Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 104/2021/00080/И |
Дугаар | 104/ШШ2021/00095 |
Огноо | 2021-03-19 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2021/00095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................................... тоотод оршин суух, ******* овогт Б.А /РД:............................/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ............................ тоотод оршин суух, ******* овогт Б.О /РД:............................/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч *******э,
хариуцагч Б.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Отай 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин О.Э төрсөн. Бид хоёр манайд хамт амьдардаг байхад түүний ааш араншин хэвийн байсан. Бид тусдаа гараад амьдарч, Б.О нь цагдаагийн байгууллагад ажилладаг болсон. Үүнээс хойш ааш зан нь өөрчлөгдөж ширүүн догшин болсон. Одоо би хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байгаа. Хэрэв ээж маань байхгүй болчихвол бид хоёрт очих газар байхгүй. Намайг бусадтай хий хардах, хэл амаар доромжлох, гар хүрэх зэргээр ёс зүйгүй байдал гаргаж хамт амьдрахад хэцүү болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Эийг миний асрамжид үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид цаашдаа эвлэрч хамт амьдрах боломжгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Ад хүүхдийн тэтгэлгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлнө. Би өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэг, гэхдээ зөвхөн тэтгэлэг өгөөд хаяхгүй. Би эцэг хүний хувьд хүүхдээ асарч хамгаалах хариуцлагыг хүлээнэ. Хүүхдэдээ хэрэгцээ, шаардлагатай зүйлсийг авч өгөөд байж чадна. Б.А ээж, дүүгийн хамт амьдарч байгаа. Би Б.Ад машинаа өөрөө унаж байгаа учир зээлээ төлөөрэй гэж хэлсэн. Багануурт амьдарч байхад Б.А нь өөр залуутай хоносон асуудал гарснаас болж бид маргалдсан. Б.А гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн. Тэгээд би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ талаар нь хэлдэг. Маргалдаж байхдаа биенээс нь татахад гар хөл нь хөхөрснийг зодчихлоо гэж хэлээд байна. Сүүлд зодсон гээд байгаа асуудал нь цагдаа дээр хаагдсан. Одоо эвлэрээд амьдрах боломжгүй болсон. Б.Агийн гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.От холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
Б.О, Б.А нар нь 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин О.Э төрсөн, хүүхэд О.Э нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан уг хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалыг хийлгээгүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, эхнэр, нөхрийн 2020 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Б.О, Б.А нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, хүүхдийн асрамжийн талаарх гэрлэгчдийн тохиролцоо нь хуульд зааснаар өгсөн хүүхдийн асрамжийн талаарх тайлбартай нийцсэн зэргийг үндэслэн охин О.Эийг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан охин О.Эийг сар бүр эцэг Б.Оаар нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 177 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Б.О, ******* овогт Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин О.Эийг эх Б.Агийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Эийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Оаар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ад даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ