| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй
Хохирогч *******
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,, хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй /РД:ВЕ8*******60512/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр аймгийн төвөөс баруун урагш 25 километрт асфальтан зам дээр 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 05 цагийн үед 39-73 УБТ улсын дугаартай Тоёота альфард /Toyota Alphard/ маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгаас Дундговь аймгийн чиглэлд явах замдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам засварын ажил хийгдэж байгаа тэмдэг, тэмдэглэгээ бүхий овоолсон шороог мөргөж улмаар зорчигч *******ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 09 сарын 02-ны өдөр Цагаан хаданд байж байтал утас дуугарахаар нь хартал Мөнхцэцэг байсан. Улаанбаатар хот руу явах уу гэхээр нь хэдэн хүн байгаа юм гэхэд 4 хүн байна гэсэн. 4 хүнтэй яаж явах вэ? гэтэл 6 хүн болчихлоо яваад өгчих гэж гуйсан. Замдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр зогсож хоол идсэн. Нааш явж байгаад овоолсон шороо орохоос өмнө хүмүүсээ буулгаж бие засуулсан. Тэгээд явж байтал овоолсон шороон дээр машин гараад гэрлээ хол дээрээ тавиад зогссон байсан. Гэрлийн гялбаанд ороод яах ийхийн зуургүй тийм зүйл болсон. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн. Банк бусын зээлээр машин худалдан авсан байсан. Гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байгаа. Хэргээ шийдэгдэхээр даатгалаас 5.*******0.000 төгрөг өгнө. Тэрийг банк бусдаа өгөөд сар, сард нь үндсэн төлөлтөө хийж явахаар ярьсан” гэв.
Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Үйл явдлаа урьд нь ярьсан учир дахин ярих шаардлагагүй байх. Ажилгүй байх хугацааны тэтгэмжээ гаргуулмаар байна. Өр зээл ихтэй учир ажилгүй байхдаа хүмүүсээс зээлж өрийн дарамтад орсон. 3 сар ажилгүй байх хугацааны мөнгө 7.500.000 төгрөг О.Эрдэнэ-Очроос нэхэмжилж байна. Илүү цагийн нэмэгдэл ороод 2.200.000-2.300.000 төгрөгийн цалин авдаг. Надад хохирол 1.500.000 төгрөг өгсөн” гэв.
Иргэний нэхэмжлэгч, хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “******* нь 2023 оны 06 сарын 02-ны өдөр “Нэт капитал” Баянхонгор салбартай 100527365 тоот зээлийн гэрээ байгуулж 14.450.000 төгрөгийг 39,6%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай авсан. Уг зээлийг Альфард маркийн 2006/2019 онтой 39-73 УБТ улсын дугаартай цагаан өнгийн авто машиныг худалдан авах зориулалтаар авсан. Уг машин нь “Нэт капитал финанс ББСБ”-ын нэр дээр байгаа. 2023 оны 09 сарын 20-ны өдрөөс хойш ******* зээлээ төлөөгүй. Өнөөдрийн байдлаар буюу 2024 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар энгийн хуваарьт орох төлбөр 5.250.000 төгрөг, нийт 15.433.693 төгрөгөөр зээл хаагдахаар байгаа. Хэрэг шийдэгдэж дуусвал даатгалаас 5.466.000 төгрөг орж ирнэ. Ингээд төлбөрийн хувиар руу орно гэж тохирсон юм билээ” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Гашуун сухайт боомтын тээврийн компаниас замын унаа болох цагаан өнгийн “Тоёота альфард” маркийн 8973УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд цуг ажилладаг ажлын газрын 6 хүн болон жолоочтой нийлээд 9 хүн УБ хот руу явсан. Тэгээд шөнө 04 цагийн орчимд Дундговь аймгийн нутаг дэвсгэр болон Сайнцагаан сумын 1 дүгээр багт явж байгаад овоолсон шороог харалгүй жолооч очоод мөргөсөн. Тэр ослын улмаас би нуруундаа гэмтэл авсан. Жолоочийг танихгүй. Жолооч эрүүл явж байсан. Одоогоор надад эмчилгээтэй холбоотой 1.090.000 төгрөгийн зардал гарсан. Цаашид хэвтрийн дэглэм сахих учраас ажилдаа явах боломжгүй болсон. Тиймээс хэвтрийн дэглэмтэй байх хугацааны цалингаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “39-79 УБТ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэл “Нэт капитал” ББСБ-н нэр дээр байгаа. ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 14.450.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. ******* нь одоо 13.197.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ дээр шийдэгдэх хугацааны хүү нэмэгдэнэ. ******* нь зээлээ бүрэн төлж дуусгаад манайхыг хохиролгүй болгох юм бол манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаанбаатар хот Жавхлант жолоо ХХК-д жолоочийн ажил хийдэг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг уг кампанийн салбар Өмнөговь аймгийн Ханбогд сум Цагаан хаданд нүүрс тээвэрлэлт явуулдаг. Би 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Ханбогд Цагаан хад гэх газар үйлчилгээнд явдаг Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл хүргэж өгөөд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 19 цагийн үед Өмнөговь аймаг Цагаан хад гэх газраас замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Замдаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо суман дээр 01 цагийн үед зогсож хоол идсэн. Хоол идчихээд тухайн сууж явсан машиндаа унтаж явсан. Гэтэл гэнэт хүмүүс орилоод сэрсэн чинь шороо манараад явчихсан. Замын хажуу руу гараад зогссон байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн арын эгнээний голд нь сууж явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Өмнөговь аймаг Цогтцэций сумаас наашаа 100-120 км/цагийн хурдтай явж байсан. Би хурдны заалтыг Цогт-Овоо сум хүртэл харсан. Хоол идээд сууснаас хойш унтсан болохоор ямар хурдтай явж байсныг хараагүй. Машинд жолоочтойгоо нийлээд 9-үүлээ явсан. Ойролцоогоор 04 цагийн үед гэж бодож байна. Жолоочийн хажуу талд Мөнхцэцэг гэх эмэгтэй сууж явсан. Нуруу эвгүй болчихлоо гэж байсан. Миний зүүн гар талын хаалга талд сууж явсан залуу хавирга эвгүй болчихлоо гэж байсан бусад нь зүгээр гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот явах гээд тэр үед хот явна гэж байсан замын “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд би замын турш унтаж явсан. Гэтэл Дундговь аймгаас урагшаа хэдхэн километрт миний сууж явсан тээврийн хэрэгсэл юм мөргөөд осолд орсон. Би яг яаж явж байгаад осолдсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг шороог мөргөөд цаашаа давж шороон замын уруу тал руу унасан байсан. Тэгээд урд сууж байсан нэг эмэгтэй бэртэл авсан. Бид хэд буугаад ойр орчмоо харахад миний сууж байсан машины мөргөсөн шорооны цаад талд нэг машин зогсож байсан. Жолоог машины эзэн нь өөрөө бариад явж байсан. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой Өмнөговь аймаг Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаан хад суурьшлын бүсээс Улаанбаатар хот явах гээд тэр үед хот явна гэж байсан замын “Тоёота альфард” маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгээд явсаар байгаад Цогт-Овоо суман дээр зогсож хоол идээд цаашаа явсан. Би хоол идчихээд унтсан байсан. Гэтэл Дундговь аймгаас наана 25 километр орчим зайд миний сууж явсан тээврийн хэрэгсэл зам засварын хаалтыг мөргөн цааш гарч онхолдсон байсан. Би унтаж явсан болохоор яг юу болсныг мэдээгүй. Тэгээд Дундговь аймгаас эмнэлэг ирээд бид нарыг авсан. Жолоог машины эзэн буюу жолооч нь өөрөө бариад явж байсан. Жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11292 дугаартай: “*******ийн биед тархи доргилт, сээрний 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай: “Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******ийн биед сээрний 11, 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 205-207/
Мөрдөгч : “******* жолоочтой 39-73 УБТ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.6-д зааснаар "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг асфальтан зам дээр 2023 оны 09 дугаар сарын 03-ны өдөр 05 цагийн үед 39-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3-д заасан дүрмийг зөрчиж *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх шалтгаант холбоотой байна. Дээрх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн үндсэн шалтгаан болсон нь материалд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх магадалгаа /хх-ийн 76-77/
Гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-62/
Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “ Тоёота альфард загварын 3973 УБТ тээврийн хэрэгсэл шууд зардлын дүн 4.746.000 төгрөг, шууд бус зардлын дүн 720.000 төгрөг, нийт дүн 5.466.000 төгрөг” гэжээ /хх-ийн 64/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/
Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 154-180/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1-р багийн нутаг дэвсгэр, аймгийн төвөөс баруун урагш 25 километрт асфальтан зам дээр “Тоёота альфард” маркийн 39-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл овоолсон шороо мөргөж зам тээврийн осолд орсон үйл баримт тогтоогдож байна. Зам тээврийн осолд орсон “Тоёота альфард” маркийн 39-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан *******ийн эрүүл мэндэд “сээрний 11, 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал” бүхий гэмтэл учирсан, хохирогч *******т учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 11292, 09 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдож байна. Уг зам тээврийн осол нь “Тоёота альфард” маркийн 39-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч *******ын 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр “Тоёота альфард” маркийн 39-73 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээтэй холбогдон гарсан зардалд 1.500.000 төгрөг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2023 оны 09 сарын 03-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг чангатгасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******т 2023 оны 09 сарын 03-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялын 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлсөн, үргэлжлүүлэн ажлаа хийж иргэний нэхэмжлэгчийн зээлийн гэрээтэй холбоотой төлбөрийг төлөх боломжтой, Дундговь авто зам засварын ажил дуусаад шороог буулгаагүйн улмаас осол гарсан зэрэг шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэхээр хуульчлан заасан бөгөөд шүүгдэгч *******ын тухайд хэрэгт авагдсан баримтаар энэ байдал тогтоогдохгүй бөгөөд хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 7.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч зээл хаах дүнгээр 15.433.693 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа зэргээс үзэхэд хохирол нөхөн төлсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Хохирогч Б.Мөнхцэцэг шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин 7.500.000 төгрөг гаргуулна гэж, иргэний нэхэмжлэгч ******* зээл хаах дүнгээр 15.443.693 төгрөгийг нэхэмжилнэ гэж тус тус мэдүүлж байх боловч хохирогч ******* нь өөрийн цалин хөлсний талаарх баримтыг, иргэний нэхэмжлэгч Ж.Чанцалдулам нь ******* нь Нэт капитал ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан болон уг зээлийг ямар хуваарийн дагуу эргэн төлөхөөр тохирсон, зээлийн гэрээг цуцалсан эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд “даатгалаас 5.466.000 төгрөгийг авч ББСБ-аас авсан зээлэндээ өгөөд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохирсон” талаар мэдүүлж байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заав.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******ын эзэмшлийн 3973 УБТ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Дундговь аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулагдаж байгаа болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3973 УБТ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ирүүлсэн гэмтэл согог судлалын үндэсний төв гэх хаяг бүхий дугтуйтай 4 ширхэг СД-г хохирогч *******т тус тус буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******т торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Мөнхцэцэгийн ажилгүй байсан хугацааны цалин 7.500.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ын нэхэмжилсэн 15.443.693 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******т 1.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3973 УБТ улсын дугаартай “Тоёота альфард” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******т, гэмтэл согог судлалын үндэсний төв гэх хаяг бүхий дугтуйтай 4 ширхэг СД-г хохирогч *******т тус тус буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР