Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00053

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00053

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 13 тоотод оршин суух, Пүрэв овогт Пунцагдуламын Жавзмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 14 дүгээр байрны 19 тоотод оршин суух, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Учралтбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Жавзмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндулам, хариуцагч Л.Учралтбаяр, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч П.Жавзмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Жавзмаа нь Л.Учралтбаяртай 2014 онд танилцаж, 2015 оны 4 дүгээр сард Япон улсын Токио хотод Монгол улсын Элчин сайдын яамны Консулын газар гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр охин Учралтбаярын Есүй төрсөн. Бид гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүй, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас би Япон улсад, Л.Учралтбаяр Монгол улсад тус тусдаа амьдарч байна. Би охинтойгоо хамт тусдаа амьдрал зохиож байгаа. Одоо би Япон улсын Токио хотод, Л.Учралтбаяр Монголд тус тусдаа амьдраад 2 жил болж байгаа учир цаашид Л.Учралтбаяртай хамт амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлагчид хандаж үйлчилгээ авч эвлэрэхгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндулам шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай дүү, Л.Учралтбаяр нар тусдаа амьдраад 2 жил болж байна. Шүүхэд хандахаас өмнө шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрэх боломжгүй гэсэн. Иймд Жавзмаа, Учралтбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин Есүйг Жавзмаагийн асрамжид үлдээж, Учралтбаяраас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Учралтбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2014 онд танилцсан, хамт байсан хугацаа нэг жил, ирэн очон байсан хугацаатайгаа нийлээд 2 жил л хамт амьдарсан, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, гэрлэлтээ цуцлуулна, охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлнө. Амьдралд бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй байж нэг нэгэндээ буулт хийх ёстой гэдгийг ойлгосон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Жавзмаа нь хариуцагч Л.Учралтбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Учралтбаяр нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжт тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Нэхэмжлэгч П.Жавзмаа, хариуцагч Л.Учралтбаяр нар нь 2014 онд танилцаж улмаар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Япон улсын Токио хотын Монгол улсын элчин сайдын яамны консулд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр охин У.Есүйг төрүүлсэн, 2019.01.20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа болох нь 00/000127 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1101000366 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа хоёр өөр улсад тус тусдаа амьдарч байсан, хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцол, хариуцагч Л.Учралбаяр нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг нь гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д .., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.

Гэрлэгчид 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тус шүүхийн 103/ШЗ2020/01714 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр зохигчид Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байна.

Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар талууд охин У.Есүйг эх П.Жавзмаагийн асрамжид үлдээхээр тохиролцсон байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,   26.4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч П.Жавзмаагийн зүгээс хариуцагч Л.Учралтбаярыг охин У.Есүйтэй уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Л.Учралтбаяраас тэтгэлэг гаргуулж охин У.Есүйг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Л.Учралтбаяр анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 35.868 төгрөг нийт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.268 төгрөг төлсөн бөгөөд уг мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 176.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Пүрэв овогт Пунцагдуламын Жавзмаа, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Учралтбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Учралтбаярын Есүйг эх Пунцагдуламын Жавзмаагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр төрсөн охин У.Есүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Л.Учралтбаяраас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Учралтбаяраас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Жавзмаад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Учралтбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 176.268 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Жавзмаад олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА