Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Н.Э, Д.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2425000000093 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 Н.Э,

 Д.Г

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоот гэртээ Д.Г-тай маргалдаж, бялуу зүсэх зорилгоор гартаа барьсан хутгыг нь авахаар булаалцалдах явцдаа хохирогчийн хамран тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь хамрын үзүүрт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоотод өөрийн хамтран амьдрагч Э.Э Н.Э-тай хардаж, бялуу зүсэх зорилгоор гартаа барьсан хутгаа Н.Э-тай булаацалдах явцдаа баруун гарын алга хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь баруун гарын алганд шарх, зөөлөн эдрийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Д.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд.х-ийн 11-14 дүгээр хуудас/

            2. Хохирогч Д.Г-н “Би 2023 оны 12 дугаар сарын эхээр өөрийн хамтран амьдрагч Э-н хамт Сэлэнгэ аймгийн *** сумаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд өөрийн хамтран амьдрагч Э-г гэрийнхэнтэй танилцуулах зорилготой ирсэн юм. Баян-Өндөр суманд өөрийн гэсэн гэр оронгүй учир өөрийн төрсөн дүү М-ын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн **** тоотод амьдарсан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэ жилээ тэмдэглэх зорилготой М түүний нөхөр Э, миний хамтран амьдрагч Э-н хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тус өдрийн 20 цагийн үед Э, М талбай орж зураг даруулна гээд гараад 23 цагийн үед орж ирсэн. Би өөрийн хамтран амьдрагч Э цуг зөрөөд талбай руу явсан. Тэгээд шинэ оноо талбай дээр гаргачхаад буцаад М-н гэрт ирсэн. Тэгээд ороод хоол унд идээд ахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би бялуу зүсэх зорилготой хутга аваад бялуугаа зүсэх гээд байж байтал, миний хамтран амьдрагч Э, Э-н хажууд суучихсан. Би хардаад Э-г наашаа суу гэж загнасан. Тэр үед Э нь ахаа хутгаа өгчих, дүү нь бялуу зүсье гэж хэлээд миний хутгийг авах гэж оролдоод ноцолдох явцад би барьж байсан хутгаараа Э-н баруун алганы ар хэсэг рүү нэг удаа дүрчихсэн. Тэр үед Э миний хутгийг булааж аваад миний хамрын үзүүр хэсгийг хутгаар огтолчихсон. Тэр үед миний хамтран амьдрагч цуснаас айдаг учир цагдаа дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

            3. Хохирогч Н.Э-ын “Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бүст багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2023 оны 12 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгаас миний хамтран амьдрагч М-ын төрсөн ах Г түүний хамтран амьдрагч Э нар Орхон аймагт ирсэн юм. Энд ирээд манай гэрт амьдарч байгаад 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд шинэ жил тэмдэглэхээр болсон юм. Тэгээд архи дарс ууж байгаад эхнэр бид хоёр 20 цагийн үед хүүхдүүдээ аваад талбай руу явсан. Тэнд зураг хөргөө авхуулж байгаад 23 цагийн үед гэртээ харьсан. Г ах хамтран амьдрагчтайгаа зөрөөд талбай орчхоод ирье гээд гарсан. Тэгээд он солигдсоны дараа орж ирээд архи согтууруулах ундаа бүгд хэрэглэж эхэлсэн. Г ах бялуу зүсэх зорилготой хутга аваад бялуугаа зүсэх гээд байж байтал, Э, миний хажууд суучихсан. Г ах хардаад Э-г наашаа суу гэж загнасан. Би босоод ахаараа яаж бялуу зүсүүлэх вэ дээ гэж бодоод ахаа хутгаа өгчих, дүү нь бялуу зүсье гэж хэлээд Гын хутгийг авах гэтэл Г өгөхгүй байсан. Г нэлээн согтуу байсан, би барьж байсан хутгийг авах гэх үед надад өгөхгүй байсан. Би хүчээр хутгийг авах гээд Г ахтай ноцолдох явцад Г ах барьж байсан хутгаараа миний баруун гарын алганы ар хэсэг рүү нэг удаа дүрчихсэн. Тэгээд миний гарнаас цус гараад би хутгыг нь булаах гэж байгаад Г ахын хамрын үзүүр хэсгийг хутгаар огтолчихсон. Тэр үед цус гараад Э цуснаас айгаад цагдаа дуудсан. Г хамтран амьдрагчаа надтай хардаад байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/

            4. Гэрч Д.М-ын Миний төрсөн ах Г нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Э.Э гэх хамтран амьдрагчтайгаа амьдардаг. Тэр хоёр 2023 оны 12 сарын эхээр Сэлэнгэ аймгаас манайд ирээд манайд амьдарч байгаад явсан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шилжих шөнө би өөрийн 2 хүүхэд хамтран амьдрагч Э, ах Г түүний хамтран амьдрагч Э нартай шинэ он хамт гаргасан. Би хамтран амьдрагч Э-тай Хараа нэртэй 0.75 литрийн архийг дунд нь ортол хувааж уугаад ах Г нь Э-тэй Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво 2 ширхгийг хувааж уусан. Бид нар нэлээн согтчихсон, он солигдоод шампасик буудуулаад бялуугаа идсэн. Би архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд нэг мэдсэн чинь тасарчихсан байсан. Тэгсэн Э, Г нар маргалдаад хувцаснууд нь цус болчихсон. Хоорондоо ноцолдоод барилдаад дээр доороо ороод газар уначихсан байсан. Г Э нарыг болиулсан, тэр хоёрын хажууд хутга газар байсан. Г-ын хамрын үзүүр хэсэг нь огтлуулчихсан, Э баруун гарын алганы ар хэсэг хутгаар зүсэгдсэн байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн учир зарим зүйлсийг санахгүй байгаа” гэх мэдүүлэг.х-ийн 22 дугаар хуудас/

            5. Гэрч Э.Э-ийн “2023 оны 12 дугаар сарын эхээр би өөрийн хамтран амьдрагч Г-ын гэр бүлийнхэнтэй танилцах зорилготой Сэлэнгэ аймгаас Орхон аймгийн Баян-Өндөр суманд ирсэн. Тус аймагт ирээд Г-ын төрсөн дүү М-ын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоотод амьдарсан. 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бид нар тус газар шинэ оноо гаргасан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоол унд идэж байгаад М түүний хамтран амьдрагч Э нар талбай орох зорилготой 20 цагийн үед гарч яваад 23 цагийн үед буцаж ирсэн. Би өөрийн хамтран амьдрагч Г-тай 23 цагийн үед гараад оноо талбай дээр гаргаад буцаж хүрч ирсэн. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоол унд идэж байтал, Г босоод хутга аваад бялуу зүсэх гэж байхад би Э-н хажууд суух үед Г уурлаад яагаад наанаа суугаад байгаа гээд уурлаад байсан. Тэр үед Э Г-ын хутгыг авах гэтэл Г уурлаад тэр хоёр ноцолдоод Г хутгаараа Э-н гарын алганы ар хэсэг рүү нэг удаа хутгаараа дүрчихсэн. Э-н гараас цус гараад Г-ын хутгийг булааж авах гэж байгаад Э Г-ын хамрыг барьж байсан хутгаараа огтолчихсон. Тэгээд би айгаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Намайг Э-н хажууд суулаа гэх шалтгаанаар хардаж Г уурлаж маргалдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 24 дүгээр хуудас/

            6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 138 дугаартай “Н.Э-ын биед баруун гарын алганд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун гарын алганд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаариа. Баруун шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дугаартай “Д.Г-н биед хамрын үзүүрт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт.х-ийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоот өөрийн гэртээ хохирогч Д.Г-тай маргалдах явцад нь хохирогчийн бялуу зүсэх зорилгоор гартаа барьсан хутгыг хүчээр булаан авч хохирогчийн хамран тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь хамрын үзүүрт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоотод өөрийн хамтран амьдрагч Э.Э-тэй Н.Э-ын хажууд нь суулаа гэсэн гэр бүлийн хардалтаас үүдэлтэй шалтгаанаар маргалдах явцад бялуу зүсэх зорилгоор гартаа барьсан хутгыг нь хохирогч Н.Э нь хүчээр булаан авах гэтэл хохирогчийн баруун гарын алга хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь баруун гарын алганд шарх, зөөлөн эдрийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Д.Г-н“Э нь ахаа хутгаа өгчих, дүү нь бялуу зүсье гэж хэлээд миний хутгийг авах гэж оролдоод ноцолдох явцад би барьж байсан хутгаараа Э-н баруун алганы ар хэсэг рүү нэг удаа дүрчихсэн гэх мэдүүлэг, хохирогч Н.Э-ын “би хутгыг нь булаах гэж байгаад Г ахын хамрын үзүүр хэсгийг хутгаар огтолчихсон. Тэр үед цус гараад Э цуснаас айгаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, гэрч Д.М-ын Э, Г нар маргалдаад хувцаснууд нь цус болчихсон. Хоорондоо ноцолдоод барилдаад дээр доороо ороод газар уначихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Э.Э-ийн “Э Гын хутгыг авах гэтэл Г уурлаад тэр хоёр ноцолдоод Г хутгаараа Э-н гарын алганы ар хэсэг рүү нэг удаа хутгаараа дүрчихсэн. Э-н гараас цус гараад Г-ын хутгийг булааж авах гэж байгаад Э Г-ын хамрыг барьж байсан хутгаараа огтолчихсон гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 138 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 151 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Э, Д.Г нар нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 03 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн *** тоот Н.Э-ын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хохирогч Д.Г нь хамтран амьдрагч Э.Э Н.Э-ын хажууд суулаа гэж хардсны улмаас маргалдаж, Н.Э нь Д.Г-н бялуу зүсэх зорилгоор гартаа барьсан хутгыг хүчээр булаан авч хохирогчийн хамран тус газарт нь зүсэж эрүүл мэндэд нь хамрын үзүүрт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Д.Г нь Н.Э-ын баруун гарын алга хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь баруун гарын алганд шарх, зөөлөн эдрийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учирсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж хамрын үзүүрт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, баруун гарын алганд шарх, зөөлөн эдрийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Д.Г нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Н.Э-ын эрүүл мэндэд баруун гарын алганд шарх, зөөлөн эдрийн няцрал, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Д.Г-н эрүүл мэндэд хамрын үзүүрт шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Г-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э, Д.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э, Д.Г нарт оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А