Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

 

 

2020         06            16                                            2020/ДШМ/777                                       

 

Г.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхтуул,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхтуулын бичсэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 29 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.Г-д холбогдох 2011005120353 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Г-гийн Г, Хөвсгөл аймагт 1993 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Mobi shop” худалдааны төвд гар утас засварчин ажилтай гэх, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум 0 дугаар баг, 00000 гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй. /регистрийн дугаар: 00000000/

Г.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 26, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mobi shop” худалдааны төвд гар утсны худалдаа эрхэлдэг Д.Одонтунгалаг, С.Оюунханд нарыг “Гар утас зээлээр авч Хөвсгөл аймагт ахдаа өгч заруулаад мөнгийг нь өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Одонтунгалагаас “Samsung s-8” “Samsung s-8 activ” загварын гар утаснуудыг авч 1,954,000 төгрөгийн, С.Оюунхандаас “Samsung s-8”, “Samsung s-9”, “Samsung s-8 place” загварын гар утаснуудыг авч 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Г-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-гээс 1,145,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Одонтунгалагт, 930,000 төгрөг  гаргуулан С.Оюунхандад тус тус олгож шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхтуул бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулсан бол уг ялыг ямар хугацаанд биелүүлэхийг шийтгэх тогтоолд тусгахаар хуульчилсан байхад шүүх энэ талаар тогтоолдоо огт дурдаагүй байна. Хэрэв шүүхээс ялтанд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлэхийг заах ёстой. Торгох ял биелүүлэх хугацааг тогтоогоогүй нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эрэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 11 дүгээр сарын 26 болон мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mobi shop” худалдааны төвд гар утсны худалдаа эрхэлдэг Д.Одонтунгалаг, С.Оюунханд нарыг “Гар утас зээлээр авч Хөвсгөл аймагт ахдаа өгч заруулаад мөнгийг нь өгье” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Одонтунгалагаас “Samsung s-8” “Samsung s-8 activ” загварын гар утаснуудыг авч 1,954,000 төгрөгийн, С.Оюунхандаас “Samsung s-8”, “Samsung s-9”, “Samsung s-8 place” загварын гар утаснуудыг авч 1,780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Одонтунгалагын “... 2019 оны 11 сараас хойш гар утасны засвар хийдэг Г.Г- “Гар утас өгөөч, манай ах Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг, би мөнгө нэмж зараад, заасан хоног хугацаандаа эргүүлээд мөнгийг нь өгье” гэж хэлээд 3-4 удаа утас авч зараад мөнгийг нь өгсөн. Сүүлд 12 сарын 23-ны өдөр “Samsung s-8” загварын 4 гар утсыг 1,360,000 төгрөгөөр, “Samsung s-8 activ” загварыг гар утсыг 360,000 төгрөгөөр бодож аваад мөнгийг нь өгөхгүй өдийг хүрч байна” /хх 13-14/ гэх,

хохирогч С.Оюунхандын “...Манай төвийн гар утас засварт ажилладаг Г.Г- гэх залуу Одонтунгалаг бид хоёрт “Манай ах Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг. Гар утас өгөөч хэдэн төгрөг нэмж зараад мөнгийг нь өгье” гэж хэлээд хэд хэдэн удаа гар утас авч зарж байсан. Сүүлд 12 дугаар сарын 23-ны өдөр Одонтунгалагаас 5 ширхэг гар утас, надаас “Samsung s-8” загварын гар утас 2 ширхэг, “Samsung s-9” загварын гар утас 1 ширхэг, “Samsung s-8 place” загварын гар утас 2 ширхэг нийт 1,900,000 төгрөгийн гар утаснуудыг авсан боловч мөнгөө өгөхгүй болсон” /хх 17-18, 19/ гэх мэдүүлгүүд,

хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 24-25, 27-28/ болон шүүгдэгч Г.Г-гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 34-35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Г- нь хохирогчдоос гар утас зээлээр авч үнэ нэмэн худалдан борлуулж ашиг олж байсан харилцаагаа урвуулан ашиглаж, “гар утаснуудыг Хөвсгөл аймагт гар утасны лангуу ажиллуулдаг ахдаа өгч борлуулж байгаа” мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогчдыг хуурч нийт 3,734,000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг шилжүүлэн авч өөртөө ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс торгох ял шийтгэхдээ ямар хугацаанд хэрхэн биелүүлэх талаар шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг тогтоох хэсэгт тусгах хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... торгох ялыг …” гэсний дараа “... хуульд заасан 3 сарын хугацаанд ...” гэж нэмэлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН