Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/231

 

      2024              3              22                                            2024/ШЦТ/231

                                                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,

улсын яллагч П.Итгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.У, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Маргад-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос М** овогт Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23030070105** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М** овогт Б.А (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****”-н урд замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota prius 30” маркийн **** УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.7.”жолоочид дараах зүйлийг хориглоно” а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Х-г (9 настай) мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У мэдүүлэхдээ “...Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 15 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***”-н урд замд “Toyota prius 30” маркийн **** УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.7. “жолоочид дараах зүйлийг хориглоно” а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Х-г (9 настай) мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 31 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хэргийн 32 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 33 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 34 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 35 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 36 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 37 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 84 дүгээр хуудас).

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М** овогт Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.А-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-с 12,650,000 (арван хоёр сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У-д олгосугай.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн эрүүл мэндэд цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЗОЛБОО