Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2021/0893/З |
Дугаар | 128/ШШ2022/0499 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2022/0499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "Э******* ОХ********* ХХК ” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Маргааны төрөл: Газар
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э*****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******, өмгөөлөгч С.Ү**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б *********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 170 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор "Э******* ОХ********* ХХК ” ХХК-ийн Төрхурахын аманд байрлах 2,6 га газрыг ашиглах эрх багтсан байна.
1.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас маргаан бүхий *** дугаартай тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д гардуулсан байх ба тус компаниас 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад “Захиргааны актын холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгуулах” тухай гомдол гаргасан.
1.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн *****тоот албан бичгээр “Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаар албан бичгээр ирсэн зөвлөмж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 2731, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот албан бичгээр ирсэн саналууд, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4*** тоот албан бичгийн хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасны дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий иргэн, аж ахуй нэгж,байгууллагын газар ашиглах эрхийг хуулийн дагуу дуусгавар болгох асуудлын хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тушаалаар танай газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна” гэсэн хариу өгсөн.
1.4. "Э******* ОХ********* ХХК ” ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтын "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д холбогдох 148 дугаар хэсгийн заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгч "Э******* ОХ********* ХХК ” ХХК-ийн захирал Д.б********аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар Төр, засгаас явуулж байгаа бодлого, зорилт боловсруулсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах зорилгоор гаргасан шийдвэрүүдийг дэмжиж манай компаниас гаргасан хүсэлтийн дагуу "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн холбогдох заалтыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар хуульд заасан нөхцөл журмын дагуу "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар 2.6 га газар ашиглах зөвшөөрөл олгож 20**** тоот гэрчилгээ олгосон. Тус компаниас "Газрын тухай", "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа болон Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж газрын төлбөрийг жил бүр цаг хугацаанд нь төлж ирсэн. Манай компаниас “Газрын тухай" хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нөхцөл журмын дагуу "Газар ашиглах эрхийн гэрчилгээ"-ний хугацааг сунгуулахыг хүсэж гаргасан хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг дэмжиж 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар "Э******* ХХК " ХХК-д олгосон 20**** дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан. Манай компани Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан тушаалтны албан шаардлага, үүрэг даалгаврыг цаг тухайд нь тогтмол биелүүлж хамтран ажиллаж /Албан бичиг явуулах, хариу хүлээн авах, байгаль орчны дүгнэлт, үнэлгээ гаргуулах, гэрээ гэрчилгээ сунгуулах гэх мэт/ ирсэн. "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтын 148 дахь хэсэгт тус компанийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр анх мэдсэн бөгөөд дээрх тушаал нь "Захиргааны ерөнхий хууль", "Газрын тухай” "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай", "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг ноцтой зөрчиж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байна.
Тус компанид Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар хуулийн дагуу олгосон уг газар дээр өнгөрсөн хугацаанд Байгаль орчны яамнаас Байгаль орчны ерөнхий төлөв байдлын дүгнэлтийг 2 удаа гаргуулж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий "НА******** ХХК” ХХК-тай гэрээ байгуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчилсэн журмын дагуу 2 удаа хийлгэж, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тодотгосон тайланг хийлгэж батлуулахаар ажилласан.
Мөн дээрх газар дээр баригдах Аялал жуулчлалын баазын "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулж, батлагдсан "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ын дагуу барилгын зураг төслийн "****" ХХК-тай гэрээ байгуулж барилгын эх загвар /эскиз зургийг хийлгэж батлуулсан бөгөөд барилгын иж бүрэн ажлын зураг төсөл, барилгын гадна талын инженерийн шугам сүлжээний зураг, барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 4 төрлийн гэрээ байгуулж барилгын ажлын зургийг хийлгэж, "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г "ТА****** " ХХК-тай байгуулан ажилласан.
Аялал жуулчлалын бааз байгуулах газарт шинээр дэд бүтэц, авто зам, инженерийн хангамж буй болгох, нийгэм, эдийн засгийн болон инженер, геологийн судалгаа хийлгэх, "УБЦТС********* ” ТӨХК-аас **** дугаартай цахилгааны "Техникийн нөхцөл"-ийг авч, техникийн нөхцөлийн дагуу цахилгаан хангамжийн 6/0.4 кВ-ын дэд өртөөний /КТПН/ цахилгаан угсралтын ажлыг хийлгэхээр цахилгаан угсралтын тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий "М**** " ХХК-тай "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулан ажилласан зэрэг маш их цаг хугацаа шаардсан, эдийн засгийн тооцоо, санхүү хөрөнгө оруулалтын судалгаа хийж, хийлгэж тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн цаашид ч гүйцэтгэсээр байна.
Дэлхий нийтэд болон Монгол Улсад Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт буурахгүй ихсэх хандлагатай байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргасан удаа дараагийн шийдвэрүүдэд Улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн эрх ашгийг эрхэмлэн хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх, ил тод, хариуцлагатай байх, ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах зарчмыг баримтлан ажиллахыг даалгасан.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын энэ үед Төр засгаас явуулж байгаа бодлого, дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэн дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагыг харгалзан манай компаниас зарим гэрээ, хэлцлүүдийг түдгэлзүүлэн хойшлуулж, хийгдэж байсан тодорхой ажлуудыг түр зогсоосон билээ.
Нөгөө талаар "Э******* ХХК ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэрэг /нэхэмжлэгч газрын төлбөрийг огт төлөхгүй гэж маргаагүй, төлөх үүрэгтэй, харин Баянзүрх дүүргийн ИТХ-аас дүүргийн төсөв бүрдүүлэх нэрийдлээр Тусгай хамгаалалттай газрын төлбөрийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бөгөөд дүүргийн ИТХурал өөрсдөө хууль бус тогтоолоо хүчингүй болгосон/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа цаг мөчид “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтын 148 дугаар хэсгийн заалтаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон байна.
Монгол Улсын Их Хурлаас "Захиргааны ерөнхий хууль"-ийг батлан гаргахдаа захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагааг журамлах, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах, тайлбар, санал гаргах боломж олгох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргахгүй байх, цаашид захиргааны шийдвэртэй холбоотойгоор иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх зарчмыг удирдлага болгосон хуулийн заалттай нийцэхгүй байна.
Захиргааны аливаа үйл ажиллагаа нь иргэдэд тэр дундаа хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдэд нээлттэй байх бөгөөд захиргааны акт нь дээрх этгээдүүдэд захиргааны актыг мэдэгдсэнээр хучин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтын 148 дугаар хэсгийн заалтаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгосон шийдвэр нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах зарчмыг баримтлан ажиллаагүй, хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Байгаль орчин аялал жуулчлалын сайдад хууль зөрчиж гаргасан дээрх шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож өгөх тухай гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр гаргасан боловч "ТА****** йлбар хүргүүлэх тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн *****тоот албан бичгээр -2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалын заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй юм." гэсэн тайлбар, мэдэгдлийг ирүүлсэн байх тул "Захиргааны ерөнхий хууль", "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хуульд заасан үндэслэл, нөхцөл журмын дагуу өөрийн компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтын "Э******* ХХК " ХХК-д холбогдох 148 дахь хэсгийн заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нацагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Э******* ОХ********* ХХК компани Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 8 сарын 05-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороонд 2,6 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэрчилгээ олгосон. Тус компани хуульд заасны дагуу үнэлгээ төлөвлөгөө зэрэг бүх хуульд заасан нөхцөлийг биелүүлж эзэмших гэрчилгээ авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд бид маш их зүйлийг хийсэн гэж хэлнэ. Манай улс орны эдийн засгаас шалтгаалаад цаг хугацаа Байгаль орчны яаманд өгсөн хүсэлт буюу 2015 онд өгсөн гэрчилгээг 2016, 2017 оны сүүлээр баталж байх юм. Гэх мэтчилэн цаг хугацаа алдсан асуудал байдаг. Үүн дээр яам анхааралтай хандаж ажилладаг. Яам зөвшөөрөөд байхад дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулах асуудал хүндрэлтэй байдаг учраас үүн дээр цаг хугацаа алддаг. 2016 оны сүүлээр гурвалсан гэрээ байгуулаад гэрээний дагуу бусад байгууллагад хандаж цахилгаан татах маш их хэцүү авто зам дэд бүтэц байхгүй, инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, цахилгаан шугам сүлжээ холбогдоогүй газар юм. Үүн дээр шүүхээс үзлэгээр үзсэн. 2017 онд техникийн нөхцөл гаргаж өгнө үү гэж Улаанбаатар цахилгаан түгээх ХК-д хандсан байдаг. 2017 онд хүсэлтийн дагуу гаргаж өгсөн. Гэхдээ дутуу нэмэлт шаардлага хэрэгтэй гэдгээр сунгагдсан байдаг. Улмаар техникийн нөхцөл авч байгаа. Авахад маш хүндрэлтэй байдаг. Дэд бүтэц муу байдаг учраас үүнийг хүндрэлтэй байдлаар авсан байдаг. Үүний дагуу уг газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталж өгсөн төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын ерөнхий архитектураар барилга архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг зүйл батлуулдаг. Мөн нэхэмжлэгч компанийн далан хүлээн авах барилга ямар аялал жуучлал байх ёстой зүйлээр баталж өгдөг. Даалгаврын дагуу нэхэмжлэгч компанийн аялал жуулчлалын цогцолбор барих төлөвлөгөө батлуулдаг. Төрийн захиргааны байгууллагын үүдийг сахих ажил төрлөө хөөцөлдөх гээд цаг хугацаандаа гарахгүй, яамны дотоод зохион байгуулалт Засгийн газрын өөрчлөлт шинэчлэл түүнээс шалтгаалаад цаг хугацаа алдаж зарим үйл ажиллагаа явуулж байсан нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.
Энэ хугацаанд цахилгааны тээврийг авсан, Улаанбаатар хотын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, даалгаврын дагуу тус компани аялал жуулчлалын цогцолборын схем зургийг батлуулж явж байгаа. Энэ өөрөө цаг хугацааны хувьд бичиг цаас маш их цаг хугацаа ордог. Үүн дээр хөрөнгө гаргаж цаг хугацаа зарцуулж төлбөр баримтуудыг гаргаж мөнгө төгрөг гаргаж хийсэн. Хэргийн газрын үзлэгээр тэнд баригдах цогцолборын зургийг схем зургийг авч очсон. 2, 3 сарын ажил хийгдэж байгаа. Ингээд дахиад гэрээ батлуулах техникийн нөхцөл шугамуудыг хэрхэн татах талаар дүгнэлт байдаг. Ингээд бид 2019 онд цахилгаан татуулахаар өгсөн баримт зэргийг манай өмгөөлөгч баримтаар гаргаж өгсөн. Техникийн нөхцөл хийх гэрээ хийгдсэн. Мөн зургийн ажил 2, 3 сараа дараа газар дээр шалгах ажлын гэрээ хийдэг. Тус гэрээг нотлох баримтаар гаргаж өсөн. Улмаар асар их мөнгө шаардаж байгаа. Шинэ газар луу дэд бүтэц цахилгааны шугам бий болгож байгаа учир цаг хугацаа алдсан байдаг. Ингээд 2019 онд ажлаа эхлэх гэж байтал тус компани Баянзүрх дүүрэг иргэдийн төлөөлөгчийн хурал, Баянзүрх дүүргийн газрын албанаас тус компанийг 2020 оны газрын төлбөр 96,000,000 сая төгрөгийн төлбөр нэхэмжилсэн. Энэ юу болсон бэ? гээд асуухад Засгийн газрын 182 тогтоолоор газрын төлбөрийн шинэчилсэн бүсийг тогтоох дагуу төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн гээд 2020 оны 02 сард мэдэгдэл өгсөн байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргатай, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар, Байгаль орчны яам, Э ХХК компанийн гурвалсан гэрээг урьдчилан мэдэгдэж өөрчлөлт оруулах талаар тусгай гэрээний заалт байдаг. Энэ гэрээний заалтыг зөрчсөн байсан. Мөн газрын төлбөрийн үнэлгээ тогтоохдоо Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал илт үндэслэлгүй өндөр тогтоож жилд 10,600,000 төгрөгийн газрын төлбөр төлдөг аж ахуйн нэгж манайхтай адилхан зөндөө байж байгаа” гэв.
2.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү*****-ээс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны байгууллага захиргааны хуульд заасан асуудлыг дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг хийсэн үү? гэдэг асуудал дээр ач холбогдол өгөх ёстой. 2021 оны 11 сард сонсох ажиллагаа хийлгэх тухай мэдэгдлийг хүргүүлээд 2 сард захиргааны байгууллага анх олгосон хугацаагаар газар эзэмших эрхийг сунгаад тэгээд сар хүрэхгүй хугацааны дараа газар эзэмших эрхийг цуцалж хүчингүй болгож байгаа нь захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаа зөрчилдөөнтэй байна. Хэрвээ 2020 оны 11 сарын 24-ны өдөр сонсох ажиллагаа хийгээд энэ үед одоо *** дүгээр тушаалд заасан нөхцөл байдлууд илэрсэн байгаад илэрсэнтэй холбоотой хууль зүйн хувьд шалгаад явж байсан бол 2021 оны 02 дугаар сард газар эзэмших эрх анхны хугацаагаар цуцлахгүй байх байсан. Энэ бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа болж байна. Ийм нөхцөл байдал тогтоогдоогүй учир 2021 оны 02 дугаар сард захиргааны байгууллага газар олгосон эрхээ үргэлжлүүлээд сунгаад явсан үйл баримт хэрэгт авагдсан байна. Сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа боловч сонсох ажиллагаа хийсэн тухай мэдэгдэл мэдээлэл хэрэгт гараагүй. Шүүгчийн захирамжаар удаа дараа шаардсан. Албан бичиг хүргүүлсэн гэсэн боловч хүргүүлсэн тухай баримтууд авагдаагүй. *** дүгээр захирамжийг хаягаар хүргүүлээд буцаасан тухай байдаг. Үүнийг сонсох ажиллагаа гэж үзэхгүй. Цахим хуудсанд байршуулсан гэж байгаа боловч байршуулсан тухай баримт байхгүй. Улмаар сонсох ажиллагаа хийсэн баримтууд хэрэгт авагдаагүй байна. Тушаалын үндэслэл болж байгаа шалтгааны тухайд хоёр жил газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, эрүүгийн цагдаагийн албан бичгийн дагуу хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж дотор манай байгууллага орсон гэж байгаа. Улсын дээд шүүхийн тайлбарын тухайд өөр нөхцөл байдлаар тодорхойлно. Газрын тухай хуулийн 3.1.4-д "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг гэж заасан. Манай байгууллага тус газарт аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авсан. Үйл ажиллагааны хүрээнд газар ашиглах эрх үүсэж байгаа. Үнэлгээ болоод байгаль орчны төлөвлөгөө хийгээд цаг хугацаанд өгч байсан. Бид хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа явуулах ёстой. Хэрвээ бид дураараа очоод газар дээр үйл ажиллагаа явуулсан бол энэ хууль зөрчиж байгаа асуудал юм. Улмаар эрх цуцлах хууль зүйн үндэслэл бүрдэх юм байна. Бид хуулийн дагуу бүх зөвшөөрлөө аваад захиргааны байгууллагад хандаад, захиргааны байгууллага хүлээн зөвшөөрөөд анхны олгосон хугацаагаар сунгасан байхад сар хүрэхгүй хугацааны дараа *** дүгээр захирамж гаргаад цуцалж байгаа нь манай байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байна. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй талаар захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг тусгасан. Энэ хугацаанд бид шүүхэд маргаад явж байсан. *** дүгээр захирамж гарах хүртэл шүүхийн шийдвэр гараагүй байсан. Улмаар хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэж тогтоогдохгүй байгаа. Мөн эрүүгийн цагдаагийн албан бичгийг үндэслэл болгодог. Улмаар нотлох баримтууд ирсэн байгаа. Нэхэмжлэгч компанийг хууль зөрчөөд яваад шалгагдсан баримт байхгүй гэж тодорхойлолт ирүүлсэн. Улмаар *** дүгээр тушаалд дурдсанаар бидний эрхийг цуцалсан асуудал бүгд үгүйсгэгдэж байгаа учир *** тоот тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж********* оос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 сарын 05-ны өдрийн А/3** дугаар тушаалаар "Э******* ХХК " ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд аялал жуулчлалын зориулалтаар 2.6 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон.
Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11-3/5*** тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн/ 500-д "Т****** " ХХК орсон/, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн.
Нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 5 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагyy тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3.4-т "... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч мөн дээрх үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 3/5*** тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны *** дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8003 тоот албан бичгээр "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг яамны [email protected] хаягаар ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б************-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг яагаад хүчингүй болгосон бэ? гэхээр Эрүүгийн цагдаагийн алба мөн манай яамны харьяа Богдхан уулын хамгаалалтын захиргаа хамтраад Богдхан уулын тусгай хамгаалалтай газарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хууль хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. 2800 аж ахуйн нэгжээс 660 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулаагүй холбогдох бичиг баримт дутуу байна гэж үзээд арга хэмжээ авч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар авч үзсэн. Улмаар 2020 онд мэдэгдлийг хүргүүлсэн. Үүний дагуу 2021 оны 3 сард маргаан бүхий актыг гаргасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг хэрэгжүүлж тухайлбал Газрын тухай хуулийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай заалтыг хэрэгжүүлж ажилласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч "Э******* ОХ********* ХХК ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтын "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д холбогдох 148 дугаар хэсгийн заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маш их зардал гаргаж, төслөө хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг гүйцэтгэсэн ба газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэснээсээ хойш сар гаруй хугацааны дараа хуульд заасан сонсох ажиллагаа хийлгүйгээр, газрын төлбөрийн хэмжээтэй холбогдуулж шүүхэд маргаж байгааг үл харгалзан газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж тайлбарлан маргажээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/3** дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 2,6га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д олгож, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар уг газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн боловч мөн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** дүгээр тушаалаар уг газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэжээ.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр, 35.3.3-т зааснаар “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-өөр тус тус заасан байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "Э******* ОХ********* рхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үүргийн биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар заажээ.
5. Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.
6. Хууль тогтоомжийн дээрх заалтаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн этгээдэд өмнө нь нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй олгох тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу газар ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох, энэ нь газар ашиглагчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болохыг эргэлзээгүйгээр шалган тогтоосон байх үүрэгтэй атал нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хуульд заасан хугацаа болоогүй, мөн газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж үзэхээргүй байсан байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал,
6.1. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2020 оны 08 дугаар сард “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт” гаргуулсан, мөн онд “Аялал жуулчлалын зориулалттай газрын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг” зуруулснаас өөрөөр газраа зориулалтын дагуу ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байх боловч тус хуулийн этгээдийн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж тооцох хугацаа нь газар ашиглах эрхийг хугацааг сунгасан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалыг үндэслэн байгуулагдсан газар ашиглах гэрээ байгуулагдсан өдрөөс тооцогдохоор байна.
Гэтэл хариуцагч нь маргаан бүхий *** дүгээр тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан боловч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2021/54 тоот гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь газар ашиглах эрх олгох болох газар ашиглах гэрээ байгуулах чиг үүрэг бүхий захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүй үйл ажиллагаатай шууд хамааралтай, хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай нөхцөл байдлыг тогтоогоогүй байх тул маргаан бүхий *** дүгээр тушаалын "Э******* ОХ********* ХХК ” ХХК-д холбогдох хэсэг нь хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
6.2. Газар ашиглагч "Э******* ОХ********* ХХК ” ХХК нь 2019-2021 оны 01 дүгээр улирлын байдлаар 155,660,428 төгрөгийг газрын төлбөрийн үлдэгдэлтэй байх боловч тус компани нь газрын төлбөрийн хэмжээг гэрээнд зааснаас өөрчлөн нэхэмжилсэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэрийг хүчингүй болгуулж, 20**** тоот гэрчилгээний дагуу тооцуулахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байсан байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэхээргүй байжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь газрын төлбөрийг гэрээнд зааснаас өөр хэмжээгээр төлөхийг шаардсан Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 13/942 тоот албан бичгийг хүчингүй болгуулж, 20**** тоот гэрчилгээний дагуу тооцуулахыг даалгах” нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 751 дүгээр шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг маргаан бүхий *** тоот тушаал гарахаас 1 хоногийн өмнө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч талын “газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон хэмжээг эс зөвшөөрч маргасан болохоос бус газрын төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй байхад Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр цуцалсан нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байна.
7. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 тоот мэдэгдэл нь “...660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлуулахаар мэдэгдсэн” агуулгатай буюу хариуцагч захиргааны байгууллагад “мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгаж хариу ирүүлэхийг мэдэгдсэн” байхад уг мэдэгдлийг маргаан бүхий актын шууд үндэслэл болгосон буруу байна. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргах” нь хариуцагч захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээ байх ба цагдаагийн мөрдөгчийн мэдэгдэл нь Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгах, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах хариуцагчийн эрхийг хязгаарлахааргүй байхад хариуцагч нь уг мэдэгдлийг маргаан бүхий актын шууд үндэслэл болгох боломжгүй юм.
8. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны *** дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэж нэхэмжлэгч "Э******* ОХ********* ХХК ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад байхад гарсан нэхэмжлэгч хуулийн этгээдийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан эрхийг эдлүүлээгүй хууль бус шийдвэр болсон байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 45 дугаар зүйлийн 45.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Э******* ОХ********* ХХК ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** тоот тушаалын "Э******* ХХК " ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ