Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 103/ШШ2021/00088

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б дүүргийн 13 дугаар хороо, Э чөлөө,  дүгээр байрны  тоотод оршин суух, Х овогт П.Нгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Б” ХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 25.772.306 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Б” ХК-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт Худалдааны ахлах менежерээр ажиллаж байгаад “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Б/71 тоот тушаалаар ажлаас халагдсан. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 103/ШШ2019/00376 шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаартай магадлалаар өөрчлөлт орж намайг “Б” ХК-ийн Худалдаа, хангамж хариуцсан хэлтсийн ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоосон. Мөн Улсын дээд шүүхийн тогтоолд “... ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорын хэмжээг тодорхойлохдоо сүүлийн 3 сарын цалингийн дундаж 2.328.187 төгрөгөөс 1 өдөрт ногдох цалин 108.287 төгрөгийг ажлын 144 хоногоор тооцон нийт 15.593.328 төгрөг гаргуулсан нь хууль болон баримталбал зохих журмыг зөрчөөгүй ...” гэсэн байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаар магадлал гарсанаас хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс “Б” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн Б/236 тоот тушаалд заасан 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэлх ажилгүй байсан ажлын 238 хоногийн олговорыг ажлын 1 өдөрт ногдох цалин 108.287 төгрөгөөр тооцон нийт 25.772.306 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна. Н эдийн засагч хүн учраас 138 хоногийг тооцохдоо хуульд заасан амралтын өдрийг хассан гэсэн, миний хувьд зөв тооцсон эсэхийг бодож давхар шалгаагүй. Нэг өдрийн цалинг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан үнийн дүнгээр буюу 108.287 төгрөгөөр тооцсон. Нэгэнт давж заалдах шатны шүүх магадлалаараа нэг өдрийн цалинг тооцсон байхад дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 25.772.306 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Н нь “Б” ХК-д 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарт Худалдааны менежерээр ажиллаж байгаад Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Б/71 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Ажил олгогч Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрийг ажилтан П.Н нь эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага гаргаж 2019 оны 9 дүгээр сард анхан шатны шүүхэд хандсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, П.Нг  ажилд нь эгүүлэн тогтоож, 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 15.593.328 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1969 дугаартай  магадлал,  Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 001/ХТ2020/00474 дугаартай тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.

          Ажил олгогч нь ажилтныг 2020 оны 11 дүгээр сарын 5ы өдрийн Б/236 тушаалаар Худалдаа хангамж хариуцсан хэлтсийн төлөөлөгчийн газрын худалдааны ахлах менежерээр эгүүлэн авч ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч П.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 үгээр зүйлийн   69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй .

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингаас тооцон 21.5-д хуваахад нэг өдрийн цалин хөлс 108.287 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажлын 238 хоногоор үржүүлж 25.772.306 төгрөгийг ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчид 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, эрх, үүргийг нь танилцуулан, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч тайлбар болон нотлох баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 Хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 2 удаа хойшилсон ба шүүх хуралдааны товыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан мөн .., дугаарын утсаар дахин мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ажилдаа эргэж тогтоогдсоноос хойш 2020 оны 12 дугаар сарын 02ы өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор гомдлоо гаргасан, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “БХК-иас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 25.772.306 төгрөгийг гаргуулж  Х овогт П.Нд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Нгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган авч, дэвтрүүдэд бичилт хийхийг “БХК-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286.812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 286.812 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ