Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 

 

 

 

 

 

 

 

2024       **         **                                          2024/ШЦТ/

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн 2425000000146 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.О

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.О нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн орчимд *** аймгийн **** сумын *** багийн *** *** тоот гэртээ хохирогч Б.Змаргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, гуян тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун. зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Б.З ноцолдох явцад нь хохирогч Б.Н нь салгах оролдлого хийх үед нь түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Н “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Б.З “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 9-14-р тал/

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 15-19-р тал/

3. Хохирогч Б.З-н “Би 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад хамт ажилладаг О хамт түүний гэрт очсон юм. Очиход түүний эхнэр Н нь гэртээ ганцаараа байсан бөгөөд бид нар хоол унд хийж идсэн. Ингээд хоолоо идчихээд барагцаагаар 19 цагийн үед бид 3 хамт дэлгүүр орж 0,5 литрийн 1 шил архи, 1 ундаатай авч О гэрт гурвуулаа хувааж уусан. Тус архийг дууссаны дараа ахин дэлгүүр явж 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн 1 ширхэг пиво, ундаа, тамхи авч мөн гурвуулаа хувааж уусан. Тэгээд нэлээн удаан суусан бөгөөд бид 3 ширээ тойрч сууж байсан. Тэгээд бид 3 морины талаар ярьж байгаад тэрний морь, энэний морь гэж маргалдсан.О тэгтэл надад хандан ах яах гээд байна аа гээд миний нүүр лүү 1 удаа алгадсан юм. Тэгтэл Н нь О хандан болиоч гэтэл О нь эхнэрийнхээ нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгтэл Н хөмсөгнөөс цус гарч эхэлсэн. Тэгээд бид 2 ноцолдсон бөгөөд тэрээр миний нуруу луу гараараа 2 удаа цохисон. Тэгснээ тэрээр зуухны хажууд байсан бор өнгийн иштэй хутгыг авч миний зүүн гуяыг 1 удаа зүссэн юм. Тэгэхээр нь би болъё гээд салцгаасан юм. Н тэгээд цагдаа дуудсан юм О нь Ныг хутгаар зүсээгүй бөгөөд юм хум мөргөөгүй байх. Намайг О нь шилээр зүсээгүй, хутгаар зүссэн юм. Би түүнтэй хуурай ах дүүс бөгөөд урд нь ийм асуудал гаргаж байгаагүй, өш хонзон, өр авлага байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.х-н 27тал/

4. Хохирогч Б.Н-ын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн үед миний хамтран амьдрагч О нь ажлынхаа З ахын хамт гэртээ ирсэн юм. Ингээд бид 3 дэлгүүр орж хоолны материал авсан бөгөөд З ах 0,5 литрийн ногоон Экс архи авсан юм. Гэрт очоод хоол хийж идэнгээ тус архийг бид 3 хувааж уусан юм. Тус архийг дууссаны дараа ахин дэлгүүр явж 0,75 литрийн 1 шил Хараа архи авч бас бид 3 хувааж уусан юм. Тэгээд баахан юм ярьсан бөгөөд мориноос болсон уу машинаас болсон уу маргаан үүссэн. З ах, О нар маргалдсан бөгөөд Монгол хээр гэдэг морины эзэн нь тэр гээд нөгөөх нь наадах чинь биш гээд маргасан. Тэгснээ 2023 оны 11 дүгээр сард З ахын идшинд явсан талаараа маргаж эхэлсэн. Тухайн үед манай машин эвдрээд, дуу чимээ орсон бөгөөд тэр талаар З, О нар маргалдсан юм. Тэгээд тэр 2 бие биенийгээ заамдаж авсан бөгөөд би дундуур нь салгах гэж ороод О-ыг холдуулсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний баруун хөмсөг орчмоос цус гарч эхэлсэн бөгөөд тэгэхэд л намайг цохисныг мэдсэн юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Тэгээд би цагдаа дуудсан бөгөөд цагдаа нар ирсний дараа З нь О намайг хутгалсан гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явж З ах оёдол тавиулсан, би ч бас оёдол тавиулсан юм. Тухайн үед О нь З ахад хандан танаас болж ингэчихлээ гээд намайг хэлсэн бөгөөд би бодохдоо О нь Зыг цохих гэж байгаад намайг цохичихсон байх. Тэрнээс О бид 2 хэрэлдэж маргалдаагүй юм. Би тухайн үед О нь Зыг хутгаар зүссэнийг мэдээгүй бөгөөд угаасаа бид 3 л байсан юм. З ах манайд ирэхэд түүний биед ил харагдах гэмтэл шарх учраагүй зүгээр байсан, мөн би ч зүгээр байсан юм. Тухайн үед О-ыг хэн ч цохиж зодоогүй юм. Би О хамт амьдраад 8 сар болж байна, албан ёсны гэрлэлтийн батлахгүй, дундаасаа хүүхэдгүй юм. Урд өмнө нь намайг О цохиж зодож байгаагүй. Гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг.х-н 30, 32, 34 тал/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай “Б.З-ын биед зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаа мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт.х-н 41-42 тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай “Б.Н-ын биед баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун бугалганд шарх, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун бугалганд шарх, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт.х-н 47-48 тал/

7. Шинжээч Э.Б-н “Баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд шарх гэмтэл нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд нь зэрэг үүссэн байж болно. Эсвэл баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлээс шалтгаалан нүдний зовхинд цус хурч болно” гэх мэдүүлэг.х-н 53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** багийн *** тоот өөрийн гэртээ хохирогч Б.З морины тухай ярилцаж байх явцдаа тухайн морины эзний талаар санал зөрөлдсөний улмаас маргалдаж, хохирогч Б.З-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, харилцан ноцолдох явцдаа зуухны хажууд байсан бор өнгийн иштэй хутгыг авч гуян тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун. зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар Б.З ноцолдох явцад нь хохирогч Б.Н нь салгах оролдлого хийх үед нь түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.З-ын “миний нүүр лүү 1 удаа алгадсан юм. Тэгтэл Н нь О хандан болиоч гэтэл О нь эхнэрийнхээ нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгснээ тэрээр зуухны хажууд байсан бор өнгийн иштэй хутгыг авч миний зүүн гуяыг 1 удаа зүссэн юм гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Н-ын тэр 2 бие биенийгээ заамдаж авсан бөгөөд би дундуур нь салгах гэж ороод О-ыг холдуулсан. Тэгээд нэг мэдсэн чинь миний баруун хөмсөг орчмоос цус гарч эхэлсэн бөгөөд тэгэхэд л намайг цохисныг мэдсэн юм. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир үйл явдлыг сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай дүгнэлт, шинжээч Э.Б-н “Баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд шарх гэмтэл нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтлүүд нь зэрэг үүссэн байж болно. Эсвэл баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлээс шалтгаалан нүдний зовхинд цус хурч болно” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.О нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн орчимд **** тоот өөрийн гэртээ согтууруулах ундаа хэрэглэж, хохирогч Б.З маргалдаж, хохирогч Б.З-ын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж гуян тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун. зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, уг үйлдлийг зогсоохыг оролдсон хохирогч Б.Н нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Д.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Б.З-ын эрүүл мэндэд зүүн гуян шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, нуруу, баруун. зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, Б.Н-ын эрүүл мэндэд баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор шаргал өнгийн модон иштэй хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг 00 цаас, саарал өнгийн малгайтай цамц, 2 ширхэг арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 400 000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан 1 400 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор шаргал өнгийн модон иштэй хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 3 хэсэг 00 цаас, саарал өнгийн малгайтай цамц, 2 ширхэг арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А