Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/216

 

          

                           

 

 

   2024        03         01                                  2024/ШЦТ/216

 

 

                           М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч С.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт С-ын Э-д холбогдох эрүүгийн 2306 04586 3614 дүгээр 1 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0,  Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны 0 тоотод оршин суух,

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан М овгийн С-ын Э- /РД:УУ00000000/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын биед шалтгаангүйгээр халдаж  цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг гаргахгүй.Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн” гэв.

 

Эрүүгийн 2306 04586 3614 дүгээр хэргээс:

 

Шүүгдэгч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:                         “Би 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байх эгчийнхээ гэрт байж байгаад гадаа хашаанд нь зогсож байтал манай эгч Б.Л-г хашааны гадна талд хүмүүс дуудаад байсан. Тэгэхээр нь би хашааны гадаа гараад очтол үл таних 6 залуу зогсож байсан. Би тухай залуучуудад хандаж юун хүмүүс вэ, яах гэж байгаа билээ гээд асуутал О.О- гэх эрэгтэй хүүхэд миний шүд рүү 1 удаа цохисон. Дараа нь И.Ц- гэх хүүхэд миний баруун талын нүд хэсэг рүү 1 удаа гараа цохисон. Би тухайн И.Ц- гэх залуугийн зүүн талын хацар хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

 

 Насанд хүрээгүй хохирогч И.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд:  “... 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байх хүнсний дэлгүүр рүү явж байгаад найз О-тай тааралдсан.Манай найз Д- бид хоёрыг дуудаад байхаар нь  яваад очтол  үл таних залуу томорсон гээд байхаар нь бид гурав тухайн залууг нь хайгаад явж байхад Д- улбар шар өнгийн төмөр хаалгатай айлын гадна очоод тухайн залууг энэ айл руу орсон гэхээр нь хаалгыг нь нүдтэл С.Э- гэх залуу гарч ирээд орилоод байхаар нь манай найз О- тухайн С.Э- гэх залуугийн шүд рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл С.Э- гэх залуу над руу дайраад миний зүүн талын хацар хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Миний зүүн хацар хацар хөхөрсөн. Намайг С.Э- гэх залуу 1 удаа гараараа цохиж миний биед гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-12 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн 11769 дугаартай “...И.Ц-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт                          /хавтас хэргийн 22-23 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Э- нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын биед шалтгаангүйгээр халдаж, цохисны улмаас эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний биед  хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  шүүгдэгч С.Э-ийн “И.Ц-ын зүүн хацар луу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын “С.Э- гэх залуу намайг нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын  11769 дүгээр “И.Ц-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

 

“...Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох ба хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх...” зэрэг хэлбэртэй байж болох бөгөөд шүүгдэгч С.Э- нь насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын эрүүл мэндэд халдан хөнгөн хохирол учруулсан үйлдэл гаргасан болох нь хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд:

 

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11769 дүгээр шинжээчийн “И.Ц-ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч С.Э-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, М Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч С.Э-ийн насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь  М Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч  нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч С.Э- нь насанд хүрээгүй хохирогч И.Ц-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан насанд хүрээгүй хохирогч И.Ц- хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж,

 

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж тус тус хуульчилжээ.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлтийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч  С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ийг  240 нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Э- нь энэ хэргийн учир 7 хоног цагдан хоригдсон, хэрэгт бичгийн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн С-ын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4  дэх  хэсэгт зааснаар С.Э-д оногдуулсан 240 цагийн  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч С.Э- нь энэ тогтоолоор  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  оролцогчид гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА