Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/99

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 2425000000067 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Х.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн *** тоотод хохирогч Б.Т үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн зүүн хацар тус газарт нь удаа дараа гараараа цохих, хоолойг нь боох, нуруун тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б “Т Тэшиг сумаас надруу утсаар холбогдож, эхнэртэйгээ муудалцаад сэтгэл санаа тавгүй байна гэсэн. Тэгээд ирэхээр нь хамт архи уусан. Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх шалтгаанаар найзтайгаа маргалдаж гар хүрсэн. Заазуур барьсан зүйл болоогүй. Хохирогчид 300 000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Т “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 9-14-р хуудас /

2. Хохирогч Б.Т-ний“2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумаас Орхон аймагт орой 19 цагийн үед ирсэн. Орхон аймагт ирээд найз Б, Г нартай Төгөл төвийн гадаа хотын төвд уулзаад согтууруулах ундааны зүйл болох пиво ууцгаасан. Тэгээд Vegas нэртэй бааранд орж бүжиглэсэн. Тэрнээс гараад Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил багийн *** тоотод манайд ирсэн. Манайд Б, Г нартай дөрвөн эмэгтэй цуг орж ирсэн. Манайд ирсэн хойноо тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Цуг ирсэн эмэгтэйчүүд нь хоорондоо маргалдаж байгаад яваад өгсөн. Б, Г хоёртой бид гурав үлдсэн. Б над руу дайраад зүүн талын хацар луу гараараа зөндөө цохиж, боож унагаасан. Миний хоолой амыг багалзуурдсан. Тэр үед Г Б-ийг надаас салгах гэж зөндөө оролдсон. Салгах явцдаа Г намайг ор луу түлхээд нуруу луу өшиглөсөн. Тэгж байтал Г-гийн ахынх руу явна гээд намайг орон дээр хэвтэж байхад татаж босгоод явъя гээд авч гарсан. Тэгтэл хашаан дотор зогсож байхдаа Б нь намайг чи машины түлхүүрээ яачихсан юм, чиний наад энгэрийн халаасанд чинь байгаа юм биш үү гэж хэлсэн. Хажуугаас Г чи наад сэгээ харамлаад байгаа юм уу гэхээр нь би түлхүүрээ өгчихсөн юм. Тэгээд би цуг явахгүй гэж хэлээд хөршийндөө орсон. Хөрш Б ахынд явж ороод тусламж гуйсан. Тэгээд гэртээ орох гэтэл түлхүүр хаалганд зоогоод орчихсон, машин унаад явчихсан байсан. Би тэр машиныг угаасаа унаад яв гэж хэлсэн. Намайг зүгээр байхад Б над руу дайрсан. Хоолой ам боогоод зүүн талын хацар луу цохиж авсан. Нуруу хэсэг рүү гутлаараа өшиглөсөн. Г салгах үедээ намайг боль гээд цааш түлхсэн. Түүнээс цохиж зодоогүй, Б намайг цохиж зодсон. Г бид хоёрыг салгасан. Цээж, зүүн талын булчин, хүзүү хоолой улаан эрээн юм байна. Өвдөж, хавдсан зүйл байхгүй. Би энэ хоёртой явахгүй гээд өөрсдөө яв гээд машины түлхүүр өгсөн юм. Энэ хоёроос би айгаад машины түлхүүр өгсөн юм бол байхгүй. Бид хар багийн найзууд хоорондоо муудалцах шалтгаан байхгүй. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн дээр нь хөрш Б ахад согтуудаа алуулах дөхлөө шахуу юм ярьчихсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

3. Гэрч Б.Б “2021 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө үүрээр 5 цаг 10 минутын үед Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил багийн *** тоотод унтаж байтал гаднаас эрэгтэй хүний хоолой аллаа авраарай гэж хашхирсан, айсан сандарсан байдалтай орж ирсэн Тэгсэн харсан манай хөрш Т гэх залуу байсан. Хамт гэрт нь цуг ортол машиныг аваад явчихсан гэрийн хаалгыг хаагаад түлхүүр нь зоолттой харагдсан. Тэгэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн. Надад хэлэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед гэрт нь Б, З гэх хочтой залуу, нөгөөгийн танихгүй гэсэн. Ийм гурван залуу ирээд ууж идэцгээсэн байсан. Тий найз нөхөд нутгийн хүмүүс гэж надад хэлсэн. Ууж идэж дуусаад Т-тэй маргалдаж боож унгаагаад машины түлхүүр гэрийн түлхүүрийг нь аваад урд гараад гүйгээрэй гэж хэлсэн байсан. Зуухны тагийг нь авч шатаана гэж хэлээд толгойгоор нь тонгойлгоод айлгасан байсан. Заазуураар хоолойг нь хэрчинэ гэж ишийг тахийлгасан гэж Т хэлсэн. Нэг залуу өөрийг нь цохиж бариагүй оролцоогүй түрүүлээд явсан гэж ярьсан. Үлдсэн хоёр залуугийн нэг нь баривчилгаа нөгөө нь шоронд орж байсан гэж хэлсэн байсан. Хашаанд байсан машин нь байхгүй байшингийнх нь хаалга хаалттай, түлхүүр нь зоолттой байсан. Гэрт нь яваад ороход шар өнгийн түшлэгтэй сандал эвдэрсэн, шар өнгийн иштэй заазуурын иш тахийсан гэрийнх нь эд зүйлс эмх замбараагүй байсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин нүүр ам луу нь цохисон бололтой улайсан харагдсан. Хувцас хунар нь шороо болсон байсан зүйл анзаарч харагдаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р хуудас/,

4. Гэрч Ч.У-н “Манай хүү өчигдөр орой гэрт байж байхад ээж та гэрээс гараад ирээч гэхээр нь гараад хүүтэйгээ уулзахад эмээгийн хажууд ярьж болохгүй байна даралт нь ихэсчихнэ. Та цагдаа дээр очоод уулзаад өгөөч миний талаар асууна гэсэн гэхээр нь би юу болсон гэж асуухад хэдэн охидууд руу манай найз агсраад байхаар нь би өмөөрөөд. Тэгээд намайг цохиод авахаар нь зөрүүлээд цохичихсон чинь цагдаад өгчихсөн байна уулзаад өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/,

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 98 дугаартай “Б.Т-ий биед зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 27-28-р хуудас/,

6. Яллагдагч Х.Б-ийн “Бөөнөөрөө нэг газар сууж байтал баар хаах үеэр Т манайд очих уу гэж хэлээд гэрт нь очсон. Сүүлд Г Т-ийн гэрт ирсэн. Г-г ирэхээр би горд руу авч яваад шагаас дөрөв пиво, нэг шил архи авсан. Буцаад Т-ий гэрт очиж уусан. Тэнд байсан охидууд хоорондоо юунаас болж маргалдсан юм бүү мэд муудалцаж байсан. Т, Г бид гурав салгасан. Тэгж байтал нэг охин Т-ийг санамсаргүй байдлаар цохисны төлөө уурлаад тэр охиныг үстээд байхаар нь Г очиж салгасан. Т Г-г цохиж авсан. Би очиж Т, Г хоёрыг салгасан. Т намайг цохиж авахад би зөрүүлээд цохисон юм. Тэгээд Г бид хоёрыг салгасан. Ттэй маргалдах шалтгаан бол эмэгтэй хүнийг чи яаж байгаа юм бэ гэж хэлснээс болсон. Тэр охидууд Т бид хоёрыг муудалцаж байхад яваад өгсөн байсан. Надад учирсан ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. Тийг Г-гийн ахынх руу хамт явах уу гэхэд явахгүй гэсэн тэгэхээр нь бид хоёр машинаа харамлаад байгаа юм уу цуг явья гэхэд та хоёр өөрсдөө яв гэснээ машины түлхүүрээ өгсөн. Г согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм чинь машиныг нь бариад бид хоёр Г-гийн ажил дээр аваачиж үлдээсэн. Гэрийнх нь түлхүүр машины түлхүүртэй нь цуг байхаар нь бид хоёр салгаад хаалганд нь зоочхоод яваад өгсөн. Т хашаанаас гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн *** тоотод хохирогч Б.Т үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн зүүн хацар тус газарт нь удаа дараа гараараа цохих, хоолойг нь боох, нуруун тус газарт нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.Т-ний“Б над руу дайраад зүүн талын хацар луу гараараа зөндөө цохиж, боож унагаасан. Миний хоолой амыг багалзуурдсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Ттэй маргалдаж боож унгаагаад машины түлхүүр гэрийн түлхүүрийг нь аваад урд гараад гүйгээрэй гэж хэлсэн байсан. Зуухны тагийг нь авч шатаана гэж хэлээд толгойгоор нь тонгойлгоод айлгасан байсан. Заазуураар хоолойг нь хэрчинэ гэж ишийг тахийлгасан гэж Т хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ч.У-н “охидууд руу манай найз агсраад байхаар нь би өмөөрөөд. Тэгээд намайг цохиод авахаар нь зөрүүлээд цохичихсон чинь цагдаад өгчихсөн байна уулзаад өгөөч гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт, яллагдагч Х.Б-ийн “Т намайг цохиж авахад би зөрүүлээд цохисон юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 05 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн *** тоотод хохирогч Б.Т үл ялих шалтгааны улмаас маргалдаж, хохирогчийн зүүн хацар тус газарт нь гараараа цохиж, хоолойг нь боох, нуруун тус газарт нь өшиглөх зэргээр зодож “зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Б-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ний эрүүл мэндэд нь зүүн завжинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, цээж, хүзүү, эрүү, зүүн чамархайд цус хуралт, нуруунд цус хуралт, зулгаралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Х.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Модчин овгийн Хосгэрэлийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 000 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А