Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд                                                                                                                                               Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                              Улсын яллагч Г.Анх-Ирээдүй                                                                                         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******,*******,******* хамт Дундговь аймгийн ******* сумын тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, //

          Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёлын төвийн гадна зүс таних үл ялих зүйлээс маргалдаж түүний нүүрэн тус газар удаа дараа цохиж унагасны улмаас эрүүл мэндэд нь “зүүн гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнөх өдөр нь үхэр чинь хороон дээр ирчихээд байна гэж хүүд нь хэлсэн. Гэтэл хүү нь “яасан багтахаа байчихаа юу” гэсэн. Багийн шинэ жил дээр ах хүүтэй тааралдаад хэлэхэд “өмнө нь багтаад болоод байсан одоо багтахаа байчихаа юу” гэсэн. Хоёулаа согтуу байсан. Намайг тоосгоор цохих гэж байсан. Миний цохисон нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

          Шүүгдэгч яллагдагчаар өгсөн “Би 2023 оны 12 сарын 20-ны өдөр ******* сумын Соёлын төвд 1-р багийн шинэ жилд оролцож байсан. Соёлын төвөөс гарч ирээд үүдэнд нь байж байсан чинь ах урд зогсож байхаар нь би хүрч очоод уулзаад юм ярьж байгаад өмнө нь утсаар ярьсан зүйлээ ярьсан юм. Би өмнө нь ахын утас руу залгасан чинь хүү Нарантулга нь утсыг нь авсан юм. Тэгэхээр нь би “танай үхэр чинь хороон дээр ирээд хонь хэвтүүлэхгүй байна” гэж хэлтэл Нарантулга нь “яасан багтахаа байх нь ээ” гэж хэлсэн юм. Тэрийг нь Мөнх эрдэнэ ахад хэлсэн, тэрнээс болж бид хоёр муудалцаад, би нүүр рүү нь гараараа цохисон юм. Тэгээд л бид хоёр салсан байх, би их согтуу байсан болохоор бусад зүйлээ сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42/

Хохирогч “2023 оны 12 дугаар сарын 20-ны орой сумын төв дээр ирэхэд тухайн үед манай багийн шинэ жил болж байсан. Тэгээд би шинэ жилд оролцоод, манай 2 найз шагнал авсан. Би хоёр найзынхаа шагналыг угаах гээд “Хараа” гэдэг нэртэй архи аваад, Туул гэдэг найзынхаа гэрт очиж нөгөө архиа дөрвүүлээ хувааж уучхаад соёлын төв рүү буцаж очсон.  Тэгээд соёлын төвөөс Олзвой найзтайгаа хамт гарч ирээд Соёлын төвийн урд байж байтал араас Туултай хамт гарч ирсэн. надад “бууцан дээр үхэр чинь ирээд байна” гэхээр нь би “өмнө болоод л байсан, одоо яагаад болохгүй байгаа юм бэ” гэсэн чинь миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би хавирч унгаагаад хажууд байсан тоосгыг аваад цохих гэсэн чинь манай найз Туул миний тоосгыг булааж аваад “боль, боль цохиж болохгүй” гэхээр нь би Гантулгыг босгочхоод байж байсан. Тэгсэн чинь намайг дуудаад “би ахыгаа зодохгүй” гээд Соёлын төвийн хойд тал руу дагуулж яваад нүд рүү гэнэт цохьчихсон чинь би ойчоод өгсөн. Тэгээд би босч зугатаагаад Туул найзынхаа машинд суугаад “найзыгаа хүргээд өгчих” гэсэн. Бид 2 Соёлын төвөөс хөдлөөд Олзвой найзындаа хүргүүлж буугаад тэндээ амарсан.  миний нүд рүү гараараа цохиж гэмтэл учруулсан. Одоо хөхөрч хавдсан байгаа. Баруун талын эрүү рүү гараараа цохисон. Зүүн талын гарын бугуй хавдаж хөдөлгөж болохгүй байгаа. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

Хохирогч дахин өгсөн “ намайг Соёлын төвийн хойд талд нүд рүү цохих үед нь би гараараа тулаад ойчсон юм. Тэгээд босоод Туулын машинд суух үед миний гар янгинаад байсан. Тэр үед хугарсан. Миний гар өвдөөд эдгэрэлт удаан байгаа. Нааш цааш явсан зардал, эмчилгээний төлбөр 1.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Гэрч “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай 1 дүгээр багийн шинэ жил  болоод би шинэ жилдээ оролцоод байж байхад намайг дуудаад байхаар Соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд сууж байсан.  Тэгээд надаас адуу сураад бид хоёр хамт зогсож байхад дуудаад “уулзъя” гээд дагуулаад явсан. Тэгээд Гантулгыг үхэр хөөлөө гээд хоорондоо маргалдаж байснаа Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар цохичихсон чинь газар ойчоод өгсөн. Тэр 2 дээр доороо ороод зодолдоод байхаар нь би очиж салгасан. Тэгтэл “одоо би таныг зодохгүй” гээд Соёлын төвийн хойд тал руу дагуулаад явсан. Тэгээд Соёлын төвийн хойно очоод муудалцсан юм шиг байгаа юм, удалгүй над дээр гүйж ирээд “намайг цохичихлоо” гээд байсан. Тэгээд явъя гээд байхаар нь би машиндаа суулгаад Олзвойгийнд хүргэж өгчихөөд, Олзвой бид 2 буцаад Соёлын төв дээр ирсэн. Олзвойгийнд амарлаа гээд буугаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/           

Гэрч  “2023 оны 12 сарын 20-ны өдөр манай 1 дүгээр багийн шинэ жил болсон. Бид хэд шинэ жилдээ оролцож байгаад , Энхтуул бид 3 бие засах гээд Соёлын төвөөс хамт гарч ирээд би бие засчхаад түрүүлээд орсон. Харин , Энхтуул хоёр гадаа үлдсэн. Тэгээд би Соёлын төвд орж юм үзэж байгаад тэр хоёрыг орж ирэхгүй болохоор нь яасан бол гээд соёлын төвөөс гараад ирсэн чинь “д зодуулчихлаа” гээд Мөнх-Эрдэнийн нүд хөхөрчихсөн байж байсан. Тэгээд бид 3 Энхтуулын машинтай манайд очиж хүргэж өгчхөөд, Энхтуул бид хоёр буцаж соёлын төв дээр ирсэн. Би зодоон болоход нь хажууд нь байгаагүй, гараад ирсэн чинь “д зодуулчихлаа” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай “ биед зүүн гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шуу ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт гэмтэл нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24/

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 /

          Дундговь аймгийн  Нэгдсэн эмнэлгийн Н.д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/

          Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримт, гэм буруугийн талаар:

          Дээрх баримтуудаар хохирогч Н. нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн гадаа бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

           Хохирогч Н. нь бусдад зодуулсны улмаас биед нь “зүүн гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай  дүгнэлтээр нотлогдож байна.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн гадна хохирогч бие махбодид халдаж зодсон болох нь хохирогч Н., гэрч Л.Энхтуул нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

          Шүүгдэгч хохирогч бие махбодид нь халдаж зодсон үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч нүүрэн тус газар гараараа цохисны улмаас хохирогч газар унах явцдаа “зүүн гарын шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал” гэмтэл авсан, шүүгдэгчийн хохирогчийг цохисон санаатай үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаанд холбоотой байна гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч Э.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.  

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, шүүгдэгч *******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг гэх тул түүний орлого олох боломж, нөхцөлийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

          Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа ирүүлээгүй боловч шүүгдэгч нь 1.000.000 төгрөг төлсөн байх тул дурдав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын  эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

      Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1.Шүүгдэгч Олхонууд овогт Эрдэнэтуяагийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч д 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Н.д 1.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н. нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ