| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0170/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
2024 3 19 2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч И.Ганбат, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********од холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Алтанцэцэг, иргэдийн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********, шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Ч.*********баатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Отгонпүрэв шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ********* нь 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ********* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч ******-ыг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж, “архи нэхлээ” гэх шалтгаанаар марган, хутгаар биеийн хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний 4/3 нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, баруун хацар, зүүн шуу, зүүн сарвуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн, шаналгаж, тарчилган зовоож онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч *********оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Тухайн өдөр Чингис хааны төрсөн өдөр гээд бүх нийтийн амралтын өдөр байсан. Морингийн даваад манай хашаа байшин байдаг. Өвөл амьдардаггүй. Би тэнд очиж ойр зуурын засвар хийх гээд замдаа 0.5 литрийн архи аваад, засвар хийх завандаа уугаад, согтоод унтаж байхад хаалга онгойлгоод танихгүй хүн орж ирэхээр нь би сэрсэн. Тэгэхэд тэр хүн “Баярын өдөр юугаа хийгээд ганцаараа суугаад байгаа юм, гарч архи ууя” гэхээр нь би “чамайг танихгүй юу яриад байгаа юм гэртээ харь” гэсэн. Тэгээд хоорондоо хэрэлдсэн. Эрэгтэй хүмүүс болохоор муухай муухай хараалын үг хэлж маргалдсан. Тэгсэн гэнэт хутга бариад дайрсан, ба хутганд нь өртөхгүй байх юмсан гээд барилцаж авсан. Нэг мэдсэн нөгөө хүний бие сулраад газарт унасан. Тэгээд дүүгээ дуудаад ийм юм болсон гэж хэлсэн. Би согтуу байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Тухайн хутга ширээн дээр юм уу, хогийн савны хажууд байсан байх, хутгаараа би засвар хийж байхдаа хуванцар хоолой зүсэж байсан юм. Би маш их гэмшиж байгаа. Хүний амь нас хохироосондоо гэмшиж байна. Манай гэр бүлийн хүн 15.900.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүнд агсан согтуу тавьдаггүй хүн байсан. Сэтгэл санааны хохиролтой байна, шүүх хуулийн дагуу шийдэж өгөн үү.
Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс ажил явдлын үеэр 2.000.000 төгрөг, дараа нь 12.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөг өгсөн. Би 15.900.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Тэрнээс 14.000.000 төгрөг нь төлөгдсөн. Үлдсэн хохирлоо, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Талийгаач би хоёр албан ёсны гэрлэлтээ батлуулсан ба 27 жил хамт амьдарч байна. Би 16-27 насны 3 хүүхэдтэй. Насанд хүрээгүй хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж хөөцөлдөх гэхээр Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг нь хоёр тийшээ явуулаад байдаг. Шүүгдэгчийн ар гэр уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн ******** дугаартай хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 15-16, 17, 18-22 дахь тал),
2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 23, 24-27 дахь тал),
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд (28, 29-31 дэх тал),
5. Цогцосны гадна үзлэгээр хураан авсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 32, 33-34 дэх тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (13 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********гийн өгсөн:
“...Би Улаанбаатар Төмөр замд үйлчлэгч ажилтай бөгөөд хөдөө орон нутгаар 6 хоног ажиллаад 6 хоног амардаг юм. Хэрэг болсон өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би Дархан-Уул аймгийн Шарын гол сумд ажлаар явж байхад өглөө 10 цагийн орчимд танихгүй дугаараас залгахаар нь утсаа аваад ярихад өөрийгөө Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн цагдаа гэж танилцуулан, манай нөхөр Т.*********ы талаар асууж тодруулсны дараа “нас барсан” гэж надад хэлснээр би анх дээрх хэрэг учралын талаар мэдсэн.
Миний хувьд гэвэл би 2023 оны 11 дүгээр сарын 14- ний өглөө 09 цагт гэрээсээ гарахад миний нөхөр Т.********* нь гэртээ охин ***** хамт унтаад үлдсэн. Харин би тухайн өдөр 13 цагийн орчимд охин ******утсаар ярихад аав Т.********* саяхан гэрээсээ гараад явлаа гэж надад хэлж байсан. Мөн тэр өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 цагийн орчимд охин ******дахин гар утсаар ярихад аав Т.********* гэртээ орж ирээгүй байна гэж хэлж байсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагт охин *********тай гар утсаар ярихад аав Т.********* өчигдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй байна гэж надад хэлж байсан.
Би ********* гэдэг хүнийг урд өмнө харж байсан юм шиг санагдаж байна гэхдээ хаана, хэнтэй амьдардгийг нь огт мэдэхгүй. Би ********* гэх хүний талаар огт мэдэхгүй юм байна. Миний нөхөр Т.********* нь 1974 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн эхээс тавуулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд юм. Миний талийгаач нөхөр Т.********* нь архи уух дуртай бөгөөд 2021 оноос хойш ажил хийгээгүй гэртээ байдаг байсан. Тогтсон тодорхой ажилгүй хүн байсан.
Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4-5 хоног үргэлжлүүлэн архи уудаг. Гэхдээ согтуу үедээ заавал гэртээ ирж хонодог байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээр гадуур, айлаар хоноод байдаггүй хүн байсан. Намайг ээлжээр 5-6 хоног ажилтай байх үед 4-5 хоног архи уудаг байсан. Гэхдээ намайг гэртээ амарч байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн байсан юм. Миний мэдэхээр Мөнх-Эрдэнэ, Хуягаа гэдэг 2 найзтай бөгөөд би талийгаач нөхөр Т.*********ы иргэний үнэмлэхийг гэртээ хайгаад олоогүй тул Т.*********ыг байнга очдог ****** нарын гэрт очиход 2023 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр манай нөхөр Т.*********ыг тухайн өдөр огт ирээгүй гэж хэлж байна лээ.
Миний бодлоор тухайн өдөр манай талийгаач нөхөр Т.********* нь 13 цагт гэрээсээ гараад ********* гэдэг хүнтэй таараад гэрт нь нас барсан байна даа гэж бодсон. Би маш их гомдолтой байна. Одоогийн байдлаар би юуг хэрхэн яаж нэхэмжлэхээ сайн хэлж мэдэхгүй байна. Буяны ажил явдлын үеэр *********ын төрсөн дүү ********* гэж өөрийгөө танилцуулсан залуу ирээд шашин зан үйлдээ зарцуулаарай гэж хэлээд 2.000.000 төгрөг өгч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 36-40 дэх тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******** гэрчээр өгсөн:
“...Манай нөхөр ********* нь өчигдөр ажлаасаа бууж ирээд өнөөдөр амарсан. Би бас амарч байсан тул нөхөр надад хандан Морин орж хашааны цасаа цэвэрлэе, харин чи чацарганаа түүхгүй юм уу гэхээр нь би “хагас бүтэн сайнд болъё, өнөөдөр амаръя” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “өөрөө явна” гээд өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад Моринд байдаг байшин руу явсан. Ингээд холбоогүй байснаа нөхөр согтуу залгасан бөгөөд би энэ үед хүнтэй ярьж байсан тул ярьж дуусчхаад эргүүлээд нөхрийн *****гэсэн дугаар луу залгаж ярихад нөхөр өөдөөс “би хүн алчих шиг боллоо, мөн би энэ хүнийг танихгүй юм байна, хашааны гадаа ир” гээд байсан.
Тэгэхээр нь би түүнд хандаж “юу гээд солиороод байгаа юм бэ” гэхэд “намайг хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь Морингийн байшингийн хажууд байдаг ********* гэж залуугийн дугаар руу залгахад утсаа авахгүй байсан бөгөөд эхнэр рүү нь залгаж *********той яриад “********* ах чинь сонин юм яриад байна, ороод үзээдхээч, эгч нь гарлаа” гэж хэлсэн. Ингээд намайг гэрээс гараад явж байхад ********* над руу залгаад “та ирж байгаа юм уу” гэсэн бөгөөд “юу болсон, нөгөө хүн чинь гайгүй юу” гэхэд ********* “нөгөө хүн чинь үхчихжээ гэл үү байхгүй болчихжээ” гэж хэлсэн. Тэгээд шууд ирсэн гэхдээ байшинд орж чадаагүй, ормооргүй санагдаад ороогүй. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 41-44 дэх тал),
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.*********ын гэрчээр өгсөн:
“...2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орой 21:30 цагийн үед ********* эгч манай эхнэр рүү видео колл хийгээд *********той ярих хэрэг байна гээд надтай ярьсан. ********* эгч надад хэлэхдээ ********* над руу яриад “хүнд зодуулчихлаа гэл үү алчихлаа гэл үү, нэг юм яриад байна, ороод үзээдхээч” гэхээр нь гэрт нь яваад ороход ********* ахын байшингийн гал тогооны өрөөнд толгойн зүүн талын гүрээний судас орчмоос нэлээн их цус гарсан бололтой, зүс харж байсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Харин ********* уг эрэгтэйн хажуугийн сандал дээр суучихсан байхаар нь юу болсон талаар асуухад “танихгүй хүн орж ирээд архи уугаад над руу хутга бариад дайрахаар нь хутгийг нь булааж аваад, өөрийг нь хутгалчихлаа, үхчихсэн байна у,у чи үзээдэх” гэхээр нь хэвтэж байсан эрэгтэйн судсыг барьж үзэхэд судасны цохилт байхгүй байхаар нь энэ талаар *********од хэлээд шууд Цагдаагийн байгууллагад хандсан.
********* ахын өвлийн байшин нь манай ойролцоо байдаг ба би эхнэртэй нь нэг газар ажилладаг байсан. Харин амь хохирогч эрэгтэйг зүс харж байсан. Хааяа энэ хавиар архи уучихсан явж харагддаг, хэн гэдгийг нь мэдэхгүй байна. ********* надад хэлэхдээ амь хохирогч хутга аваад над руу дайрахаар нь хутгийг нь булааж аваад өөрийг нь хутгалчихсан гэж хэлж байсан. Тухайн цогцосны толгойн зүүн талын гүрээний судас орчмоос цус гарсан харагдсан. Хутгалсан гэх хутга нь ********* ахын сууж байсан ширээн дээр тавиатай цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн иштэй хутга байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45-48 дахь тал),
10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээч эмчийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3028 дугаартай дүгнэлт:
“Гадна үзлэг: Цогцсын урт 160.0 см, 70.0 кг жинтэй, толгойд 6.0 см урт, буурал суусан хүрэн өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа биедээ тохирсон, арьс цайвар шаргалдуу туяатай, баруун сарвууны 4-р хурууны 1-р үеэр мухар, дээд уруулын дээд хэсгээр 0.5 см урт сахалтай, нүүр, толгой, хүзүү, цээж, 2 сарвуу цусаар бохирлогдсон 45-50 орчим насны эрэгтэй хүний цогцос байна. Хоёр нүд аниастай, зовхийг сөхөхөд хүүхэн хараа 2 талд ижил өргөссөн, эвэрлэг төвөөр тунгалаг, захаар сааралтсан, нүдний алим, зовхины салст цайвар ягаан, нүдний алимны салст цагаан. 2 чихний дэлбэнгийн хэлбэр зөв, хоёр чихний сувгаас гарсан зүйлгүй. Хамрын яс мөгөөрс бүтэн, хамрын нүхнээс гарсан зүйлгүй. Ам ангаагайгүй, амнаас хүрэн улаан цусархаг зүйл гарсан. Уруул хүрэн өнгөтэй, уруулыг сөхөхөд үзэгдэх дээд шүднүүд үгүй, доод зүүн 1-5, баруун 1-5 дугаар шүднүүдтэй, бусад шүд үгүй. Цээжний хэлбэр зөв. Цээж хоёр талд тэгш хэмтэй, хэвлийн хэлбэр зөв, баруун зүүн хавирганы нумаар байрлалтай. Гадна бэлэг эрхтэн хөгжил зөв, умдагг эрэгтэй хэлбэрийн үсжилттэй, хуйхнаг хүрэн бор өнгөтэй. Шээс өтгөний сүвээс гарсан зүйлгүй. Хошногоны салст цайвар, хуниас булчинд эмгэг өөрчлөлтгүй.
Цогцос хөрсөн. Хөшилт дээд доод мөчдийн булчинд тод илэрсэн. Хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр алаг цоог бүдэг үүссэн, дарахад арилахгүй. Нас бараад 6-8 цаг болсон.
Гадна үзлэгээр илрэх гэмтэл шарх, содон шинж тэмдэг:
1. 3үүн шанаанд 2.5x0.3 см хэмжээтэй доод хэсэгтээ 0.2 см 2 ширхэг нэмэлт зүсэлт бүхий хурц ирмэгтэй, дээд хэсэгтээ 0.2 см хэмжээтэй мохоо хэсэг бүхий дээрээс доош чиглэлтэй 0.3 см гүнтэй зах ирмэг тэгш шархтай,
2. 3үүн чихний омог хүзүүний дээд хэсгийг хамарсан 5.2x0.4 см хэмжээтэй дээд хэсэгтээ 0.4 см доод хэсэгтээ 0.1 см 1 ширхэг нэмэлт зүслэг бүхий дээрээс доош чиглэлтэй урдаас арагш чиглэлтэй, 2 см гүн зах ирмэг тэгш шархтай,
3. Зүүн чихний омогны доод хэсэгт 2.2x0.2 см хэмжээтэй доод хэсэгтээ 0.1 см хэмжээтэй хурц төгсгөлтэй, дээд хэсэгтээ 0.1 см мохоо хэсэг бүхий дээрээс доош ташуу чиглэлтэй 3.7 см гүн зах ирмэг тэгш шархтай,
4. 3-р шархнаас урагш 1.3 см-т 2.2x0.5 см хэмжээтэй доод хэсэгтээ мохоо, хурц ирмэг нь дээд хэсэгтээ 0.2 см нэмэлт 1 ш зүслэг бүхий урдаас арагш чиглэлтэй 2.7 см гүн зах ирмэг тэгш шархтай,
5. 4-р шархнаас урагш 1 см зайд 6.0x1.6 см ангайсан, хүзүүний өөхөн эд болон булчин, зөөлөн эд, гүрээний хураагуур болон тараагуур судас бүрэн тасарсан, судсууд онгойсон, тэнэгч мэдрэл хөндлөн бүрэн биш зүсэгдэж тасарсан урдаас арагш, дээрээс доош гаднаас дотогш чиглэлтэй зах ирмэг тэгш шархтай,
6. 5-р шархнаас доош 1.2 см зайд ташуу байрлалтай 2 6x0.8 см ир нь дээрээ 0.1 см, мөр доороо 0.3 см хэмжээтэй баруунаас зүүн дээш чиглэлтэй 0.3 см гүнтэй зах ирмэг тэгш шархтай,
7. Хүзүүний урд доод хэсэгт ташуу байрлалтай 2.0x0.2 см хэмжээтэй мөр нь дээр 0.5 см хурц ирмэгт нь доод хэсэгтээ 0.3 см, дээрээс доош ташуу чиглэлтэй 3.0 см гүн зах ирмэг тэгш шархтай,
8. 7 дахь шархнаас 4 см зайд хүзүүний баруун урд дунд хэсэгт 2.0x0.3 см хэмжээтэй мөр нь дээр 0.2 см хурц ирмэг нь доод хэсэгтээ 0.1 см, баруун доод хэсэгт нэмэлт 0.1 см хэмжээтэй зүслэгтэй, урдаас арагш, дээрээс ташуу доош чиглэлтэй, 3.0 см зах ирмэг тэгш шархтай,
9. Баруун хацрын урд доод хэсэгт 1.5х0.1 см хэмжээтэй 0.1 см гүнтэй зах ирмэг тэгш шархтай,
10. Зүүн шууны урд дунд хэсэгт хагас ташуу байрлалтай 2.0х 0.8 см мөр нь дээрээ 0.1 см, зах ирмэгт нь доод хэсэгтээ 0.1 см хэмжээтэй, доод хэсэгтээ нэмэлт 0.2 см зүслэг бүхий зах ирмэг тэгш шархтай,
11. Зүүн шууны дотор доод хэсэгт 2.0 см урттай, 1.0 см өргөнтэй 0.2 см гүнтэй, мөр нь дээрээ 0.1 см, зах ирмэг нь доод хэсэгтээ 0.1 см, нэмэлт 1 ширхэг зүслэг бүхий зах ирмэг тэгш шархтай,
12. Зүүн сарвууны ар гадаргууд 1.8x0.4 см өргөнтэй тод гүн хүрэн улаан даргар зах ирмэг тэгш шархтай,
13. Зүүн шууны дотор дунд хэсэгт 4.5х0.2 см арьсны түвшингээс бага зэрэг товгор, цайвар гялгар хуучин сорвитой,
14. Баруун бугалганы баруун дээд хэсгийг хамарсан 19.0х4.0 см арьсны түвшингээс хонхойсон, голоороо хүрэн захаараа хуучин сорвитой,
15. Баруун шууны гадна дээд хэсэгт 8.0х4.0 см голоороо хүрэн захаараа цайвар арьсны түвшингээс татагдаж хонхойсон хуучин сорвитой,
16. Хэвлийн баруун доод хэсэгт 7.0х1.0 см голоороо хүрэн захаараа цайвар сорвитой,
17. Баруун гуяны урд дунд болон хажуу гадаргууг хамарсан 15.0х15.0 см цайвар хүрэн сорвитой,
Задлан шинжилгээний онош:
1. Ир үзүүртэй зүйлийн гэмтэл: Хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй, гүрээний зүүн тараагуур болон хураагуур судасны бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний ¾-р нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх,
2. Хөөмий, мөгөөрсөн хоолой дахь цус /сорогдолт бөглөрөл/ цочмог цус алдалт, цээжний хөндий дэх бус хуралдалт /1100мл цус/, цус алдалтын шок /шокын бөөр/,
3. Элэгний эхэн үеийн хатуурал, 2 уушгины наалдцат үрэвсэл, баруун хацар, зүүн шуу, зүүн сарвуунд хатгагдаж зүсэгдсэн шарх,
ДҮГНЭЛТ:
1. Хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний ¾ -р нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, баруун хацар, зүүн шуу, зүүн сарвуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. 3. 4. Эдгээр гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн хатгагдаж зүсэгдэх үйлдлээр үүсгэгдсэн, хүзүүний олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх нь үхэлд хүргэжээ. Баруун хацар, зүүн шуу, сарвууны хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний ¾-р нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж цус алдалтын шокоор нас баржээ.
6. Цогцсын үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байжээ.
7. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай, Талийгаачийн цусанд 3.8, ходоодны шингэнд 7.4, шээсэнд 3.8 промилл спиртийн зүйл илэрсэн. Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илрээгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 57-62 дахь тал),
11. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 1000 дугаартай:
1. ********* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
2. ********* нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
3. Б ********* нь юмыг зөвөөр тусган, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
4. ********* нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна.
5. ********* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 163-165 дахь тал),
12. ШШЕГ-ын байгалийн ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 5715 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн модон иштэй 25 см урт хутга нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хутган дээрээс цус илэрсэн.
3. Хутган дээрх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
4. Хутган дээрх цусны ДНХ тогтоц нь *********ын ДНХ-ийн тогтоцжтой тохирохгүй, Т.*********ы ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 80-82, 83 дахь тал),
13. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 14450 дугаартай:
1. *********ын биед баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт (хэргийн 101-102 дахь тал),
14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *********ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Би **** тоотод эхнэр *********, хадам ээж *********, хүү ********* нарын хамт амьдардаг юм. Манай эхнэр одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хадам ээж ********* тэтгэвэрт, хүү ********* Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 5 дугаар дамжааны оюутан юм. Би харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар 2023 оны 08 дугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Эхнэр бид хоёр гурван хүүхэдтэй бөгөөд том хүү **** Улаанбаатар хотод гэр бүлийн хамт тусдаа амьдардаг, хүү ***** Солонгос улсад гэр бүлийн хамт амьдарч байгаа.
Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би гэрээсээ өөрийн хуучин хашаа байшин болох ****** тоотын хашааг цэвэрлэхээр 12 цаг өнгөрч байхад ганцаараа гараад замдаа Морингийн “Зэгст Мөндөөхөө” дэлгүүр ороод Хараа нэртэй 0,5 литрийн нэг шил аваад, Морингийн гэртээ ороод архиа ганцаараа уусан. Архиа ганцаараа уугаад дуусгасан цагийг нь сайн санахгүй байна. Намайг архи ууж байхад гаднаас хэн нэгэн хүн орж ирээгүй, би согтоод сандал дээр унтчихсан байсан. Унтаж байсан чинь байшинд нэг танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн. /цагийг нь санахгүй байна/ Тэр эрэгтэй хүн надаас архи нэхэхээр нь би байхгүй гэж хэлсэн.
Тэгсэн намайг “пизда харамч” гэхээр нь би “чамд архи авч өгөх албатай юм уу” гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн ширээний дэргэд байх сандалд миний өөдөөс хараад суусан. Бид хоёрын хоорондын зай 1 метр орчим байсан. Тэгсэн тэр эрэгтэй хүн ширээн дээрээс хутга баруун гартаа бариад далайхаар нь би хоёр гарыг нь хоёр гараараа бариад, хутгийг нь баруун гараараа булааж аваад тэр хүний зүүн талын хүзүү орчимд 3-4 удаа хатгасан.
Тэгсэн тэр хүн шалан дээр унасан бөгөөд хүзүү орчмоос нь цус гараад би сандарсандаа гэрээс гүйж гарахад бүрэнхий болж байсан, цагийг нь сайн санахгүй байна. Манай хашааны дээд хэсэгт хоёр хашааны цаана байх *********г хашааны гаднаас нь дуудсан чинь гараад ирэхээр нь “”ах нь гэртээ хүн хутгалчихлаа гэж хэлсэн. ********* Цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байгаа. Тэгээд ********* бид хоёр манай гэрт хамт ороход “та хүн алчихсан юм биш үү” гээд ********* утсаараа цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан. Удалгүй цагдаа нар ирсэн “нас барчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд би гайхаад шоконд орсон.
Би гэрээсээ гарахдаа гэрт байсан архинаас 100 грамм уусан. Морингийн дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи авч гэртээ ганцаараа уусан. Өөр хэн нэгэн хүнтэй хамт уусан зүйл бол байхгүй. Би нэлээн согтолттой байсан. Намайг гэрээс гарахад гэрт эхнэр хадам ээж хоёр байсан. Би гэрээсээ гарахдаа ногоон өнгийн куртик, ногоон өнгийн саравчтай малгай, эрээн өнгийн өмд, хүрэн өнгийн хагас түрүүтэй гуталтай байсан. Би хашаагаа цэвэрлэх, мөн хашаанд байсан Соната 6 маркийн машиндаа бага зэрэг цэвэрлэгээ хийх гэж очсон. Би хашааны цасаа цэвэрлэж байхдаа архиа ганцаараа уусан.
Би тухайн орж ирсэн хүнийг урд нь харж байгаагүй санаж байна. Би тэр хүнтэй харилцаж байгаагүй танихгүй хүн байсан. Би нэлээн согтуу байсан болохоор тухайн хүний өмссөн хувцас гадна төрхийг сайн санахгүй байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй.
Бид хоёр нэг нэгнийгээ цохиж зодсон асуудал болоогүй. Цохиж зодох хугацаа байгаагүй маш хурдан болоод өнгөрсөн. Би тэр хүнийг эрүүл байсан эсэх, согтуу байсан эсэхийг мэдэхгүй байна. Би зургийг харлаа энэ хүнийг урд нь Морингийн гудамжинд харж байсан юм байна. Энэ хүнтэй хүнтэй гудамжинд тааралдахдаа мэнд асуугаад л явдаг. Тэрнээс биш энэ хүнийг би танихгүй нэрийг нь ч мэдэхгүй, гэрийг нь ч мэдэхгүй. Миний буруу маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хэргийн 8, 53-54 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 107 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 108 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 109 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 110 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 113 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 114 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 115 дахь тал), 134110 дугаартай Диплом (хэргийн 119-121 дэх тал), “*********” ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт (хэргийн 122-123 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 135 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлага зөрчигдөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Мөн тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байхаас гадна хэрэгт хамааралтай, эх сурвалж нотлох баримтыг ЭРүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20-22 цагийн орчимд ***** тоотод “танихгүй хүн хашаанд орж ирж, архи нэхсэн” шалтгаанаар амь хохирогч Т.*********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, хутгаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь “хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний 4/3 нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, баруун хацар, зүүн шуу, зүүн сарвуунд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий олон тооны шарх гэмтэл учруулсан ба амь хохирогч Б.********* нь дээрх учирсан “...хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний 4/3 дугаар нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх” гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокоор 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон бөгөөд хэргийн 23 дугаар талд авагдсан цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...цогцост үзлэг хийх ажиллагааг 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 03 цаг 14 минутад эхлүүлэв, ...нас бараад 6-8 цаг болсон байна.” гэж тэмдэглэсэн тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх “2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20-22 цагийн орчимд” гэж тогтоож, дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааж хуульчилсан.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй байх эрхтэй” гэж, мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн, энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй нөхцөл байдлыг, “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг тус тус хамааруулж ойлгоно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийн 57-62 дугаар тал дахь Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3028 дугаартай дүгнэлтэд “...амь хохирогчийн цусанд 3.8, ходоодны шингэнд 7.4, шээсэнд 3.8 промилл спиртийн зүйл илэрсэн.” гэж тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь согтуурлын ямар зэрэгт хамаарах эсэхэд (хөнгөн, дунд, хүнд, хүчтэй гэх зэрэг) дүгнэлт өгөөгүй, нөгөөтээгүүр тухайн хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч ********* нь өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байсан зэргээс амь хохирогчийг хүчтэй согтуурсан, мансуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг сэтгэлзүйн болон оюун санааны хувьд ухамсарлан ойлгох чадвар дутмаг байсан гэж үзнэ.
Шүүгдэгч ********* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, үйлдлийг удирдан жолоодох, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хэргийн 163-165 дахь талд авагдсан СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1000 дугаартай шинжээчийн дүгнэлт баримтаар нотлогджээ.
Иймд прокуророос *********од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 ахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Тухайн хэргийн хувьд ********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танихгүй хүн хашаанд орж ирж архи нэхсэн” шалтгаанаар амь хохирогч Т.*********тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, хутгаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь “хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний 4/3 нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, баруун хацар, зүүн шуу, зүүн сарвуунд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий олон тооны шарх гэмтэл учруулж, өвтгөн шаналгасан,
дээрх учирсан олон тооны гэмтлээс амь хохирогч нь “...хүзүүний урд болон зүүн, баруун хэсгийн урдаас дотогш, дээрээс доош чиглэлтэй гүрээний зүүн тараагуур болон хураагуур судсыг бүрэн, тэнэгч мэдрэлийг бүрэн бус тасалсан, хүзүүний 4/3 дугаар нугалмын их биеийн хэсэг хатгагдаж зүсэгдсэн, төвөнхийн бамбай, бөгж мөгөөрс, мөгөөрсөн хоолойн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх” гэмтлүүдийн улмаас цочмог цус алдаж, цус алдалтын шокоор 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан нь цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3028 дугаартай (хэргийн 57-62 дахь тал) нотлогдож тогтогдсон бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч ********* нь хүний амь нас хохироосон үйл баримтад мараагүй хэдий ч түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч *********ын хувьд хэрэг гарсан тухайн үед өөрөө ганцаараа бүтэн нэг шил архи уугаад тасарсан, унтаа байдалтай байхад нь гаднаас танихгүй хүн орж ирэн архи нэхсэн асуудлаас маргаан үүссэн, улмаар өөртөө учрах аюултай нөхцөл байдлаас өөрийгөө хамгаалсан, хэргийн баримтаас үзэхэд гэмт халдлага амь хохирогчийн зүгээс эхэлж үйлдэгдсэн байдаг ба миний үйлчлүүлэгчийн хувьд хүнийг алах субьектив санаа зорилго байхгүй, өөрөө архи уусан тасарсан байдалтай байсан хүн амь хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсэн, мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хязгаарлагдмал, нөгөө талаар өөрийн амьд явах эрхээ хамгаалж амь хохирогчтой тэмцэлдэн аргагүй хамгаалалт хийсэн үйлдэл юм. Иймд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр миний үйлчлүүлэгч *********ыг гэм буруугүйд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй.” гэсэн дүгнэлт санал,
- шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч *********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Тухайн хэргийн нөхцөлд хэрэг учрал болсон цаг хугацаанд амь хохирогч шүүгдэгч нараас өөр бусад этгээд байгаагүй, тэдгээр нь хэн хэн согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээнд хэрэглэсэн байсан бөгөөд хэрэгт авагдсан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14450 дугаартай дүгнэлтэд “...*********ын биед баруун хацар, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна” гэж дүгнэснээс (хэргийн 101-102 дахь тал) үзэхэд тухайн хэрэг гарах үед амь хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдан довтолж, түүний амь нас, эрүүл мэндэд нь бодит аюул заналхийлэл учирсан гэж үзэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт үгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болох юм.
Нөгөөтээгүүр аргагүй хамгаалалтын үед халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болзошгүй гэм хорын хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх шаардлага, хязгаарлалтыг хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулиар тухайлан зааж зохицуулаагүй бөгөөд хүнийг онц харгис хэрцгийгээр алсан шүүгдэгч *********ын үйлдлийг “аргагүй хамгаалалтын нөхцөлд хүний амь нас хохироосон” гэж дүгнэх эрх зүйн үндэслэлгүй юм.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч *********ын дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *********ыг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн “гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаарах эрхтэй.” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримттай гарсан зардалд 15.900.000 /арван таван сая есөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилснээс баримттай гарсан зардлын дүн 11.200.500 /арван нэгэн сая хоёр зуун мянга таван зуу/ төгрөг байх ба шүүгдэгч, түүний ар гэрээс мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шилжүүлгээр 12.000.000 төгрөгийг, бэлнээр 2.000.000 төгрөг, нийт 14.000.000 төгрөгийг нөхөн төлснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн авсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримттай гарсан зардал нөхөн төлөгдсөн гэж үзнэ. (хэргийн 188 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан)
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 150 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож буюу 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг эдийн бус гэм хорын хохиролд тооцож, нөхөн төлүүлэх нь хохирогчид ашигтай гэж шүүх дүгнэн, шүүгдэгч *********оор нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, түүнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч ********* нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хэргийн 135 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *********ыг 18 /аран найм/ жилийн хорих ялын хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 125 хоногийг ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, уг хэрэгт дээр мөрдөн шалгах ажиллагааны зардал гараагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*********баатараас: “Хохирогчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийг үгүйсгэх аргагүй хамгаалалтын нөхцөлд хүний амь хохирсон нөхцөл байдал байгаа тул гэм буруугүйд тооцож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлт санал гаргаж мэтгэлцсэн. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухайд ар гэрийнхний зүгээс хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх, шүүгдэгч *********ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор *********од 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэргийн шүүгдэгч *********од тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 206 дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч (хэргийн 145 дахь тал) шийдвэрлэсэн ба шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 3 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр нийт 125 хоног /нэг зуун хорин тав/ (хэргийн 147, 179 дэх тал) цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэн, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт ирүүлсэн *********од холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан буюу “хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж алсан” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. *********ыг “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *********од 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан *********од оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********ын цагдан хоригдсон нийт 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримттай гарсан зардлын 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлснийг тэмдэглэж,
- шүүгдэгч *********оос эдийн бус гэм хорын хохиролд буюу нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн хүрэн өнгийн, модон иштэй хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт *********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба *********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг нь түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *********од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД
ШҮҮГЧИД И.ГАНБАТ
Б.ОТГОНЦЭЦЭГ