Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 776

 

 

 

 

 

 

 

2020           06           16                                          2020/ДШМ/776                                        

 

 

З.Т-, П.Э- нарт холбогдох                                                                        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                             

            прокурор Ц.Отгонсүрэн,

            шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир,

шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч З.Т-, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн П.Э-, З.Т- нарт холбогдох 2010000000039 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. А овгийн З-ын Т, Улаанбаатар хотод 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн уул уурхайн менежментийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00-00а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

2. Б овгийн П-ийн Э, Дархан-Уул аймгийн Орхон суманд 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Мон-Лаагийн 0 дүгээр гудамжны 00а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/;

      З.Т- нь учрах саадыг арилгах зорилгоор, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын автомашины зогсоолоос Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 78-08УБД улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйээр авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

      З.Т-, П.Э- нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаар байрны автомашины зогсоолоос Э.Болор-Эрдэнийн эзэмшлийн 53-37УНИ улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, З.Т-, П.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн, мөн шүүгдэгч  З.Т-, П.Э- нарыг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Т-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Э-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тус бүрийн цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “Toyota prius-30” загварын 24-10УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15,800,000 төгрөгийг шүүгдэгч З.Т-, П.Э- нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 7,900,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй өргөгч /домкрат/, төмөр иш, дугуй тайлагч багаж /дорцов/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Түвшинтөгсийн хамт таксинд явж байгаад “Буянт-Ухаа” цогцолборын хойд талын 250 дугаар байранд хүн буулгасан. Хүн буусны дараа найз Түвшинтөгс “Домкрат, дорцов аваад ир” гэсэн. Би авч өгчихөөд бие засч, тамхи татаад 15-20 минут орчмын дараа ирэхэд Түвшинтөгс байшингийн булан тойрч ирээд “зугтаарай” гээд гүйсэн. Би юу болоод байгааг сайн ойлгоогүй. Маргааш нь ажил дээр Түвшинтөгс цагдаатай ирсэн. Тэр энгийн хувцастай цагдаа нь намайг зодож, машины тээшинд хийгээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авчирсан. Өөр нэг цагдаа намайг зодож байгаад орой нь 461 дүгээр хорих ангид 30 хоног хорьсон. Би хийгээгүй хэрэгт 1 жил хорих ял шийтгүүлж, 7,900,000 төгрөг төлөх болсонд маш их гомдолтой байна” гэв.

Шүүгдэгч З.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... би өсвөр насны гэнэн томоогүй зандаа хөтлөгдөн, анх удаа хулгайн гэмт хэрэг хийсэн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нийлэхгүй байна. Учир нь, автомашины домкрат, дорцов нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт хамаарахгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэв.

Шүүгдэгч П.Э-ий өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж заасан. Гэтэл дугуй өргөх зориулалттай домкрат, дугуй тайлагч багаж зэргийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулаагүй гэж шүүх дүгнэсэн атлаа хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх багаж нь ердийн үед дугуйг тайлахад тогтмол, засаж тохируулах шаардлагагүйгээр хэрэглэгддэг. Мөн шийтгэх тогтоолын 7 дугаар талт шүүгдэгч нар хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигладаг болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэжээ. Энэ нь миний үйлчлүүлэгчийг байнга хулгай хийдэг, ингэхдээ байнга машин механизм ашигладаг гэсэн утгыг илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд энэ талаар байхгүй, хавтаст хэргээр тогтоогдоогүй үйл баримтанд үнэлэлт дүгнэлт өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн болно.

Миний үйлчлүүлэгчийг машин механизм ашигласан гэж дүгнээгүй атлаа “Toyota prius-30” загварын 24-10УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн 7,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Уг хэрэгт тээврийн хэрэгсэл ашиглаагүй бөгөөд ашиглахыг завдаагүй, хулгайлахаар завдсан үйлдэл нь нэг дугуйны боолтыг тайлж байх явцад цагдаагийн алба хаагч ирсэнээр төгссөн болно.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчийн гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй байдал, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч З.Т-ийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч З.Т- нь 19 настай, эхийн хамт амьдардаг, ШУТИС-ийн Геологи уул уурхайн салбар сургуулийн уул уурхайн менежментийн 2 дугаар дамжааны оюутан, урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Эхийгээ мөнгө олох гэж хөдөлмөрлөн ядарч байгааг зүгээр хараад сууж чадалгүй, тус нэмэр болох гэж байгаад гэмт хэрэгт холбогдсон. Мөн тусгайлан бэлтгээгүй, өөрийн автомашины арын тээшинд байсан домкрат /өргөгч/ болон дугуйн дорцовыг ашигласан. З.Т-ийг машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй байхад хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хүндрүүлэх шинжээр хорих ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино’’, 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Гэвч шүүх шүүгдэгч З.Т-ийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байхад, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцон, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

            Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. Өөрөөр хэлбэл дугуйг тайлах, автомашиныг өргөх зориулалттай, автомашины зориулалтын домкрат, дугуйн дорцов болохоос биш тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан зэвсгийн чанартай зүйл биш болох нь гэрэл зургаас харагддаг.    

            З.Т-ийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боловч дангаараа түүнийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж буруутгах үндэслэл болохгүй. Түвшинтөгсийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар завдалт тул энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээнэ. З.Т- нь баруун хойд талын дугуйны боолтыг тайлж байхдаа гэмт үйлдэл нь төгссөн тул хулгайлах гэмт хэргийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох боломжгүй.

Шүүгдэгч З.Т- нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ автомашин ашигласан гэдгээ мэдүүлдэг, хохирогч Д.Цэцэгсүрэн дугуйгаа алдсан талаар мэдүүлдэг боловч хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар машин механизм ашигласан болох нь тогтоогддоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч З.Т-ийн өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа машин механизм ашигласан гэж буруутгах үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр, шүүх хулгайлах гэмт үйлдэлдээ машин механизм ашигладаг болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт нэг ч нотлох баримт авагдаагүй.

Хулгайлах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй тул шүүгдэгч З.Т-, П.Э- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хохирогч Э.Болор-Эрдэнийн эрх ашигт бодит хохирол учруулаагүй, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг онцгой анхаарч үзэхийг  хүсч байна.

Иймд З.Т-, П.Э- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Т-ийн ганцаараа үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хамт хулгай хийх талаар харилцсан байдаг тул урьдчилан үгсэн тохирсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч нар болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.Т-ийг 2019 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих тусгайлан бэлтгэсэн зэвгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын баруун талын автомашины зогсоолоос Д.Цэцэгсүрэнгийн эзэмшлийн 78-08УБД улсын дугаартай “Toyota prius-30” загварын дөрвөн дугуйг хулгайлсан, мөн бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 250 дугаартай байрны автомашины зогсоолоос Э.Болор-Эрдэний эзэмшлийн 53-37УНИ улсын дугаартай “Toyota prius-30” загварын автомашины дөрвөн дугуйг хулгайлахыг завдсан гэж тус тус үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх төгссөн болон завдсан хоёр тусдаа зүйлчлэлтэй, шүүгдэгч З.Т-өд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ зүйлчлэлийг нэгтгэн өөрчлөхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт буюу нэг зүйлчлэлээр ял оногдуулсан нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлэнэ” гэж хугацаатай хорих ялын дээд, доод хязгаарыг тогтоож өгсөн. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тогтоосон байна.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан үйлдэлд зургаан сараас таван жил гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ба ялын доод хэмжээ нь зургаан сар байхаар хуульчилсан гэж үзнэ.

Энэ тохиолдолд завдсан үйлдэлд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хөнгөрүүлбэл хуульд заасан хугацаатай хорих ялын доод хэмжээнээс доош хэтрэхээр байхад анхан шатны шүүх завдсан үйлдэлд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч З.Т-, П.Э- нарт тухайн зүйл, хэсэг, заалтаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.   

Дээрх хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан тохиолдолд шүүгдэгч З.Т-, П.Э- нарын эрх зүйн байдал, тэдний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөх тул шийтгэх тогтоолыг хүчингүй  болгон, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж, шүүгдэгч З.Т-, П.Э- нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Т-, П.Э- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл З.Т-, П.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН