Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
Хэргийн индекс | 104/2021/00002/И |
Дугаар | 104/ШШ2021/00080 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 104/ШШ2021/00080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................................. тоотод оршин суух, ******* овогт З.Б /РД:................................./
Хариуцагч: ................................. /РД:................................./-т холбогдуулан
Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2017оны 02 дугаар сарын 01-ний өдөр “.............” ОНӨААТҮГ-ын даргын Б/37 дугаартай тушаалаар ерөнхий инженерийн албан тушаалд томилогдсон. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ...тушаал хууль зүйн үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхой зөрчил дутагдал заасан нь нотлогдон тогтоогдсон үйл баримтгүй байхад миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд...ерөнхий инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбарлахдаа: Нэхэмжлэгч З.Быг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/221 дугаартай тушаалаар ерөнхий инженерийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.1.4, 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын Б, З, Р заалтыг үндэслэсэн. Тушаалд эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбогдуулж зөрчил гаргасан гэх боловч Хөдөлмөрийн хуулийн ямар заалтыг үндэслэж буйгаа тушаалдаа заагаагүй, баримтлаагүй. Маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, тушаалд дурдсан зөрчлүүд баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч З.Быг ерөнхий инженерийн албан тушаалд эгүүлэн томилж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,985,031 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч “.............” ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Быг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/221 дугаартай тушаалаар ерөнхий инженерийн албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.1.4, 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын Б, З, Р заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан. З.Быг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/82 тоот тушаалаар сахилгын хариуцлага тооцсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч ............. ОНӨААТҮГ-т холбогдуулан ерөнхий инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,985,031 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийлгэхийг шаардсан.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж маргасан.
Нэхэмжлэгч З.Б нь “.............” ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ерөнхий инженерийн албан тушаалд 960,000 төгрөгийн үндсэн цалинтай, хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажиллаж байсныг захирал Г.Чулуунбат 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б/221 тоот тушаалаар “хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, техникийн бодлогыг алдагдуулж, технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам зааврыг ноцтой зөрчсөн” гэж үзэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийтгэл оногдуулж, гаргасан шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын ёс зүйн дүрмийн 2.1.4, 3.1.3, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын Б, З, Р заалтуудыг баримталсан байна. /хх-3, 9-11, 33-36/
Нэхэмжлэгч З.Б тушаалын үндэслэлд заасан зөрчлийг гаргаагүй, Дүүргийн Засаг даргаас өөр ажилд томилох санал ирснийг захирал Г.Чулуунбатад танилцуулж ажилтны санаачлагаар /ХТХ-38.1.1/ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасныг хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан мэтээр ажлаас халах тушаал гаргасан гэж үзэж гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байна. /хх-1, 23/
Мөн тэрээр гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан харьяаллын дагуу гаргасан нь хуульд нийцэж байна.
“.............” ОНӨААТҮГ-ын захирал Г.Чулуунбат нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т зааснаар ...албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхтэй ч тухайн албан тушаалтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг учраас хөдөлмөрлөх эрхийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан зохицуулна.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалж ажлаас халах шийтгэл оногдуулж байгаа бол гаргасан эрхийн актад Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлах ёстой. Гэтэл Б/221 тоот тушаалд Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах хэсгийг баримталсан атлаа тушаалын үндэслэл болгож буй нарийвчилсан заалтыг баримтлаагүй байна. Энэ нь хууль зүйн үр дагавар үүсгэдэг учраас гаргаж буй эрх зүйн акт тушаал нь хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн.
Захирлын Б/221 тоот тушаалын үндэслэлд ажилтныг хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, техникийн бодлогыг алдагдуулж, технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам зааврыг ноцтой зөрчсөн гэж зааснаас үзэхэд ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.
Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын Б-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь нотлогдсон”, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын З-д “Технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журам зааврыг ноцтой зөрчсөн”, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3-ын Р-д “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан нь сахилгын ноцтой зөрчилд тооцохоор” нэрлэн заасан байна. /хх-9-11/
Дээрх зөрчлүүдийг гаргасан ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хариуцлага хүлээх үндэслэл болох учраас хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Быг хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж, техникийн бодлогыг алдагдуулж, технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам зааврыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/82 тоот тушаалыг ирүүлсэн. Уг тушаалаар ерөнхий инженер З.Болбаатарт цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Ажилтан уг шийтгэлийг биелүүлсэн үр дагавар арилсан байхад уг шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авсан ажлаас халах сахилгын шийтгэлтэй холбогдуулан шүүхэд баримт болгож ирүүлж буй үндэслэлээ ойлгомжтой, тодорхой тайлбарлаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “...сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэсэн үндэслэлийг няцааж мэтгэлцээгүй.
Мөн хэрэгт 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр захирал Г.Чулуунбатын ажил хүлээлцсэн хуудас, байгууллагын авлага, өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, товчоог баримтаар ирүүлсэн нь маргааны зүйлтэй хамааралгүй байсан учраас шүүх шинжлэн судалж үнэлээгүй.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тухайн байгууллагын хуулийн зөвлөх Л.Ө нь захирал Г.Чулуунбатын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/221 тоот тушаалын үндэслэлд заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг ерөнхий инженер З.Б хэзээ гаргасан, хор уршиг үр дагавар хэрхэн учирсан, зөрчлийг хэзээ яаж илрүүлж, хэрхэн хэлэлцэж, шийдвэрлэсэн тухай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, тушаалын үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй учраас З.Быг ерөнхий инженерийн ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн.
Ажилтан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох шаардлагын хамт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч З.Б нь “.............” ОНӨААТҮГ-т ерөнхий инженерээр ажиллаж байгаад сахилгын шийтгэл хүлээж, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас халагдсан. Түүнийг ажилгүй байх хугацаанд Налайх дүүргийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/60 тоот захирамжаар дээрх газрын захирал Г.Чулуунбатыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдөр Б/61 тоот захирамжаар нэхэмжлэгч З.Быг “.............” ОНӨААТҮГ-ын даргаар түр томилон ажиллуулсан байна. /хх-24-25/
Иймд шүүх түүний ажилгүй байсан хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэж тооцсон. Энэ хугацаанаас хойш өөрийн байгууллагын даргаар түр томилогдон ажиллаж цалин хөлс авч байгаа, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэл хураамжийг зохих журмын дагуу сар тутам төлж, бичилт хийлгэж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас цалин хөлс, шимтгэл хураамжийг давхардуулан олгох шаардлагагүй гэж үзсэн.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч З.Быг хариуцагч байгууллагын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй удирдах албан тушаалтаар Налайх дүүргийн Засаг даргын 2020 ны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/61 тоот захирамжаар түр томилохдоо түүнийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсан үйл баримтыг мэдэж байсан тухай баримт хэрэгт авагдсан байгаа учраас шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцсон.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тодорхойлж ажилгүй байсан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 922,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,062,571 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож ажилгүй байсан хугацаанд олгогдсон олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгов.
Нэхэмжлэгч хууль заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаад, нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт З.Б /РД:................................./-ыг “.............” ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “.............” ОНӨААТҮГ-аас 922,460 /есөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,062,571 /хоёр сая жаран хоёр мянга таван зуун далан нэг/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Бт олгосон 922,460 /есөн зуун хорин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал шимтгэл хураамжийг зохих журмын дагуу төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “.............” ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “.............” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,689 /хорин зургаан мянга зургаан зуун наян ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ