Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

 

 

2024                                                        2024/ШЦТ/

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч С.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2225001060100 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод оршин суух С.Б-н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Самсунг А-02 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 361,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.

 

Хохирогч Б.М “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.М-н “2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг *** тоот гэртээ С.Б, М нарын хамт бид гурав манай гэрт 03 цаг 30 минутын орчим гэртээ орж 0,5 литрийн Хараа нэртэй архины талыг бид гурав хувааж уусан. Тухайн үед С.Б миний Самсунг А-02 маркийн гар утсаа дуу сонсоно гэж авсан. Тэгээд бид гурав архиа ууж дуусаад тэр хоёр гэрээс гарах гэж байхаар нь миний гар утсыг үлдээсэн үү гэж хойноос нь асуусан чинь үлдээсэн гэж хэлж байсан. Тэгээд би хэвтэж байгаад 10 минутын дараа босож ширээн дээр гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд миний сим картыг гар утсан дотор үлдээсэн байсан. Би гар утсаа Б өгөөгүй. С.Б-ын төрсөн ах нь гэх хүн манай гэрт ирж миний гар утасны төлбөр болох 361 000 төгрөгийг надад өгсөн. Тийм учраас одоо миний зүгээс гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 09, 109-р тал/

2. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн ТХҮ-621/2672 дугаартай хохирлын үнэлгээ. /хх-ийн 16-17-р тал/

3. Яллагдагч Б-н “Энэ хэрэг болсон өдөр намайг архи уугаад гэр хороололд явж байхад хохирогч Б.М-н дагавар охин М-н хамт согтуу явж байгаад таарсан. Б.М ах манай гэрт очиж архи уух уу гэхээр нь тэгье гээд хамт гэрт нь очсон. С.Б-н гэрт очсон чинь 0,5 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд задалсан. Архи ууж байхад Б.М ах миний гар утсаар дуу тавиад өг гэхээр нь би түүний гар утсыг нь аваад дуу тавиад ширээн дээр тавьсан. Архи дуусах гэж байхад Б.М охинтойгоо маргалдсан. Тэр хоёрыг боль гэсэн чинь Ц.М чи ч гэсэн манай гэрээс зайл гээд намайг гэрээсээ хөөсөн. Би архи уугаад согтуу байсан болохоор ширээн дээр байсан гар утсыг нь авчМ-н хамт тэдний гэрээс хоёулаа хөөгдөөд гарсан болохоор очих газаргүй байсан тул шууд яваад ** дугаар байранд байдаг Хустай нэртэй буудалд очиж Б.М-н гар утсыг буудлын төлбөрт барьцаанд тавьж М бид хоёр хамт хоносон. Маргааш өглөө нь буудлаас гараад М надаас салаад явсан. Би М-ээс салж яваад Хүлэг зах дээр зүс таних Б гэж залуутай таараад найз нь өчигдөр гар утсаа 40,000 төгрөгийн барьцаанд тавьж хоносон юм. Одоо авч чадахгүй байна. Чи мөнгөтэй бол авчих гэж хэлсэн чинь Б тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь хамт Хустай буудалд очиж 40,000 төгрөгийг нь төлөөд гар утсаа авч Б-д өгөөд түүнээс нэмж 40,000 төгрөг аваад түүнтэй хамт нэг хоёр шил архи авч хувааж уусан. Ийм л юм болсон юм. М өөрөө гар утсаа өгөөд дуу тавь гэсэн юм. М-н гар утас нь хар өнгийн гар утас байсан. М намайг М-н гар утсыг хулгай хийж авсныг мэдээгүй. Би өөрийнхөө гар утсыг барьцаалсан л гэж хэлсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 103-р тал/

4. Гэрч М.М-ийн “Архи ууж байхдаа хэн нь ч гар утсан дээр дуу тавьсан юм би мэдэхгүй. Нэг харсан чинь М ахын гар утсан дээр дуу тавиад ширээн дээр тавьсан байсан. Архиа уугаад талдаа орж байхад М ах согтуурхаад Б бид хоёрыг гэрээсээ хөөсөн. М ахыг хөөгөөд байхаар нь Б бид хоёр М ахын гэрээс гарсан. Тэдний гэрээс гараад нэмж уух уу гэсэн чинь Б тэгье гэсэн. Тэгэхээр нь би түүнд тэгвэл би гар утсаа тавиад нэг юм авах уу, хаана уух юм бэ гэсэн чинь М буудал аваад оръё гэсэн. Тэгээд бид хоёр хамт явж Хангарьд спорт ордны хойд талд архи зарж байсан нэг эгчид миний гар утсыг 1 шил архины барьцаанд тавьж архи аваад эргээд явсан. Тэгэхэд Б *** дугаар байрны Хустай” буудал руу очих уу гэхээр нь тэгье гэж хэлээд хамт очсон. Буудлын гадна очоод Б өөрөө түрүүлж ороод хэсэг байж байгаад гарч ирээд орох уу гэхээр нь дагаж ороод нэг өрөөнд орсон. Буудлын өрөөнд орж архиа ууж байсан. Нэг мэдсэн чинь өглөө болчихсон би ганцаараа буудалд унтаж байсан. Б-ыг хэзээ явсныг нь мэдээгүй. Би сэрээд удаагүй буудлаас гараад *** дугаар байр луу М ахын гэрт орсон чинь М ах миний гар утас алга болсон, чи миний гар утсыг авсан гэх мэтээр юм яриад байсан. Сүүлд манай ээж М-н гар утсыг Б хулгай хийж аваад Хустай буудалд барьцаанд тавьсан байсан гэж ярьж байсан. Би Б-ыг М ахын гар утсыг хулгай хийж авсныг мэдээгүй. Намайг архи авъя гэсэн чинь Б тэгвэл би буудал аваад оръё гэсэн. Тэгэхэд нь би түүнийг мөнгөтэй явж байгаа юм байна гэж бодсон. Гэтэл маргааш өдөр нь М ахын гэр лүү ороход М ах Б та хоёр миний гар утсыг хулгай хийж авч явсан байна гээд дайрч давшлаад байсан. М, Б бид нарыг тэдний гэрт очиход хэн нэгэн хүн байгаагүй. М ах гэртээ ганцаараа амьдардаг. Манай ээж гэр хороололд гэртээ байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 111-112-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ: “С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг *** тоотод оршин суух хохирогч С.Б-н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар гэрээс гарахдаа хохирогчийн Самсунг А-02 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 361,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н“миний гар утсыг үлдээсэн үү гэж хойноос нь асуусан чинь үлдээсэн гэж хэлж байсан. Тэгээд би хэвтэж байгаад 10 минутын дараа босож ширээн дээр гар утсаа үзсэн чинь байхгүй байсан гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2022 оны 01 сарын 10-ны өдрийн ТХҮ-621/2672 дугаартай хохирлын үнэлгээ, яллагдагч Б-н“Би архи уугаад согтуу байсан болохоор ширээн дээр байсан гар утсыг нь авч М-н хамт тэдний гэрээс хоёулаа хөөгдөөд гарсан болохоор очих газаргүй байсан тул шууд яваад *** дугаар байранд байдаг Хустай нэртэй буудалд очиж Б.М-н гар утсыг буудлын төлбөрт барьцаанд тавьж М бид хоёр хамт хоносон” гэх мэдүүлэг, гэрч М.М-ийн “Би сэрээд удаагүй буудлаас гараад *** дугаар байр луу М ахын гэрт орсон чинь М ах миний гар утас алга болсон, чи миний гар утсыг авсан гэх мэтээр юм яриад байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн *** тоотод оршин суух С.Б-н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Самсунг А-02 загварын гар утсыг авч 361,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Б нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 361 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М 361 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 19 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгэр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 19 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А