Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2021/00031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах ******* ХХК /РД:/

Хариуцагч: ,, ******* *******аа ХХК /РД:/-д холбогдуулан

Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 18.931.194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******аа, хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани хариуцагч ******* *******аа ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42/19 дугаар бүхий зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ... ******* *******аа ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 11.559.943 төгрөгийн шатахуун, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 9.059.053 төгрөгийн шатахуун авсан бөгөөд нийт 20.618.996 төгрөгийн шатахуун худалдан авсан. Үүнээс 7.998.200 төгрөгийг төлсөн. Үндсэн төлбөрөөс 12.620.796 төгрөгийн үлдэгдэлтэй байгаад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийснээс хойш огт төлбөр хийгээгүй. ...Иймд үндсэн төлбөр 12.620.796 төгрөг, алданги 6.310.398 төгрөг, нийт 18.931.194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******аа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* *******аа ХХК 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шатахуун зээлээр худалдан авах гэрээ байгуулж 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 11.559.943 төгрөгийн, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 9.059.053 төгрөгийн шатахуун худалдаж авсан. Үүнээс 7.998.200 төгрөгийг төлсөн. Шүүхийн шатанд 6.000.000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон учраас үндсэн төлбөрөөс хасч тооцно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 1 дүгээр сарын 25-ны дотор үлдэгдэл төлбөрөө бүрэн төлбөл алданги 6.310.938 төгрөгийг 1.000.000 төгрөг хүртэл багасгаж тохирох боломжтой гэж хариуцагчид хэлсэн. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл 6.620.796 төгрөгийг бүрэн төлөөгүй учраас алданги 6.310.398 төгрөгөө бүрэн дэмжиж нийт 13.931.194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* *******аа ХХК-ийн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК-аас зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажилласан. ******* ундраа ХХК шатахууны үлдэгдэл төлбөр 12.620.796 төгрөгөө төлж чадаагүй. Одоо ******* ХХК-ийн нэхэмжилсэн шатахууны үлдэгдэл төлбөр 12.620.796 төгрөгийг төлнө, алдангиас 1.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа. Иймд алданги 5.310.398 төгрөгөөс чөлөөлж өгнө үү. Үлдэгдэл төлбөрөөс 5.000.000 төгрөгийг 2020.12.17-ны өдөр дансаар шилжүүлсэн. Одоо үлдэгдэл төлбөр 7.620.796 төгрөгийг, алданги 1.000.000 төгрөг нийт 8.620.796 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани ******* ХХК-иас автомашин худалдаж авсан. Тэр үед эднийх шатахуун зээлээр худалдаж авах санал тавьсан. Саналыг хүлээн авч 20.618.996 төгрөгийн шатахууныг зээлээр худалдан авч 7.998.200 төгрөгийг тухайн үед нь 2019 оны 11 сарын 29-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус төлж 6.620.796 төгрөг төлөөгүй үлдсэн. Үүнийг төлнө. Цар тахал гарч ажлын олдоц багасаж, ажил хийсэн ч ажлын хөлс орж ирэхгүй байснаас төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Мөн ганц хүү маань хүнд өвчин тусч эмчилгээнд 20 орчим сая төгрөг хэрэглэж санхүү эдийн засгийн хүнд байдалд орж нэхэмжлэгчийн итгэлийг алдсан. Миний амьдралын хүнд байдлыг харгалзан алдангийн хэмжээг бууруулж өгөхийг нэхэмжлэгчээс гуйсан. Шүүхийн шатанд мөнгөө төлчихвөл алдангийн хэмжээг 1.000.000 төгрөг болгож болно гэж хэлсэн. Ажил хийсэн компани маань цалингаа өгөхгүй байна. Түүнээс биш би 3.000.000 төгрөгийн хөлс өнөө маргаашгүй авна. Мөн худалдсан машинаа өрөндөө тооцоод аваач гэдэг саналыг нэхэмжлэгчид тавьсан. Эхний үед авчих юм ярьснаа сүүлдээ чимээгүй болсон. Авахгүй гэвэл би зах дээр зараад мөнгийг нь ойрын хугацаанд төлнө гэж бодож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ундраа ХХК-аас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүрэгт шатахууны үлдэгдэл үнэ 12.620.796 төгрөг, алданги 6.310.398 төгрөг, нийт 18.931.194 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Шаардлагын үндэслэлийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42/19 дугаар бүхий зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах худалдан авах гэрээ болон худалдах худалдан авах 42/19 дугаар бүхий нэмэлт гэрээ гэж тодорхойлсон.

 

Хариуцагч ******* ундраа ХХК нь нэхэмжлэгчээс шатахуун худалдан авсан үйл баримтад маргаагүй боловч худалдан авсан шатахууны үлдэгдэл үнэ 12.620.796 төгрөгөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн 5.000.000 төгрөг төлснийг хасч, алданги 1.000.000 төгрөг төлөхөөр маргасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 42/19 дугаар бүхий зээлийн нөхцөлөөр шатахуун худалдах худалдан авах гэрээ болон худалдах худалдан авах 42/19 дугаар бүхий нэмэлт гэрээ-ээр ******* ХХК нь шатахуун нийлүүлэх, ******* ундраа ХХК захиалсан барааг хүлээн авч төлбөрийг төлөхөөр тохиролцсоноос үзэхэд зохигчдын хооронд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч ******* ундраа ХХК-аас худалдан авсан шатахууны үлдэгдэл үнийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч ******* ундраа ХХК 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 11.559.943 төгрөгийн, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 9.059.053 төгрөгийн нийт 20.618.996 төгрөгийн шатахууныг нэхэмжлэгчээс худалдан авч 7.998.200 төгрөгийг гэрээний хугацаанд, 1.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 5.000.000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч 6.000.000 төгрөгийг үндсэн төлбөрт тооцож шатахууны үлдэгдэл төлбөрийг 6.620.796 төгрөг гэж тодорхойлсон. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч төлөхийг зөвшөөрсөн учраас уг шаардлагыг шүүх хуульд заасны дагуу хангаж шийдвэрлэсэн.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний 3.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхтэй ч шүүх Иргэний хуулийн 232.8-д заасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж алдангийг 1.655.199 төгрөгөөр тооцож нийт 8.275.995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 10.655.199 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.8.-д заасныг баримтлан хариуцагч ******* ундраа ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8.275.995 /найман сая хоёр зуун далан таван мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.655.199 /арван сая зургаан зуун жаран таван мянга нэг зуун ерэн ес/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.000 /хоёр зуун тавин гурван мянга/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ундраа ХХК-аас 147.366 /нэг зуун дөчин долоо мянга гурван зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хариуцагч тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Л.ЭНХБИЛЭГ