Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

 

2024                                                          2024/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 2425000000046 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Э.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг *** ресторанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байхдаа хохирогч Ц.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун чамархайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н мэдүүлэхдээ “их хэмжээний согтолттой байсан. Жорлонд хохирогчийг заамдаж байснаа санаж байна. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Хохирогчийг зодсноо хүлээн зөвшөөрч байна. Дахиж архи уухгүй. Хохиролд 5 630 000 төгрөг төлсөн” гэв.

 

Хохирогч Ц.Б“шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ц.Б-н “***лоунжид манайд ажиллаж байсан Даян пропортис” ХХК-ий шинэ жил болж байсан. Бид дөрөв хоёр хоёроороо салж М-н хамт нэг ширээнд суусан. Тэндээ хоол унд идэж би жижиг архины стаканаар 4-5 удаа архи уусан 0,5 литрийн хэмжээтэй 2 лаазтай пиво уусан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээндээ оролцож байгаад орой 23 цагийн орчим манай шинэ жилийн арга хэмжээ дууссан. Тэгээд надтай хамт ажилладаг А, Г, М бид дөрвийг гарах гэж байхад бид нартай хамт мужааны ажил хийдэг Г, Т, Н гэх 3 хүн үүдэнд зогсож байсан. Тэгээд А, Г, М бид дөрөвийг гарах гэж байхад Г нь М бид хоёрыг явуулахгүй үргэлжлүүлээд сууя гэж хэлээд буцааж авч орсон. Тэгээд дотор орж ширээн дээр сууж байгаад М, Г, Т, Н нар гараад хаашаа явахаа ярилцаж байгаад би согтчихсон байсан тэрнээс хойшоо болсон асуудлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн. Би жижиг архины стаканаар 4-5 удаа архи уусан. Мөн 0.5 л лаазтай пиво 2-г уусан” гэх мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас /

2. Гэрч Ц.Б-н “2023 оны 12 дугаар сарын 20-21 ний шилжих шөнө манай дүү Б нь 01 цаг өнгөрч байх үед гэрийнхээ хашаанд бусдад зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би өөрийн аав Ц-н хамт бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Манай дүү 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өмнө хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах *** худалдааны төвийн хоёр давхарт шинэ жил тэмдэглэсэн. Манай дүү одоогоор юм ярьж чадахгүй байгаа. Би дүүгээсээ ямар хүнд зодуулсан юм бэ гэж асуухад Г гэх хүнийг ална гэж хэлсэн. Түүнээс зодуулсан хүнийхээ нэрийг хэлээгүй би Г гэх хүн манай дүүг зодсон байж магадгүй гэж бодож байна. Одоо манай дүүгийн биеийн байдал баруун хөмсгөндөө 1 оёо тавиулсан, үүдэн 2 шүд унасан, уруул нь сэтэрч, толгой нь бага зэрэг хагарсан байх шиг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/

3. Гэрч Б. М “2023 оны 12 дугаар 20-ны өдөр миний ажилдаг “Даян пропертис” ХХК-ийн шинэ жилийн арга хэмжээ 19 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “***” лоунжийн 2 давхарт болсон. Би шинэ жилийн үйл ажиллагаанд би эхнэр А-ийн хамт орсон тэгээд шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад 22 цагийн орчим архи уугаад тасарчихсан байсан тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Маргааш нь би гэртээ сэрсэн шинэ жилийн арга хэмжээн дээр зодоон болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/

4. Гэрч А.Х-н “тэр өдөр зааланд хэсэг хүмүүс орилолдоод маргалдаж байгаа дуу чимээ гарахаар нь очиход хохирогч гэх Б нь гартаа хутга юм уу сэрээ барьчихсан хүмүүс рүү дайраад байсан. Хамт явж байсан хүмүүс нь тайвшраад болиулсан. Тэнд байсан хүмүүс тус тусынхаа ширээ рүү явсан, би ч маргаан намдчихлаа гэж текэн дээрээ очиж зогссон. 15 минутын дараа ширээ зөөхөөр саяхан маргалдаж байсан хүмүүсийн хажуугаар гарахад хоёр үл таних залуу нэг нэгнийхээ мөрөн дээр гараа тавиад эвлэрсэн ч юм уу, яасан ч юм бүү мэд нойл руу орж яваа харагдсан. Удалгүй хүмүүс зодоон хийгээд байгаад бололтой чимээ гарахаар нь ороход гурван эрэгтэй байсан. Хохирогч гэх Б шалан дээр хэвтэж байсан, тэр хүн хэвтээд л байсан. Бид нар санаа зовоод эмнэлэг эсвэл цагдаа дуудах уу гэхэд шалан дээр хэвтэж байсан эрэгтэй босож ирээд юу ч битгий дууд, хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/

5. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай Ц.Б-н биед 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун чамархайд шарх, дух, зүүн чихэнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх 2 шүдний булгарал, буйланд цус хуралт гэмтэл нь дангаараа, 1 шүдний сулрал гэмтэл нь дангаараа, дээд доод уруул, баруун чамархайд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

6. Сэжигтэн Э.Н-н “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ***лоунжийн 2 давхарт манай Даян пропертис ХХК-ний жил болсон. Тэгээд шинэ жилийнхээ арга хамжээнд оролцож байгаад 23 цагийн орчим манай шинэ жилийн арга хэмжээ дуусаж хүмүүс гарч явцгааж байсан. Тэр үед нь би дотор ширээн дээр сууж байхад миний ар талаас Б нь миний мөрийг давуулж гараа тавиад гаръя гэж намайг татсан тэгэхээр нь би гарахгүй гэж хэлээд би Б-н хамт хоёулаа бие засах өрөө орсон. Тэгээд тухайн өрөөн дотор ороод Б бид хоёр хоорондоо маргалдаж, муудалцаад байснаа санаж байна. Би тухайн үед шинэ жил болж байсан болохоор нэлээн архи уучихсан байсан болохоор тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Маргааш буюу 2023 оны 12 дугаар сарын 21-ний өглөө ***лоунжийн гадна талд өөрийн машин дотор сэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг ***ресторанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байхдаа хохирогч Ц.Б-тэй маргалдаж, цохиж зодон 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун чамархайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Б-н “болсон асуудлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Б-н“2023 оны 12 дугаар сарын 20-21 ний шилжих шөнө манай дүү Б нь 01 цаг өнгөрч байх үед гэрийнхээ хашаанд бусдад зодуулсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Би дүүгээсээ ямар хүнд зодуулсан юм бэ гэж асуухад Г гэх хүнийг ална гэж хэлсэн. Түүнээс зодуулсан хүнийхээ нэрийг хэлээгүй би Г гэх хүн манай дүүг зодсон байж магадгүй гэж бодож байна” гэх мэдүүлэг, гэрч Б. М “архи уугаад тасарчихсан байсан тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч А.Х-н “хүмүүс зодоон хийгээд байгаад бололтой чимээ гарахаар нь ороход гурван эрэгтэй байсан. Хохирогч гэх Б шалан дээр хэвтэж байсан, тэр хүн хэвтээд л байсан. Бид нар санаа зовоод эмнэлэг эсвэл цагдаа дуудах уу гэхэд шалан дээр хэвтэж байсан эрэгтэй босож ирээд юу ч битгий дууд, хэрэггүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт, сэжигтэн Э.Н-н “Би тухайн үед шинэ жил болж байсан болохоор нэлээн архи уучихсан байсан болохоор тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг ***ресторанд шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэж байхдаа хохирогч Ц.Б-тэй маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж, 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун чамархайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.Н-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд нь 2 шүдний булгарал, буйланд цус хуралт, 1 шүдний сулрал, дээд доод уруул, баруун чамархайд шарх гэмтэл хөнгөн хохирол учирсан бөгөөд 5 630 000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирол төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай

 

5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А