Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00052

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ......... дүгээр хороо, .........дугаар байрны .......... тоотод оршин суух, ...............овогтой О.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ...... дугаар хороо, .......дүгээр байрны .......... тоотод оршин суух, .....овогт Ц.Г холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч........, хариуцагч........, нарийн бичгийн дарга ..........нар оролцов. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Бг миний бие нь 2008 онд Ц.Г танилцаж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Б, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Г.Нн, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Б г нар төрсөн. Бид гэрлэлтээ 2009 онд батлуулсан бөгөөд зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 онд гэрлэлтээ цуцлуулж  тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжинд өсөж торниж байна.  Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Говогтой Б, Говогтой Н, Говогтой Б нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний охин Б 2015 онд Солонгос улс руу явсан. Би охиныхоо хоёр хүүг өсгөдөг, харин охин нь ээжтэйгээ Солонгос улсад амьдардаг. Иймд  гурван хүүхдэд нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү. Хоёр хүү нь аавыгаа их санадаг, хүлээдэг. Хүүхдүүдтэйгээ уулзаж, хичээл сурлагынх нь талаар сонирхож, багш нартай нь холбоо харилцаатай байгаасай гэж Г хүсэх байна, өөр хэлэх зүйлгүй гэв.

             Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би нэхэмжлэлийн хувийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, маргаангүй, хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Боломж бололцоогоороо хүүхдүүдээ харж хандана. Өөр  нэмж хэлэх зүйл байхгүй гэв.  

 

                                                ҮНДЭСЛЭХ нь :                                                           

Нэхэмжлэгч Хн овогтой О.Б нь хариуцагч Бн овогт Ц.Гд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

Шүүх зохигчдын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

           Учир нь: Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ц.Гнар нь 2009 оноос гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Г.Б, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр охин Г.Н, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Б нар төрсөн бөгөөд хүүхдүүдийг эцэг Ц.Г овоглон захиргааны журмаар эцэг тогтоож, төрсний гэрчилгээг олгосон, зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00001 дугаартай шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулжээ.

Гэрлэлт цуцалсанаас хойш хугацаанд хүүхдүүд ээжийнхээ асрамжид байгаа, хүү Г.Б, охин Г.Н, хүү Г.Б нар нь эрүүл саруул өсөн бойжиж байгаа болох нь О.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н гийн шүүхэд өгсөн тайлбар, хүүхдүүдийн №0318553, №1101000135 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 00/000316 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

       Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00001 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ц.Гнар гэрлэлтээ цуцлуулсан боловч тухайн үед нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил хөдөлмөр эрхлээгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг  нэхэмжлээгүй байна.  

           Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” 21.5 дахь хэсэгт “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”  гэж тус тус заажээ.

Зохигчид хэдий гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан хэдий ч хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид  үүсчээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.Г сар бүр тэтгэлэг гаргуулж хүүхдүүд болох Г.Б, Г.Н, Г.Б нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 111.090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Бт олгохоор шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М овогт Г Н, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү М овогт Г.Б нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь  хэсэгт зааснаар  2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Монгол овогт Гантулгын Бархасбадийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Монгол овогт Ц.Гас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.Г гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

         3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Бт даалгасугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г улсын тэмдэгтийн хураамж 111.090 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Бт олгосугай.                     

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                  П.ТУЯА