Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 820

 

 

 

 

 

 

 

 2020           06            25                                          2020/ДШМ/820                                                               

 

Н.Х-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ариунтуяа,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2008004390298 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Н-ын Х, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 00 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Н.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 13б тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч М.Мөнхзаяаг хамт архидан согтуурч байсан Гунгаажавтай ярилцсаны төлөө ор үндэсгүй хардан хөл рүү нь үнсний сав шидэж, үсдэн толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Н.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулахаар зааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Х- давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн. Би одоогоор ажил хийж байгаа тул ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Ариунтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтуудаар Н.Х- нь эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Х-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Х- нь 2020 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 13б тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч М.Мөнхзаяаг хамт архидан согтуурч байсан Гунгаажавтай ярилцсаны төлөө ор үндэсгүй хардан хөл рүү нь үнсний сав шидэж, үсдэн толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун зүүн зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

хохирогч М.Мөнхзаяагийн “... 03 цагийн үед нөхрийн хуурай дүү Гунгаажав ирээд тэр хоёр архи уусан. Гунгаажав надтай юм яриад сууж байхад Хүчитбаатар хардаад байсан. Гунгаажавыг унтсаны дараа Хүчитбаатар намайг элдэв янзаар хараагаад, үснээс зулгаахаар нь түлхээд гэрийн баруун талд зогсож байхад над руу аяга шидэхээр нь би бултсан. Дахин үсний сав шидээд миний зүүн өвдгийг оносон. Би газар суугаад өвдөгөө харж байхад миний нүүрэнд цохьсон” /хх 9-10/,   

шүүгдэгч Н.Х-ын “... Гунаажав, Мөнхзаяа хоёр хоорондоо ярилцаад байхаар нь би архины халуунд эхнэрээ хардсан. Гунаажавд Мөнхзаяа ор засч өгөөд унтуулсны дараа бид хоёр маргалдаад би үснээс нь зулгаахад миний гарыг цохиж тавиулаад гэрийн баруун талд гарахаар нь зуухны хажуугаас аяга аваад шидтэл Мөнхзаяа бултаад оногдоогүй. Үнсний сав аваад шидсэн чинь Мөнхзаяагийн зүүн хөлийг нь оносон. Мөнхзаяа хөлөө үзээд сууж байхаар нь очоод нүүрэнд нь цохьсон” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд,

хохирогч М.Мөнхзаяагийн биед зүүн өвдөгт шарх, цус хуралт, баруун нүдний алим, баруун, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1593 тоот шинжээчийн дүгнэлт /хх 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Х- нь хамтран амьдрагч М.Мөнхзаяаг бусадтай харилцсаны төлөө ор үндэсгүй хардан эд зүйлээр шидэж, үсдэн нүүрэнд нь цохиж гэмтээсний улмаас хохирогчид эрүүл мэндийн хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт санаа зорилго, сэдэлт, үйлдлийн арга, хэлбэр нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахыг хориглосон тохиолдлууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, орлого олдог байдал нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэл болохгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “...ажил хөдөлмөр эрхэлдэг...” үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэхийг хүссэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/356 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ        

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН