Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 168

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ж.Элбэгсайханд холбогдох 201605000345 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 сарын 08-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ВН87101019 тоот регистрийн дугаартай, Жаагийнхан овогт Жамбалбаасангийн Элбэгсайхан,  

Холбогдсон хэргийн талаар :    

Шүүгдэгч Ж.Элбэгсайхан нь 2016 оны 11 сарын 14-ний орой 10 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын 6 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Р.Насанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон  болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Ж.Элбэгсайхан нь 2016 оны 11 сарын 14-ний орой 10 цагийн орчим Баянхонгор аймгийн Жинст сумын 6 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ эхнэр Р.Насанжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч Р.Насанжаргалын өгсөн ... Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамт ажилладаг Эрдэнэчимэгийн төрсөн өдөр болоод хамт олноороо 18 цаг өнгөрч байхад ажлаа тараад сумын төвд байрлах “Ундрага” нэртэй караокед орцгоосон. 21.00 цаг хүртэл дуулж сууцгааж байгаад бөөнөөрөө гарч Баттогтох гэдэг айлд орж нэг шил дарс уугаад бүгд гэр гэрлүүгээ тарцгаасан. Би гэртээ ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Галаа түлчихээд байж байтал манай хоёр дүү ирээд манай нөхөр Элбэгсайханыг бильярд дээр байна одоо ирэх гэж байна гэж хэлсэн. Би хоол ундаа хийчихээд орондоо ороод хэвтчихсэн байсан. 22 цагийн үед манай нөхөр орж ирээд хоол байна уу гэхээр нь би гал дээр байгаа гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр энэ хоол чинь түлэгдчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болоод бид хоёр маргасан тэгсэн Элбэгсайхан чи намайг байхгүй хойгуур дандаа караокед ордог гээд дайраад байсан. Би ч хэрүүл хийгээд бид хоёр хэрэлдэж байсан чинь манай нөхөр цахилгааны уртасгагч аваад миний зүүн мөрлүү 2 удаа ороолгосон маш их өвдсөн учир би юм дуграагүй шууд буруу хараад хэвтээд өгсөн. Тэр үед манайд нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай нөхөр хэсэг үглэж байгаад унтсан. Маргааш өглөө нь босоод шууд хөдөө гэрлүүгээ малруугаа явсан. Би өглөө нь босоод харсан чинь миний баруун мөр нилдээ хөхөрчихсөн байхаар нь аавындаа очсон чинь тэр өдөр халуураад байхаар нь эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд суманд гэр бүлийн хүчирхийллийн түншлэлийн баг байдаг гэхээр нь очиж уулзсан чинь хэсгийн төлөөлөгч бүртгэж авсан тэрнээс би цагдаагийн байгуулагад гомдол гаргаагүй. Манай нөхөр намайг цахилгааны утсаар 2 удаа ороолгосноос өөр зодсон цохьсон зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Шүүгдэгч Ж.Элбэгсайханы өгсөн ... Би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн орчим хөдөө гэрээсээ сумын төв орж ирсэн. Тэгээд эхнэр Насанжаргалруу залгасан чинь утсыг дүү нь авсан. Тэгэхээр нь би эгчдээ намайг ирчихсэн байна гэж хэлээрэй гэч хэлчихээд сумын бильярд дээр тоглосон. Тэгсэн удаагүй манай эхнэр надруу залгаад хамт ажилладаг Чимгээ эгийн төрсөн өдөр болоод караокед байна гэж хэлсэн. Хүүхдээ яасан юм бэ гэсэн чинь Очирхуяг ахынд үлдээсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь чи ирэх болоогүй юм уу гэсэн чинь цагийн дараа очино гэсэн. Тэгээд бильярд дээр тоглож байгаад 22.00 цагийн үед гэртээ ирсэн чинь манай эхнэр ирчихсэн унтаж байсан. Би эхнэрээ сэрээгээд хоолоо хийсэн юм уу гэсэн чинь манай эхнэр гал дээр байгаа гэсэн. Тэгээд би гал дээр байсан хоолоо аваад идэх гэсэн чинь түлэгдчихсэн идэх аргагүй болчихсон байсан. Тэгэхээр нь би чи надад ийм хоол өгөх гээд байхдаа яадаг юм гэж хэлээд тэрнээсээ болоод бид хоёр маргасан. Тэгсэн чинь манай эхнэр Насанжаргал миний ээж Янжаагийн нэрийг хэлээд шээсээ гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд газар хэвтэж байсан цахилгааны утсыг аваад баруун мөрлүү нь хоёр удаа ороолгосон. Тэр үед манай эхнэр юу ч хэлээгүй буруу хараад хэвтээд өгсөн. Би хэсэг сууж байгаад унтаж амраад маргааш өглөө нь босоод дугараач үгүй гараад хөдөө гэрлүүгээ малруугаа явсан. Хөдөө гэртээ мал дээрээ 2 хоноод байж байсан чинь сумын хэсгийн төлөөлөгч дуудаж байна гэхээр нь ирсэн. Тэгсэн манай эхнэрийн баруун гар нь хөхөрчихсөн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Өөрөө эмнэлэгийн сувилагч учраас тэндээ эмчилгээ хийлгэсэн байсан. Тэгээд би эхнэрээсээ уучлалт гуйсан бид хоёрын хоорнд одоо ямар ч асуудал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 578 тоот шинжээчийн дүгнэлтэнд :

Р.Насанжаргалын биед зүүн бугалага, нуруу, баруун гуя, зүүн өгзөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үүссэн гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 26/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Элбэгсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Элбэгсайхан өмнө нь 1 удаа ял шийтгэгдэж ялтай байдал арилаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдсэн боловч түүний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Ж.Элбэгсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч Ж.Энхсайхан нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч шүүгдэгч нараас гарган өгсөн эвлэрлийн гэрээ болон мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Элбэгсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Элбэгсайханы эзэмшлийн 10 тооны эм хонийг түүнд буцаан олгож 2016 оны 12 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр цагаан өнгийн цахилгааны залгуурыг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жаагийнхан овогт Жамбалбаасангийн Элбэгсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ж.Элбэгсайханг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох 201605000345 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Элбэгсайханы эзэмшлийн 10 тооны эм хонийг түүнд буцаан олгож 2016 оны 12 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр цагаан өнгийн цахилгааны залгуурыг устгасугай.

5. Шүүгдэгч Ж.Элбэгсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Элбэгсайханд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА