| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0053/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/394 |
| Огноо | 2024-04-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Хулан,
улсын яллагч: Д.Түмэнжаргал,
шүүгдэгч: ******** /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
********* овогт ************ /регистрийн дугаар: *****/,
Монгол улсын иргэн, ***********-ны өдөр, ********** аймгийн ******** суманд төрсөн төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ************* судалгаа хөгжлийн газрын харуул амжилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ********** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ********улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн орчимд хүргүүлэхдээ такси дотор мартаж буусан хохирогч ********ийн эзэмшлийн I phone 14 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ******** нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ********улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн орчимд хүргүүлэхдээ такси дотор мартаж буусан хохирогч ********ийн эзэмшлийн I phone 14 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч улмаар бусдад зарж борлуулан завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хохирогч ********ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол Дүүргийн 8 дугаар хороо ********* тоот гэрээсээ гараад байрныхаа үүднээс ахын 4 жоохон хүүхдийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод 18 цагийн орчимд приус 20 маркийн цэнхэр өнгөтэй тээврийн хэрэгсэлд буюу таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ***********шинэ эцэс дээр тухай таксинаас 18 цаг 40 минутын үед тооцоо 17.000 төгрөг болсон гэхээр нь өгөөд буусан. Би таксинаас буугаад ах ********* хашааны үүдэнд ирээд тухайн таксины голын хайрцаг дээр нь тавьсан байсан гар утсаа мартаж бууснаа санаад *****дугаар руу олон удаа залгаад ерөөсөө авахгүй байсан ба удалгүй холбогдох боломжгүй болсон. ********** улсын дугаартай приус 20 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байсан. I phone 14 маркийн хөр хөх өнгийн гар утсаа мартаж буусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
-“*************” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24/001 дугаартай алдагдсан I phone 14 маркийн гар утсыг 2.250.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүгдэгч ********ын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшлийн УБО улсын дугаартай цэнхэр өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээнд явж байсан юм. Тухайн өдөр 18 цагийн үед 25 дугаар эмийн сангийн замын хойд талын байр нь дундах замд явж байхад үл таних эмэгтэй, 4 жоохон хүүхэдтэй цуг гараа өргөөд зогсож байхаар нь хаашаа явах талаар асуухад Баянхошуу явна гэхээр нь тэр хүмүүсийг суулгаад Баянхошууны шинэ эцэс дээр буулгаад тооцоо болох 17,000 төгрөгийг бэлнээр аваад буулгасан. Тэгээд машины голын хайрцаг дээр гар утас дугараад байхаар нь харсан чинь тухайн буусан эмэгтэй гар утсаа үлдээгээд буучихсан байсан. Гар утсанд олон дуудлага ирсэн боловч би аваагүй. Тэгээд тухайн гар утсыг гэртээ 7 хоног байлгаж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь Хархорин зах дээр явж байхдаа үл таних эрэгтэй хүнд 220,000 төгрөгөөр бэлнээр зарсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/, мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Хувийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/ иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 36-51 дэх тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч ******** нь хохирогч ********ийн “I phone 14” загварын гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд авч зарж борлуулан завшиж, нийт 2,250,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч ******** нь хохирогчийн эд хөрөнгө буюу “I phone 14” загварын гар утсыг орхиж үлдээсэн буюу гээгдэл эд хөрөнгө, өөр бусдын өмчлөл эзэмшлийнх гэж мэдсээр атал цагдаагийн байгууллага бусад эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй, өөртөө ашиглаж байгааг хохирогчийн дээрх эрхэд хууль бусаар халдсан гэж үзэх бөгөөд 2,250,000 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэсэнд хамаарна.
Шүүгдэгч ********ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч ********ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч ******** “2,250,000 төгрөгийн хохирлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүгдэгч ******** нь гэм буруутай болохыг тогтоосон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ********аас 2,250,000 төгрөгийг гаргуулан хохирогч ********т төлүүлэх нь хууль зүйн үндэслэл бүхий юм.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ******** нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ********улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрээс Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн орчимд хүргүүлэхдээ такси дотор мартаж буусан хохирогч ********ийн эзэмшлийн I phone 14 маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас 2,250,000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулан олгуулах саналтай байна. Хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна” гэв.
шүүгдэгч ********: “...Гар утасны төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ********ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдсэн аргын хувьд хохирогч машинд утсаа орхиж буусныг мэдсээр байж өөртөө авч, зарж борлуулсан, хохирогчид хохирол төлбөр төлөх талаар санал гаргаагүй, ажил эрхэлдэг талаар баримт хэрэгт байхгүй зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэн түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийцнэ гэж үзлээ.
Улсын яллагчийн зүгээс 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан ч шүүх дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шийтгэлийн хугацааг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч ********т сануулсугай
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ********аас 2,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********т олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА