| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0012/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-03-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Хохирогч Б.Л, Г.Н, У.С,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э, Б.Б, Б.Д,
Иргэний нэхэмжлэгч Б.Даваачимэг, С.Батдорж
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э,
Иргэний хариуцагч А.М, М.Ц
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П холбогдох эрүүгийн 2325001760403 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.П.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Ц багийн нутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн дөрвөн замын уулзвар дээр А.М-ний эзэмшлийн *** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-н эзэмшлийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, *** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.С-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Л эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10 000 000 төгрөг, А.М-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3 788 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ “Миний машины бензиний шар нь ассан гэхэд А.М миний машинаар явчих гэсэн. Осол гарсан нь миний буруу хохирлыг төлнө. Иргэний нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Одоогоор бэлэн төлөх боломжгүй байгаа тул төлөөгүй байгаа, хохирлыг бүрэн барагдуулна.” гэв.
Хохирогч Г.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 4 сарын 11-12-нд шилжих шөнө болсон үйл явдал. Би тухайн өдөр маргааш ажил явдалд өмсөх хувцас авахаар явж байгаад осолд орсон. Нэг гэрэл ирээд цааш нь санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүс эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Цээжнээс цус гарч байгаа, толгой өвдөж байгаа. Оношийг нь тогтоож чадахгүй байгаа. Баруун нүдний хараа муудаж байгаа. Одоо мөнгөгүй учир эмчилгээ зогссон байгаа. 1 948 000 төгрөг авсан. Одоо 6 771 900 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.
Хохирогч Б.Л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө найз У.С-той хамт Д.П-р гэртээ хүргүүлэх гэж яваад осолд орсон. Болсон явдлыг сайхан санаж байгаа. Хөл гар өвдөж хавагнаад байгаа. Одоо ажил эрхлэх боломжгүй байгаа. Д.П-той болон ээжтэй нь уулзсан хохирол төлөх бодолгүй байсан. Эмчилгээнд 640 520 төгрөг төлсөн. Эмчилгээ хийлгэхэд зорчсон такси үйлчилгээний зардал 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 2 400 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 11 960 000 төгрөг. Нийт 14 860 000 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Хохирогч У.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө осолд орсон. Хагалгаанд ороод ухаангүй байж байгаад сэрсэн. Осолд орохын өмнө тогооч хийдэг байсан. Одоо жил гаруй хугацаанд ажилгүй байна. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Д.П надад 1 713 000 төгрөгийг төлсөн. Сэтгэл санааны хохирол 25 294 500 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлогыг хөдөлмөрийн хөлсны доод хэмжээгээр тооцон 660 000 төгрөгийг 12 сараар үржүүлж, нийт 31 454 500 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Г.Д нь 236 000 төгрөг, Г.Н нь 1 345 550 төгрөг, У.С 2 571 700 төгрөг, Б.Л 168 000 төгрөгөөр нийт 4 321 250 төгрөгийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарч эмчилгээ хийсэн тул тус мөнгийг гэм буруутай этгээдээс гаргуулах саналтай байна.” гэв.
Иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр тогтоогдсон А.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Д.П миний машиныг авч явахдаа зөвшөөрөл аваагүй. Миний машин дахин ашиглах боломжгүй болсон. Намайг иргэний хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.П-с машиныхаа үнийг нэхэмжилнэ” гэв.
Иргэний хариуцагч “Таван богд финанс” ББСБ-н төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Манай байгууллага А.М-тэй гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохоос өмчлөх эрхийг бүрэн авч байгаа асуудал биш юм. Мөн гэрээнд гэм хорыг хохирлыг А.М хариуцахаар заасан байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйл зааснаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч нь байгаа. Тээврийн хэрэгслийг А.М Д.П өгсөн эс өгснөөс үл хамаарч манай байгууллага хариуцах үндэслэлгүй байна” гэв.
Хохирогч Г.Д нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, гадаад улсад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааны тов хүрээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Н нь шүүх хуралдааны тов хүрсэн боловч хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилт хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /1-р хх-ийн 8-14-р хуудас/
2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1-р хх-ийн 16-17-р хуудас /
3. Хохирогч Г.Д-н“2023 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн орчим приус 20 маркийн **** улсын дугаартай жижиг суудлын тээврийн хэрэгслээр хамаатны Н, түүний найз Н түүний нөхөр С.Б нарын хамт О аймгийн Б сумын З багаас И багийн *** тоот руу буяны ажлаар явж байсан. Тэр үед би машин дотор арын суудал дээр хамаатны эгч Н-ын хамт сууж явсан. Урд талд жолоочийн хамт эхнэр болох Н хоёр явсан. Ард би гар утсаа оролдож байтал гэнэт намайг Б.Н эгч тэврээд авсан ам руу утаа ороод гар хөл минь хөдөлж болохгүй болчихсон. Гэнэт болсон болохоор шоконд орчихсон яахаа мэдэхгүй байсан. Дараа нь эмнэлэг орж үзүүлж харуулсан. Гар, хөл, цээжний зургууд авхуулаад өвчин намдаах тариа хийлгээд гараа гипстүүлээд өглөө нь гэртээ харьсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 21-р тал/
4. Хохирогч Г.Н-гийн “2023 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 01 цагийн орчим приус 20 маркийн *** улсын дугаартай жижиг суудлын тээврийн хэрэгслээр ажлын газрын Б найз Д, Н нарын хамт буяны ажлаар Их залуу баг руу явж байх үед сүмийн уулзвар дээр нэг машинтай мөргөлдсөн. Ямар машин гэдэг нь тодорхойгүй гэнэт хурц гэрэл орж ирээд хаана юу болж байгаа нь тодорхойгүй байсан. Би урд талын суудалд сууж явсан, Д, Н хоёр ард сууж явсан. Б машин барьж явсан. Би тухайн урд суудлын бүсээ зүүсэн байсан. Тэгсэн миний хоолой боогдоод амьсгал авч чадахгүй машинаас яаж бууснаа санахгүй байна. Түргэн тусламж, цагдаа хүмүүс дуудсан байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 29-р тал/
5. Хохирогч У.С-н “2023 оны 04 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим унтах гээд хэвтэж байтал манай найз Л над руу чат бичсэн. Тэгсэн Л-ны төрсөн өдөр 3 сард болоод төрсөн өдрийн бэлэг нь надад манайд байсан. Тэгээд тэрийгээ авах гэж манайд ирж байна гэсэн чат бичсэн. Би ирчихлээ гэхээр нь гэрээсээ бэлгийг нь аваад гараад очсон. Б-н хамт ирчихсэн байсан. Би бэлгийн өгөх гээд арын хаалгыг нь татаад суусан. Бэлгийн өгчхөөд байж байтал Б танайд хэн байгаа гэж асуусан. Л өнөөдөр аймар уур хүрээд байна пиво уумаар санагдаад байх юм гэхээр нь би пиво уухгүй маргааш өглөө нь ажилтай гэрт хүүхдүүд байгаа гэхэд хажуунаас Б би найздаа дэлгүүр гарлаа гэж хэлээд гараад ирсэн манай найз дээр очъё гэсэн. Тэгэхээр нь би гэрт хүүхдүүд байгаа би гэрийн тавчиктай байна гэхэд би найздаа юм хүргэж өгчихөөд буцаагаад хүргээд өгье гэсэн. Тэгж хэлсэн болохоор дагаад би за за хурдал гээд дагаад явсан. Хорооллын Энжой гэх буудалд очсон, орсон чинь орон дээр найз нь унтаад босож ирж байсан. Нэг нь зөрөөд гарч байсан. Хүн тосож ирнэ гэж байсан. Сууж байтал хотоос ирсэн гээд хоёр охин дагуулж орж ирсэн. Тэгсэн тэд пиво уугаад би уухгүй харимаар байна хүүхдүүд гэрт байгаа гээд уугаагүй. Оройтчихлоо чи хүргэж өгнө гэсэн биздээ гэж би Б-дхэлсэн. Б найздаа энэ хоёрыг хүргээд өгчих гээд хоёр охин тосож ирсэн гэх залууд хэлсэн. Архи уугаагүй байсан болохоор бид хоёрыг хүргэж өгөх гээд гарсан, гарч явж байгаад замдаа машинтай мөргөлдөөд осолд орчихсон. Осолд орсон газар маань Өргөө кино театрын урд талын замаар доошоо уруудаж яваад сүмийн дөрвөн замын уулзвар дээр цагаан өнгийн машинтай мөргөлдсөн. Осолд орсны дараа би ухаан ороогүй эмнэлэгт очоод 9 хоногийн дараа ухаан орсон байсан. Эмнэлэгт хүргэгдсэн оройноо амь насны заалттай хагалгаанд орсон байсан. Дотуураа цус алдалтай. зүүн талаараа битүү гэмтэлтэй байсан, эмнэлэгт ухаан орсны дараа 144 хоногийн дараа гарсан. Би гомдолтой байна нэхэмжлэлд дурдсан дагуу нийт 26 476 529 төгрөгийг нэхэмжилж байна. Яаралтай Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж бөөр, толгойны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа боловч мөнгөгүй болохоор явж чадахгүй байна, үүнийг яаралтай шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 33-34-р, 36-р тал/
6. Хохирогч Б.Л-ны “Авч очсон пиво тавуулаа хувааж ууж дуусгаад найз Солонгоогийн хамт хүргүүлэхээр тэндээс Б-н найз болох Д.П-р хүргүүлэх гээд өргөө кино театрын урдуур доош уруудаад явж байх үед би жолоочид хандаж, хурдаа хас арай хурдан яваад байгаа юм биш үү гэчихээд арагшаа харж найзтайгаа юм ярьж байгаад гэнэт урагшаа харахад цагаан өнгийн машин харагдаад хажуунаас бас нэг өөр цагаан өнгийн машин ороод ир сэн. Тэгээд мөргөлдөөд осолд орчихсон. Зүүн талын нүүр хэсэг цустай холилдчихсон байсан. Би арагшаа хараад найз охин С-д хандаж намайг гаргаач гэхэд урдаас дуу муутай айн гэх шиг болоод ахиж дугараагүй. Нэг харсан жолооч маань байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Миний сууж явсан талын машины хаалга онгойлгох боломжгүй байсан. Би гармаар санагдаад сигнаал дугарахад машины урд байсан хүмүүс над руу ирээд намайг харснаа суудлаас нь хөдөлгөж болохгүй байх гэж ярвж байснаа яваад өгсөн. Би өөрөө суудлын бүсээ аваад жолоочийн суудлыг дамнаад машиаас гараад газар унасан. Миний хөл хөдлөхгүй байсан. Тэнд онцгой байдал түргэн тусламж ирсэн байсан. Би хөдөлж чадахгүй юм ярьж чадахгүй мөртлөө болсон үйл явдлыг маш сайн мэдэж байсан. Асуусан асуултад үнэхээр хариулж чадахгүй байсан, тэгээд намайг түргэн аваад явсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би ганцаараа Дэнж багийн Сөхийн *** тоот хаягтай өөрийн байрандаа 2023 оны цагаан сарын баярын дараагаас тогтмол ямар нэгэн хаяг шошго нэр байхгүйгээр килограммаар нь махан болон гэдсэн бууз хийж өдөрт 5 кг буюу 30.000 төгрөгөөр худалдаж сардаа дунджаар 1,000,000 төгрөгийн орлоготой байсан бөгөөд ашиг нь 300,000 төгрөг байсан. Тэгээд зам тээврийн ослоос болж уг ажлаа огт хийж чадахгүй болсон болохоор 5 сарын буузны ашиг болох 1 500.000 төгрөг дээр нэмээд эмчилгээний зардлыг баримтын дагуу нэхэмхлэх болно. Бууз хийж байхдаа ямар нэгэн татвар төлөөгүй, дөнгөж хийж эхэлж байсан юм. Дансаар нотлох гэхээр хүмүүс ихэвчлэн бэлнээр төлбөрөө өгчихдөг байсан. Бууз хийж байсныг минь хадам ээж М, бууз хүргэлтээр ажиллах байсан Т гээд хүмүүс нотолно” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 40-41, 43-р тал/
7. Иргэний нэхэмжлэгч Б.Н-н“2023 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Н түүний нөхөр Б, манай хамаатны дүү Д нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн *** тоотоос талийгаач ахынхаа гэрээс гараад манай гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн *** тоот руу явж байхад гэнэт сүмийн гэрлэн дохиогоор гарах гэтэл Өргөө кино театрын талаас буюу туслах замаас хар өнгийн хижиг суудлын машин нүд ирмэх төдий орж ирээд мөргөлдсөн. Ард би дүүгийн хамт явсан болохоор дүүгээ тэврээд авсан. Урд манай найз нөхрийн хамт явсан тэгээд түргэн тусламж цагдаа дуудсан. Миний зүгээс нэхэмжлэх ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 50-р тал/
8. Иргэний нэхэмжлэгч С.Б-н“Би өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон урд суудал дээр Н, баруун хойд талын суудал дээр Н, зүүн хойд талын суудал дээр Д нарын хамтаар 2023 оны 04 дүгээр 11-аас 12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд барилгачдын талбай орчихоод хорооллын эцэс рүү ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгийн чиглэлд төв замын 2 дугаар эгнээгээр хурдаа тохируулан Орхон аймгийн Баян-Өндөр сум, 6 микро болон 5 микро хоёрын дунд байрлах дөрвөн замын уулзвар дээр яг явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгийг чиглэн явж байсан **** улсын дугаартай Хонда инсайт маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн баруун талаас орж ирэн машины хамар хэсгийг хүчтэй мөргөж машинд хохирол учруулсан тул өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах гэхээсээ илүү эвдэрсэн машиныг буруутай этгээдэд өгч машиныг бүтэн үнэлгээг нэхэмжилж байна. Уг машин ирж байхыг би анзаарч хараагүй, гэнэт л хажуу талаас ороод ирсэн, би төв зам болохоор анзааралгүй явж байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 56-57-р тал/
9. Иргэний нэхэмжлэгч болон хариуцагчаар тогтоогдсон А.М-н“Удалгүй 5 байна уу 10 минутын дараа П над руу утсаар залгаад хүнд зам тээврийн осол гаргачихлаа 5 болон 6 микрийн дөрвөн замын уулзвар дээр хүрээд ир гэж хэлэхээр нь Б хамт явж очиход Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай миний машин дотор хамт явсан С-ыг онцгой байдлын алба хаагч нар гаргаад байж байсан харин Л-ыг эмнэлгийн түргэн тусламж аваад явсан гэж байсан” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 67- 68, 73-74-р тал /
10. Иргэний нэхэмжлэгч Б.Д-н “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардалд Г.Д нь 236 000, Г Н нь 1,345,550, У.С нь 2,571,700, Б.Л нь 168,000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ тус тус авсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 83-р тал/
11. Гэрч Б.Б “М, У.С, Б.Л бид дөрөв Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах Энжой зочид буудлын өрөөнд байж байхад гаднаас П 2 эмэгтэй найзынхаа хамт орж ирээд хэсэг хамт сууж байхад би П-д хандаж У.С, Б.Л нарыг хүргээд өгчих гэсэн чинь за гэхдээ миний машины бензиний шар гэрэл ассан байгаа гэж хэлж байхад У.С, Б.Л нар нь түрүүлээд гараад явчихсан чинь яг энэ үед М хүнтэй утсаар ярьж байсан чинь П ширээн дээр байсан М-ний машины түлхүүрийг аваад гарсан. Машины түлхүүр авах үед М нь машины түлхүүр өгөхгүй, өөрийнхөө машинтайгаа яв гэж ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хориглоогүй. Хориглоогүй болохоор л П түүний машиных нь түлхүүрийг аваад явсан гэж бодож байна” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 89-р тал/
12. Гэрч Б.Б-н “Тухайн өдөр А.М над руу утсаар залгаж Энжой зочид буудалд хүрээд ирээч уулзъя гэж хэлэхэд нь Ц бид хоёр хамт байж байсан бөгөөд 00 цагийн орчимд Д.П өөрийнхөө машинтай Ц бид хоёрыг хорооллын Шанд багт байрлах “Мөөжиг” дэлгүүрийн гадна талаас ирж аван Булаг багт байрлах "Энжой" зочид буудлын өрөөнд ороход танихгүй 2 эмэгтэй 1 эрэгтэй болон А.М нар нь тус тус байж байсан. Тэгээд бид нар хамтдаа хориод минут сууж байж байсан чинь танихгүй 2 эмэгтэй явъя гэсэн чинь Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа машин бариад хүргээд өгье гэсэн чинь А.М хажуу талаас нь эрүүл байгаагаараа Д.П-г хүргээд өгчих гэхэд Д.П “үгүй" гэж хэлсэн чинь А.М зандрангуйгаар хүргээд өгчихөөч гэж хэлсэн чинь за за, найз нь хүргээд өгчье, согтуу хүнээр машин бариулаад яах юм бэ, гэхдээ миний машины шар ассан байгаа гэсэн чинь А.М нь миний машинтай явчих гээд өөрийнхөө машиныхаа түлхүүрийг Д.П өгөхөд 2 эмэгтэй түрүүлээд гарсан байсан араас нь Д.П гарсан. Тэгээд бид нар үлдээд удаагүй байж байтал Д.П М билүү нөгөө хамт байсан залуугийн аль нэгэн рүү утсаар залгаад зам тээврийн осолд орсон гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг. /1-р хх- ийн 76-р тал/
13. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаартай шинжээчийн “Д.П -ийн биеэс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 112-113-р тал /
14. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 323 дугаартай “У.С-н биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язарсан урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн, дэлүүг авах хагалгааны дараах байдал, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн гарын шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язарсан урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн, дэлүүг авах хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн хажуу шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйханд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацар, нуруунд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 126-128-р тал /
15. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай “Г.Д-н биед зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, зүүн, баруун хөлийн шилбэ, шагайн үений эргэн тойронд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн, баруун хөлийн шилбэ, шагайн үений эргэн тойронд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 136-137-р тал/
16. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн “Г.Н-гийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү ясны их биеийн хугарал, баруун талын 3, 4, 5, 6-р хавиргуудын хугарлын улмаас цээжний хөндий дэх хий хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулж хуралдсан хийг авах хагалгааны дараах байдал, цээжний урд хэсэг баруун тал, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү ясны их биеийн хугарал, баруун талын 3, 4, 5, 6-р хавиргануудын хугарлын улмаас цээжний хөндий дэх хий хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулж хуралдсан хийг авах хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний урд хэсэг, баруун тал, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бүгд шинэ гэмтлүүд байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-148-р тал/
17. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн “Г.Н-гийн биед нэмэлтээр баруун нүдэнд гэмтлийн улмаас шанаа талын захын харааны талбайн алдагдал, зүүн нүдний эрт үеийн шанаа талын захын харааны талбайн алдагдал оношлогдсон байна. Энэ эмгэг нь харааны мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой үүсдэг тул харааны мэдрэлийн рефлекс шалгах шинжилгээ хийлгэх шаардлагатай ба одоогоор гэмтлийн шалтгаантай үүсгэгдсэн эмгэг гэж үзэх боломжгүй байна” гэх дүгнэлт. /1-р хх- ийн 153-154-р тал/
18. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 332 дугаартай “Б.Н-н биед баруун өвдөг, шилбэ, шагайн үений дотор тал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цус хуралтууд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун өвдөг, шилбэ шагайн үений дотор тал, зүүн шилбэнд цус хуралт нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 168-169-р тал/
19. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаартай “Б.Л биед баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, хацарт шарх, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Хоёр хөлийн шилбэнд зөөлөн няцрал, цус хуралт, зүүн хацарт шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бүгд шинэ гэмтлүүд байна. Хамрын ясны хугарал оношлогдсон ба энэ нь хуучин гэмтэл байхаар байна” гэх шинжээчийн дүгнэлт. /1-р хх-ийн 177-179-р тал/
20. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/24 дугаартай “Жолооч С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Д.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Д.П нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9. заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Жолооч С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.6 заалтыг зөрчсөн нь ослоос учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлнэ” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 238-239-р тал/
21. “Ашид билгүүн” ХХК-ий хохирлын үнэлгээ хийсэн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай дүгнэлтээр “Япон улсад 2008 онд үйлдвэрлэгдсэн, 2020 оны 01-р сард МУ-д орж ирсэн, Тоуота Приус-20 /бензин, автомат/ маркийн автомашин нь 2023 оны 03 дугаар сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 10,500,000 /арван сая таван зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт. /1-р хх-ийн 250-р тал/
22. “Ашид билгүүн” ХХК-ий хохирлын үнэлгээ хийсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 834 дугаартай “*** улсын дугаартай Хонда инсайт загварын тээврийн хэрэгсэлд 17 төрлийн эд анги эвдэрсэн нийт 3,788,000 төгрөг, шууд бус зардлын дүн 850 000 төгрөг, нийт зардал 4,638,000 төгрөг” гэх дүгнэлт. /2-р хх-ийн 07-10-р тал/
23. Яллагдагч Д.П-ийн “Тухайн өдөр би аавын эзэмшлийн *** улсын дугаартай санота-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад М утсаар залгаад миний машиныг хараагүй биз, Б аваад явсан алга болчихлоо гэхээр нь Энжой зочид буудлын гадна талд харагдсан гэсэн чинь намайг ирээд авчих машинаа очиж авах гэсэн юм гээд 17 цагийн орчим М-г гэрээс нь очиж аваад бид хоёр Энжой зочид буудалд очиж Б-тэй уулзахад найз охиноо хүргэж өгнө машингүй яах юм гэсэн чинь М за за гээд зөвшөөрөөд машинаа үлдээж надтай хамт гарч би гэртээ харьлаа гарахгүй шүү гэсэн чинь намайг гудамжинд үлдээх гээд байгаа юм уу гэхээр нь би за тэгвэл надтай хамт явж байгаад эргээд Энжой зочид буудалдаа хүргүүлэх үү гэхэд тэгье гээд хамт явж байгаад 19 цагийн орчим Мбид хоёр Энжой зочид буудал орж 22 цаг хүртэл хамтдаа сууж байсан чинь Б нэг эгчтэй уулзчихаад ирье гэж хэлээд М-ний машинийг аваад гарсан. Тэгээд удалгүй байж байснаа Мрүү залгаж П-ийг явуулаарай хоёулахнаа байгаа гээд хамт явж байгаа хүмүүст хэлчихлээ гэхэд нь би Б-г хоёр эмэгтэй хүний хамт ирэхээр нь зөрж гараад Улаанбаатар хотоос ирж байсан хоёр эмэгтэй найзаа тосож авах гээд гарсан. Б орж ирэхдээ хоёр том савалгаатай пиво барьчихсан байсан. Би зочид буудлаас гарахдаа Б, Ц гэдэг 2 эмэгтэйг тосож авах талаар М-д хэлэхэд М өмнө нь Б-тай харьцаж байсан болохоор уулзмаар байна аваад ирээч гэж хэлсэн. Тэгээд би Б, Ц хоёрыг 17-р сургууль орчимоос очиж аваад эргээд Энжой зочид буудалд ирэхэд үлдсэн хүмүүс пиво уугаад байж байсан. Гэтэл Б авч ирсэн хоёр эмэгтэйгээ хүргэж өгөх гэж байснаа өөрөө уучихсан байсан болохоор хүргэж өгөхөө больчихсон чинь М хажуу талаас энэ хоёр эмэгтэйг чи хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгмөөргүй санагдсан болохоор нь гүрийж сууж байгаад зөвшөөрөөд миний машины бензиний шар гэрэл ассан байгаа гэсэн чинь М өөрийнхөө машины түлхүүрийг надад өгч миний машинтай яваад хүргээд өгчих гэж хэлсэн. Уг үйлдлийг У.С, Б.Л хоёроос бусад нь харсан. Тэгээд би М-н Хонда инсайт маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоход зүүн урд талын суудал дээр Б.Л, зүүн хойд талын суудал дээр У.С тус тус сууж байсан. Тэгээд би тээврийн хэрэгслээр Өргөө кино театрын зүүн талын замаар хойд зүгээс урд зүгийг чиглэн сүмийн 4 замын уулзвараар чигээрээ уулзвар луу нэвтрэх үйлдэл хийж байхад зүүн талаас Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэн мөргөлдсөн. Би ууозвар луу нэвтрэхдээ төв замаар тээврийн хэрэгсэл явж байгаа эсэхийг харан уулзвар луу нэвтэрсэн боловч гэнэт гарч ирээд мөргөлдсөн” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 72-73-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Ц багийн нутаг дэвсгэрт байрлах Есүсийн сүмийн дөрвөн замын уулзвар дээр А.М-ний эзэмшлийн *** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-н эзэмшлийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Д-д хүндэвтэр, Г.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол *** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.С-н эрүүл мэндэд хүнд, Б.Л-ы эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Б-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10 000 000 төгрөг, А.М-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3 788 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгчээс гэм хорын хохирлыг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах нь зүйтэй. Сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэсэлэлгүй байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Хохирогчийн хавирга хугарч, уушиг цоорсон. Үүнээс үүдэн нойргүйдэх, толгой өвдөх, хараа муудах хор уршиг одоог хүртэл үргэлжилж байгаа. Өмнө нь ямар нэгэн өвчин зовиур байгаагүй. Эмчилгээнд 2 679 000 төгрөг, буудалд 1 365 000 төгрөг, шатхууны зардалд 2 557 041 төгрөг зарцуулсан байгаа. Эдгээр мөнгөний баримтууд бүгд нотлох баримттай байгаа. Иймд Иргэний хуульд заасны дагуу гэм буруутай этгээдүүдээс гаргуулах үндэслэлтэй байна. Сэтгэл санааны хохирлыг жич нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Хохирогч У.С ажилгүй байсан хугацааны 2023 онд сарын 550 000 төгрөг, 2024 онд 660 000 төгрөгөөр тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй. Сэтгэл санааны хохирол гаргуулах заалт Иргэний хуульд урьд нь байсан учир сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулах үндэслэлтэй. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг шүүх тодорхойлох ёстой. А.М-ний асуудал, “Таван богд финанс” ББСБ-н асуудал яригдаж байгаа тул авто машины эзэмшигч А.М-ээс гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Б дүгнэлтдээ “Миинй үйлчлүүлэгч бууз хийж зардаг байсан орлого нь нотлогдож байгаа. Сард 1 сая төгрөг олдогоос цэвэр ашиг 300 000 төгрөг байдаг байсан. Осолд орсноос хойш 8 сарын ашиг болох 2 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг үндэслэл журмын дагуу гаргаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 11 960 000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ “Д.П-оос хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү, А.М-г иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “С.Б анхнаасаа авто машиныг засаж болгох боломжгүй гэж үзэж бүтнээр нь үнэлүүлсэн байгаа. Энэ үнэлгээг прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон боловч одоо өөр үнэлгээг үндэслэж яриад байна. Уг үнэлгээтэй С.Б танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй. Иймд энэ үнэлгээгээр шийдвэрлэх боломжгүй юм. Хуулийн дагуу гарсан үнэлгээний дагуу хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “ Гэм буруу, хуулийн зүйл заалтын талаар мэтгэлцэхгүй харин зарим хохирогчийн талаар санал дүгнэлт хэлье. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тээврийн хэрэгсэл жолоодох үндэслэл болсон. Гэхдээ жолооч анхаарал болгоомжтой явах ёстой. А.М, Д.П нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн учир гэрчүүдийн мэдүүлгийг нотлох ёстой. Н.Б-н мэдүүлэг бусад мэдүүлгээр нотлогдож байгаа. 2 хохирогчид хүнд, 2 хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан. У.С, Г.Н нарын эмчилгээний зардал төлөгдсөн гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирол гаргах боломжгүй. Ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нэхэмжлэх эрхтэй боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлээгүй. Хөдөлмөр эрхлэх боломжгүй 2-5 сарын хугацааны орлогыг нэхэмжилж болно. Гэтэл баримт байхгүй байна. Иймд хэлэлцэлгүй орхих нь зүйтэй. Г.Н-д эмчилгээний зардалд яламжтай анхаарах ёстой. Харааны хувьд гэмтлээс хамааралгүй гэж шинжээч үзсэн. Толгойд гэмтэл учраагүй иймд гаргах үндэслэлгүй. Шатахууны зардлын хувьд яг өөрөө хэрэглэсэн эсэх ямар тээврийн хэрэгслээр явсан эсэх нь тодорхойгүй зарим баримт эргэлзээтэй, баруун хараагаас нэг өдөр хоёр удаа шатхуун авсан байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эсвэл хэлэлцэлгүй орхих нь зүйтэй. Б.Л-ы хувьд хөлний яс хугарсан одоог хүртэл нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Одоо эмчлүүлж байгаа гэх баримт байхгүй. 3 сараас дээш хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгодог. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нар хариуцлагаас чөлөөгдөгдөхгүй. А.М хариуцах үндэслэлтэй. “Таван богд финанс” ББСБ ч мөн тодорхой хэмжээгээр төлөх үндэслэл байгаа.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын хэмжилт хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.Д-н“Б.Н эгч тэврээд авсан ам руу утаа ороод гар хөл минь хөдөлж болохгүй болчихсон” гэх мэдүүлэг, хохирогч Г.Н-гийн “Ямар машин гэдэг нь тодорхойгүй гэнэт хурц гэрэл орж ирээд хаана юу болж байгаа нь тодорхойгүй байсан. Тэгсэн миний хоолой боогдоод амьсгал авч чадахгүй машинаас яаж бууснаа санахгүй байна. Түргэн тусламж, цагдаа хүмүүс дуудсан байсан” гэх мэдүүлэг, хохирогч У.С-н “Өргөө кино театрын урд талын замаар доошоо уруудаж яваад сүмийн дөрвөн замын уулзвар дээр цагаан өнгийн машинтай мөргөлдсөн. Осолд орсны дараа би ухаан ороогүй эмнэлэгт очоод 9 хоногийн дараа ухаан орсон байсан” гэх мэдүүлэг, хохирогч Б.Л-ы “цагаан өнгийн машин харагдаад хажуунаас бас нэг өөр цагаан өнгийн машин ороод ир сэн. Тэгээд мөргөлдөөд осолд орчихсон. Зүүн талын нүүр хэсэг цустай холилдчихсон байсан. Би арагшаа хараад найз охин Солонгоод хандаж намайг гаргаач гэхэд урдаас дуу муутай айн гэх шиг болоод ахиж дугараагүй. Нэг харсан жолооч маань байхгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Миний сууж явсан талын машины хаалга онгойлгох боломжгүй байсан. Би гармаар санагдаад сигнаал дугарахад машины урд байсан хүмүүс над руу ирээд намайг харснаа суудлаас нь хөдөлгөж болохгүй байх гэж ярвж байснаа яваад өгсөн. Би өөрөө суудлын бүсээ аваад жолоочийн суудлыг дамнаад машиаас гараад газар унасан. Миний хөл хөдлөхгүй байсан. Тэнд онцгой байдал түргэн тусламж ирсэн байсан. Би хөдөлж чадахгүй юм ярьж чадахгүй мөртлөө болсон үйл явдлыг маш сайн мэдэж байсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Н-н“сүмийн гэрлэн дохиогоор гарах гэтэл Өргөө кино театрын талаас буюу туслах замаас хар өнгийн хижиг суудлын машин нүд ирмэх төдий орж ирээд мөргөлдсөн.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Б-н“Орхон аймгийн Баян-Өндөр сум, 6 микро болон 5 микро хоёрын дунд байрлах дөрвөн замын уулзвар дээр яг явж байхад ертөнцийн зүгээр хойд зүгээс урд зүгийг чиглэн явж байсан *** улсын дугаартай Хонда инсайт маркийн тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн баруун талаас орж ирэн машины хамар хэсгийг хүчтэй мөргөж машинд хохирол учруулсан уг машин ирж байхыг би анзаарч хараагүй, гэнэт л хажуу талаас ороод ирсэн, би төв зам болохоор анзааралгүй явж байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч болон хариуцагчаар тогтоогдсон А.М-н“Удалгүй 5 байна уу 10 минутын дараа П над руу утсаар залгаад хүнд зам тээврийн осол гаргачихлаа 5 болон 6 микрийн дөрвөн замын уулзвар дээр хүрээд ир гэж хэлэхээр нь Б-ний хамт явж очиход Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай миний машин дотор хамт явсан С-ыг онцгой байдлын алба хаагч нар гаргаад байж байсан харин Л-ыг эмнэлгийн түргэн тусламж аваад явсан гэж байсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Д-н “эрүүл мэндийн даатгалын сангаас шилжүүлсэн тусламж үйлчилгээний зардалд Г.Днь 236 000, Г Н нь 1,345,550, У.С нь 2,571,700, Б.Л нь 168,000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ тус тус авсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь ****** дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, гэрч Б-ний “Машины түлхүүр авах үед М нь машины түлхүүр өгөхгүй, өөрийнхөө машинтайгаа яв гэж ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд хориглоогүй. Хориглоогүй болохоор л П түүний машиных нь түлхүүрийг аваад явсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “А.М хажуу талаас нь эрүүл байгаагаараа Д.П-гхүргээд өгчих гэхэд Д.П“үгүй" гэж хэлсэн чинь А.М зандрангуйгаар хүргээд өгчихөөч гэж хэлсэн чинь за за, найз нь хүргээд өгчье, согтуу хүнээр машин бариулаад яах юм бэ, гэхдээ миний машины шар ассан байгаа гэсэн чинь А.М нь миний машинтай явчих гээд өөрийнхөө машиныхаа түлхүүрийг Д.П өгөхөд 2 эмэгтэй түрүүлээд гарсан байсан араас нь Д.П гарсан.” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 323 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 341 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 332 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дугаартай дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн шинжээч нарын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05/24 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ хийсэн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээ хийсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 834 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.П-ийн “сүмийн 4 замын уулзвараар чигээрээ уулзвар луу нэвтрэх үйлдэл хийж байхад зүүн талаас Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэн мөргөлдсөн. Би уулзвар луу нэвтрэхдээ төв замаар тээврийн хэрэгсэл явж байгаа эсэхийг харан уулзвар луу нэвтэрсэн боловч гэнэт гарч ирээд мөргөлдсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.П нь 2023 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө О аймгийн Б сумын Ц багийннутаг дэвсгэрт байрлах Христийн сүмийн урд дөрвөн замын уулзвар дээр А.М-ний эзэмшлийн *** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж гол замаар зорчиж явсан С.Б-н эзэмшлийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Г.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.Н-гийн эрүүл мэндэд хүнд хохирол, **** улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч У.С-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Л-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, С.Б-нэзэмшлийн тээврийн хэрэгсэлд 10 000 000 төгрөгийн хохирол, А.М-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3 788 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.П нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас осол гаргаж 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй, эрүүдэн шүүсэн, хүнлэг бус харьцсан, оролцогчийн хуульд заасан эрхийг зөрсөн гэх гомдол, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.П-ийн үйлдлийн улмаас хохирогч У.С-н эрүүл мэндэд хэвлийн хөндийн битүү гэмтэл, дэлүүний язарсан урагдал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, хэвлийн хөндийг нээж цэвэрлэн, дэлүүг авах хагалгааны дараах байдал, хэвлийн зүүн хажуу хэсэг, зүүн гарын шуу, зүүн хөлийн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн эмчилгээний зардалд 1 713 000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч сэтгэл санааны хохирол 25 294 500 төгрөг, ажилгүй байсан хугацааны орлогыг хөдөлмөрийн хөлсны доод хэмжээгээр тооцон, нийт 31 454 500 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийн баримтыг хянаж үзээд сэтгэл санааны хохиролын баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж хэлэлцэлгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон гаргуулах үндэслэлтэй гэж үзэж 6 160 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч У.С-д олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Н-гийн эрүүл мэндэд цээжний хөндийн битүү гэмтэл, өвчүү ясны их биеийн хугарал, баруун талын 3, 4, 5, 6-р хавиргуудын хугарлын улмаас цээжний хөндий дэх хий хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулж хуралдсан хийг авах хагалгааны дараах байдал, цээжний урд хэсэг баруун тал, хоёр өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардал 6 771 920 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 948 000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Хохирогч нь шүүгдэгчийн төлсөн эмчилгээний зардлыг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцооогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 6 771 920 төгрөг гаргуулан хохирогч Г.Н-д олгуулах нь зүйтэй.
Хохирогч Б.Л-ы эрүүл мэндэд баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, хацарт шарх, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд эмчилгээ хийлгэхэд зорчсон такси үйлчилгээний зардал 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 2 400 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 11 960 000 төгрөг. Нийт 14 860 000 төгрөг нэхэмжилжээ. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээн зардалд 640 520 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн баримтуудыг хянаж үзээд такси үйлчилгээний зардал 500 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин орлого 2 400 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаруулан хохирогч Б.Л-д олгуулахаар шийдвэрлэв. Сэтгэл санааны хохиролын баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хуулийн 511 дугаар зүйлийн 511.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байх тул хэлэлцэлгүй орхив.
Хохирогч Г.Д-н эрүүл мэндэд зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, зүүн, баруун хөлийн шилбэ, шагайн үений эргэн тойронд цус хуралт бүхий хүндэвртэр гэмтэл, хохирогч Б.Л-ы биед баруун хөлийн шагайн үений гадна хавчаар ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн, хацарт шарх, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй, гадаад улсад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааны тов хүрээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хэлэлцэлгүй орхив.
Иргэний нэхэмжлэгч Б.Н-н эрүүл мэндэд баруун өвдөг, шилбэ, шагайн үений дотор тал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Иргэний нэхэмжлэгч С.Б нь тээврийн хэрэгслээ засах боломжгүй гэж үзэж 9 123 000 төгрөг тооцон, шүүгдэгчийн төлсөн 3 сая төгрөгийг хасч 6 123 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хэргийн материалыг хянаж үзвэл шинжээчийн дүгнэлтээр С.Б-н тээврийн хэрэгслийг засварлах боломжтой гэж дүгнэж, засварын зардлыг 6 688 000 төгрөгөөр тогтоосон байна. Иймд шүүгдэгчийн төлсөн 3 сая төгрөгийг хасч 3 688 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан С.Б-д олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоогдсон А.М нь өөрийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд А.М нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Д.П өгч явуулахыг зөвшөөрөөгүй гэж мэдүүлж байгаа боловч гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр А.М нь хэрэг учрал болсон өдөр өөрийн тээврийн хэрэгслийг гэрч Б.Б-д өгч явуулсан, мөн Д.П өгч явуулахад хориглоогүй, зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлэн өгсөн бол учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учирсан хохирол хор уршигийн нөхцөл байдлыг харгалзан иргэний хариуцагч А.М нь өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг хариуцах, гэм хорын нэхэмжлэлийн бусад хэсгийг шүүгдэгч Д.П хариуцан төлөх нь зүйтэй гэж үзлээ. Иймд А.М-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Д нь “Эрүүл мэндийн даатгалын сангаас Г.Д нь 236 000, Г Н нь 1 345 550, У.С нь 2 571 700, Б.Л нь 168 000 төгрөгийн эмнэлгийн үйлчилгээ тус тус авсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж өгнө үү” гэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дүгээр зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д.П-оос 4 321 250 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүх хуралдааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдний өмгөөлөгч нараас “шүүгдэгч Д.П-ийн жолоодож яваад осол гаргасан тээврийн хэрэгсэл нь “Таван богд финанс” ББСБ-ийн өмчлөлд байсан учир тус байгууллагыг иргэний хариуцагчаар татуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авч иргэний хариуцагчаар татсан байна. Шүүх хэргийн материалыг хянаж үзвэл А.М нь *** улсын дугаартай Хонда инсайт загварын тээврийн хэрэгслийг худалдан авахдаа “Таван богд финанс” ББСБ-аас зээл авсан болох нь гэрээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд уг гэрээнд талуудын эрх үүргийг тодорхой тусгасан байна. Тээврийн хэрэгслийг зээлийн барьцаа хэлбэрээр “Таван богд финанс” ББСБ-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд жинхэнэ өмчлөгч эзэмшигч нь А.М болох нь тогтоогдож байна. “Таван богд финанс” ББСБ нь гэм хорын хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй байх тул тус байгууллагыг иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Д цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Л, У.С нар сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.П-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол, биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-оос 23 841 170 төгрөг гаргуулан хохирогч Г.Н /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод оршин суух 6 771 920 төгрөгийг, хохирогч У.С /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн *** тоотод оршин суух/-д 6 160 000 төгрөгийг, хохирогч Б.Л /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн /-д 2 900 000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Б/Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн /-д 3 688 000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 4 321 250 төгрөгийг тус тус олгож, иргэний хариуцагч А.М-нийнэхэмжлэлийг бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч С.Б-ннэхэмжлэлийн шаардлагаас 2 435 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, “Таван богд финанс” ББСБ-ыг иргэний хариуцагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Д цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Б.Л, У.С нар сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А