Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/34

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч Г.Анх-Ирээдүй

           Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Агротехникч, сэтгүүлч мэргэжилтэй, малчин ажилтай, *******,*******,******* хамт Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “Харганы гол” гэх газар нутаглах, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 185 дугаар зүйлийн 185.2-д зааснаар хорих ял шийтгүүлж байсан, //.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн  ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Харганы гол” гэх газар зүс таних малын бэлчээрийн улмаас маргалдан түүний толгойн тус газарт нь шилбүүрээр цохиж зодон эрүүл мэндэд нь “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний мэдүүлэг өмнөх мэдүүлэгтэйгээ огт зөрөхгүй. Хохирогч бид хоёрын мэдүүлэг шал өөр байгаа. Энийг шүүх харгалзан үзэж үнэн мөнийг нягтлаасай гэж хүсэж байгаа юм. Хохирогч миний алдааг далимдуулаад мөнгө авахын төлөө байгаа. Хохирогч удаа дараа дарамтлах байдлаар чиний нэр төр хачин болно шүү гэж, утсаар ах дүү нар нь ч ярьсан. Чи 1.800.000 төгрөг өг, 2.000.000 төгрөг өг тэгэхгүй бол би цагдаад өгч шүүхээр явна гэсэн. Тэгэхээр нь би тэгээ чамд нэхсэний чинь зоргоор мөнгө өгч чадахгүй. Боломжоороо 300.000 төгрөг өглөө гэсэн. Энэ хүн надаас мөнгө салгах сонирхолтой. 04 сарын 15-ны өдөр миний мэдүүлэгт тусгасан шиг үйл явдал болсон. Бид илүү гаргаж хэлээгүй, дутааж юм нуугаагүй.  Хохирогч удаа дараа хэрэлдэж, дарамталж, байнга гэрийн гадуур малаа хариулж, малын бэлчээрт малаа хорьж, нохойгоороо мал бариулдаг.  4-5 жил саахалт байх хугацаандаа дүү нар минь битгий тэгж бай, болдоггүй юм шүү гэж хэчнээн хэлсэн. Сүүлдээ хэрэлддэг, доромжилдог,  намайг хөөдөг болсон. Би хөгшчүүлээс шилбүүрээр ороолгуулаад л буруугаа хүлээдэг байсан. Тэр аргаас өөр юм байхгүй юм байна гээд шилбүүрээр 3 удаа ороолгох гээд 3 дахь нь үзүүр нь очоод цохисон. Яг болсон үйл явдал миний мэдүүлгээс хаашаа ч зөрөхгүй. Хохирогчийн ална, дарвалзаад байсан гэдэг үг хэллэг, тэр хүний бодол, хүч оруулж хэлж байгаа гүтгэлгүүд байгаа юм. Хэд хэдэн удаа цохисон гээд байгаа юм. Нэг л удаагийн цохилт очсон.  Гэтэл аймаар зодуулчихсан хүн болж өөрийн нугасныхаа усыг гуйж байж авхуулсан байдаг. Энэ талаар Батсайхан гэдэг гэрчийн мэдүүлэгт байгаа. Нугасныхаа усыг авхуулаад өөрийгөө алах нь байна шүү дээ сайн бариачаар л бариул гэж өөрийнхөө мэддэг хэмжээнд зөвлөгөө өгөөд 300.000 төгрөг өгсөн. Ах нь дахиж  мөнгө төгрөг өгч чадахгүй шүү гэж хэлээд орхисон. Ийм үйл явдал болсон. Хоорондоо учраа ололцвол яасан юм бэ? гэж цагдаагийн байгууллагын зүгээс санал тавьж байсан. Хохирогч болон ах, дүү нартай нь  энэ талаар ярилцаж байсан. Гэтэл тэр хүний гүтгэж байгаа, цуу тарааж байгаа байдал, хэрэгт өгсөн мэдүүлгүүд нь гүтгэлгийн шинжтэй байсан. Эд нар дурын эмнэлгийн байгууллага, эмчийг хахуульдаад юм уу, хуйвалдаад авчихдаг хүмүүс байгаа юм. Тухайлбал хохирогчийн нөхөр нь группэд байдаг. Өвөрхангай аймгийн эмч нарыг зохицуулж байгаад групп авдаг. Тийм учраас шүүх, хяналтын байгууллага яаж шүүдэг, зөв бурууг нь ялгадаг вэ? гэдгийг мэдрэг гэж бодсон. Би прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг өгсөн юм. Гэтэл прокурор анзааргагүй, сонирхолгүй хандахлаар нь шүүх дээр очоод өөрийг нь байлгаж байгаад энэ бүгдийг ойлгуулъя бодож байсан. Шүүх эцсийн шийдвэр гаргадаг, зөв бурууг тогтоодог. Тийм учраас би шүүхэд итгэж, тэр хүнийг юм ойлгог гэж бодсон юм. Хүнийг гүтгэж, далимдуулаад явдаг залуу үеийнхний буруу хандлагыг зохицуулахад хойшдоо анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэрийг харъя гэж бодож байна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 04 сарын 15-ны өдөр ******* сумын 2-р баг “Харганы гол” гэх газарт мал дээрээ явж байсан чинь Энхцэцэг гэх саахалтын хүн малаа манай бэлчээр дээр хориод байсан. Тэгээд би очоод Энхцэцэгт “малаа ав” гэж хэлтэл “яадаг юм чи ер нь юу юм” гээд өөдөөс уурлаад байхаар нь шилбүүрийн хуйваар 2 удаа ороолгосон. Дахиад нэг удаа ороолгох гэтэл модны үзүүрээр шилэн хүзүү хэсэгт нь цохисон. Тэгээд Энхцэцэг цагдаад хэлнэ гээд яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би таньдаг байсан. Өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би 1966 оны 05 сарын 21-нд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Эхээс наймуулаа айлын 3 дахь хүүхэд. Дундговь аймгийн ******* сумын сургуульд 1974-1982 онд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Хөдөө аж ахуйн техникумд 3 жил суралцсан. Цэргийн албыг Улаанбаатар хотод Улиастайн 016-р ангид 1984-1987 онд хаасан. Цэргээс ирээд Хөдөө аж ахуйн техникумд үргэлжлүүлэн сураад 1988 онд төгссөн. 1988 оноос Дундговь аймгийн Адаацаг суманд Борын хөндийн Тариа бригадад дарга агротехникчээр 1992 он хүртэл ажилласан. 1992-1996 онд ******* суманд мал малласан. 1996-2004 он хүртэл ******* сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2004 оноос өдийг хүртэл мал маллаж******* хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* суманд амьдарч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 110/

Хохирогч 2023 оны 08 сарын 28-ны өдөр өгсөн: “2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хөдөө гэр болох  Дундговь аймгийн ******* сумын 2-р багт байх “Харганы гол” гэх газарт хонь малаа хариулаад явж байтал ******* гэх хүн мотоциклтой хүүхдийнхээ хамт ирээд хонио ав айл руу хонио явуулаад байх юм гэхээр нь би *******т та хүүхэн шиг гоншигноод гэж хэлсэн чинь намайг ******* мотоциклоосоо бууж ирээд дээрээс хойш дарвалзаад байгаа юм алаад хаячий гэж хэлээд миний толгой хэсэг рүү бүдүүн шилбүүрийн модоор цохиод бас нуруун дундуур цохиод дараа нь дахиад толгой хэсэг рүү цохих гэхээр нь би гараараа хаасан. Миний гар болон толгой тухайн үед хавдсан. Тэгээд би чамайг цагдаа дуудаж бариулна гэж хэлээд гэртээ очоод Баянгол сум руу утсаар ярьж цагдаа болон эмнэлэг дуудаж үзүүлсэн. Ирсэн Баянгол сумын эмч намайг даралт өндөр байна харвалт өгсөн байж магадгүй та сум орж их эмчид үзүүл гэж хэлээд Өвөрхангай аймгийн Баянгол сум руу авч явж тэр орой нь эмнэлэгт хэвтээд маргааш өглөө нь их эмч нь намайг үзээд шууд Өвөрхангай аймагт очиж үзүүлэхгүй бол болохгүй хүн байна гэж хэлээд Өвөрхангай аймаг руу өвчин намдаах тариа хийгээд аваад явсан. Намайг Өвөрхангай аймагт аваачаад үзүүлсэн боловч тал харвалттай байна толгой нь битүү хавантай байна гэсэн онош гарсан. Тэгээд намайг Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвт гэхээр нь би Баянгол сумын эмнэлэгт хэвтэнэ гэж хэлээд буцаад сумын эмнэлэгт хэвтэж байтал миний бие муудаад Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү хүргэгдэж эмчлүүлж байх хугацаанд тал харвалттай байсан учир бүтэн харваж магадгүй гээд миний нугаснаас ус авсан. Тэгээд би эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Би эмнэлгээс гараад гэртээ 3 хоног ямаагаа самнаж байгаад хот руу эмчлүүлэхээр явсан. Хотод очоод толгой болон хүзүүний имрайд харуулсан. Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлж байгаад эмнэлгээс гараад Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нүдний хараа өөрчлөлттэй байна гэж байсан. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Тухайн үед миний биеийн байдал тааруу бас хувиараа тохиролцъё гэж бодож байсан. Мөн ******* нь манай төрсөн ах, эгч нарт миний эмчилгээний зардлыг төлнө гэж ярьж байсан болохоор цагдаагийн байгууллагад тухайн үед хандаагүй. ******* нь миний толгойны ар дагз хэсэг рүү 2 хуруу нийлүүлсэн хэмжээтэй суран хуйгаа гадуур нь ороосон модоор 1 удаа цохисон. Мөн нуруу хэсэг рүү бас нэг удаа дараагийн цохилтыг нь би гараараа хаасан. Би тухайн үед нийтдээ 2.315.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Надад эмчилгээ хийлгэсэн бүх баримт нь байгаа. Би гомдолтой байна. Эмчлүүлсэн эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна миний гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

Хохирогч 2023 оны 11 сарын 20-ны өдөр дахин өгсөн: “Эмчилгээ хийлгэсэн болон нааш цааш явсан урсгал зардал 2.370.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо л барагдуулж эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч : “2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* сумын 2 дугаар баг “Харганы гол” гэх газар Манай сумын 4-р багийн иргэн Даржаа овогтой Энхцэцэг нь шөнийн 20 цаг 30 минутын үед манай дуудлагын утсанд “Би хүнд зодуулаад толгойн хэсэгт хавдаад өвдөөд болохгүй байна” гэсний дагуу би түргэний жолооч Наранбаатарын хамт гэрт нь очиход биеийн байдал дунд орчиндоо харьцаатай асуусан асуултанд хариулна үе, мөч хөдөлгөөн чөлөөтэй артерийн даралт 110/ 70, судасны цохилт 102, уушги 2 талдаа цулцангийн амьсгалтай, хэл чийглэг өнгөргүй хэвлий зөөлөн тэмтрэлтээр эмзэглэлгүй, шээс болон өтгөний гарц хэвийн “хэсэг газрын үзлэгээр толгойн ар хэсэг юмаар цохигдсон хавдартай эмзэглэл өвчин ихтэй мөн зүүн гарын бугуй хэсэгт цохигдсон өвчин ихтэй боловч хавдаргүй байсан. Тэгээд би өвчин намдаах тариа судсаар хийж зөөлөн тээвэрлэж Баянголын эмнэлэгт авч ирж ажиглалтад хэвтүүлсэн. Маргааш өглөө нь их эмч З.Сарантуяа үзээд Өвөрхангай аймагт очиж үзүүлж зураг авхуулж онош тодорхойлохыг зөвлөсөн. Тэгээд манай эмнэлгээс гараад явсан. Тухайн үед надад ******* сумын хүнд модоор толгой болон гар руугаа цохиулсан гэж ярьж байсан. Өөр сайн мэдэхгүй байна ямар ч байсан толгой болон гар нь юмаар цохиулсан бололтой толгой хэсэг хавдсан гар нь улайсан байдалтай өвчин ихтэй байна гэж байсан. Д.Энхцэцэг манай эмнэлгээр 2 жилийн өмнө ходоод болон дотор эрхтний чиглэлээр эмчлүүлж байсан. Манай эмнэлэгт хэвтэж байсан үгүйг нь сайн мэдэхгүй байна. Д.Энхцэцэг нь манай эмнэлэгт 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 25-ны өдөр хүртэл 8 хоног эмчлүүлж хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч : “Тухайн үед 2023 оны 04 сарын 16-ны өдөр байсан байх. Манай эмнэлэгт хүнд зодуулсан гэж ирж үзүүлсэн. Д.Энхцэцэг нь тархи доргилт хөнгөн зэргийн няцралттай байсан. Тэгээд хэвтэж эмчлүүл гэсэн, хэвтэхгүй явсан байсан. Хэд хоногийн дараа манай эмнэлэгт ирж 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Толгой өвдөөд нойр хүрэхгүй байна гээд болохгүй байхаар нь нугаснаас нь ус авахад бага зэргийн тархины даралттай байсан. Тэгээд эмчилгээ хийлгэж сайжраад манай эмнэлгээс гарсан. Д.Энхцэцэг нь хэд хоногийн дараа хот явж бариачаар толгойгоо бариулна гэж ярьж байсан. Д.Энхцэцэгийг эмчилгээ хийлгэж байх үед ******* болон Энхцэцэгийн  төрсөн ах нь надтай ирж уулзаад биеийнх нь талаар асууж байсан. Тухайн үед биеийн байдал хэвийн нугаснаас ус аваад 4 хонож байсан  байх. Мэс засалд орохоор хүнд биш тархи доргилт, няцралттай байна гэж би тухайн үед хэлж байсан. Д.Энхцэцэг нь манай эмнэлэгт ирэхдээ толгой өвдөлттэй толгой бага зэргийн хавантай, мөн няцралттай толгойгоор өвдөлттэй гэсэн оноштой хэвтэж эмчлүүлж байхдаа толгой өвдөөд болохгүй байна мөн нойр хүрэхгүй байна гэсэн. Оношлох,  даралт харвахыг урьдчилан сэргийлэх зорилгоор нугаснаас ус авахад бага зэргийн тархины даралт байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч : “2023 оны 04 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2-р багийн “Харганы гол” гэх газарт хоорондоо маргалдаж нэгнийгээ цохиж гэмтээсэн гэж хүнээс дуулаад Д.Энхцэцэгийг Өвөрхангай аймгийн Баянгол суманд эмнэлэгт хэвтэж байх үед нь эргэж очиход орон дээр тариа дусал хийлгээд хэвтэж байсан. Манай дүү Д.Энхцэцэг надад хэлэхдээ *******тай малын бэлчээрээс болж муудалцаад намайг шилбүүрийн модоор 2 удаа миний толгойны дагз хэсэг болон гар руу цохиж гэмтээсэн. Тэгээд миний толгой өвдөөд эмнэлэгт ирээд хэвтэж байна гэж хэлж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын эхээр байх *******тай ******* суман дээр уулзаад ярьж хөөрч байгаад хамт очиж Д.Энхцэцэгийг эргэж биеийн байдлыг нь үзэж цаашид яах талаараа ярих гэж Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэг дээр очиж уулзахад биеийн байдал нь муу дусал хийлгээд хэвтэж байсан. Мөн нугасны ус авхуулсан гэж хэлсэн. ******* бид хоёр 3 давхраас үүрч тархины зураг авахуулчихаад эмчлэгч эмч Батсайхан гэх хүнтэй уулзаж биеийнх нь байдлыг асуухад одоохондоо сайн мэдэгдэх юм алга гэмтэл нь гайгүй байна. тархи цууралттай, цус хуралттай байна гэж хэлж байсан. Тэгээд *******тай уулзаж ярилцахад би гарсан төлбөр мөнгийг нь чадлаараа төлөлцөнө, хоорондоо тохиролцъё гэж ярихаар нь би айл саахалт айлууд мөн нэг нутаг усны хүмүүс юм байна гэж бодоод цагдаагаар явахгүй хоорондоо тохиролцохоор болж ярилцсан. Тэгээд эхлээд ******* нь манай дүү Энхцэцэг 300.000 төгрөг өгч байя гээд өгсөн. Энхцэцэгийн эмчилгээний төлбөр нь 2.000.010 төгрөг гарсан юм шиг байна лээ. Тэгээд *******т эмчилгээнд гарсан зардлаа хэлэхэд тийм их мөнгө өгч чадахгүй хууль цагдаагаараа яв гэж хэлсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн  22/

Гэрч : “Би Баянгол сумын хэсгийн цагдаагаар ажилладаг.  2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Энхцэцэг гэх хүн хүнд зодуулсан гэх дуудлага ирээд би багийн дарга Б.Энхсайханы хамт “Харганы гол” гэх газар руу явсан. Би дуудлагад очих үед Д.Энхцэцэг нь толгой өвдөөд байна гээд гэртээ орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ******* гэх хүн миний толгойны ар хэсэг рүү шилбүүрийн модоор цохисон. Миний толгой өвдөөд байна гээд хэвтэж байсан. Би толгойны арын цохиулсан хэсгийг үзэхэд хавдсан юм шиг бага зэрэг бамбайсан байдалтай болсон байсан. Тэгээд би багийн даргын хамт *******ынд очиж юу болсон талаар асуухад манай бэлчээр рүү малаа хариулаад байхаар нь маргалдаж муудалцаж байгаад шилбүүр модоороо айлгах гэж далайх гэж байгаад шилэн хүзүүний ар хэсэг рүү нь шилбүүрийн модоороо цохисон гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр сум руугаа буцсан. Д.Энхцэцэг гэх хүнийг би дуудлагад нь очоод та өргөдөл бичиж өгөөрэй гэж хэлсэн өрөгдлөө өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч : “Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Харганы гол” гэх газарт аав Мөнхбаярын хамтаар явж байгаад хөдөө хээр Энхээ гэх эгчтэй манай аав Мөнхбаяр бэлчээрийн асуудлаас болж хоорондоо маргалдсан. Тухайн үедээ манай аав Энхээ гэх хүнийг мал хариулахдаа барьж байсан шилбүүрээр тухайн эмэгтэйн нуруу хэсэгт нь 2 удаа ороолгож авсан. Мөн тэд нар дахин маргалдаж манай аав дахин шилбүүрээрээ ороолгох гэтэл би дундуур нь орж салгасан. Тэгтэл тэр үед шилбүүрийнх нь модоор тухайн эмэгтэйн шилэн хүзүү орчимд нь санамсаргүй байдлаар цохичихсон юм. Дараа нь нөгөө эмэгтэй нөхрийн хамтаар мотоциклтойгоо явчихсан. Аав Мөнхбаяр Энхээ гэх хүнийг ар нуруу хэсэгт нь шилбүүрээр 2 удаа ороолгосон. Мөн дараа нь 1 удаа ороолгох гэтэл би дундуур нь салгахаар орсон боловч тухайн эмэгтэйн ар шилэн хүзүүн тус газарт нь шилбүүрийн модоор цохигдсон өөр зүйл байхгүй. Манай аав болон би ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Маргалдаж байхдаа Энхээ гэх хүн нь газраас чулуу аваад манай аав Мөнхбаяр руу шидсэн. Газраас гартаа чулуу базаж аваад шидсэн юм. Оносон эсэхийг нь мэдэхгүй байна. Надад халдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 179 дугаартай: “ биед гэмтэл тогтоогдсонгүй. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38-42/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

           Иргэн Дундговь аймгийн ******* сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/

            Баянгол сумын  хүн  эмнэлгийн №165 дугаартай өвчний түүх, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилгааны тэмдэглэл  /хх-ийн 45-49/

            Хохирлын баримтууд /хх-ийн 86-98/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-141/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д.Энхцэцэг нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Харганы гол” гэх газарт бусдад зодуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Д.Энхцэцэг нь 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээчийн 2023 оны 09 сарын 20-ны өдрийн 179 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч ******* нь 2023 оны 04 сарын 15-ны өдөр малын бэлчээрээс болж хоорондоо маргалдан шилбүүрийн модоор цохиж учруулсан болох нь хохирогч Д.Энхцэцэг, гэрч М.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч *******ын хохирогч эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Д.Энхцэцэг нь мөрдөн байцаалтын шатанд “...нийтдээ 2.315.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн” гэж мэдүүлсэн байх боловч хэрэгт 1.289.760 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлын баримтыг ирүүлсэн байна. Шүүх хохирлыг нотлох баримтын хүрээнд буюу 1.289.760 төгрөгөөс тооцож /530.000+240.000=770.000/ 770.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримт нь хэн хаанаас ямар үйлчилгээ авсан нь тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийн хохирогчид төлсөн 300.000 төгрөгийг хасаж тооцон 219.760 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч олгох нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д.Энхцэцэг нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, прокурорын саналын дагуу 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т энэхүү тогтоолоор торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 219.760 /хоёр зуун арван есөн мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулан хохирогч олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч нэхэмжлэлээс 770.000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Энхцэцэг хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР