Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2021/00054

 

           Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б дүүргийн 5 дугаар хороо, Н 21 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух, Б овогт Ж.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүргийн 9 дүгээр хороо, .. 4 дүгээр гудамжны 117а тоотод оршин суух, Б.овогт Э.Мт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, эцэг биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цолмон, хариуцагч Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг (онлайнаар), гэрч Ж.Т, Г.М, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.       

  ТОДОРХОЙЛОХ нь :  

Нэхэмжлэгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2003 онд танилцаж, 2005 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд 2007 онд гэрлэлтээ албан ёсоор батлууж гэр бүл болсон. Бидний дундаас 4 хүүхэд төрсөн, хүү М.Бийг төрсний дараа Д аймгийн Д суманд 3 жил мал маллан хамт амьдарч байгаад 2009 онд Т аймгийн Б суманд 1 жил мал маллаж амьдарсан. 2010-2011 онд хотод хадам аавын хашаанд, 2011-2014 оны хооронд манай аавын хашаанд амьдарсан. Энэ хугацаанд Э.М ажил хийнэ гээд үе үе сураггүй алга болдог байсан. Охин М.Мыг төрөхөд ч хамт байгаагүй 5 сартай болж байхад нь 10 сар сураггүй байж байгаад ирсэн. 2017 онд мөн л Япон улс руу ажил хийнэ гэж яваад 2018 оны 3 дугаар сард ирээд гэртээ 7 хоног л байсан. Одоо 2018 оны 3 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ирээгүй л байна. Бага охин М.Нг огт хараагүй, охин маань одоо 1 ой 1 сартай. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань миний асрамжид үлдээн, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.М нь намайг Японд байхад гэр бүлээс гадуур өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэсний улмаас бие давхар болж охин Нг төрүүлж миний зөвшөөрөлгүй надаар овоглосон байсан. Охин Нг тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр би Нгийн эцэг байх боломжгүй болох нь тогтоогдсон. Иймд би охин Нг тэжээн тэтгэх боломжгүй, хүүхэд ч өөрийн төрсөн эцгээ мэдэх, тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд охин Нгийн төрсөн эцэг Э.М намайг биш болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2004 онд анх гэр бүл болсон. Том хүү М.Бэ 1 нас  5 сартай байхад Д аймаг руу шилжиж очоод 4 жил амьдарсан. Б дүүрэгт өөрсдийн малаа аваад нүүж ирсэн, малаа зараад хотруу нүүсэн. 2012 онд охин М.Мыг Бт төрөхөд аав нь болох Э.М байгаагүй таван сар хүрсэний дараа охин дээрээ гэнэт ирсэн тэгээд надад ..,би ажил хийж байгаад ирлээ.., гэж тайлбарласан. Ирээд сар гаран болсон, хэзээ ч суурин ажил хийдэггүй, ажилтай  гээд л яваад өгдөг. 2015 онд охин М.М Улаанбаатар хотод төрсөн, бид тэр үед хамт байдаг байсан. Э.М ажил хийдэг байсан ч санхүүгийн хувьд хүрдэггүй тул хадам ээж л биднийг тэжээдэг байсан. М.Мыг 8 сар хүрээгүй байхад Япон улсруу Э.М явсан. Би жаахан хүүхэдтэй байсан болохоор эргээд Б дүүрэгт эцэг, эх дээрээ ирсэн. Хотод гэрээ орхиод ирсэн тул аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад нэг жилийн өмнөөс өөрсдийн гэртэй болсон. Одоо аав ээжээсээ тусдаа 4 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа. Э.М 2018 онд Япон улсаас ирээд гэртээ долоохон хоносон. Намайг залгахаар ээж нь авдаг Э.М утасгүй  байгаа гэдэг хариу өгдөг. 2018 оны намар хичээлийн шинэ жил болоод хүүхдүүдэд мөнгө хэрэгтэй болсон тул ярьсан тэгэхэд ..чи дандаа мөнгө хэрэг болохоор ярьж байх юм..,  гэсэн тэр цагаас хойш дахин мөнгө гуйж залгаагүй. Хүүхдүүдээ хааяа аав дээрээ оч гэхээр өвөө архи уудаг гээд явдаггүй. Уг нь хадам ээж маань хүүхдүүд яаж байна, аваад ирээч санаад байх юм гэж хэлдэг. Хамгийн сүүлд 2019 онд охин М.Мыг эмчлүүлэх гэж хотруу явж өвөө, эмээтэй нь уулзуулсан. Том хүү М.Бийн хувьд Улаанбаатар хотод МСҮТ-д  сурдаг бөгөөд манай ах Ж.Тын оюутан хүүхдүүдтэй хамт нэг байранд амьдардаг. Хөл хориотой холбоотойгоор одоо гэртээ байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.

Хариуцагч Э.М шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би том хүүхдээ төрөхөд Д аймаг руу нүүсэн, дараа нь Б, сүүлд хотруу аав, ээж дээрээ ирсэн. Би ажил хийдэг байсан харин нэхэмжлэгч өөрөө яагаад ажил хийдэггүй байснаа ярих хэрэгтэй. Манай ээжийг мөнгө өгдөг гэж хэлэх юм тэр чинь миний л мөнгө байсан шүү дээ.  Хүүхдээ төрөхөд намайг байгаагүй гэх юм анхны хүүхэд минь гарахад аав, ээж чинь намайг хөөсөн тийм үү? Мөн удаах охин М.Ма төрөхөд намайг аав, ээж чинь бас л  хөөсөн шүү дээ. Танайхан намайг дандаа ална тална гээд байдаг. Хүүхдүүдтэйгээ уулзахгүй байна гээд шүүхэд дуудан ирүүлсэн хүн нэхэмжлэгч өөрөө, миний хувьд хүүхдүүдтэйгээ уулзаж сэтгэл зүйд нь дарамт болмооргүй байсан юм. Хамаг буруугаа надруу чихээд байх юм. Танай аав, ээж, ах, дүүс  намайг огт хүн гэж үздэггүй шүү дээ. Ж.Т ахад арван гарааш янзалж өгсөн оронд нь надад юу ч өгөөгүй. Гагнуурын аппаратаа хүртэл өгчих гээд гуйхад өгөөгүй, өрөнд оруулаад хөөсөн. Би Япон улсруу явах гэж олон сая төгрөгийн зээл авсан гэхдээ танайхнаас нэг ч төгрөг аваагүй, намайг мөнгө өгөөгүй гэх юм. Би цагаан сардаа хэрэглэ гээд мөнгө өгөхөд нэхэмжлэгч ээждээ өгсөн байсан. Бидний амьдралд хөндлөнгийн хүмүүс их ордог тул салахаар шийдсэн. Мөн бага охин Н хоёр удаагийн шинжилгээгээр миний охин биш болох нь батлагдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч “Э.Мын хүүхэд мөн.., гэдэг. Намайг удаан хугацаагаар ажиллаад ирэхэд танайхан муу хэлдэг. Хүүхдүүдтэйгээ уулзъя гэхээр уулзуулдаггүй. Хамгийн сүүлд шүүх хуралдааны өмнө очиж уулзах гэхэд нэхэмжлэгчийн аав нь намайг ална хэмээн сүрдүүлсэн байдаг. Би хүүхдүүдээ санаж байна гэхдээ хүүхдүүдтэйгээ энэ асуудлын талаар яриад яах юм бэ? гэж бодсон нэхэмжлэгч намайг үргэлж хүүхдүүддээ буруугаар ойлгуулдаг. Гэрлэлтээ цуцлуулах шаардлагыг зөвшөөрнө,  өөрийн том хүү М.Бийг өөрийн асрамжид авах хүсэлтэй, хоёр охиноо ээжид нь үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрнө. М.Н хоёр удаагийн шүүхийн шинжилгээгээр миний охин биш болох нь тогтоогдсон тул өөрийн нэрээр овоглосон овгоо салгуулмаар байна. Эцэг нь биш болохыг тогтоолгох хүсэлтэй бөгөөд энэ хүүхдэд тэтгэлэг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Э.Мт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай үндсэн, Э.М нь охин М.Нгийн төрсөн эцэг биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.     

Хариуцагч Э.М нь том хүүгээ өөрийн асрамжид авахаар маргаж, бусад шаардлагыг зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ж.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Э.М нар нь 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж,  2007 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүү М.Бэ, 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр охин М.Ма, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр охин М.М нарыг төрүүлсэн болох нь 29 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 1119003022, Г-344, Г-398 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.    

Зохигчид нь 15 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч Э.М нь ажил хийх зорилгоор гэр бүлээсээ удаан хугацаанд тусдаа байсны улмаас тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “.., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

            Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа шүүх хуралдааны явцад эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь гэрлэгчид бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь эвлэрэх талаар санаачилга гаргаагүй шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байна.

Шүүх гэрлэлт цуцлах болсон үндэслэлийг заавал тогтоох үүрэгтэй бөгөөд талуудын шүүхэд өгсөн тайлбар болон гэрч Ж.Тын шүүх хуралдаанд өгсөн “М, М нар нь 2004 оноос Д аймагт мал дээр гараад хамт амьдарч эхэлсэн. Би монголд 2006-2009 оны хооронд байгаагүй тул энэ хугацаанд болсон зүйлийг мэдэхгүй. Э.М гэртээ ер нь байдаггүй үргэлж манай найзын адуу мал тэглээ ингэлээ гээд долоо хоногоор, сараар явдаг байсан. Үр хүүхдээ хайхардаг гэж бодохгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Мын “Манайх эднийхтэй хамт нэг хашаанд амьдардаг байсан. Э.М ахыг сайн аав гэж хэлэхэд хэцүү, охин М.Мыг гэдсэнд байхаас ой хүртэл хамт байгаагүй мөн М.Мыг жаахан байхад нь Япон улсруу явсан. 2019 оны 3 дугаар сард ирээд түүнээс хойш хүүхдүүдээ эргэж ирээгүй” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн зүгээс тодорхой шалтгааны улмаас хариуцагчийг гэх хайр сэтгэлийн холбоо байхгүй болсон, хариуцагч гэр бүлдээ анхаарал халамж муу, удаан хугацаагаар ажил хийх нэрийдлээр хөдөө явдаг зэрэг нь гэрлэлт цуцлах гол үндэслэл болжээ.         

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ” гэж заасан бөгөөд нэгэнт талуудын гэр бүл болж амьдрах сайн дурын хүсэл зоригийн асуудал байхгүй тохиолдолд шүүхээс хуульд заасан ямар ч арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэж үзэв.

Иймд талуудын гэрлэлтээ цуцлуулах талаар өгсөн  тайлбарыг үндэслэн  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалж хуульд заасны дагуу хүүхдийн асрамж тэтгэлгийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж.М нь хүү М.Бэ, охин М.Ма, М.М нарыг өөрийн асрамжинд авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч Э.М нь хүү М.Бийг өөрийн асрамжинд авахаар тус тус маргасан.

Өнөөдрийн байдлаар хүүхдүүд эхийн асрамжинд байгаа ба аавтайгаа сард цөөн удаа утсаар ярьдаг болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хүүхдийг асуусан тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэлт цуцлагдсанаар гэр бүлийн гишүүн болох насанд хүрээгүй хүүхдүүдийн эрх ашиг дээд зэргээр хөндөгддөг.

Иймээс шүүхээс  9 настай охин М.Ма, 6 настай охин М.М нарыг 15 настай  ахаас нь салгахгүйгээр хамтад нь ээжийнх нь асрамжид үлдээж, өсгөх нь хүүхдийн хүмүүжил болон хөгжилд илүү үр дүнтэй бөгөөд хүүхдүүд хамтдаа ээжийнхээ асрамжинд өсөж бойжих нь нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүй, эрүүл мэндийн хөгжлийн хувьд хүүхдийн эрх ашигт илүү нийцнэ гэж дүгнэж ээжид нь үлдээхээр шийдвэрлэв. 

Гэхдээ  асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагч Э.Мын  эцэг хүний  үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх боломж бололцоог үгүйсгэсэнгүй, эцэг эхийн эрх ашгийг гэхээсээ илүү гагцхүү хүүхдүүдийг хэнтэйгээ хаана амьдарвал  илүү аз жаргал, хайр, ойлголцол бүхий орчинд өсөх талаар дүгнэлт хийж Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн дээд эрх ашгийг харгалзан үзсэн болно. 

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,  26.2-т “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч Ж.Мгийн зүгээс хариуцагч Э.Мыг хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг  хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Э.Маас тэтгэлэг гаргуулж М.Бэ, охин М.Ма, М.М нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

             Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Э.М анхаарвал зохино.

Э.М нь охин М.Нгийн төрсөн эцэг биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2019 тоот дүгнэлтээр “.., хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D7S820, D16S539, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 8 локусын аллелиар Э.М нь М.Нийн биологийн эцэг байх боломжгүй байна”, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5593 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлитын D3S1358, D18S51. Penta E, D7S820, D16S539, vWA, TPOX, FGA локусын аллелиар Э.М нь М.Нийн биологийн эцэг байх боломжгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагчийн гаргасан эцэг биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 267.761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ж.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Мт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж.М, Б.овогт Э.М нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсгүүдэд зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Бэ, 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин М.Ма, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн охин М.М нарыг эх Ж.Мгийн асрамжид үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Б.овогт Э.М нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн охин М.Нгийн төрсөн эцэг биш болохыг тогтоосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2012 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин М.Ма, 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр төрсөн охин М.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү М.Бийг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Э.Маас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.   

     5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Маас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.     

          6.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Мд даалгасугай.

7.Хариуцагч Э.Мыг хүүхдүүдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх Ж.Мд үүрэг болгосугай.

           8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304.791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Маас улсын тэмдэгтийн хураамжид 267.761 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Мгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Э.Мт олгосугай.

9.Гэр бүлийн тухай хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.9  дэх  хэсэгт  зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Д аймгийн Д сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.    

  10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

  11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ