Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00523

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр Дугаар 102/ШШ2021/00523 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******оршин байрлах******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******од оршин байрлах******* /РД:*******/-д холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 857,753.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол дайвин ХХК-ийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаатай Тусгай дугаар ашиглах бүртгэлийн гэрчилгээ олгож, Бүртгэлийн гэрчилгээний дугаар-г Монгол дайвин ХХК-тай байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монгол дайвин ХХК нь бүртгэлийн гэрчилгээний гэрээнд заасан 2015-2016 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000 төгрөг, 2016-2017 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000 төгрөг, нийт 2,080,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2015 онд 1,000,000 төгрөгийн төлбөрийг, 857,753 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойш хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол дайвин ХХК-нд төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар нь хүргүүлж байсан, 2020 оны 8 дугаар сард Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллээс холбогдох мэдээллийг авч, хаягаар нь очсон, утсаар холбогдоход завгүй байна, машин барьж байна, төлөх үндэслэлгүй зэрэг хариу өгөв. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол дайвин ХХК-ийн хооронд байгуулагдсан******* /453/INQ 353/ дугаар бүхий Бүртгэлийн гэрчилгээний гэрээ-нд заасан тусгай дугаар ашиглах бүртгэлийн гэрчилгээний төлбөрт 857,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанаар талууд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаатай тусгай дугаар ашиглах гэрээ байгуулж, бүртгэлийн гэрчилгээ олгосон гэх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөр нь 2015-2016 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000 төгрөг, 2016-2017 оны бүртгэлийн гэрчилгээний 1 жилийн төлбөр 1,040,000 төгрөг буюу нийт 2,080,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2015 оны 1,000,000 төгрөг, 2016 онд 222,246 төгрөгийг төлж, 857,753 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Монгол дайвин ХХК-нд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 857,753 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол дайвин ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Тусгай дугаар ашиглах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1800-2424 тусгай дугаарыг зар сурталчилгаа, арилжааны зориулалтаар ашиглах нөхцөлөөр шилжүүлэх, хариуцагч Монгол дайвин ХХК нь хариу төлбөрт зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд заасан тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсийг жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнээс дүгнэвэл зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна гэж дүгнэв.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооноос хариуцагч Монгол дайвин ХХК-нд Улаанбаатар хотод зар сурталчилгаа, арилжаа эрхлэх үйлчилгээнд 1-800-2424 тусгай дугаар ашиглах эрхийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл олгосон, хариуцагч Монгол дайвин ХХК 2015 онд 1,000,000 төгрөг төлсөн болох нь Харилцаа холбооны зохицуулах хорооны төлбөрийн баримтаар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /Хх-6, 13/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу төлөх төлбөр 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртлэх хугацааны төлбөрийг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардаж буй хугацааны төлбөрийг төлөхгүй хэмээн маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д Тусгай дугаар эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-нд заасны дагуу тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний нэг жилийн хөлсийг Зохицуулах хорооны Голомт банк дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлнө хэмээн тусгай дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх хугацааг тодорхой тусгажээ.

Гэрээний дээрх заалтыг баримтлан төлбөр төлөх хугацааг тооцоход, Монгол дайвин ХХК нь 2016-2017 онд хамаарах төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор багтаан төлөх үүргийг хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь дээр дурьдсан төлбөр төлөх хугацаанаас хойш үйлчилгээний хөлсийг хариуцагчаас шаардаж байсан эсэхээ нотлоогүй бөгөөд энэхүү 857,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргасан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол дайвин ХХК-аас 857,753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ