Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00053

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ......... дугаар хороо, ...дугаар байрны .... тоотод оршин суух, П овогт П. Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ........ дүгээр хороо, ..... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б. овогт Л.У холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагч Л.У, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.     

  ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч П.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Ж нь Л.Утай 2014 онд танилцаж, 2015 оны 4 дүгээр сард Япон улсын Токио хотод Монгол улсын Элчин сайдын яамны Консулын газар гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр охин Л.У-ын Есүй төрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэл зүй, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас би Япон улсад, Л.У Монгол улсад амьдарч байна. Одоо би Япон улсын Токио хотод, Л.У Монголд тус тусдаа амьдраад 2 жил болж байгаа учир цаашид Л.Утай хамт амьдрах боломжгүй, эвлэрүүлэн зуучлагчид хандаж үйлчилгээ авч эвлэрэхгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Миний дүү П.Ж, Л.У нар тусдаа амьдраад 2 жил болж байна. Шүүхэд хандахаас өмнө шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар ороод эвлэрэх боломжгүй гэсэн.

 Иймд Жавзмаа, Учралтбаяр нарын гэрлэлтийг цуцалж, охин Есүйг Жавзмаагийн асрамжид үлдээж, Учралтбаяраас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

    Хариуцагч Л.У шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2014 онд танилцсан,  хамт байсан хугацаа нэг жил, ирэн очон байсан хугацаатайгаа нийлээд 2 жил л хамт амьдарсан, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа, гэрлэлтээ цуцлуулна, охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлнө. Амьдралд бие биедээ хүлээцтэй, хүндэтгэлтэй байж нэг нэгэндээ буулт хийх ёстой гэдгийг ойлгосон  гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П.Ж нь хариуцагч Л.Ут холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

Хариуцагч Л.У нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжт тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

Зохигчид 2014 онд танилцаж  улмаар 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Япон улсын Токио хотын Монгол улсын элчин сайдын яамны консулд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр охин У.Е төрүүлсэн, 2019.01.20-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа болох нь 00/000127 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 1101000366 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,  охин эрүүл энх бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбар  зэргээр тогтоогджээ.  

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран амьдрах хугацаандаа хоёр өөр улсад тус тусдаа амьдарч байсан, хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол, хариуцагч Л.Учралбаяр нь бусадтай  гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зэрэг нь гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “.., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

            Нэхэмжлэгч нь  2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 103/ШЗ2020/01714 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр зохигчид  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байна.  

              Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан тохиролцсон, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

        Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх... талаар бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж зааснаар талууд охин У.Е эх П.Ж асрамжид үлдээхээр тохиролцсон байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,  26.2-т “эцэг, эх дараах үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан.

         Иймд нэхэмжлэгч П.Ж нь хариуцагч Л.Уыг охин У.Е уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг  хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна. 

         Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Л.Уаас тэтгэлэг гаргуулж охин У.Е тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Л.У анхаарвал зохино.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад 35.868 төгрөг нийт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.268 төгрөг төлсөн бөгөөд уг мөнгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 176.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт  зааснаар Пүрэв овогт П.Ж, Боржигон овогт Л.У нарын гэрлэлтийг цуцалсугай.   

    2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Л.У-ын Е эх П.Ж асрамжид үлдээсүгэй.   

    3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин У.Е 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Л.Уаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

         4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Уаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.      

               5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.Жд даалгасугай.

               6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176.268 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 176.268 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Жд олгосугай.

  7.Гэр бүлийн тухай хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.9  дэх  хэсэгт  зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.   

    8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.  

    9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ТУЯА