Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2021/00066

 

           Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: С аймгийн А сумын 4 дүгээр баг, Шн 2 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, З овогт Г.Онийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүргийн 1 дүгээр хороо, Х 14 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, З овогт Л.Дд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, хариуцагч Л.Д, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.       

  ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд Л.Дтай танилцаж, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болон охины хамт ам бүл гурвуулаа амьдарч байсан.  Л.Д 2013 оны 12 дугаар сард гэмт хэрэгт холбогдон 2015 онд 7 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Энэ хугацаанд охиноо би өөрөө өсгөн, Л.Дн эргэлтийг нэг ч удаа таслалгүй эргэж байсан. Ингээд 7 жилийн ялаа 2 жил гаран эдлээд суллагдсан, суллагдсан цагаасаа эхлэн архи ууж, агсам тавих, хэл амаар доромжлох, гар хүрч хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэх мэтээр аашилж, зовоодог болсон. Удаа дараа ийм үйлдэл гаргаж 3 удаа баривчилгаанд явж байсан, салах оролдлого хийсэн ч амьдарч байгаа газарт маань ирж дарамталдаг. Миний аавын гэр чи яв гэж хөөдөг, эцэг эх рүү минь залгаж ядуу, дорой гэж дарамталдаг. Өөрийн нэр дээрх хөрөнгөө аав, ээжийнхээ нэр лүү шилжүүлж хариуцлагаас зугтсан. Намайг жирэмсэн, ажил дээр байхад хүртэл Д ирж зодож байсан. Надад үүнийг нотлох гэрч байгаа. Гэр бүлийн дотно харилцааны хувьд байнга надаас хэвийн бус, сонин зүйл шаарддаг. Хэрвээ би энэ хүний хүссэнээр байхгүй бол шөнө ч унтуулахгүй дарамталдаг. Би сүүлд зодуулснаас хойш хэсэг хугацаанд Бт охинтойгоо хамт байр түрээслээд Л.Дгаас тусдаа амьдарсан. Тэр хугацаанд намайг байнга араас мөрддөг байсан. Тухайн үед Д түрээслэж байсан байрны хаалганы түгжээг эвдэх, тогны утсыг тастах, байрны цонхоор орж ирэх гээд зөндөө их дарамталдаг байсан. Ажлын хамт олонтой минь хүртэл харддаг үүнээс болоод би Бын Дд ажиллаж байгаад 2020 оны 9 дүгээр сард ажлаасаа гарсан. Мөн Л.Д согтуу байхдаа хүүхдийн нүдэн дээр хэлэх хэлэхгүй үг хэлээд, хувцасгүй нүцгэн яваад байдаг. Охин маань нэг удаа аав надад бэлэг эрхтнээ харуулсан гэж хэлж байсан.  Би тухайн үед охин минь аавыгаа санаандгүй харсан гэж бодсон, тэгээд  аавд нь хэлэхэд охиноо загнаад л өнгөрсөн. Би том болж байгаа охин хүүхэдтэй тиймээс дээрх зүйлүүдийг охиндоо харуулмааргүй байна. Л.Дгийн ажлын хамт олон миний талаар, шөнө орой энд, тэнд согтуу явж байсан хэмээн хариуцагчид байнга худлаа ярьдаг. Би тэдэнд та нар харсан юм бол над дээр ирээд хэлэхгүй нотолгоогүй зүйл ярьж бид хоёрыг муудалцаад байх юм гэж утсаар хэлсэн нь үнэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч ааваар нь тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Л.Д шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.Онийн ярьсан зүйлийн зарим нь үнэн, үүнийг зөвшөөрч байна. Г.О өөрөө ч бас архи уудаг, согтуу үедээ манай хамт ажилладаг хүн рүү залгаад загнасан байсан энэ үйлдэл нэг биш удаа болсон. Намайг томилолтоор яваад ирэх тоолонд  гэр орон минь хүйтэн, эхнэр маань согтуу угтаж авдаг. Архи уухаараа хамаг хоолныхоо сав суулгыг шидчихдэг, би нэг орой Г.Онийг архи уугаад байхаар нь түүний дүүд нь утсаар хэлсэн. Дүү нь эгчдээ та ингэж амьдарч байхаар үхээч гэж хэлсэн байдаг. Үүнээс болоод тэр шөнө энэ хүн хутгаар гараа зүсээд, би гарыг нь боож шөнөжингөө нойргүй хоносон. Тухайн үед охин минь хүртэл хутгаа нууж байсан, ийм тохиолдол зөндөө байсан. Гэр бүлийнхээ ийм хар бараан зүйлийн талаар одоо ярьмааргүй байна. Намайг ял эдэлж байх хойгуур Г.О  охиноо сайн хардаггүй байсан. Манай охин гадаа тоглож байхдаа ажлын хамт олноос минь байнга мөнгө гуйдаг байсан гэсэн. Яагаад гэвэл ээж нь өдөрт ганц л удаа хоол хийж өгдөг, миний охин өлсдөг байсан. Би нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Л.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.     

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Л.Д нар нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж,  2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин Д.Быг төрүүлсэн болох нь 1101000058 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 239/000372 дугаартай хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Б дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ.    

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “.., гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан.

Зохигчид нь 9 жил хамтран амьдарсан ба хоорондоо таарамжгүй харьцаатай, хариуцагч эхнэрээ байнга хардаж, хэрүүл маргаантай байх болсон, хариуцагч Л.Д нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зоддог байсан учраас нэхэмжлэгч нь 2020 оны 9 сараас тусдаа хүүхдийн хамт амьдрах болсон үйл баримт нь Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 105 дугаартай шийтгэвэр, /Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт журамлан мөн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 50 цагийн албадан сургалтад хамрагдах, мөн 2019.02.18-ны өдрийн 34 дугаартай шийтгэвэр, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 189 дугаартай шийтгэврээр баривчлах болон албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн/ зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “ …хүүхдийн нас, санал, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу хүүхдийг эх Г.Оний асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Л.Днаас тэтгэлэг гаргуулж охин Д.Быг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”,  26.2-т “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан.

Иймд нэхэмжлэгч Г.Онийн зүгээс хариуцагч Л.Дг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг  хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.  

             Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-д зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагч Л.Д анхаарвал зохино.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 177.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар З овогт Г.Онэ, З овогт Л.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.   

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Быг эх Г.Онийн асрамжид үлдээсүгэй.   

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Д.Быг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Л.Дгаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.   

     4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Дгаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.     

          5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Од даалгасугай.

6.Хариуцагч Л.Дг хүүхэдтэйгээ хүссэн үед нь уулзуулж байхыг эх Г.Од үүрэг болгосугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 177.430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгосугай.

8.Гэр бүлийн тухай хуулийн  14  дүгээр  зүйлийн  14.9  дэх  хэсэгт  зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Б дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.    

  9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.   

  10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ