Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1490

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01511 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Гэрээнээс учирсан хохиролд 701 780 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Г” ХХК-тай Улаан буудай худалдах, худалдан авах ӨХШ14/092-5 тоот гэрээ байгуулсан. Тус компани гэрээнд тохиролцсоноор нийлүүлэх байсан 6210 тонн улаан буудайнаас өөрийн охин компани “Б-У” ХХК-ийн нэрээр 5627 тонн буудайг нийлүүлсэн бөгөөд буудайн төлбөрийг “Г” ХХК-д төлсөн.

Буудайг хүлээн авахад нийт буудайн ихэнх хувь чанарын шаардлага хангахгүй, шинжилгээг галт тэрэг тус бүрээр хийхэд, буудайн чанарын гол үзүүлэлт цавуулгийн хэмжээ 16-18 хувьтай 3533.2 тонн, 19 хувиас дээш цавуулгатай 2094.1 тонн, нийт 5627.3 тонн буудай байсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар хүнсний гурил үйлдвэрлэлийн хэрэгцээнд 3 дугаар ангиллын улаан буудай хэрэглэгддэг ба энэ ангиллын буудайн цавуулаг 23 хувиас доошгүй байх ёстой ба 23 хувиас доош цавуулагтай буудайгаар хийсэн гурил нь талх, нарийн боов, гоймонгийн үйлдвэрт тэнцэхгүй, хүнсний бүтээгдэхүүн хийхэд хөөлтгүй, ус даахгүй, урсаж нялцайн чанарын шаардлага хангахгүй тул хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломжгүй. Гэтэл 2014 оны 10, 11 дүгээр саруудад “Г” ХХК-аас нийлүүлэгдсэн 5627.3 тонн буудайны 3533 тонн буудай цавуулагийн хэмжээгээр 19 хувиас доош буюу 16-18 хувийн цавуулагтай байсан нь хоёр байгууллагын дунд маргаан үүсэх шалтгаан болсон. Бид 5627.3 тонн буудайнаас 19 хувиас дээш цавуулагтай 2094 тонн буудайнд эрсдэл үүрч, бүтээгдэхүүнийхээ нэр хүндийг унаган байж хэрэглэж дуусгасан. 23 хувиас доош цавуулагтай буудайгаар хүнсний зориулалтаар гурил үйлдвэрлэж болохгүй тул нэгэнт хүлээн авсан буудайг дуусгахаар ажилласан. Тухайн үед “Г” ХХК нийлүүлсэн буудайныхаа дагалдах чанарын шинжилгээг ирүүлээгүй, тус бичгийг бараатайгаа хамт ирүүлсэн бол маргаан үүсэхгүй, үүссэн ч газар дээрээ зохицуулагдах байсан. Буудайн чанарын талаар “Г” ХХК-ийн захиралд утсаар хэлэхэд дараагийн ачигдах буудайнууд сайн буудай очно, буулгаад аваач, учир нь олдох байлгүй гэсэн хариуг өгөхөөр, намрын ажлын ачааллын дундуур Улаанбаатар хотоос ачаатай галт тэргийг буцаахад үргүй зардал, чирэгдэл гарахыг мэддэгийн хувьд харилцагч хамтрагчаа хүндэтгэн хэлсэн үгэнд нь итгэн, чанаргүй буудайг тусд нь сав гарган хүлээн авч, галт тэргийг буцаагаад, ачигдаж ирсэн буудай болгоныг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторын шинжилгээнд хамруулах техник, санхүүгийн боломж байхгүй, нэг удаагийн авсан шинжилгээний хариу 5-7 хоногт гардаг, хариу иртэл галт тэрэгнээс ачааг буулгахгүй 5-7 хоноход өндөр төлбөр төлөх шаардлагатай тул ирсэн галт тэрэг бүрийг өөрийн лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулан, шинжилгээгээр буудай чанаргүй нь тогтоогдсон учраас Мэргэжлийн хяналтын байцаагчийг дуудан, галт тэргээр ирсэн буудайнаас дээж авч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лабораторт явуулснаар шинжилгээ батлагдсан.

Дээрх буудайг хүлээн авсны дараа “Г” ХХК-ийн захирал Л.Ч-, нягтлан бодогч Д.Нэргүй нартай биечлэн уулзаж, бид ашиглах талаас нь хичээж байна, яаж ч болохгүй 3533 тонн буудай байна, буулгах үед та бүхэн дараа учрыг олж болно гэсэн тул уг буудайгаар гурил хийх боломжгүй нь ойлгомжтой учраас спиртийн үйлдвэрт худалдаж мөнгөө авах эсвэл гадаадаас өндөр үнэтэй нэмэлт цавуулаг худалдан авч чанаржуулах эсвэл нэг тонн буудайн үнийг 400 000 төгрөг болгооч гэсэн хүсэлтийг гаргахад “Г” ХХК-ийн захирал Л.Ч- татгалзсан хариу өгсөн тул 18 хувиас доош цавуулагтай 3533 тонн буудайгаа буцаан авахыг санал болгоход буцааж аваагүй.

Иймээс чанаргүй 3533 тонн улаан буудайнаас шалтгаалан, манай компанид 2014-2017 онуудад үлэмж хэмжээний хохирол учирч, хохирсон тул хохирлоо “Г” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнд:

 1. Чанаргүй 3533 тонн буудайны 247 тонн буудайгаар туршилтын журмаар гурил үйлдвэрлэхэд түүхий эдээсээ хамааран, чанаргүй гарч худалдан авсан хэрэглэгчдийг бухимдуулж, гомдол, шаардлагууд ирсэн учраас зах зээлээс татан авч, үнийг 50-60 хувь болгон хямдруулж, дуусгасан. Үүнээс байгууллагад учирсан хохирол 60 000 000 төгрөг

2. Чанарын шаардлага хангаагүй буудайнд холихоор ХБНГУ-аас оруулж ирсэн цавуулгийн бодисын үнэ 191 900 000 төгрөг,

3. Цавуулгийн бодисуудыг гурилын үйлдвэрийн шугамд холиход шаардлагатай 2 төрлийн төхөөрөмжийн үнэ 6 130 ам.доллар буюу 11 543 587 төгрөг,

4. Үлдсэн 2086 тонн буудайг ашиглах боломжгүй тул спиртийн үйлдвэрүүд болох “Жем интернешнл” ХХК-д 1012 тонн, 493.3 тонныг 2017 оны 3-4 сардуудад нэг тонныг 500 000 төгрөгөөр, “МТС-Агро” ХХК, “Орхон тариа” ХХК-иудаар дамжуулан “АПУ” ХК-д, 580.7 тонныг 2017 оны 4 дүгээр сард “Жем Интернэшнл” ХХК-д нэг тонныг 520 000 төгрөгөөр тус тус худалдаж, чанаргүй буудайнуудаа борлуулж дууссаны хохирол,

5. Манай компани 1 хоногт 1 тонн буудайг 100 төгрөгөөр хадгалуулж, орлого олох бизнес хийдэг бөгөөд чанаргүй буудай хөдөлгөөнгүй олон сараар хадгалагдаж, орлого олох боломжгүй болгосны хохирол 181 500 000 төгрөг,

6. 2086 тонн улаанбуудай манай гурилын үйлдвэрийн хувьд 1 ээлжээр ажилласан тохиолдолд 2 сарын турш үйлдвэрлэл эрхлэхэд шаардагдах буудай бөгөөд 1460 тонн гурил үйлдвэрлэхэд 1 тэрбум 451 сая төгрөгийн орлого олох боломжоо алдсан. Үүнээс 20 хувийн ашиг тооцоход 290 200 000 төгрөг,

7. Чанаргүй буудайг нийлүүлснээс шалтгаалж гурилын үйлдвэрийн үндсэн нэр бүхий 30 ажилчид бүгд 2 сар ажилгүй сул зогссон бөгөөд 1 хүнд сул зогсолтын сарын цалинд дундажаар 400 000 төгрөг олгож, нийт 2 сар 23.72 сая төгрөгийг ажилгүйдлийн зардалд, нийгмийн даатгалын шимтгэлд 2.8 сая төгрөг, нийт 26.6 сая төгрөг

Энэ үйлдлээс улбаатай бүх зардлыг тухай бүрд “Г” ХХК-д төлж байсан нь хэрэгт хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа тул “Г” ХХК-иас 701 780 980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэслэлгүйгээр “Г” ХХК-иас 701 780 980 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч буудайг хүлээн авч, гурил үйлдвэрлэн, зах зээлд борлуулан их хэмжээний ашиг олсноосоо хойш 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Манай компани гэрээний дагуу улаан буудайгаа нийлүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 235 дугаар зүйлийн 235.1, 253,2, 254 дүгээр зүйлийн 254.1, 258 дугаар зүйлийн 258.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Гачуурт” ХХК-иас 701 780 980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х м” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 666 855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 666 855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 102/ШШ2018/01511 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт буюу эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлтэд тусгагдаагүй, агуулагдаагүй, огт байхгүй мэдээллийг шийдвэрийнхээ үндэслэх хэсэг болгосон, хариуцагчийн шүүх хурал дээр гаргасан тайлбарын тоон агуулгыг өөрчилж шийдвэртээ оруулснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

1. Нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу нийлүүлсэн дээрх улаанбуудайг хүлээн авч, бүгдийг нь ашигласан бөгөөд 3 жил орчим хугацаанд гэрээний зүйлтэй холбоотой, гэрээний зүйлийн доголдолтой холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Хариуцагч 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу 6210 тн улаанбуудайг бүрэн нийлүүлж дууссаны дараа нэхэмжлэгч нь 17 дугаартай 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 30 дугаартай 02 дугаар сарын 02-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд гаргаж өгсөн тодорхойлолтуудыг хариуцагч өөрийн татгалзлын үндэслэл болгож гаргаж өгсөн. Уг тодорхойлолтуудыг нэхэмжлэгч компани 2014 оны 9-10 саруудад хариуцагчаас гэрээнд заасны дагуу улаанбуудайг бүрэн хүлээн аваад 3 сарын дараа төрийн байгууллагад гаргаж өгсөн бөгөөд тодорхойлолтын агуулга нь хариуцагчийн нийлүүлж байгаа будаа цавуулаг өндөртэй, чанарын шаардлага хангаж байсны баталгаа юм. Шүүх хариуцагчийн шүүхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын гаргаж өгсөн тодорхойлолтонд агуулагдах, нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж, хариуцагчийн татгалзлыг баталж байгаа мэдээллийг нотлох үүргийг хариуцагчаас шаардаж, нотолж чадаагүй учир үнэлэхгүй гэж үзэж байгаа нь ИХШХШТХ-ийн 25.2.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна. Учир нь уг тодорхойлолтыг хариуцагч өөрөө үйлдээгүй, нэхэмжлэгч компани өөрөө үйлдсэн учир уг тодорхойлолтонд агуулагдах мэдээллийг хариуцагчаас нотлохыг шаардаж байгаа, нотлоогүйнх нь төлөө үнэлэхгүй гэж байгаа нь ойлгомжгүй, үндэслэл муутай шаардлага. Шүүх уг тодорхойлолтыг хариуцагч биш, нэхэмжлэгч компани өөрөө улаанбуудайг хүлээж авсныхаа дараа Хөдөө аж ахуйн яаманд гаргаж өгсөн гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, уг тодорхойлолтын үнэн зөвийг тодорхойлолт гаргаагүй этгээдээс шаардаад байгаа нь ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасантай нийцэхгүй юм.

2. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д “...худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ” гэж заасан. 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн улаанбуудайн хувьд эдлэх эрхийн талаар гуравдагч этгээд ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Доголдлын тухайд “Г” ХХК нь суүлийн үеийн техник, технологи нэвтрүүлж Монгол Улсдаа хамгийн сайн цавуулагтай, чанарын шаардлага хангасан улаанбуудай тариалдаг. Нэхэмжлэгч компани нь хариуцагчийг буудайг нийлүүлж байх үед чанартай сайн будаа байна гэж хүлээн авч гурил үйлдвэрлэж зарчихаад, тухайн үедээ ямар ч гомдол, санал гаргаж байгаагүй атлаа 3 жил орчмын дараа үндэслэлгүй, доголдолтой, хохирол хүлээсэн гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй. Нэхэмжлэгчийн өөрсдийнх нь Хөдөө аж ахуйн яаманд гаргаж өгсөн тодорхойлолтонд “Г” ХХК-аас ямар чанартай буудай авч гурил хийж зардлаа бичсэн. Хэрвээ тухайн үед “Г” ХХК-ийн буудайг гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй, буудайг хүлээн авахгүй, авсныхаа дараа буцаана гэсэн бол “Г” ХХК нь сайн чанартай буудайгаа өөр гурилын үйлдвэрүүдэд борлуулах байсан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “...гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд улаанбуудайн тоо хэмжээ, чийгийн талаар заасан /16-аас доошгүй/ бөгөөд цавуулгийн талаар заагаагүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 252.2-т заасны гэрээний зүйл нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж доголдлыг тодорхойлох шаардлагатай юм. “Г” ХХК-ийн тухайд гэрээгээр тохиролцсон тоо хэмжээ буюу 6210 тонн улаанбуудайг бүрэн нийлүүлсэн, энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэнээр нотлогддог, тоо хэмжээн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэрээгээр тохиролцсон улаанбуудайн чийгийн талаар нэхэмжлэгч ямар нэгэн маргаан гаргадаггүй нь тохиролцсон чийг бүхий улаанбуудай нийлүүлсэн гэж үзнэ. Цавуулгийн талаар гэрээгээр тохиролцоогүй байдаг ч хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллах 3 жил орчмын хугацаанд өндөр чанартай, цавуулаг сайтай улаанбуудайг нийлүүлж байсныг нэхэмжлэгч компанийн тодорхойлолтоос харж болно. Мөн 3 жил орчим хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд доголдолтой холбоотой хариуцагчид болоод шүүхэд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл гаргаж байгаагүй, гэрээний зүйлийг хариуцагчийн тайлбарлаж байгаагаар гурил хийж зарж борлуулж дуусгасан, өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар тодорхой хэсгээр нь гурил хийж зарж, борлуулж, үлдсэн хэсгийг бусад компаниудад борлуулсан байгаа нь гэрээний зүйлийг доголдолтой байсан гэх үйл баримтыг үгүйсгэж байна. Учир нь нэхэмжлэгчид гэрээний зүйлийг хүлээн авахгүй байх, авсны дараа захиран зарцуулахаас өмнө гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, энэ тухай хариуцагчид болон шүүхэд гомдол санал, нэхэмжлэл гаргах эрх нь байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэлгүй гэрээний зүйлийг захиран зарцуулж дуусчихаад доголдол, хохирлын асуудал тавих нь учир дутагдалтай, үндэслэл, итгэл үнэмшил муутай тайлбар, үндэслэл юм.

Зохигчдын хооронд байгуулсан Улаанбуудай худалдах-худалдан авах гэрээний 1.1, 1.2-т худалдагч нь хүнсний улаанбуудайг 1 тонныг 550 000 төгрөгөөр нийлүүлэх үүрэг хүлээсэн, мөн 4 дүгээр зүйлд заасан худалдагчийн эрх, үүрэгт шинжилгээний бичиг дагалдуулж өгнө гэх үүрэг ороогүй. Өөрөөр хэлбэл, талууд хэн аль нь гэрээний зүйлийг нийлүүлэхдээ шинжилгээний бичиг дагалдуулж өгөх үүргийг хариуцагчид гэрээгээр хүлээлгээгүй байхад шүүх дагалдах шинжилгээний баримт бичиггүй гэж хариуцагчийг буруутгах нь зохимжгүй, үндэслэл муутай дүгнэлт. Нэхэмжлэгчийн Хөдөө аж ахуйн яаманд гаргаж өгсөн тодорхойлолтоос харвал талууд 3 жил орчим ажил хэргийн харилцаатай байсан бөгөөд дээрх хугацаанд хэн нэгнээсээ шиижилгээний бичиг шаардаж байгаагүй, хариуцагч сайн чанартай улаанбуудай нийлүүлдэг байсан учраас нэхэмжлэгч худалдан авдаг байсан нь нотлогддог.

Шүүх шийдвэртээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт гэсэн хэрнээ ямар нэртэй мэргэжлийн байгууллагын хэзээний, юуг тодорхойлсон, нотолсон дүгнэлт гэдгээ бичээгүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд шийдвэрийг хүлээн авсан зохигч, аливаа этгээд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон болсон нотлох баримтыг ойлгох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Нэхэмжлэгч компани 2014 оны 10 сараас 11 саруудад хийгдсэн 94 ширхэг лабораторийн шинжилгээний бичгийг нотариатаар батлуулж гаргаж өгсөн. Гэтэл уг шинжилгээний бичгүүд дээр нэхэмжлэгч компанийн тамга, тэмдэг дарагдсан байгаа нь уг бичгийг хариуцагчийн тайлбартай адилтгаж үнэлэх үндэслэл болж байгаа юм. Зөвхөн нэхэмжлэгч компанийн тамгатай бичмэл баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн өөрийнх нь тамгатай шинжилгээний бичиг гэх баримтууд дээрх мэдээллийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр өөрчлөх боломжтой учир түүнд агуулагдаж байгаа мэдээлэл эргэлзээтэй, үнэн зөв байж чадахгүй. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй нотлох баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж, 44.4-т “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан нь зохигчийн зөвхөн өөрийнх нь тамга тэмдэг бүхий, өөрийнх нь хүсэл зоригоос хамааран агуулагдах мэдээлэл өөрчлөгдөх боломжтой баримтыг бичмэл нотлох баримтанд үнэлэхгүй байх агуулгыг илэрхийлж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн шинжилгээний бичиг гэх баримтанд байгаа улаанбуудайн цавуулгийн тухай мэдээлэл хариуцагчийн нийлүүлсэн улаанбуудайн цавуулгаас бага байгаа бөгөөд уг шинжилгээний бичигт “Г” ХХК-аас нийлүүлсэн улаанбуудайг шинжилсэн гэдэг нь нотлогдохгүй юм. Хэрэв тухайн үед буюу 2014 оны 10, 11 сард хариуцагчаас нийлүүлсэн улаанбуудайг шинжлээд цавуулаг багатай гэж үзсэн бол нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх нь байсан. Ийнхүү олон жилийн дараа үндэслэл муутай нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь хариуцагч компанитай хамаарал бүхий компани болох Номгон Буудай, Сэлэнгийн Тариалан, мөн хариуцагч компани Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 онд нийлүүлсэн улаанбуудайн төлбөр 7 тэрбум орчим төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүний дараа уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж уг үндэслэл муутай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч компани нь бусдад төлөх төлбөрөө 4 жил орчим төлөөгүй байгаа бөгөөд уг төлбөрийн хэмжээг багасгах, төлөхөөс зайлсхийхийн тулд шинжилгээний бичиг нэртэй, мэдээллийг өөрсдөө чөлөөтэй өөрчлөх боломжтой, өөрөөр хэлбэл, цавуулгийг нь хүссэнээрээ бууруулж чадах бичиг хэдийг л бол хэдийг хийх боломжтой гэдэгт анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөлгүй, уг нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт ач холболтой талаас ньүнэлж чадалгүй, учир дутагдалтай дүгнэлт хийж дээрх бичгэн дээрх мэдээллээр хариуцагчийг чанар муутай улаанбуудай нийлүүлсэн гэж буруутах нь байж боломжгүй үндэслэл муутай дүгнэлт юм.

Хэрэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэсэн баримтууд байдаг. Уг шинжилгээний дүгнэлтэн дээр “Г” ХХК-ийн нийлүүлсэн улаанбуудайг шинжилсэн гэдэг талаар нэг ч үг үсэг байхгүй. Нэхэмжлэгч уг бичгийг үндэслэн хариуцагчийн буудай чанаргүй гэж маргадаг. Гэвч хариуцагч ямар компаниас, хэзээ авсан улаанбуудайг шинжлүүлж байгаа нь тодорхой биш, үүнийгээ хариуцагчийн буудай гэж тайлбарладаг ч энэ нь худал бөгөөд нэхэмжлэгч үүнийгээ нотолж чаддаггүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас болон өөрөөсөө, өөр олон компаниас улаанбуудай худалдан авч гурил үйлдвэрлэн худалдаалдаг бөгөөд чухам аль аж ахуйн нэгжийн буудайг дээрх лабораторид шинжлүүлсэн нь тодорхой биш. Нэхэмжлэгчийн Хөдөө аж ахуйн яаманд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаартай, мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичигт “...Г ХХК-тай 2012 оноос хойш 3 жил хамтарч ажиллаж байна, ...тус компани сайн чанарын цавуулаг өндөртэй улаанбуудай манайд иийлүүлж, бид сайн чанарын гурил үйлдвэрлэдэг” гэсэн өөрийнх нь тодорхойлолтоос үзвэл дээрх лабораторийн бичгүүд нь хариуцагчийн нийлүүлсэн улаанбуудай биш болох мь тодорхой байна.

3. Шүүх хариуцагчийг сайн улаанбуудай нийлүүлсэн гэсэн татгалзлаа нотолж чадаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжилснийг бүхэлд нь хангасан гэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй байна. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор нэхэмжлэгч компанийн тайлбараар нотолсоор байхад шүүх уг тайлбарт эрх зүйн зөв дүгнэлт хийж чадсангүй. Мөн нэхэмжлэгч гэрээний зүйл болох улаанбуудайг 3 жилийн өмнө хэрэглэснийхээ дараа шүүхэд доголдолтой байсан гэж маргаан үүсгэж байгаад үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Мөн гэрээгээр улаанбуудайн цавуулгийн талаар харилцан тохиролцсон зүйл байгаагүй байхад шүүх ямар үндэслэлээр хариуцагчийн нийлүүлсэн улаанбуудайг чанаргүй, 16-18 байсан гээд байгаа нь ч ойлгомжгүй, нотлох баримтанд тулгуурласан дүгнэлт болж чадахгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийн нийлүүлсэн 6210 тонн улаанбуудайн 3533.2 тонн нь чанаргүй, цавуулаг багатай, доголдолтой гэж маргадаг хэдий ч яг хариуцагчаас хүлээн авсан улаанбуудай нь цавуулаг багатай байсан гэсэн эргэлзээгүй нотлох баримтаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чаддаггүй. 1 дэх хавтасны 11-35 дугаар хуудсанд 2014 оны 10 сараас 11 саруудад хийгдсэн 94 ширхэг лабораторийн шинжилгээний бичгүүд нь нэхэмжлэгч өөрөө хүссэнээрээ үйлдэх боломжтой, хүсвэл нийлүүлэгчийн нийлүүлсэн улаанбуудайн цавуулгийг гэрээний зүйлийп үпийг бууруулахын тулд багасгах боломжтой, өөрийнх нь тамгатай бичгүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэсэн бичмэл баримтууд нь иэхэмжлэгч өөрөө аваачиж өгч шинжлүүлсэн, нэхэмжлэгч “Г” ХХК-аас авсан буудайг шинжлүүлсэн гэж маргадаг ч энэ тухайгаа нотолж чаддаггүй, өөрийнх нь дээрх нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн өөрийнх нь 2 удаагийн тодорхойлолт байдаг бөгөөд өөрийнхөө тодорхойлолтод агуулагдах мэдээллийг мөн үгүйсгэж чаддаггүй, гэрээний зүйлийг хүлээн авснаас хойш 3 жил орчим ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэлийг шүүхэд болон хариуцагчид гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгч нь хариуцагчийг доголдолтой цавуулаг багатай улаанбуудай нийлүүлсэн гэдэг үндэслэл үгүйсгэгдэж, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснийг тодорхойлж байна.

4. Хариуцагч шүүх хурал дээр 6210 тонн улаанбуудай нийлүүлсэн гэж тайлбарласаар байхад шүүгч шүүх хурал дээр хэлсэн хариуцагчийн тайлбарыг өөрчилж үндэслэлгүйгээр тоо хэмжээг нь бууруулж, 5627 тонн буудайг хүлээн авч, үнийг бүрэн төлж барагдуулсан талаар хариуцагч маргаагүй болно гэж алдаатай зүйл бичжээ. Нэхэмжлэгч шүүх хурал дээр 5627 тонныг хариуцагчаас авсан гэж тайлбарладаг, хариуцагч үүнтэй нь маргаж 6210 тонныг буюу гэрээнд заасан улаанбуудайг бүхэлд нь нийлүүлсэн гэдэг. Шийдвэрт бичсэн болон нэхэмжлэгчийн шүүх хурал дээр хэлсэн 5627 тонныг хариуцагчаас авсан гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд “...Г ХХК-аас авсан нийт 6210 тонн буудай нь цавуулгийн хувьд чанарын шаардлага хангахгүй байсны зэрэгцээ хогт хольцийн хэмжээ өндөр байсан ч бид нэг ч хувийн хорогдолгүй тооцож авсан байгааг харж болно” гэсэн өөрсдийнх нь шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлээр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ 6210 тонныг авсан гэдгээ бичсэн байгаа нь хариуцагч гэрээгээгэр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээгээр тохиролцсон тоо хэмжээ бүхий эд хөрөнгийг бүрэн нийлүүлснийг нотлох учир шүүхийн дээрх дүгнэлт, хариуцагчийг маргасаар байхад маргаагүй мэтээр үйл баримтыг буруу бичээд байгаа нь үндэслэлгүй, учир дутагдалтай, худал бөгөөд ИХШХШТХ-ийн 40.1-т заасантай нийцэхгүй байна.

5. Шүүх ИХШХШТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан нөхцөл байдал үүсчихээд байхад гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Г ХХК нь гэрээгээр тохиролцсон ёсоор нийлүүлэх ёстой байсан 6210 тонн улаанбуудайнаас .... тонныг “Б-У” ХХК-ийн нэрээр нийлүүлсэн” гэдэг. Энэ тохиолдолд “Б-У” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэж хариуцагчийн зүгээс оролцуулах хүсэлт гаргаж үндэслэлгүй гэж үзэж хүсэлтийг хүлээн аваагүй.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ИХШХШТХ-ийн 40 дүгээрр зүйлийн 40.2-т заасан эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаар нотолж чадаагүй байхад шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Тухайлбал:

- Хэрвээ манай компани чанар муутай буудай нийлүүлсэн бол тухайн буудайг хүлээн авахаас татгалзах эрх нь байсан, гэвч хүлээн авч гурил үйлдвэрлэж борлуулсныхаа дараа ийм зүйл нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани сайн чанарын буудай нийлүүлсэн. Тухайн чанар муутай гурил нь манай компанийн буудайгаар үйлдвэрлэсэн гурил биш өөр компаниас авсан чанар муутай буудайгаар үйлдвэрлэсэн гурил.

- Манай компаниас худалдаж авсан буудайнд ЕМСЕvitС нэрийн цавуулаг нэмдэг бодис 40 тн-ыг худалдан авахад 77 200 ам.доллар буюу 170 сая төгрөг, ЕМСЕgluten Enhanuer22 нэртэй бодис 150 кг-ыг 2 850 ам доллар, ЕМСЕvitС 2000 кг-ыг онгоцоор авчрахад 4 800 ам.доллар зарцуулсан, нийтдээ 191 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ. Манай компани үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ манай компаний нийлүүлсэн улаанбуудай чанар муутай байсан бол анхнаасаа хүлээн авахгүй, гэрээгээ цуцлах, гэрээнээс татгалзах боломж байсан. Манай компани сайн чанарын улаан буудайг гэрээнд заасныхаа дагуу нийлүүлсэн. Гадаадаас өндөр үнэтэй бодис худалдан авч нийлүүлэх эсэх асуудал хариуцагчийн өөрийнх нь асуудал. Манайхаас авсан буудайнд бодис ямар ч шаардлагагүй. Бид нийлүүлэх ёстой тоо хэмжээ, чанар бүхий буудайг нийлүүлом. Манай буудайнд доголдол байсан бол тухайн үед нь мэдэгдэж шийдвэрлэх боломж бүрэн байсан. Гурил үйлдвэрлэж зарчихаад 3 жилийн дараа ийм зүйл ярих нь үндэслэлгүй.

Төхөөрөмжний үнийг төлөх үүрэг манай компанид байхгүй.

2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ӨХШ14/092-5 Улаанбуудай худалдах-худалдан авах гэрээний 4.1-д зааснаар манай компани гэрээнд заасан хугацаанд буудайг нийлүүлэх үүрэгтэй. Нийлүүлсэн буудайг хадгалж, гурил үйлдвэрлэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал. Манай компани нийлүүлснийхээ тухайн буудайг хадгалах, хадгалсны төлбөрийг төлөх үүргийг хүлээгээгүй, тэгэх ч боломжгүй. Нэхэмжлэгч өөрөө хүлээн авсныхаа дараа өөрөө хадгалж, гурилаа үйлдвэрлэх эрх, үүрэгтэй.

Гэрээнд зааснаар манай компани улаанбуудайг нийлүүлэх л үүрэгтэй. Нийлүүлсэн улаанбуудайгаар гурил үйлдвэрлээгүй нэхэмжлэгчийн өөрийнх нь үүрэг бөгөөд, үүнээс болж олох ёстой байсан ашгаа нэхэмжилж байгаа нь үнэхээр байж боломжгүй нэхэмжлэлийн шаардлага. Манай буудайг хүлээн авч, гурил үйлдвэрлэж борлуулж, ашгаа олчихоод 3 жилийн дараа ийм зүйл ярьж байгаа нь үнэхээр утгагүй.

Нэхэмжлэгч өөрийн компанийхаа ажилчдын цалинг манай компаниас нэхэмжилж байгаа нь байж боломжгүй зүйл. Тухайн ажилчид нь уг компанид хөдөлмөрлөдөг болохоос манай комианид ажил хийдэггүй. Гэрээгээр манай компани буудай нийлүүлэх үүрэг хүлээсэн болохоос ажилчдынх нь цалинг төлөх үүрэг хүлээгээгүй.

Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолж чадаагүй, хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж чадаагүй, үгүйсгэсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл, хариуцагчаас авсан улаанбуудай чанаргүй байсныг нотолсон нотлох баримт байхгүй, нэхэмжлэгчээс авсан буудайнд зориулж техник авсан, бодис авсан, уг буудайг л хадгалсан, ажилчдаа амраасан гэдгээ нотолж чадаагүй байхад юуг, ямар нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч чанаргүй буудай нийлүүлсэн гэдгийг нотолж чадаагүй, бүгдийг нь захиран зарцуулчихсан байхад, мөн гаргаж өгсөн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн буудай чанаргүй гэдгийг нотолж чадаагүй байхад, хэрэгт авагдсан ямар нотлох баримтанд агуулагдаж байгаа мэдээлэл нь хариуцагчийт чанаргүй, цавуулаг багатай буудай нийлүүлснийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлоод байгааг шийдвэртээ зааж өгөлгүй ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй учир бүхэлд нь хангалаа гэж шийдсэн шийдэл ИХШХШТХ-ийн 116.2-т заасныг ноцтой зөрчиж байна.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Магадлалд шүүгчийн буруу, алдаатай бичсэн 5673 тонн гэснийг 6210 тонн болгож өөрчлүүлэх хүсэлтийг мөн гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Х м” ХХК хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 701 780 980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд заасан чанарт нийцсэн буудай нийлүүлсэн гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбуудай худалдах, худалдан авах тухай ӨХШ14/092-5 дугаар гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр “Г” ХХК нь 6210 тонн хүнсний зориулалттай буудайг 1 тонныг 550 000 төгрөгөөр “Хангаймилсс” ХХК-д худалдахаар, төлбөр төлөх нөхцлөө тохирч, улаанбуудайг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэхээр тохиролцсон байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч 6210 тонн улаанбуудай худалдан авахаар гэрээ байгуулсан хэдий ч 5627 тонн буудайг хариуцагч “Г” ХХК-ийн өмнөөс “Баян дулаан уул” ХХК-иас шилжүүлснийг хүлээн авч, үнийг бүрэн төлж барагдуулсан талаар хариуцагч маргаагүй ба үүнээс 3533 тонн буудай чанарын шаардлага хангаагүй байсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Х м” ХХК нь хариуцагч “Г” ХХК-ийн тариалсан цавуулаг өндөртэй, чанарын шаардлага хангасан улаанбуудай нийлүүлдэг гэх 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар, мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 30 дугаар албан бичгүүдийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд хүргүүлсэн байх ба уг албан бичгүүдийг хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч нь үйлдсэн болохыг талуудын хэн аль нь тайлбарлаж байна. Уг албан бичиг болон хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбар зэргээс үзэхэд спиртийн зориулалтаар бус хүнсний гурил үйлдвэрлэх зориулалттайгаар буудай нийлүүлж байсан үйл баримт тогтоогдож байна. Харин уг албан бичигт талуудын хоорондын маргааны зүйл болох дээрх гэрээний дагуу шилжүүлсэн 3533 тонн буудайн чанар байдлыг тодорхойлоход шууд хамааралтай нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.  /хэргийн 3 дахь хавтас 124, 130-131 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр зам орлох падаан, вагон ачилт, Бүлэг вагоныг тээврийн нэг бичиг баримтаар тээвэрлэх хүснэгт, Мэргэжлийн хяналтын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн гэх баримтуудын буудай нийлүүлсэн огноо, тээврийн хэрэгслийн дугаар зэргийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс буудайг хариуцагч хүлээн авсан үед Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарчээ. Иймд хариуцагч нь улаанбуудайн цавуулгийн шаардлага буюу гурил үйлдвэрлэх хамгийн доод буюу 3 дугаар ангиллын чанарын буудайн цавуулгийн 22 хувь, 4 дүгээр ангиллын гурил үйлдвэрлэхэд чанар сул буудайн 18 хувийн цавуулгийн хэмжээнд хүрээгүй 16, 17 хувийн цавуулагтай буудайг нэхэмжлэгчид нийлүүлсэн гэж шүүх үзсэн нь үндэслэлтэй. /хэргийн 2 дахь хавтас 22-224 дүгээр тал/

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан улаанбуудай худалдах-худалдан авах гэрээний 4.5-д худалдагчийн нийлүүлэх улаанбуудай нь чанар, стандартын шаардлагад бүрэн нийцсэн байхаар заасан байх ба хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02-02/2989 тоот албан бичигт заагдсан цавуулгийн хэмжээнд 3533 тонн улаанбуудайн цавуулгын хэмжээ хүрээгүй нь тогтоогдож байх тул чанарын хувьд хүнсний зориулалттай /гурил үйлдвэрлэхэд шаардагдах/ улаанбуудайг нийлүүлэх үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн болохоо нотлоогүй болно.

 

Харин маргаан бүхий 3533 тонн улаанбуудайны хувьд стандартад заасан цавуулгийн хэмжээ хүрэхгүй байсан гэдэг нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх боловч 3533 тонн буудайтай холбоотой учирсан хохирлын хэмжээг шүүх нарийвчлан тооцож чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч компаниас 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч компанид буудайн үнийг бууруулах санал гаргасан тухай 31 тоот албан бичгийг хүргүүлсэн байх ба доголдолттой холбоотой хуулиар зохицуулсан дээрх шаардлагуудыг гаргаагүй хэдий ч доголдлын талаар нөгөө талдаа хуулийн хугацаанд мэдэгдэж байжээ. /хэргийн 1 дэх хавтас 88-89 дүгээр тал/

 

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч чанарын шаардлага хангаагүй улаанбуудайн доголдлыг арилгах зорилгоор ХБНГУ-аас 40000 тонн буудайн цавуулаг сайжруулдаг нэмэлт бодисыг 183 711 511 /үндсэн үнэ, татвар, хураамж орсон/ төгрөгөөр оруулж ирсэн болох нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1305936 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 3 дахь хавтасны 52 дугаар тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу шүүхээс томилогдсон ШУТИС-ийн харьяа Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 247 дугаар дүгнэлтэд улаанбуудайн цавуулгийн шаардлага хангахгүй байгаа буудайны цавуулгийн чанарыг дээшлүүлэн гурил үйлдвэрлэхэд 40000 тонн бодисоор 1333 тонн гурил үйлдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн ХБНГУ-аас оруулж ирсэн 40000 тонн бодисын үнийг доголдлыг арилгахад гарсан зардал гэж үзэх үндэслэлтэй. Доголдлыг арилгаж буудайн чанарыг нэмэгдүүлэхэд хэрэглэх зорилгоор худалдан авсан гэх 2 ширхэг техник хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өөрийн өмчлөл эзэмшилдээ авсан зүйл байгаа тул түүний үнийг зардалд тооцохгүй. Иймд доголдлыг арилгахтай холбоотой зардал болох 40000 тонн бодисын үнэ 183 711 511 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. /хэргийн 1 дэх хавтас 234-235, 3 дахь хавтас 228 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Х м” ХХК нь “Жем интернэшнл” ХХК-д худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагчаас худалдан авсан улаанбуудайг худалдсан байгааг доголдлыг арилгаагүй, арилгахтай холбоотой зардал гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, доголдолтой улаанбуудайг хүлээж аваад цааш нь захиран зарцуулснаас алдагдалд орсон гэх байдал, улаанбуудайг хадгалах болсон нь доголдолтой холбоотой шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, нэхэмжлэгч гэрээнд заасан улаанбуудайг хариуцагчаас хүлээн авч, хадгалж байсан болон ажилчид илүү цагаар ажилласан зэрэг нь дээрх буудайн доголдлыг арилгахтай холбоотой гэх шалтгаант холбоо хэрэгт цугалсан баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй тул доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардалд тооцох боломжгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээдээр “Баяндулаан уул” ХХК-ийг оролцуулах байсан гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зохигчийн хүсэлтээр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохоор хуульчилжээ. Гэтэл хэрэгт зохигчдоос “Баяндулаан уул” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн талаарх хүсэлтийг гаргасан гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн буудайн чанар байдлын талаар тухайн үед нь өөрөө болон эрх бүхий байгууллагаар шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулж хариуцагчид албан бичгээр мэдэгдэж байсныг хариуцагч үгүйсгэсэн тайлбар баримтыг шүүхэд гаргаагүй болон нийлүүлсэн буудай нь бүхэлдээ гэрээгээр тохиролцсон хүнсний /гурил үйлдвэрлэх/ зориулалтаар ашиглах чанарын шаардлага хангасан байсан гэх нэхэмжлэлийн шаарддлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй тул үүнтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2018/01511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 253 дугаар зүйлийн 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-аас 183 711 511 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х м” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 518 069 469 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтын “3 666 855” гэснийг “1 076 507” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 666 855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                       

                                                                                          С.ЭНХТӨР