| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/04273/И |
| Дугаар | 102/шш2021/00556 |
| Огноо | 2021-03-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 102/шш2021/00556
2021 оны 03 сарын 05 өдөр 556 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, А байранд байрлах, холбогдох,
63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэнпунцаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орж, сарын цалин 420,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ингээд миний эхний 2 сар, 15 хоногийн цалинг бүрэн өгсөн. Миний бие 2020 оны 10 сарын 30-ны өдөр ажлаасаа гарахаар болоход ...Би чиний цалинг бүтэн олгоно... гэж хэлээд баахан бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Ингээд цалин өгөх болоход миний цалингаас 63,000 төгрөгийг үндэслэлгүйгээр суутгаж авсан байсан. Одоо бодоход намайг залилсан гэж бодож байгаа. Би яагаад миний цалингаас 63,000 төгрөг суутгаж байгаа юм бэ гэж асуухад ... Би мэдэхгүй байна. Нягтлан мэдэж байгаа... гэж хэлсэн. Гэтэл намайг ажиллаж байх хугацаанд -д ямар ч нягтлан ажиллаж байгаагүй. Би 2020 оны 08 дугаар сарын 27-31-ний хооронд бэрээ төрүүлэх гээд чөлөө авсан бөгөөд ингэхдээ өөрийн охин өөрийнхөө оронд үлдээж ажиллуулсан тул цалин хасах үндэслэлгүй. Тэгээд ч цалин хассан тушаал надад танилцуулаагүй. Тиймээс цалингийн үлдэгдэл 63,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ны төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нь 2020 оны 08 сарын 27-ны өдрөөс 08 сарын 31-ний өдөр хүртэл 4 өдрийн чөлөө авсан болохоор тухайн чөлөө авсан хугацааны цалинг суутгаж авсан. Үүнээс гадна нь байрны оршин суугчидтай ерөөсөө таардаггүй, цэвэрлэгээ муу хийдэг байсан учраас байрны оршин суугчид холбогдуулан маш их гомдол ирүүлдэг байсан. Энэ талаар хэлэхэд ...Би дарга байсан учраас хурц зантай. Би тиймээрээ л байна... гэж хэлдэг байсан. Сүүлдээ миний бие аргаа барж 2020 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад, ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдсэн ч охин хүүхдээ дагуулчихсан. Мөн өвлийн хүйтэнд дараагийн ажлаа олох хүртэл гээд 2020 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл ажиллуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч -д холбогдуулан 63,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч -ны захирлын 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаартай тушаалаар сарын 420,000 төгрөгний цалинтайгаар -ны жижүүр, үйлчлэгчийн ажилд томилогдож, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслээ ...хариуцагч байгууллагаас 10 сарын цалин олгохдоо 63,000 төгрөгийг үндэслэлгүйгээр дутуу олгосон гэж тайлбарласныг хариуцагч тал эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч нь 2020 оны 08 сарын 27-ны өдрөөс 08 сарын 31-ний өдөр хүртэл 4 өдрийн чөлөө авч ажиллаагүй тул ажиллаагүй хугацааны цалинг олгох үндэслэлгүй. Чөлөө авсан хугацаанд би өөрөө цэвэрлэгээг нь хийсэн гэж тайлбарлаж байна.
Талуудын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 8 сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд чөлөө авсан болон нэхэмжлэгчийн 10 сарын цалингаас 63,000 төгрөгийг дутуу олгосн гэдэг тогтоогдож байх бөгөөд талууд уг 63,000 төгрөгийг дутуу олгосон үндэслэлтэй эсэх дээр маргаантай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор гэрчээр асуулгасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ...Би 2020 оны 08 дугаар сарын 27-оос 31-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаанд ээж оронд 21а байрны орцны 1-9 давхар хүртэл болон гадна цэвэрлэгээг хийж байсан. ...Би бол цалин аваагүй, ...намайг цэвэрлэгээ хийж байгааг захирал нь мэдэж байсан гэж мэдүүлжээ.
Харин хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаартай Чөлөө олгох тухай тушаалын нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг тушаалд нь ...хүүгийнхээ эхнэрийг төрөх үеэр нь явах өдөр нь тодорхойгүй, цалингүй 3 хоногийн чөлөө амаар хүссэн тул цалингүй чөлөө олгож, ... 3 хоногийн цалинг 10 сарын цалингаас суутгахыг нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.
Гүйцэтгэх захирлын энэхүү тушаалыг нэхэмжлэгч нь мэдээгүй, танилцаагүй гэж тайлбарлаж байх бөгөөд уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд чөлөө авсан байхад 9 сарын 05-ны өдөр тушаал гаргаж, чөлөө авсан хугацааны цалинг 10 сараас суутгаад байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн чөлөөтэй байсан хугацаанд түүний ажлыг өөрөө хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байх боловч түүний ажлыг хийсэн хугацааны цалинг бодуулж аваагүй байна.
Иймд дээр үндэслэлээр хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн 10 сарын цалингаас 63,000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 63,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 63,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,500 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч-оос улсын тэмдэгтийн хураамжинд 4,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА