| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/92 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Аззаяа,
Хохирогч Б.Ц-
Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б овогт Г-ын Н-д
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 0573 0859 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Б овогт Г-ын Н- /РД:УУ0000000/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны 00-р байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ц-тэй машины зогсоолын асуудлаар маргалдаж түүний эзэмшлийн 82-64 ӨМЭ улсын дугаартай “Тоёота пассо” загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, гараараа цохиж гэмтээсний улмаас 1 145 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би эхнэртэйгээ явж байсан. Найзтайгаа ганц л пиво уусан. Хохирогч эмэгтэй над руу дунд хуруугаа гаргаад метр орчим машинаараа түлхээд явсан. Тухайн үед хамт байсан эргүүлийн хоёр офицер залуу таныг метр газар түрж явсан байна. Та шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэд хоногийн дараа МRI харуул гэж хэлсэн. Энэ хүүхэн ухрах гэж байгаад надад хүрсэн гэж байна. Тэр ч яахав би хохирогчийн машин дээр гарч суугаагүй. Манай эхнэр хамт байсан. Эргүүлийн офицер хүртэл мэдэж байгаа. Намайг хөл дээрээ тогтож чадахгүй байсан гэж байна. Би тэр өдрөө цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Цагдаа нар тохиролцож болохгүй юм уу гэхэд Б.Ц- нь манай эхнэрийг бүдүүн тарган гэж хэл амаар доромжилсон. Энэ хүн машинаа засуулсан гэж байна. Баримтыг нь үзмээр байна” гэв.
Хохирогч Б.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тус өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед гэрийнхээ гадаа зогсоолд машинаа тавих гээд машины зогсоолоос машин гарахыг хүлээгээд зогсож байсан юм. Тэгтэл хойноос нэг машин ирээд миний машины урд зогссон би цонхоо онгойлгоод “ахаа та холдоорой би наад машиныг чинь гарахаар машинаа тавих гэж байгаа юм” гэж хэлтэл машинаас нэг ах бууж ирээд хөл дээрээ ч тогтох чадваргүй нэлээн согтуу “чи яах гээд байгаа юм бэ би машинаа тавих гэж байна” гэж агсраад гичий, янхан гарч ирэх юм бол ална шүү гэж айлган сүрдүүлж хэл амаар доромжилсон. Би айгаад машинаасаа гарч чадахгүй бүх зүйлээ түгжээд чичрээд сууж байсан. Миний машины урд гупер дээр 2 гараараа тулаад зогсоод байсан. Би сандарсандаа D дээр нь тавиад ухасхийсэн. Гэхдээ би метрийн зайнаас илүү хөдлөөгүй. Тэгтэл тэр ах “чи муу намайг мөргөлөө” гээд л миний машины урд талын буфер хэсгийг тийрч өшиглөөд, крыло, копут, хаалга руу маш хүчтэй цохиод “гараад ир би чамайг ална” гээд л орилоод байсан. Би машин дотроосоо “та хүний машин ингэж болохгүй, болиоч” гэж хэлэхэд “чи олигтой юм унасан юм шиг, би наадхыг чинь төлөх чадвартай” гэж орилоод машин руу өшиглөж бас тийрч, цохиод байсан” гэв.
Эрүүгийн 2206 0573 0859 дүгээр хэргээс:
Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед гэрийнхээ гадаа зогсоолд машинаа тавих гээд машин зогсоолоос гарахыг нь хүлээгээд зогсож байсан. Тэгтэл миний хойноос нэг машин ирээд миний машины урд зогссон би цонхоо онгойлгоод “Ахаа та холдоорой, би наад машиныг чинь гарахаар машинаа тавих гэж байгаа юмаа” гэж хэлтэл машинаас нэг ах бууж ирээд хөл дээрээ ч тогтох чадваргүй нэлээн согтуу “Чи яах гээд байгаа юм бэ, би машинаа тавих гэж байна” гээд агсраад, нөгөө гарах гэж байсан машины урд алцайгаад зогссон. Тэгээд эргэж над руу хараад “Чи муу яах гээд байгаа юм бэ, хөдөөгийн дугаартай юм байж зайлаач” гээд агсраад байсан. Тэгээд би сандраад хүнтэй зогсоол булаацалдаад яах вэ гэж бодоод ухраад гарах гэж байгаад араагаа андуураад "D" дээр нь тавиад санаандгүй урагшаа хөдөлсөн. Тэгэхэд тэр ахын хөлд шүргээд өнгөрсөн. Тэгтэл тэр ах “Намайг чи муу намайг мөргөлөө” гээд л миний машины урд талын буфер хэсгийг тийрч өшиглөөд, крыло, капут, хаалга руу маш хүчтэй цохиод “Гараад ир би чамайг ална” гээд л орилоод байсан. Би машин дотроосоо “Та хүний машин ингэж болохгүй, болиоч” гэж хэлэхэд “Чи олигтой юм унасан юм шиг, би наадхыг чинь төлөх чадвартай” гэж орилоод машин руу өшиглөж бас тийрч, цохиод байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
Гэрч Б.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Э-ны хамт тухайн дуудлага мэдээлэлд очсон. Тухайн дуудлага нь Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 00-р байрны гадна талын машины зогсоол дээр байсан, уг байрны 1 дүгээр давхарт нь CU дэлгүүр байсан. Дуудлага өгсөн гэх Б.Ц- гэх эмэгтэйн эзэмшлийн 8624 ӨМЭ улсын дугаартай автомашиныг Г.Н- гэх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн /40 орчим насны/ цохиж өшиглөж гэмтээсэн гэж хэрүүл маргаантай байсан, уг зүйлийг нотлохын тул 00-р байрны CU дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд Б.Ц- гэгч нь өөрийн унаж байсан 8624 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талаараа Г.Н-н биед нь хүрээд зогсоход тухайн эрэгтэй хүн уурласан байдалтайгаар, 8624 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын буфер, крыло руу нь өшиглөж, гартаа ямар нэгэн зүйл барьсан гараараа /гар утас нь байсан/ урд капут, хаалга хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд Б.Ц- гэх эмэгтэйд “Та эхлээд Г.Н- гэх хүний биед машинаараа хүрсэн байна” гэхэд “Би анзаарч хараагүй, гэмтэл ч гараагүй байна, миний машиныг цохиж эвдчихлээ” гэж гомдол гаргаад цагдаагийн хэлтэс дээр хүрэлцэн ирж жижүүрийн мөрдөгч н.Гансэлэмд хүмүүсийг болон 8624 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед уг тээврийн хэрэгсэлд Б.Н- гэх хүний цохисон болон өшиглөсөн хэсэгт нь гэмтэл учирсан байсан, харин Г.Н- гэх хүний биед бол ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан, машин биед нь хүрэхэд ч газар унасан зүйл камерт харагдаагүй хэвийн байсан.. Би тухайн үед гар утсан дээрээ хуулж авч дуудлага мэдээлэл гаргасан Б.Ц-д үзүүлсэн. Харин жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгч амжаагүй дараагийн дуудлагад явсан, тэрнээс хойш хяналтын камерын бичлэг миний гар утсан дээрээс устсан байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/
Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай төрсөн дүү Б.Ц-гийн эзэмшлийн машин. Манай дүү жолооны курс төгсөөд нэлээн хэдэн жил болж байна, Улаанбаатар хотод нэлээн удаан машин барьж байгаа, энэ машинд нь өмнө нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, жижиг сажиг зураас мэтийн зүйл л байсан, харин согтуу хүнтэй таарснаас болж урд буфер, крыло, капут буюу яг урд талын хэсгүүд нь хонхойж сэвтээд эвдэрсэн байсан, өмнө нь бол тийм эвдрэл гэмтэл байгаагүй юм. Одоо машин нь засварын газарт байгаа, засвараас аваагүй байгаа гэж байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/
Гэрч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1 сарын хугацаатай бичлэг хадгалдаг. Ер нь бол хяналтын камер шүүхэд заавал цагдаа юм уу эсхүл цагдаагаас бичиг авч ир гэж хэлдэг тийм болохоор орой 50, 51 дүгээр байрны зогсоолыг хардаг болохоор машин тэрэгний асуудал шүүлгэх хэсэн хүмүүс их байдаг, өвөл их хүмүүс камер шүүлгэсэн болохоор яг тухайн өдрийн зүйлийг би мэдэхгүй. Цагдаа нар камер шүүгээд л явж байдаг” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 68 дугаар тал/
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал/ амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Н-н хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хавтас хэргийн 29-36, 42-45 дугаар тал/,
Шүүгдэгч Г.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 37 дугаар тал/
Хохирогч Б.Ц-гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хавтас хэргийн 38-41 дугаар тал/,
86-24 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтас хэргийн 54 дүгээр тал/
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр “Автомашин техникийн эвдрэл, хохирлыг 1 145 000 төгрөгөөр тогтоосон” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 25-26/
Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дүгээр сарын 09- ний өдрийн 1000 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлыг 1 145 000 төгрөгөөр тогтоосон” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 133-135 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 00 дүгээр хорооны 00-р байрны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ц-тэй машины зогсоолын асуудлаар маргалдаж түүний эзэмшлийн 82-64 ӨМЭ улсын дугаартай “Тоёота пассо” загварын тээврийн хэрэгслийг өшиглөж, гараараа цохиж гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ц-гийн гаргасан мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч Б.Е-, Б.Ц- нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 1000 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Н-гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-гийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Г.Н-гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Н-гийн хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Н-гээс гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал болох машины эд ангийн үнэ 305 000 төгрөг, үнэлгээний хөлс 84 000 төгрөг, нийт 389 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг шууд бус зардал болох автомашины засварын хөлс зардлын холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч Д.Аззаяа эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Г.Н-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Н-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н- нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Н-гээс 389 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгосугай.
6. Хохирогч Б.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Г.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА