| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0356/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Хохирогч А.Б
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Шинжээч Ц.Д, З.А
Иргэний хариуцагч Ө.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 2325000000401 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн Урт цагааны гудамжны асфальтан хучилттай авто замаар Ө.С-н эзэмшлийн Тоёота маркийн Кролла аксиа Е160 загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хуний гарцаар зам гарч явсан хохирогч А.Б мөргөж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Бороо орчихсон, нар тусаад гялбаад байсан. Хохирогч гэнэт гараад ирсэн. Би тоормоз гишгэсэн боловч хохирогчийг мөргөж таарсан. Хохирогчид 5 сая орчим төгрөгийг хүү маань төлсөн. Нэхэмжилж байгаа хохирлыг нь төлнө” гэв.
Хохирогч А.Б мэдүүлэхдээ “Ажил тараад зам хөндлөн гарч яваад аваарт орсон. Би хурдан явсан зүйл байхгүй. Миний аарцаг болон гар гэмтсэн. Одоо дөнгөж таягтай ганц нэг алхаж байгаа. Хохирлоо гаргуулж авмаар байна” гэв.
Иргэний хариуцагч Ө.С мэдүүлэхдээ “Эцэгтээ машин өгч явуулаагүй бол ийм хэрэг гарахгүй байсан байх. Иймд би иргэний хариуцагчаар тогтоогдсноо хүлээн зөвшөөрч байна. Гарсан хохирлыг төлнө. Гэхдээ сэтгэцийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс тогтоосон хэмжээгээр төлөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Шинжээч Ц.Д, З.А нар мэдүүлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журамд заасан хүснэгтийн дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 5 дугаар зэрэглэлд хамаарч байгаа. Хохирогч хүлээн зөвшөөрсөн” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Зам тээврийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 2-6-р тал/
2. Хохирогч А.Б-н “Би *** аймаг *** сум *** багийн *** байранд байх “Оргил” бичиг хэргийн дэлгүүрт худалдагчаар ажилдаг юм. Тухайн өдрийн орой 19 цагт ажил тараад Урт цагааны гудамжны урд талын авто замын явган хүний гарцаар явж байхад юу болсон юм бол бүү мэд нэг мэдэхэд хүмүүс намайг тойроод зогсчихсон нэг залуу миний гарны судас бариад бас хүзүүн дээр дарж үзээд “таны гар утас хаана байгаа вэ, ар гэрийнхэнтэй чинь холбоо барья” гэж байсан. Явган хүний гарцаар гарч байхад би гартаа утсаа барьчихсан явж байсан. Тэгсэн нэг залуу гар утас нь энэ юм шиг байна. Нэлээн хол шидэгдчихсэн байна гэсээр утсыг оллоо гэж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирээд надад нэг тариа хийгээд эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр ирээд намайг дугуйтай орон дээр хэвтүүлээд нааш, цааш түрээд яваад байсан бодвол зураг авсан байх. Надад учирсан хохирол болон би цалингаа бас эмчилгээний зардал болон бусад зүйлсийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10-р тал/
3. Орхон аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд. /хх-н 20-26-р тал/
4. Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаартай “А.Б-н биед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6-2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 32-34-р тал/
5. Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа. /хх-ийн 37-38-р тал/
6. Сэжигтэн Д.Б “Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүн тээвэрт явж байгаад Зэст багийн холбооны хажуу талаас 2 хүн гараа өргөөд зогсож байхаар нь хүргэж өгөхөөр Төгөл худалдааны төврүү явж байсан юм. Тэгээд урт цагааны урдах авто замаар явж байтал гарцаар эмэгтэй хүн гараад ирэхээр нь би мөргөөд тормоз гишгээд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад тухайн эмэгтэй дээр очоод яаж байгаа талаар асуусан чинь хэвтээд босохгүй болохоор нь би өөрийн гар утсаараа түргэн тусламж дуудаад дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. 30-40 км цагийн хурдтай явж байсан байх би хэдэн километр цагийн хурдтай явж байснаа мэдэхгүй байна. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтэй нэмж яриад байх зүйл байхгүй. Болсон үйл явдлыг би дэлгэрэнгүй хэлсэн байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39-40, 54-55-р тал/
7. Хохирогч А.Б-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт. /2-р хх-ийн 51-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн **** сумын **** багийн Урт цагааны гудамжны асфальтан хучилттай авто замаар Ө.С-н эзэмшлийн Тоёота маркийн Кролла аксиа Е160 загварын **** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хуний гарцаар зам гарч явсан хохирогч А.Б мөргөж эрүүл мэндэд нь “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хохирлын хувьд нотлох баримтаар тогтоогдсон хэмжээгээр гаргуулан хохирогчид олгуулах, сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 46 дахин нэмэгдүүлсэн хэмжээний 31 хувиар тооцож, 7 843 000 төгрөг гаргуулах нь зүйтэй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Н.М дүгнэлтдээ “Шүүгдэгч Б-д Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл заалт бол өөрийнх нь үйлдэлд тохирсон. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийн тухайд болбол эм, эмчилгээ, бусад холбогдох зардалд бол 4 704 212 төгрөг, ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс болох 9 406 214 төгрөгийг мөн нөхөр Н.А нь А.Б байсан хугацаанд олох байсан алдагдсан орлого буюу цалин хөлсөө 2023 оны 8 болон 9 сарын хугацааны алдагдал орлогоо гаргуулахаар нийт 14 667 932 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс шүүгдэгч болон иргэний хариуцагчийн нар 5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 10 367 932 төгрөгийг иргэний хариуцагч болон шүүгдэгчээс гаргуулахаар энэ нэхэмжлэлж байгаа. Эм тариа, эмчилгээ, ахуйн бусад зардлууд бүгд баримтаар нотлогдож тогтоогдож байгаа учраас бүрэн гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг арилгуулах талаараа хохирогч өөрийн байр суурийг илэрхийлдэг. Хэрэг учрал болсон цаг хугацаанаас хойш 8 сар болж байна. Энэ 8 сарын хугацаанд хохирогчийн биеийн байдал сайжраагүй, сүүлийн 2 сар биеийн байдал нь дээрдэж өндийж мөлхөж, алхаж байгаа. Энэ 8 сарын хугацаанд хохирогчид их хэмжээний өвдөлт зовуурь шанал үүссэн мөн тус гэмтлээс үүссэн сөрөг үр дагавар, айдас зовуурь зэрэг нь яг ямархуу байр байдалтай байсныг өмнөх өмнөхийн шүүх хуралдаанд дээр тайлбарласан. За мөн эдгээр нөхцөл байдал буюу сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн дүнгээр шүүх нөхөн төлбөр гаргуулахдаа хохирогчид учирсан зовуурь шаналал, өвдөлт, насны байдал, гэмтлийн байдал, хохирогчид учирсан үр дагавар, нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа зэрэг энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж тогтоож өгнө үү. Мөн биеийн байдлаас шалтгаалж цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Тухайн хэргийн талаар болон гэм буруугийн талаар шүүгдэгч Д.Б маргадаггүй тус зүйл заалтаар гэм буруутайд тооцоход өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч түргэн тусламж болон цагдаагийн байгууллага дуудсан. 2023 оны 08 дугаар сард хохирогчийн зүгээс эмчилгээтэй холбоотой баримтуудыг мөрдөгчид гаргаж өгснөөр шүүгдэгч хүү буюу иргэний хариуцагч Ө.С өмнөөс хохирогчид учирсан хохирлыг төлсөн. Шүүгдэгч нь ямар нэгэн тэтгэвэрийн орлогогүй, өндөр настай, халамжийн багахан хэмжээний орлого олдог байгаа. Хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар бол 560 000 төгрөгийн цалинтай байсан нь тогтоогдож байхад одоо 1 сая төгрөгийн цалин авч байгаа гэх тодорхойлолтыг гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслээд ажилгүй байсан хугацааны цалинг тооцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Хохирогчид хүнд гэмтэл учирсаныг хэн ч үгүйсгээгүй, үүнтэй маргаагүй, мэдээж хүнд гэмтэл авсан хүнд өвдөлт зовуурь шаналал үүсэж байгаа ойлгож байгаа. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг бол үгүйсгэхгүй ч тус баримтуудад багтсан эмчилгээнээс өөр зүйлд зарцуулсан зүйлсийн үнийн дүнг хасаж тооцох нь зүйтэй. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг 5 дугаар зэрэглэлээр тооцож гаргуулах санлыг улсын яллагч гаргаж байна. Уг ажиллагааг шүүхийн шатаас шинжээч томилоод дүгнэлт гаргуулсан боловч өнөөдөр уг дүгнэлт гаргаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь өөрөө шинжилгээний тухай хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тиймээс уг сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ял шийтгэлийн хувьд уг гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулахдаа хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Шүүх хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч А.Б-н “Тухайн өдрийн орой 19 цагт ажил тараад Урт цагааны гудамжны урд талын авто замын явган хүний гарцаар явж байхад юу болсон юм бол бүү мэд нэг мэдэхэд хүмүүс намайг тойроод зогсчихсон нэг залуу миний гарны судас бариад бас хүзүүн дээр дарж үзээд таны гар утас хаана байгаа вэ, ар гэрийнхэнтэй чинь холбоо барья” гэж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд, Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 656 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн магадалгаа, сэжигтэн Д.Б “урт цагааны урдах авто замаар явж байтал гарцаар эмэгтэй хүн гараад ирэхээр нь би мөргөөд тормоз гишгээд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад тухайн эмэгтэй дээр очоод яаж байгаа талаар асуусан чинь хэвтээд босохгүй болохоор нь би өөрийн гар утсаараа түргэн тусламж дуудаад дараа нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, хохирогч А.Б-н сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Б нь 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн Урт цагааны гудамжны асфальтан хучилттай авто замаар Ө.С-н эзэмшлийн Тоёота маркийн Кролла аксиа Е160 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хуний гарцаар зам гарч явсан хохирогч А.Б мөргөж эрүүл мэндэд “зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, гарцаар гарч явсан явган зорчигчид зам тавж өгөөгүйн улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй, эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харьцсан, оролцогчийн хуульд заасан эрхийг зөрсөн гэх гомдол, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.Б-ны үйлдлийн улмаас хохирогч А.Б-н эрүүл мэндэд биед зүүн атгаал ясны хүзүү хэсгийн зөрүүтэй бяцарсан хугарал, умдаг яс, суудал ясны хугарал, зүүн гуя, баруун дал, хүзүү, зүүн бугалга, зүүн мөр, зүүн далд цус хуралт, баруун дал, баруун тохойд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан байна. Хохирогч А.Б нь эмчилгээний зардал 4 704 212 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого сарын 1 400 000 төгрөгөөр тооцож, 11 200 000 төгрөг, гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого 557 966 төгрөг, нийт 16 462 178 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн бөгөөд иргэний хариуцлагч Ө.С хохирогчид 4 300 000 төгрөг төлсөн байна.
Шүүх хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг шинжлэн судлаад эмчилгээний зардал 4 704 212 төгрөг, гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого 557 966 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул бүхэлд гаргуулахаар шийдвэрлэж, ажилгүй байсан хугацааны цалин орлого сарын 1 400 000 төгрөгөөр тооцож, 11 200 000 төгрөг нэхэмжилснийг хохирогчийн цалингийн дансны хуулгийг үндэслэн сарын цалин орлогыг 900 000 төгрөгөөр тооцож, 8 сарын 7 200 000 төгрөгөөр тогтоож, өвчтэй байсан хугацаанд авсан тэтгэмжийн орлого болох 2 193 813 төгрөгийг хасч 5 006 187 төгрөгийг хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч А.Б нь хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа, тодорхой хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх, хэвийн амьдрах боломжгүй болсны улмаас түүний сэтгэцэд тавдугаар зэрэглэлд хамаарах хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журам, Улсын дээд шүүхийн тогтоолоор батлагдсан аргачилалын 3.4-д заасныг үндэслэн гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550 000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээний 31 хувиар тооцож, 25 575 000 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “өмчлөгч, эзэмшигч нь тээрвийн хэрэгслээ өөрөө бусдад шилжүүлэн өгсний улмаас учирсан гэмт хорыг хариуцан төлнө” гэж заасан байх тул хохирогч А.Б-н эмчилгээний зардал 4 704 212 төгрөг, гэр бүлийн хүний ажилгүй байсан хугацааны орлого 557 966 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 5 006 187 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 25 575 000 төгрөг нийт 35 846 365 төгрөгөөс иргэний хариуцагч Ө.С-н төлсөн 4 300 000 төгрөгийг хасч үлдэх 31 546 365 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б, иргэний хариуцагч Ө.С нараас тэнцүү хуваан гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-ны ****** дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирол төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Ө.С-н өмчлөлийн Toyota Harrier маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжүүлж, энэ тухай Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Б-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баярсайханаас 15 773 182.50 төгрөг гаргуулан хохирогч А.Б /*** аймгийн **** сумын *** багийн **** тоотод оршин суух, иргэний хариуцагч Ө.С-с 15 773 182 төгрөг гаргуулах хохирогч А.Б -д тус тус олгосугай.
6. Хэрэгт хураан ирүүлсэн Д.Б-ны ****** дугаартай жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Toyota Harrier маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А