Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/200

 

          

                           

 

 

2024          02         26                                   2024/ШЦТ/200

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Э.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Э-гийн Ү-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 05489 0019 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1,  Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 0 тоотод оршин суух Д овогт Э-гийн Ү- /РД:УУ0000-0000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ү- 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо 0 тоотод цахим орчин дахь “allstar” нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн мэдээллийн технологи ашиглан цахим тоглоом тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс арилжааны банкин дахь дансыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ү- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд  мэдүүлэг өгсөн тул дахиж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна  гэв.

 

Эрүүгийн 2306 05489 0019 дүгээр хэргээс:

 

Шүүгдэгч Э.Ү- мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар өгсөн: “Би Speed 89 нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтыг ажиллуулдаг. Би тухайн сайтыг анх 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хавьцаа нээж байсан. Би тухайн мөрийтэй тоглоомыг сайтыг нээхдээ өөрийн LG брэндийн Х6 загварын утсан дээрээ 8699-1090 дугаарын датагаар pokerrrr 2 утасны функц /аппликэйшин/-ийг Playstore дээрээс татаж суулгаад тухайн функц рүү нэвтэрч ороход шинэ клуб нээх гэх цэс рүү дарж Speed 89 гэх клубээ нээсэн. Тухайн сайтыг 5 дугаар сард нээгээд 9 дүгээр cap хүртэл огт үйл ажиллагаа явуулж чадаагүй. Хүмүүст сайн танигдаагүй учир хүмүүс орж ирж тоглодоггүй байсан Ингэж явсаар 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлээд миний покерын сайтад 1 ширээ тоглож эхэлсэн. Миний данс 2023 оны 10 дугаар сарын 12-ний шөнө барилтад орсон энэ хүргэл миний покерын сайтад улны 30 000 төгрөгийн үнэтэй 1 ширээ тоглогддог байсан” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 106-р тал/,

 

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 22, 24-88-р тал,/,

 

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн лавлагаа /хавтаст хэргийн 23, 89-р тал/,

 

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 90-92-р тал/,

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 93-р тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Э.Ү-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ү- 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 000 тоотод цахим орчин дахь “allstar” нэртэй веб хуудсанд админ хэрэглэгчээр бүртгүүлэн мэдээллийн технологи ашиглан цахим тоглоом тоглуулах эрхийг авч, цахим орчинд иргэдээс арилжааны банкин дахь дансыг ашиглан төлбөрийг шилжүүлэн авч, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг,  2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөгчийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

“...Мөрийтэй тоглоом гэж хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр ба мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж интернэт, веб хуудас, фейсбүүк, пейж аккаунт, аппликейшн зэрэг сүлжээний технологи болон компьютер, гар утас, бусад хэрэгсэл ашиглан мөрийтэй тоглоом тоглуулах үйлчилгээг ашиг олох зорилгоор зохион байгуулсан идэвхтэй санаатай үйлдлийг ойлгоно....”

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Ү-гийн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ү- нь мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Э.Ү-гоос мөрийтэй тоглоомын ашиг болох 2 266 854 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Э.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Э.Ү- эрүүгийн хариуцлагын тайлбартаа: “...Нэг жилийн хорих ялаас хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.Ү- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Э.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч  Э.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ү-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн  торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ү-гийн Хаан банкны 50*********, 53********0, 53********, 50*********, 505******** тоот данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 187 дугаартай тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Ү- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Э-гийн Ү-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгуулийн ялыг 7 /долоон/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ү- нь  торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ү-гоос 2 266 854 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Хаан банкны 50*********, 53********0, 53********, 50*********, 505******** тоот дансны зарлагын гүйлгээг хязгаарласан Прокурорын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 187 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Шүүгдэгч Э.Ү- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.САНЖИДМАА