Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/102

 

          

                           

 

 

2024        01         22                                    2024/ШЦТ/102

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Улсын яллагч Б.Мөнхтулга,

Хохирогч Б.О-

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Н овогт Б-ийн М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 3891 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Н овогт Б-ийн М- /РД:УУ00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандала” ресторанд байхдаа хохирогч Б.О-ыг тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр зодож, улмаар биед нь хамрын ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр найз Ц.Н-той “Мандала” нэртэй ресторанд юм уугаад сууж байгаад чихэр авахаар GS25 сүлжээ дэлгүүр лүү орсон юм. Би бие засах хэрэгтэй байсан тул түрүүлж Мандала руу буцаад орж 00 руу нь орох гэтэл түгжээтэй байсан. Би хаалгыг нүдэж байтал 00-оос эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гарч ирсэн. Би эрэгтэй 00 руу ороод бие засаад сууж байтал 00-д байсан эмэгтэй буцаж орж ирээд намайг үсдээд доош нь дарсан. Би үсдүүлчихсэн байсан болохоор царайг нь хараагүй. Энэ талаар найздаа хэлтэл чамайг зодсон хүмүүсийг олно гээд түрүүлээд доошоо буусан. Араас намайг буухад манай найз хэдэн хүмүүстэй муудалцаж байсан. Тухайн үедээ би тасралттай байсан болохоор андуураад хохирогчийн хамар луу нэг удаа цохисон. Мөн өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд орж торгох ялаар шийтгүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр торгох ялаа төлөхөөр байсан” гэв.

 

Хохирогч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гадаадаас хөрөнгө оруулагч нар ирээд тэднийг Өвөр монгол найзтайгаа уулзуулах гээд “Мандала” ресторанд орсон юм. Манай Өвөр монгол найз тус газрын захирлыг нь таньдаг гэсэн. Тэгээд 4 цагийн үед гарах гээд тооцоо хийх талаар яриад зогсож байтал баахан хэрүүл зодоон үүдэнд болоод байсан юм. Би гадаад хүмүүстэй явж байсан учраас гялс гарах гээд үүдэнд зогсоод байж байтал Б.М- дээрээс бууж ирээд хамар луу нэг удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудаад цуг цагдаагийн хэлтэс рүү явсан. Явж байх хугацаанд намайг маш ихээр доромжилж байсан. Элдэв янзын хараалын үгээр дуудаж, манай аав цагдаа чамайг ална гээд цагдаагийн машинд намайг үсэдсэн. Тэрнээс хойш 2 сарын хугацаа өнгөрч байхад надтай нэг ч удаа холбогдоогүй, уучлалт гуйгаагүй. Миний хувьд 6 сарын өмнө нь 2 жилийн хугацаанд судалж байж Малайз улсад нүд, хамрын мэс засалд орсон. Энэ мэс заслыг үнэтэй хийлгэсэн. Мэс засалд орсноос хойш 1 жилийн дараа дахин мэс засалд орох ёстой юм билээ. Гэтэл хагалгаанд ороод 6 сарын дараа л ийм зүйл боллоо. Монголд засуулах гээд үзүүлэхээр хэдэн төгрөгөөр засна гэсэн бичиг гаргаж өгөхгүй боломжгүй. Хагалгаанд орсны дараа хэдэн төгрөг болох нь тодорхой болно гэсэн. Урьдчилсан байдлаар үзлэг хийхэд  8 500 000 төгрөг гэсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байгаа. Энэ хугацаанд хамар байнга битүүрч байна. Сүүлдээ чих рүү ордог юм байна. Нэг талын чихээрээ юм сайн сонсохгүй байгаа. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр 188 500 төгрөгийг шүүгдэгч төлсөн” гэв.

 

Эрүүгийн 2306 00000 3891 дүгээр хэргээс:

 

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:                         “2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” нэртэй газарт орж үйлчлүүлсэн.  Тухайн газарт ороод 2 давхарт суугаад шорлог идээд, шар айраг ууж байгаад хавар танилцаж байсан Ц.Н- гэх найзыгаа дуудаж хамт суусан. Би тухайн газарт 5 шил шар айраг уусан. Би архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ дааж чадалгүй амархан согтдог юм. Ингээд сууж байгаад гэнэт чихэр идмээр санагдаад хажууд байрлах GS25 /Жи эс/ орж чихэр авчхаад буцаж “Мандала”-руу орсон. Тухайн үед миний шээс аймар хүрээд байсан тул нэг давхрын нойл орох гэхэд хаалга нь түгжээтэй байсан. Миний шээс маш ихээр хүрж байсан тул нойлын хаалгыг нүдсээр байгаад онгойлгуулсан ба дотроос нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн хаалга онгойлгосон. Би эмэгтэй нойл руу нь ороод бие засаад сууж байтал үл таних эмэгтэй хүн шууд миний үснээс үсдээд доошоо дарсан. Тэгээд намайг үсдэж байгаад, олон юм яривал ална шүү гээд яваад өгсөн. Би тухайн эмэгтэйг ямар хувцастай явж байсан, ямар царай зүстэй байсныг нь санахгүй байна. Тэгээд дээшээ гарж найз Ц.Н-д болсон асуудлын талаар хэлтэл Ц.Н- надад хандаж чамайг зодсон хүнийг олно гээд доошоо буусан. Ц.Н- доошоо буугаад караокед байсан хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би намайг үсэдсэн эмэгтэйг олсон юм байна гэж бодоод тухайн нэг эмэгтэйн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагчид ирээд намайг авч явсан. Тухайн үеийн хяналтын камерын бичлэгийг үзэхэд О- гэх эмэгтэйг цохисон хүний гар нь миний гар байна, би О- гэх эмэгтэйг цохисон байна.” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 02 цаг 10 минутад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” нэртэй газарт найз болон найзуудын найз гэх                9-10 хүнтэй цуг орсон. Тухайн газарт би 20 грамм виски, 2 шил харибин нэртэй шар айраг уусан. Тэгээд 04 цаг 30 минутад миний үйлчлүүлж байсан газрын захирал гэх н.Шинээтэй таараад “ажил нь хэр байна” гэх зэргээр ойр зуурын юм ярьж байтал дээд давхраас 20 гаран насны эмэгтэй хүүхэд бууж ирээд үгийн зөрүү байхгүй над руу хандаж “муу янхан гичий минь гэж” над руу хандаж хэлсэн. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм” гэтэл шууд миний хамар хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохиход миний хамраас цус гараад цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Гэрч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 23:00 цагийн үед найз Б.М-тай уулзаж байгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” нэртэй газарт орсон. Тухайн газарт би нэг шил шар айраг ууж Б.М-аа 3,4 шил шар айраг уугаад байж байтал, Б.М-аа GS /Жи эс/ орж резинэн чихэр идмээр байна гэхээр нь бид хоёр гараад аваад байж байтал Б.М-аа би яг бие засах нь гээд надаас түрүүлээд уг газар луу орсон. Би барагцаагаар 5 минутын дараа уг газар луу ортол Б.М-аа нойлын өрөөнд хүнтэй маргалдсан байдалтай үс нь сэгсийсэн сууж байсан. Тэгээд юу болсон талаар лавлатал эрэгтэй эмэгтэй хоёр хүн нойл дотроос гарахгүй байхаар нь нүдээд орсон чинь намайг үсэдсэн талаар хэлсэн. Тэгэхээр нь зүгээр байгаа хүнийг яагаад ингэж зоддог байна гэж миний уур хүрээд Б.М-ааг үсэдсэн гэх хүмүүсийн өрөө лүү нь яваад ортол шар үстэй эмэгтэй, бүдүүн эмэгтэй хоёр над дээр хүрж ирээд "Бид нар зодоогүй юу яриад байгаа юм гээд хэрэлдээд байсан. Тэгтэл Б.М-аа бууж ирээд надтай хэрэлдэж байсан эмэгтэйн нүүр хэсэгт нь нэг удаа цохитол, тухайн эмэгтэй нүүрээ бариад газарт суусан. Тэгээд удалгүй цагдаагийн албан хаагчид ирээд Б.М-ааг авч явсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14166 дугаартай шинжээчийн “Б.О-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.О-ын гар утасны камераар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 16-24 дүгээр хуудас/,

 

Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг шинжилгээ, чих хамар хоолойн эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн үйлчилгээ авсан баримт /хавтас хэргийн 40 дугаар тал/,

 

Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтас хэргийн 45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандала” ресторанд байхдаа хохирогч Б.О-тай тодорхой шалтгаангүйгээр нүүр хэсэгт гараагаа цохих зэргээр зодож, улмаар биед нь хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч Б.М-ын “би О- гэх эмэгтэйг цохисон” гэх мэдүүлэг,  хохирогч Б.О-ын “миний хамар хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан гэрч Ц.Н-гийн “Б.М-аа бууж ирээд надтай хэрэлдэж байсан эмэгтэйн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  14166 дугаартай “Б.О-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, үзлэгийн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.О-ын эрүүл мэндэд халдсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд:

 

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14166 дугаартай шинжээчийн “Б.О-ын биед хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.О-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.О-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.М-аас гэмтлийн зэрэг тогтоох үзлэг, чих хамар хоолойн эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн үйлчилгээ авсны төлбөр зэрэг нийт 188 500 төгрөгийг хохирогч Б.О-д төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хамрын мэс засал хийлгэх төлбөрийг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Б.М- өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэгдсэн ч шийтгэх тогтоолыг биелүүлээгүй байхад дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Б.М- эрүүгийн хариуцлагын тайлбартаа: “Би хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулна. Би өөр ажил хийж байгаа учраас нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлэх боломжгүй байна. Иймд торгох ялаар шийтгэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.М-ын зүгээс “торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй.

 

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл шүүхээс шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлж болох хэдий ч шүүгдэгч Б.М- нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд ял шийтгэл тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч  Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ыг 240 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.М- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.

 

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 188 500 төгрөгийн төлсөн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Б-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М-ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.М- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 188 500 төгрөгийг хохирогч Б.О-д төлсөн тул энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч  Б.О- нь  энэ гэмт хэргийн учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА