| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/03978/И |
| Дугаар | 102/ШШ2021/00189 |
| Огноо | 2021-01-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2021/00189
| 2021 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2021/00189 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамж, тоотод оршин суух, овогт -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрээр миний өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5 дугаар гудамж 119 тоот 81 м.кв хувийн сууцыг газрын хамт 59,271,547 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл манай хашаа байшингийн зах зээлийн үнэлгээ 75,000,000-90,000,000 төгрөгийн үнэтэй байтал зах зээлийн үнээс хамаагүй бага үнэлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан дуудлага худалдаанд оруулж зарах гэж байна. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 674 дугаартай захирамжаар нараас 20,313,968 төгрөгийг гаргуулж ХХК-д олгож, хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан Баянгол дүүргийн дүгээр хороо Горький дугаар гудамжны тоот хаягт байрлах эрхийн улсын Ү-2205 дугаарт бүртгэлтэй 1 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах эрхийн улсын Г-2205 дугаарт бүртгэлтэй м.кв талбайтай газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх 20370358/03, 20370358/06, 20370358/08 мэдэгдлийг өгсөн боловч төлбөр төлөгчдийн зүгээс төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу 20370358/04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20370358/07 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч нарт битүүмжлэн хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албан бичгээр ирүүлэх, хэрэв тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилж үнэлгээг тогтоолгох болохыг мэдэгдэхэд төлбөр авагч ББСБ ХХК-ын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнийг тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХКомпанийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгоход 2020 оны 9 дүгээр сарын 21-ний байдлаар 59,271,547 төгрөгөөр тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоосон. Дээрх үнэлгээний 24 хуудас тайланг танилцуулж, 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4-145/34052 дугаартай үнэлгээний мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч нар үнэлгээг хүлээн зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гаргаж, хөрөнгө худалдан борлуулах хугацаа тогтоож, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 4-145/34107 дугаар мэдэгдлийг өгсөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаас талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-2205019385 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамж тоот хаягт байршилтай 81 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай, 334 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай захирамжаар хариуцагч нар нь нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 20,313,968 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэхүү төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн дугаар гудамж тоот хаягт байршилтай,гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай газар, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, горькийн 5 дугаар гудамж, 119 тоот хаягт байршилтай, 0006 гэрчилгээний дугаартай, Ү-2205 улсын бүртгэлийн дугаартай, 81 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2020/ дугаартай захирамжаар дээрх захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарч, 102/ГХ2020/ дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2037 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.
Ийнхүү хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч өмчлөлийн Баянгол дүүрэг, дүгээр хороо, горькийн дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 0006 гэрчилгээний дугаартай, Ү-2205улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай хувийн сууцыг мөн хаягт байрших газрын хамт 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр битүүмжлэн, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, талуудаас барьцааны зүйлийн талаар үнийн санал авах талаар мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр авагч ББСБ ХХК-ын зүгээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар мэргэжлийн үнэлгээчнээр үнийг тогтоолгох хүсэлт ирүүлжээ.
Ийнхүү төлбөр авагч, төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, үнэлгээ хийлгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Сэлэнгэ-эстимэйт ХХК нь нэхэмжлэгч өмчлөлийн Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамж тоот хаягт байршилтай, 0003 гэрчилгээний дугаартай, Г-2205 улсын бүртгэлийн дугаартай, 334 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг, дүгээр хороо, горькийн дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 000632563 гэрчилгээний дугаартай, Ү-2205 улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай хувийн сууцыг 59,271,547 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч нь хөрөнгө үнэлсэн талаарх мэдэгдлийг хүлээн авснаас хойш 13 хоногийн дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн гэж үзнэ.
Түүнчлэн, Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ-эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ...уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрын зах зээлийн үнэ 75,000,000-90,000,000 төгрөг байхад 59,271,547 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна ... гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Сэлэнгэ эстимэйт ХХК нь тухайн орон сууцыг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өмчлөлийн Баянгол дүүрэг, дүгээр хороо, Горькийн дугаар гудамж тоот хаягт байршилтай, 0003 гэрчилгээний дугаартай, Г-2205 улсын бүртгэлийн дугаартай, 334 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг, дүгээр хороо, горькийн дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 00063 гэрчилгээний дугаартай, Ү-2205 улсын бүртгэлийн дугаартай, 81 м.кв талбайтай хувийн сууцыг 59,271,547 төгрөгөөр үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн дугаар гудамж тоот хаягт байршилтай, 0003гэрчилгээний дугаартай, Г-2205 улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Баянгол дүүрэг, дүгээр хороо, горькийн дугаар гудамж, тоот хаягт байршилтай, 0006 гэрчилгээний дугаартай, Ү-2205 улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай хувийн сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА