| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/04409/И |
| Дугаар | 102/шш2021/00276 |
| Огноо | 2021-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/шш2021/00276
2021 оны 01 сарын 29 өдөр Дугаар 276 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Өнөр хороолол дүгээр байр, тоотод оршин суух, Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, дугаар хороолол, Хасбаатар гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, -д холбогдох,
төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
миний бие 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээгээр 1,300,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж, нотариатаар гэрчлүүлсэн билээ.
зээлийн гэрээний хугацаанд 2019 оны 11,12,1 саруудад хүүнд 130,000 төгрөгөө төлж байгаад 02 дугаар сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, 2 сарын 12-д 80,000 төгрөг, 04 дүгээр сарын 11-д 50,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-д 20,000 төгрөг, 05 дугаар сарын 13-д 20,000 төгрөг, 06 дугаар сарын 19-д 20,000 төгрөгийг тус тус төлсөн юм. Ингээд эхний 3 сарын хүү 390,000 төгрөг, сар бүр төлөх хүү 240,000 төгрөгийг нэмээд бүгд 630,000 төгрөгийг төлсөн. нь 12 сарын хүүнд /12 сар*130,000/ 1,560,000 төгрөгийг төлөх ёстойгоос 630,000 төгрөгийг төлсөн тул 930,000 төгрөгийн хүү төлөгдөөгүй. Ийнхүү төлөгдөөгүй 930,000 төгрөгийн хүү болон үндсэн зээлийн төлбөр 1,300,000 төгрөг, нийт 2,230,000 төгрөгийг төлөх ёстой. Мөн гэрээнд заасан 0,5 хувийн алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцвол 650,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас нийт 2,880,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нар нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр харилцан тохиролцож 1,300,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, нотариатаар байгуулсан байдаг. Хариуцагчийн хувьд зээлийн гэрээний үүрэгт хүүнд нийт 1,560,000 төгрөг төлөх ёстой байснаас 638,000 төгрөгийг төлсөн байдаг. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүүнд 722,000 төгрөг болон үндсэн зээлийн төлбөр 1,300,000 төгрөг төлөх үүрэгтэй байгаа. Уг төлбөр дээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан алдангийг тооцож үзэхээр нийт 2,870,000 төгрөг болдог. Анх миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас нийт 2,880,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч өнөөдрийн шүүх хуралдаан дээр 10,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагчаас 2,870,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Миний хувьд өмнөх төлбөр төлсөн баримтын талаар асуухад ...Энэ одоо хамаа байхгүй. Өмнөх зээлийн гэрээний төлбөр дууссан. Одоо би 2019 онд байгуулагдсан гэрээний дагуу мөнгөө нэхнэ... гэж хэлж байсан. Өнөөдрийн тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал талууд сайн дурын үндсэн дээр гэрээгээ сунгаад яваад байгаа үйл баримт харагддаг. Хариуцагчийн хувьд 2019 оны гэрээний дагуу төлбөр төлсөн баримт гэх зүйл байхгүй. Хариуцагчийн төлбөр төлсөн гэх баримтаас харвал үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн зүйл байдаггүй. Хэрэв хариуцагч эвлэрэх санал гаргавал итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрт олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээнээс хасч эвлэрэх боломжтой гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал хариуцагч нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулж, нотариатаар зээлийн гэрээг байгуулсан нь харагддаг.
Талуудын хооронд 2016 онд зээлийн гэрээ байгуулагдаж байсан гэдэг нь үнэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс мөнгө төлдөггүй байсан учир 2019 оны 10 сарын 16-ны өдөр үндсэн зээлээ төлөөч гэсэн санаа зорилготойгоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд зээлийн үндсэн төлбөрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул зээлийн үндсэн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Миний хувьд анх 2016 онд 1,500,000 төгрөг зээлж аваад буцааж бэлнээр 200,000 төгрөгийг төлсөн байдаг. Тухайн үед миний бие бизнес эрхэлж байсан боловч бизнес маань дампуурсан тул уулзаж ...Эгчийнх нь эрхэлж байсан бизнес дампуурчихлаа. Зээлийн хүүгээ зогсоогоод өгөөч... гэж гуйгаад. Өнөөдрийг хүртэл их, бага хэмжээгээр тасралтгүй зээл төлж явсан. Би ...Зээлийн хүүгээ зогсоосон биз дээ. Эгч нь өгч байгаа мөнгөө үндсэн зээлээс хасч байгаа гэж ойлгож байгаа шүү.. гэж асуухад ...Та боломжоороо мөнгөө төлөөд явчих. Яваандаа болно ш дээ эгчээ. Та яагаад санаа зовоод байгаа юм... гэж хэлдэг байсан. Тухайн үед миний бие анх удаа хүнээс мөнгө зээлж авсан болохоор айдастай ч байсан. Дээр нь миний эрхэлж байсан бизнес дампуурчихсан болохоор маш их стресстэй байсан. Гэтэл миний ажиллуулдаг байсан лангуун дээр ирээд та мөнгө өг гэж маш их дарамталдаг байсан болохоор айсандаа олсон бүх мөнгөө өгөөд, одоо хүүгээ зогсоогоод өгөөч гэж хэлээд 200,000 төгрөгөөр, 250,000 төгрөгөөр маш олон удаа өгсөн. Өнөөдрийн хувьд надад дахиж өгөх мөнгө байхгүй. г уулзах болгондоо одоо надад мөнгө өг, дахиж гэрээ хий гэж дарамталдаг байсан. Одоо ч гэсэн намайг болон миний хүүхдүүдийг янз бүрээр дарамталж байсан тул 2019 онд зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг аваагүй. Миний хувьд хангалттай мөнгө төлсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан 2,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 10,000 төгрөгөөр багасгаж, 2,870,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч 1,300,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, 1 сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авахаар харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулсан байх ба нэхэмжлэгч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт нийт 2,870,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг хүлээж аваагүй. Харин 2016 онд 1,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэхүү мөнгөө төлөөд дууссан гэж үзэж байгаа. Гэтэл 2019 онд бичгээр гэрээ байгуул гэж дарамталсаар байгаад 1,300,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг зээлж авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд үүнээс хойш хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний үүрэгт 2016 онд 1,659,000 төгрөгийг, 2017 онд 850,901 төгрөгийг, 2018 онд 933,000 төгрөгийг, 2019 онд 1,048,000 төгрөгийг, 2020 онд 210,000 төгрөгийг, нийт 4,700,901 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч дугаартай данснаас дугаартай данс руу 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш нийт 4,700,901 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 5019544570 дугаартай дансыг нэхэмжлэгч эзэмшдэг болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байхаас гадна уг мөнгийг хүлээн авсан эсэх дээр маргахгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Талууд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан эсэх, гэрээнд гарын үсэг зурсан эсэх дээр маргаагүй боловч гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн эсэх дээр маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...хариуцагч нь 2016 оны зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрөөс мөнгө төлдөггүй байсан учир 2019 оны 10 сарын 16-ны өдөр үндсэн зээлээ төлөөч гэсэн санаа зорилготойгоор зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна... гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 10 сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 1,300,000 төгрөгийг шилжүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гаргасан 2,870,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан гаргасан 2,870,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА