| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 105/2024/0162/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
2024 02 21 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Р.Энх-Оюун,
Шүүгдэгч Б.Э-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Э-т холбогдох эрүүгийн 2302 00722 0424 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Д аймгийн Хсумын С-0 дугаар баг, Т 0-0 тоотод оршин суух,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйл 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 capын хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
мөн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 cap хорих ял,
мөн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 22-нь өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
мөн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 cap 20 хоног хорих ял,
мөн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 246 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял
Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ял,
мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 хоног хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэхээс зайлсхийсэн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/69 дугаартай захирамжаар эдэлсэн 1 жил 9 cap 6 хоног зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн Б овогт Б-ийн Э- /РД:УУ00000000/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг мөс гэх нэршилтэй Метамфетамин /methamphetamine/-ын агууламжтай 16,4864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Бүгд Найрамдах Турк Улсад байхдаа н.Б- гэх залуутай танилцсан бөгөөд утсаар үе үе ярьдаг байсан юм. Тэгээд би телеграммаар н.Б-аас мөнгө төгрөгийн бололцоо асуухад за би танд нэг байршил хэлье та тэр байршлаас тухайн зүйлийг аваад явж бай, би тантай дахиад холбогдоно тавьсан газраа надад хэлээрэй гэсэн. Бас телеграммаа устгаарай гэсэн тэгэхээр нь би өчигдөр орой бүх чатаа устгачхаад Алтан-Өлгийн заасан газарт нь очоод овоолгоотой шорооны хажууд архины шил байгаа гэсэн болохоор нь тэрийг нь үзсэн чинь байхгүй байхаар нь хажууд нь дахиад үзсэн чинь гялгар ууттай давс шиг зүйл байж байсан. Тэгэхээр нь тухайн зүйлээ аваад эргээд 7-8 алхсан чинь өөдөөс цагдаа нар гарч ирсэн юм. Би тус бодисыг худалдаалах зорилго байгаагүй” гэв.
Эрүүгийн 2302 00788 0424 дүгээр хэргээс:
Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Бүгд Найрамдах Турк Улсад байхдаа танилцсан хуурай дүү н.Б- гэх залуутай утсаар ярьдаг байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 2 жилээр хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс цахим гаваа зүүж эхэлсэн. 2023 оны 9 дүгээр capд олон хоногоор архи үргэлжлүүлж уусан. Ингэх үедээ цаг маш олон хоног зогссон. Тэгээд би энэ талаараа буюу зугтаасан талаараа н.Б-д телеграммаар 7 хоногийн өмнө хэлж, мөнгө төгрөгийн бололцоо асуусан юм. Тэгсэн н.Б- над руу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр холбогдож, би танд нэг байршил хэлье та тэр байршлаас тухайн зүйлийг аваад явж бай, би тантай дахиад холбогдоно тавьсан газраа надад хэлээрэй бас телеграммаа устгаарай гэсэн. Тэгээд би өчигдөр орой бүх чатаа устгаад Алтан-Өлгийн заасан газарт нь очоод овоолгоотой шорооны хажууд архины шил байгаа гэсэн болохоор нь тэрийг нь үзэхэд хоосон байсан. Харин хажууд нь гялгар ууттай давс шиг зүйл байж байсан. Тэгэхээр нь тухайн зүйлээ аваад эргээд 7-8 алхсан чинь өөдөөс цагдаа нар гарч ирсэн юм. Би тухайн зүйлийг н.Б- дараа нь мөнгө өгнө нэг газар аваачаад тавьчих гэсэн болохоор нь авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь тал/,
Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Б.Э- гэх хүнийг танина. Хүүхдийн зууд шашлык хаус гэдэг билүү ямар ч байсан хоолны газарт тогооч хийж тэр газартаа байрлаж ажилладаг байсан. 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр Б.Э- ажлаасаа гарсан очих газаргүй болчихлоо гээд манай найз н.М-тэй хамт манай гэрт ирээд танай гэрт хэд хонох хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би тухайн үед шөрмөсний хагалгаанд орох гэж байсан болохоор хүүхэд харахгүй байсан учир зөвшөөрөөд цуг амьдарч эхэлсэн. Би Б.Э- ахыг 2015 оноос хойш таньдаг болсон бөгөөд манай хуурай ах байгаа юм. Анх н.М-өөр дамжуулж танилцаж байсан, байнга холбоотой байдаг ах маань байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр 15 цагийн үед би Б.Э- ахтай хамт гэрээс гарч яваад Б.Э- ах замдаа Алтан-Өлгийн оршуулгын газрын үүдэнд буугаад үлдсэн бөгөөд би цаашаа найзтайгаа уулзах гээд явсан. Тэгээд найзтайгаа уулзаж байгаад шөнө 02:00 цагийн үед найзаасаа салаад Сансарын туннелийн автобусны буудал дээр 1560УБН улсын дугаартай цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид намайг барьсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 14-23 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-29 дахь тал/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтас хэргийн 30-31, 50 дахь тал/,
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 42-45 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Н-15д/390 тоот “Метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 16.49 грамм хэмжээтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодс нь 52 хүн нэг удаа мансуурах хэмжээ” гэх албан бичиг /хавтаст хэргийн 48 дахь тал/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5126 дугаартай шинжээчийн “1 гэсэн хаягтай хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл зэргийг метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно, 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 8,7426 грамм% цэвэр жин 7,8510 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 9,5196 грамм, цэвэр жин 8,6354 грамм байна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 68-70 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 5240 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Б.Э- ТК80100772, 2023 оны 10 дугаар сарын 19-ний гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэх дүгнэлт /хавтас хэргийн 73-75 дахь тал/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “Б.Э- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байна. Б.Э- нь хэрэг үйлдэгдэх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Э- нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хавтас хэргийн 93-94 дэх тал/,
Шүүгдэгч Б.Э-ийн ялын тооцоо бодсон тодорхойлолт /хавтас хэргийн 113 дахь тал/,
Шүүгдэгч Б.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 148 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Э-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг мөс гэх нэршилтэй Метамфетамин /methamphetamine/-ын агууламжтай 16,4864 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-13 дахь тал хуудас/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5126 дугаартай шинжээчийн “1 гэсэн хаягтай хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл зэргийг метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно, 1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 8,7426 грамм% цэвэр жин 7,8510 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 9,5196 грамм, цэвэр жин 8,6354 грамм байна” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ц.Мандал: “Миний үйлчлүүлэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.Гэхдээ энэ гэмт хэргийг үйлдэхдээ худалдаалах зорилго байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.Иймд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Э-оос хураан авсан “Метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй 16.49 грамм хэмжээтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь 52 хүн нэг удаа мансуурах их хэмжээтэй болох нь шинжээчийн 5126 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж улмаар уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг төдийгүй тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодийн болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг бөгөөд дээрх төрлийн бодисыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн эд эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтэж цаашлаад хүний амь насанд ч аюул учруулахуйц үр дагаварт хүргэх аюултай болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны болон бусад хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулдаг нийгмийн аюулын шинж хор хохирол их учруулдаг тул шүүгдэгч Б.Э- нь гэм буруугийн санаатай хэлбэрээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Э-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Б.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Э- нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗТ/133 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/69 дүгээр захирамжаар Б.Э-т оногдуулсан 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын хоногоор тооцож 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялаар сольсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/69 дүгээр захирамжаар Б.Э-т оногдуулсан 1 жил 9 сар 6 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 7 /долоон/ сар, 18 /арван найман/ хоногийн хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 /гурван/ жил 7 /долоон/ сар, 18 /арван найман/ хоногийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 74 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан гэмт хэргийг үйлдсэнд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ХМШЗ/69 дүгээр захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 7 /долоон/ сар, 18 /арван найман/ хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 /гурван жил/ 7 /долоон/ сар, 18 /арван найман/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 3 /гурван жил/ 7 /долоон/ сар, 18 /арван найман/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн цагдан хоригдсон 75 /далан таван/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж Метамфетамин /methamphetamine/-ын агууламжтай 16,4864 грамм “мөс гэх нэршилтэй мансууруулах бодис, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, 0,2624 грамм жинтэй гялгар уут, гялгар уутанд хийсэн тарианы шил зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Э- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.САНЖИДМАА