэг үйлдсэн боловч тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсны улмаас дээрх 1032 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа гэм буруугийн асуудал нь шүүхээр хэлэлцэгдэж байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл нь шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдлууд хамаарна.

Шүүгдэгч М.Т- нь шүүхээс тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдээгүй, гагцхүү түүний холбогдсон хэргүүдийг нэгтгэлгүй, тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлснээс хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмын дагуу өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, эсхүл хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрүүгийн хариуцлагын төрөл болох ялыг нэмэх, эсхүл ялуудыг тус тусад нь эдлүүлэх тухай асуудлыг хуульчилжээ.  

Гэтэл анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэснийг ял оногдуулсантай адилтган үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийг төсөөтэй хэрэглэсэн байна.

Мөн дээрэмдэх болон залилах хоёр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан тэнсэхийг хориглосон зохицуулалттай зөрчилдөх ба уг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааг тус тусад нь явуулсны улмаас дээрэмдэх гэмт хэргийг шийдвэрлэх үед шүүхэд мэдэгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас ... хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдоно.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т-д холбогдох хэргүүдийг нэгтгэн нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.Т-ы гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Т-д холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэрэгт прокурорт очтол шүүгдэгч М.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН