Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч Э.Нямбилэгт

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******,*******,******* хамт Дундговь аймгийн ******* сумын гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих, 1995 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих, 2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, //.

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт “хэл амаар намайг доромжиллоо” гэх шалтгаанаар иргэн Ч.доржийн баруун шууны ар хэсэг, баруун гарын дунд хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх бүхий гэмтлийг хутгаар зүсэж учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэг болдог өдөр гэртээ ганцаараа хаалгаа түгжчихээд хэвтэж байтал хаалга тогшоод байна миний дүү хаалгаа гээд байсан. Хаалгаа нээж өгөхөд 1 шил архитай орж ирсэн. Тэрийг нь ууж байтал намайг хэл амаар доромжлоод ядарсан гуйлгачин гээд байсан. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд чи над шиг гуйлгачин үзсэн үү гээд шургуулганаас хутга автал гараад зугтаасан. Гэрийн үүдэнд зогсож байтал хашааны банз ховхолж бариад ороод ирсэн. Тэгээд миний мөрөн дундуур цохисон. Би хурууны өндгөнд нь хутга хүргээгүй. Банз ховхлохдоо урсан  байх” гэв.

     Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 12 сарын 11-ний 18 цагийн үед авгай ажилдаа явчхаад би гэртээ ганцаараа унтах гээд байж байсан. Тэгээд хаалгаа түгжчихээд байж байтал хаалга балбаад дүү нь байна гэхээр би гэртээ оруулсан. Тэгээд , дорж 2 манай гэрт орж ирсэн. Би идээ авч өгчхөөд байж байтал энгэрээсээ ногоон “Экс” нэртэй архи гаргаад ирсэн. Тэгээд уугаад сууж байтал дорж “чи , хоёрт тусалж чаддаггүй гуйлгачин” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний яаж явах чамд хамаагүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь дорж “заяагүй муу гуйлгачин” гэсэн. Тэгэхээр нь би “над шиг гуйлгачин үзсэн үү” гэж хэлсэн. Тэгээд би бандангийн шургуулганаас хутга аваад эргэтэл дорж зугтаагаад суугаад үлдсэн. Тэгээд дорж хашааны банз ховхлоод банз бариад хүрээд ирсэн. Тэгээд банзаараа миний баруун мөрөн дээр цохисон. Тэгээд би зэрэгцээд хутгаараа дүрсэн. дорж бид хоёрын үйлдэл зэрэгцэж таараад би доржийн баруун гарын тохойны доод хэсэгт хутгалсан. Би 1976 онд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. *******ийн 8 жилийн сургуульд сураад 7-р ангиасаа гарсан. Тэгээд аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1997-1998 онд цэргийн алба хаагаад*******тэйгээ 1998 онд танилцаад 1999 онд нэг гэрт орсон. Тэгээд 2001 онд гэрлэлтээ батлуулсан. 2001 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан. Одоо 3 хүүхэдтэй, Дундговь аймгийн ******* сумын 1-р баг Хараатын 2-11 тоотод амьдарч байгаа. Би доржид мөнгө өгье, хохирлоо барагдуулъя гэсэн. Хариуд нь “яах вэ яахав зүгээр” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Хохирогч Ч.доржийн: “Тухайн өдөр сумаас хойш хөдөө гэртээ байж байхад Ш. миний өгсөн бэлэгний адууг авахаар манайд машинтай ирсэн. Бид 2 хөдөө гэрт 1 шил архи уучхаад сумын төвд ирсэн. Суманд ирээд дэлгүүрээс архи аваад ******* гэх айлд очоод архиа уусан. Би нилээн халсан. Тухайн айлаас гараад машинд суусан чинь миний дээлийн ханцуй цус болчихсон байсан. Би тухайн үед юу болсон талаар мэдээгүй. ******* ах намайг цохих шиг болсон. Тэгсэн хутгаар гаранд дүрчихсэн байсан. Миний баруун гарын тохойны дээд хэсэгт хутгаар дүрсэн. Сумын эмнэлэг дуудаад Говьсүмбэр аймаг орж гартаа оёдол тавиулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17/

Гэрч Ш.ын: “Би 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Говь-Угтаал сумын 3 дугаар багт байх хөдөө гэрээсээ гараад ******* сумын 1 дүгээр багт байх найз Ч.доржийнд бэлэгний адуугаа авахаар очсон. Очиход дорж*******,******* хамт байсан. Бид хоёр 1 шил 0.5 литрийн “Экс” нэртэй архи хувааж уусан. Тэндээсээ ******* сум руу явсан. Сумын төв дээр гэх айлд бид хоёр 0.5 литрийн архи аваад очсон. Тухайн архиа хувааж уугаад нэлээн согтсон. дорж бид хоёр гэх айлаас гараад машинд суусан чинь Ч.доржийн ханцуй нь цус болчихсон цус гарч байсан. Тэгээд дорж бид 2 дүүгийнд нь очоод гарынх нь цус тогтохгүй байхаар эмнэлэг дуудсан. Эмч ирж оёдол тавьсан. Тухайн айлд суугаад архи ууж байхад хоорондоо маргалдаад байсан зүйл байхгүй. Би нэлээн халсан явах болоод машинд ортол доржийн ханцуй цус болчихсон байсан. дорж намайг хутгаар дүрчихлээ гэж байсан. Тухайн үед дорж, бид гурав байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

        Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай: “Ч.доржийн биед баруун шуу, баруун гарын дунд хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсээгүй, тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/

      Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

      Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-56/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Ч.дорж нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бусдад хутгалуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ч.дорж нь бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун шуу, баруун гарын дунд хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх” гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Ч.доржийн эрүүл мэндэд учирсан “баруун шуу, баруун гарын дунд хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх гэмтэл” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хутгаар зүсэж учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

Хохирогч Ч.дорж нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

        

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх улсын яллагчийн санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон түүний хувийн байдалд тохирсон эсэхэд шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй байна.

     Иймд шүүх хүсэлтийг хүлээн авч прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  хохирогч Ч.дорж шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.дорж шүүхэд хохирлын талаар баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР