| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2024/0028/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Прокурор Г.Анх-Ирээдүй
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, *******,*******,******* хамт ******* сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, //.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр, аймгийн төвөөс баруун урагш 25 километрт асфальтан зам дээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “тоёота коралла” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон аймгийн чиглэлд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам засварын ажил хийгдэж байгаа тэмдэг, тэмдэглэгээ бүхий овоолсон шороог мөргөсний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Ц.Анхбаяр, хоёрын хохирлыг бүрэн барагдуулсан. 2023 оны 08 сарын 20-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орох гэж явсан. Өмнөговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга дээр мужааны бригад ахалж 5 сар ажиллачхаад буцаж явсан. Тойруу замд анхааруулах тэмдэглэгээ байгаагүй, зөвхөн шороон дээрээ тэмдэглэгээ байсан. Би 80-90 км цагийн хурдтай явсан. Хохирогч д 3.*******0.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Цагаан сарны өмнө тус бүр 1 хонины мах өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч гийн “Бид гурав 2023 оны 08 дугаар сарын 20-ны 22 цаг өнгөрөөгөөд ажлаа дуусгаад Өмнөговь аймгаас гарсан. Би Өмнөговь аймгаас гарахдаа дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад гарсан. Замд явж байхдаа Анхаа унтаад өгсөн, жолоо барьж явсан юм. Манай жолооч ерөөсөө уугаагүй, би ганцаараа 0.5 литрийн архины талыг уусан. Тэгээд Дундговь аймгаас 20 гаран км зайд овоолсон шороо дайрсан. Би жолоочийн эсрэг талд сууж явсан, Анхаа ах арын суудал дээр сууж явсан. Би яг юу болсныг хараагүй, гэнэт л түс, тас хийгээд явчихсан. Тэгээд машинаас намайг өргөж, чирч буулгаад, багажаас гэрийн бүрээс гаргаж нөмрүүлсэн. Миний хоёр хөл шагай хэсгээрээ хугарсан, хамар хугарсан, өөр гэмтсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
Хохирогчын хохирогчоор өгсөн “өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний зүүн хөлийн хуруу ард хэсгээрээ гурав хугарсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Хохирогчын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр , Батсүрэн нарын хамт Өмнөговь аймгийн төвөөс королла маркийн бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотын зүг гарсан. Тэгээд бид гурав Дундговь аймгийн төв болон Хулд сум хоёрын голд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байхгүй засмал зам дээр явж байгаад зам хаагаад тавьсан байсан овоолсон шороог машиныхаа урд хэсгээр мөргөсөн. Тухайн үед би тээврийн хэрэгслийн ар талд ганцаараа сууж явсан тул сайн харж чадаагүй. Тэр овоолсон шороо гэнэт л гараад ирсэн. Шороо мөргөсний дараа бид гурав бие биенийгээ зүгээр үү гэж асуусан. Тэгтэл Батсүрэн миний хоёр хөл болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр Батсүрэнг машинаас өргөж гаргаад, замын хажууд бид гурав сууж байсан чинь нэг танихгүй жибэ ирээд тухайн овоолсон шороог мөргөсөн. Тэгээд жибнээс хүмүүс бууж ирээд бид гурваас бие нь яаж байна гэж асууснаа бид нар түргэн дуудаж өгье гээд явсан. Тэгээд үүр цайж байхад түргэний машин ирсэн. Автомашиныг жолоодож явсан. Тухайн үед миний анзаарснаар 70-80 км цагийн хурдтай явсан. Замын зорчих хэсэгт ямар нэг тэмдэг тэмдэглэгээ саад, бартаа харагдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 169 дугаартай “гийн биед баруун шилбэний дотор, гадна хавчаар, зүүн шилбэний дотор хавчаар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хурал, зүүн нүдний эвэрлэгт цус хурал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шилбэний дотор, гадна хавчаар, зүүн шилбэний дотор хавчаар ясны хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт, дээрх гэмтлүүд бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4024 дугаартай “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж ирээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-49/
Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн “ жолоочтой улсын дугаартай “Toyota Carolla” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн лавлагаа /53-54/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 265 дугаартай “Д.Анхбаярын биед зүүн хөлийн дунд хуруу, ядам хурууны өлмий ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь авто осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” дүгнэлт /хх-ийн 101-102/
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр, аймгийн төвөөс баруун урагш 25 километрт асфальтан зам дээр “Toyota Carolla” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл овоолсон шороо мөргөж зам тээврийн осолд орсон үйл баримт тогтоогдож байна.
Зам тээврийн осолд орсон “Toyota Carolla” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан гийн эрүүл мэндэд “баруун шилбэний дотор, гадна хавчаар, зүүн шилбэний дотор хавчаар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, хамар ясны хугарал” бүхий гэмтэл,ын эрүүл мэндэд “зүүн хөлийн дунд хуруу, ядам хурууны өлмий ясны хугарал” бүхий гэмтэл тус тус учирсан, хохирогч , нарт учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 169, 265 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна.
Уг зам тээврийн осол нь “Toyota Carolla” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Toyota Carolla” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг чангатгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******ид 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарын эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэхээр хуульчлан заасан бөгөөд шүүгдэгчийн тухайд энэ байдал нотлогдохгүй байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч д 3.*******0.00 төгрөг, хохирогчт 1.500.000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь хохирлын баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ид торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь хохирлын баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчт 1.500.000 төгрөг, д 3.*******0.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ